| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 101/2022/00469/И |
| Дугаар | 184/ШШ2022/00855 |
| Огноо | 2022-03-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2022/00855
| 2022 оны 03 сарын 16 өдөр | Дугаар 184/ШШ2022/00855 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 1 хороо, Сүхбаатарын талбай 5, ******* банкны төв байр хаягт байрлах, ******* банк ХХК /РД: *******/
Хариуцагч: ******* дүүрэг, 31 хороо, хайрхан 9 гудамж ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8 674 222.45 төгрөг, хүү 3 231 715.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103 759.76 төгрөг, нийт 12 009 698.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямбаяр, хариуцагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.******* нь 2019 оны 01 сарын 31-ний өдөр дугаар цалингийн зээлийн гэрээг ******* банктай байгуулж, 7 750 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, 2019 оны 08 сарын 26-ны өдөр дугаар Цалингийн зээлийн нэмэлт гэрээ байгуулж 3 000 000 төгрөгийн зээл нэмж авсан.
Зээлдэгч М.******* нь дугаар Цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, түүнд зээлээ удаа дараа төлөхийг мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2021 оны 12 сарын 09-ний өдрийн байдлаар 735 хоног хугацаа хэтэрсэн тул зээлийн гэрээний 3.3.4-д заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Иймд М.*******өөс үндсэн зээл 8 674 222.45 төгрөг, хүү 3 231 715.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103 759.76 төгрөг нийт 12 009 698.02 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 01 сарын 31-ний өдөр дугаар цалингийн зээлийн гэрээг ******* банктай байгуулж, 7 750 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Уг зээлээ хэвийн төлж явсаар 2019 оны 08 сарын 26-ны өдөр ******* банктай нэмэлт гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийг нэмж авснаар нийт зээлийн хэмжээ 10 750 000 төгрөг болсон. Би уг зээлээ 2020 оны 02 сар хүртэл хэвийн төлж байгаад 2020 оны 03 сараас Ковид-19 вирусын улмаас миний бие ажилгүй болсноор зээл төлөх чадваргүй болсон. Уг хугацаанд зээл царцаах хүсэлтийг ******* банкны мэйл хаяг руу явуулсан. Миний дугаарын утас ******* банкинд бүртгэлтэй ба би нэг ч удаа утсаа унтраах болон сольж байгаагүй, ******* банкнаас мөн нэг ч удаа зээл царцаагүй гэж мэдэгдээгүй тул миний бие зээлээ царцаасан хэмээн ойлгож байсан. Цар тахал харьцангуй намжиж, ажилд орж, зээлээ төлөх гэсэн боловч миний бие элэгний хатуурал буюу В, D вирустай, яаралтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болж, 2020 оны 08 сараас эмчийн хяналтанд байдаг болсон. Миний бие уг зээлээ төлөх хүсэлтэй боловч ******* банкны тавьж буй саналыг хүлээн авах боломжгүй, учир нь би сард 600 000 төгрөгийн цалин авдаг байтал ******* банкнаас сард 2 000 000 төгрөгөөр 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг шаардсан. Миний бие хөгшин настай эцэг болон өөрийн 5 настай охин, төрсөн эгчийн 3-18 насны 4 хүүхэд, нийт 6 ам бүл тэжээдэг, миний эхнэр 2018 онд өвчнөөр таалал төгссөн. Миний бие сард 250 000 төгрөгөөс 300 000 төгрөгөөр зээлийг төлөх боломжтой тул миний байдлыг харгалзан үзнэ үү гэв.
Нэхэмжлэгч нь ******* банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* банкны Гүйцэтгэх захирлын 2021 оны 08 сарын 04-ний өдрийн Эрх олгох тухай 734 дүгээр тушаал, итгэмжлэл, хүү тооцооллын хүснэгт, 2019 оны 01 сарын 31-ний өдрийн дугаар зээл болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 08 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, эргэн төлөлтийн график, /хэргийн 3-10 тал/
Хариуцагч нь шинжилгээний бичиг, цээжний рентген зураг зэргийг тус тус бүрдүүлсэн. /хэргийн 24-32 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.*******өд холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8 674 222.45 төгрөг, хүү 3 231 715.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103 759.76 төгрөг, нийт 12 009 698.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй тул зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж,
Хариуцагч нь зээл авсан нь үнэн, төлөх нь үнэн, эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил хийх боломжгүй байсан, одоогоор амьдралын боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж төлнө гэж тус тус тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.
******* банк ХХК /зээлдүүлэгч/, М.******* /зээлдэгч/ нар нь 2019 оны 01 сарын 31-ний өдөр дугаар зээл болон барьцааны гэрээ байгуулж зээлдүүлэгч нь 7 750 000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, зээлдэгч нь 7 750 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгчийн 2905121190 дугаар харилцах дансны орлогыг барьцаалжээ. /хэргийн 7 тал/
Талууд 2019 оны 08 сарын 26-ны өдөр дугаар зээлийн гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийг 30 сарын хугацаатай, 18 хувийн хүүтэйгээр өмнө нь байгуулсан зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн. /хэргийн 9 тал/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан байна.
Зээлдүүлэгч нь 2019 оны 01 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээгээр 7 750 000 төгрөг, 2019 оны 08 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр 3 000 000 төгрөг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан тухай зохигчид маргаагүй тул талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний 2.1.1-т зааснаар зээлийн хүүг жилийн 18 хувь гэж тогтоожээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болохоор зохицуулсан бөгөөд зээлийн гэрээний 3.1.1-т энэ тухай заасан.
Хариуцагч нь үндсэн зээл төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх амьдралын боломжгүй гэж тайлбарлах боловч хууль болон гэрээнд амьдралын боломжгүй байх нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөгдөх тухай зохицуулаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М.*******өөс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8 674 222.45 төгрөг, хүү 3 231 715.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103 759.76 төгрөг, нийт 12 009 698.02 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс ирүүлсэн хүү, тооцооллын хүснэгт гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч нь хэргийн зохигчийн хувьд нотлох баримтын эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх атал ******* банк, Тусгай активын хэлтэс гэх дардас бүхий баримт ирүүлсэн нь талууд шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй боловч хариуцагч нь зээл, хүү, нэмэгдүүсэн хүүг маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207 106 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******өөс 207 106 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М.*******өөс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8 674 222.45 төгрөг, хүү 3 231 715.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103 759.76 төгрөг, нийт 12 009 698.02 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207 106 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******өөс 207 106 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР