Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2013 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 171/2012/1509/И

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Тү.Энхжаргал би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг ** дугаар хороолол ** байрны ** тоотод оршин суух Ц*** овогт С.Э*** /утас ****/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг ** дугаар байрны ** тоотод оршин суух Б*** овогт Б.Б*** /регистрийн дугаар ****, утас ****/-д холбогдох
2,640,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Э***, хариуцагч Б.Б***, хуралдааны нарийн бичгийн дарга З.Тунгалагмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Э*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
    “Миний бие нь Дархан сумын **дүгээр баг ** дугаар хороололд байрлах 2 өрөө байрыг эзэмшиж өмчилдөг юм. Миний эзгүйд Б.Б*** миний өмчлөлийн байрыг дур мэдэн бусдад түрээслүүлж 2,640,000 төгрөгийг хувьдаа авч завшсан байна. Миний өмчлөлт байрыг түрээсэлж 2,640,000 төгрөгийн ашиг олсон Б.Б***гээс түрээсийн төлбөрт авсан 2,640,000 төгрөгийг байрны эзэн надад гаргуулж өгнө үү” гэжээ.

    Хариуцагч Б.Б*** шүүхэд гаргасан тайлбартаа: 
“Б.Б*** миний бие нь С.Э***гийн төрсөн дүү болох С.Э***ийн эхнэр юм. С.Э***гийн нэхэмжилсэн Дархан сумын **дүгээр багийн ** дугаар байрны ** тоотыг 2010 оны түрээс болох 2,640,000 төгрөгийг түрээслэгчээс авч С.Э***гийн ээж Т.Ц***д 2010 оны 05 дугаар сарын 01-нд бэлнээр хүлээлгэн өгсөн болно. 20**оны 3 сар хүртэл уг байрыг хариуцан эргэж тойрч, СӨХолбоо, ус дулаан цахилгааны өр төлбөрүүдийг өөрийн зүгээс төлж барагдуулж байнга эргэж тойрон байж байгаад 2010 оны 03 дугаар сард байрыг нь засвар хийж орох нөхцөлтэйгөөр түрээслэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэжээ.
    

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       
ҮНДЭСЛЭХ нь:
    Нэхэмжлэгч С.Э*** нь хариуцагч Б.Б***д холбогдуулан өөрийн өмчлөлийн Дархан сумын **дүгээр баг ** дугаар хороололд байрлах 2 өрөө байрыг дур мэдэн бусдад түрээслүүлснээс олсон ашиг, түрээсийн төлбөр 2,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч С.Э***ыг Япон улсад амьдарч байх хугацаанд буюу 2005 онд түүний эцэг С*** нас барсан байх бөгөөд түүний эхнэр Т.Ц***ээс  талийгаачийн өмчлөлийн  Дархан сумын **дүгээр багийн * дугаар байрны **тоот орон сууцыг Японд улсад амьдарч байсан хүү С.Э***гийн нэр дээр түүний эзгүйгээр бүртгүүлсэн нь  зохигчдын тайлбараар нотлогдож байна. 
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Э*** нь гадаад амьдарч байхдаа дээрхи орон сууны өмчлөгч болсон ба энэ талаар зохигчид маргаагүй байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч С.Э***г гадаадад амьдарч байх хугацаанд хариуцагч Б.Б*** нь түүний орон сууцны халаалт, цэвэр, бохир ус, хог цахилгааны ашиглалтын төлбөр болон дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй  холбогдсон зардлыг тухай бүр төлж, харж хамгаалж байжээ.
Улмаар хариуцагч Б.Б*** нь С.Э***гийн эх Т.Ц***ийн санал болгосноор нэхэмжлэгч С.Э***гийн өмчлөлд бүртгэгдсэн орон сууцыг бусдад түрээслүүлж, түрээсийн төлбөр 2 640 000 төгрөгийг  Т.Ц***д шилжүүлэн өгсөн нь хариуцагч Б.Б***гийн   “Дархан сумын **дүгээр багийн 5 дугаар байрны **тоотыг 2010 оны түрээс болох 2,640,000 төгрөгийг түрээслэгчээс авч С.Э***гийн ээж Т.Ц***д 2010 оны 05 дугаар сарын 01-нд бэлнээр хүлээлгэн өгсөн болно ” гэсэн тайлбар , гэрч Цэрэнпилийн  “ энэ байрны түрээсийн төлбөр 2,640,000 төгрөгийг Б.Б*** биш би авсан” гэх мэдүүлэг, мөнгө хүлээн авсан тухай баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар  тогтоогдож байна. 
Нэхэмжлэгч С.Э*** нь дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн хэдий ч тухайн үед тэрээр япон улсад амьдарч байсан учир түүнтэй холбоо барих боломжгүй байсан байдал,талийгаач Сайнжаргалын эхнэр Т.Ц***ээс уг орон сууцыг бусдад түрээслүүлэх хүсэлтийг Б.Б***д гаргасан, хариуцагч Б.Б*** нь орон сууцны түрээсийн төлбөр 2 640 000 төгрөгийг нэхэмжлэгч С.Э***гийн эх Т.Ц***д шилжүүлсэн, нэхэмжлэгч С.Э***, хариуцагч Б.Б*** нарын хооронд хэлцэл хийгдээгүй  зэргээс дүгнэлт хийхэд  хариуцагч Б.Б*** нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр дураараа авирлаж  орон сууц түрээслүүлснээс нэхэмжлэгч С.Э***д 2 460 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.
    Иймд нэхэмжлэгч С.Э***гийн өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр байр түрээслүүлснээс учирсан хохирол, түрээсийн төлбөр 2 640 000 төгрөгийг Б.Б***гээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
    
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1,326 дугаар зүйлийн 326.2-т заасныг баримтлан  нэхэмжлэгч С.Э***гийн хариуцагч Б.Б***гээс 2 640 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Э***гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 190 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Тү.ЭНХЖАРГАЛ