Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/915

 

               

И.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/960 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.Т-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох - дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            В овгийн И.Т, - тоотод оршин суух бүртгэлтэй, /-/;

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн - дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дунд 1 дүгээр шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 419 дугаартай шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 22 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр суллагдсан,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн - дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1686 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

            Шүүгдэгч И.Т нь 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, - тоот хашаанд хохирогч П.О-н эзэмшлийн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд нууцаар, цонхоор нэвтэрч, улмаар хана өрөмдөгч 1 ширхэг, 5 килограмм хонины мах тус тус хууль бусаар авч 78.500 төгрөгийн хохирол учруулсан,

            2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 3 дугаар гудамжны 11 тоот хашаанаас хохирогч П.О-н эзэмшлийн “Ниссан Ванете” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос гагнуурын аппарат 1 ширхэг, таславч 1 ширхэг, дрилл 2 ширхэг, хөрөө 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 714.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: И.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч В овгийн И.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар И.Т-т 3 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Т-т оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Т-н цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.Таас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 33.500 төгрөг гаргуулан хохирогч П.О-д олгохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч И.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2009, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиудад хамрагдаагүй тул 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 33.500 төгрөгийг төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, ял багасгаж өгнө үү. ...” гэжээ.

            Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруу дээрээ анхнаасаа маргаж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдэл болон холбогдсон хэргийн зүйлчлэл учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үүний улмаас үүссэн үр дагаврыг бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгодог. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Мөн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй гэж үзэж байна. Учир нь, И.Т-н үйлдсэн сүүлийн үйлдэл нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр үйлдэгдсэн буюу хуулийн үйлчлэлд хамаарахгүй байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй гэж үзэж байна. И.Т нь өмнө 7 удаагийн ял шийтгэлтэй байсан ба түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй дэглэмд эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч И.Т нь 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 3 дугаар гудамжны 11 тоот хашаанд хохирогч П.О-н эзэмшлийн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд нууцаар, цонхоор нэвтэрч, улмаар хана өрөмдөгч 1 ширхэг, 5 килограмм хонины мах тус тус хууль бусаар авч 78.500 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 3 дугаар гудамжны 11 тоот хашаанаас хохирогч П.О-н эзэмшлийн “Ниссан Ванете” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос гагнуурын аппарат 1 ширхэг, таславч 1 ширхэг, дрилл 2 ширхэг, хөрөө 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 714.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч П.О-н “ ...2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 8 цагийн орчимд ... Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 03-11 тоот ... гэрээ цоожлоод, цонхоо хаагаад явсан. Манай эхнэр бид хоёр ... орой 20 цагийн орчимд ажлаа тараад гэртээ ирсэн. Тэгтэл унтлагын өрөөний цонхийг гаднаас түлхэж ороод хөргөгчөөс 5 кг хонины мах, үүдний өрөөнд байсан цохилттой дрилл буюу хана өрөмдөгч багаж хулгайлаад явсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. ...Би ... өөрийн багажаа өглөө ажил дээрээ хэрэглээд орой ... хашаандаа байх цагаан өнгийн микро дотор үлдээдэг. 2021 оны 7 дугаар сарын 01-ний орой 16-17 цагийн үед өөрийн цахилгаан барилгын багажаа үлдээгээд өглөө 9 цагийн үед үзэхэд миний багаж байсан. Тэгээд өдөр 13 цагийн үед гэртээ очиход миний багаж алдагдсан байсан. Намайг гадуур явж байхад таньдаг ах С манай ажилчин Г рүү залгаад “танай цахилгаан багажийг Х /жинхэнэ нэрийг нь санахгүй байна гэх/ аваад явж байна” гэхээр нь би гэртээ ирэхэд багаж байгаагүй. Тэгээд цагдаад хандсан. Х манай айлд зарчихсан байсныг би цагдаагийн байгууллагад мэдэгдээд одоо шалгагдаж байгаа. Х манайх туслах ажилтнаар ажиллуулах гэж анх танилцсан бөгөөд амьдрах газар байхгүй гээд манайд хэсэг амьдарч байсан. ...” /хх 11-12, 120-121/,

гэрч Б.Х “...Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, “Шүтээн Уул” ХХК-ийн харуулын байран дээр ажлаа хийж байсан. Тэгтэл - тоотод оршин суудаг О-н ажилчин Т гартаа хар өнгийн хайрцагтай багаж барьчихсан явсан. Түмэнбаяр над дээр ирээд “би өөрийнхөө багажийг 150.000 төгрөгөөр зарах гэсэн юм, та авахгүй биз” гэсэн. Би тэгэхээр нь “надад 50.000 төгрөг байна” гэсэн чинь Т намайг ав гэж хэлсэн. Хар өнгийн хайрцгийг нь нээгээд үзэхэд ногоон өнгийн цохилттой дрилл байсан. Би Т-т 50.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би тухайн эд зүйлийг хулгайн багаж гэдгийг мэдээгүй. ...” /хх 14-15/,

гэрч Б.С “ ...Би 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 12 цагийн орчим өөрийн Rumion маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ “Subaru” нэртэй засварын хажуугаар явж байхад зүс таних Х гэх залуу дээгүүрээ шар өнгийн хантаазтай баруун гартаа барилгын цахилгаан аппарат, зүүн гартаа холбогдох утсыг нь аваад явж байхаар нь би өмнө найз О-н гэрээс хулгай хийсэн гэдгийг нь сонссон болохоор би Г рүү залгаад “ Хараадай та нар хамт ажиллаж байгаа юу” гэхэд “ үгүй” гэсэн. Тэгээд би Х ийм багаж аваад явж байна шүү гэхэд за одоо гэр рүү нь очоод шалгая гээд тасалсан. Тэгээд дараа нь алга байна гэж байсан. Би О-н гар утасны дугаарыг мэдэхгүй болохоор хамт ажилладаг Г рүү залгаж хэлсэн юм. Х улаан өнгийн цахилгаан багаж баруун гартаа бариад явж байсан.” /хх-122-124/ гэх мэдүүлэг

И.Т-н яллагдагчаар өгсөн “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруу дээр маргах зүйлгүй. ...2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 10 цагийн үед - тоот О-н хашаа руу нь нэвтэрч ороход хашаан дотор байсан цагаан өнгийн машиных нь хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь хойд гүйдэг хаалгыг нь онгойлгоод дотор нь байсан гагнуурын аппарат, төмөр тасдагч багаж, бас нэг шуудайтай зүйлийг ... авч ... гараад таньдаг айлынхаа хашаанд түр орхисон. Би 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр О-н гэрээс эд зүйл авахдаа ногоон өнгийн ажлын хантааз, хар өнгийн саравчтай малгай, саарал өнгийн подволк, хөх өнгийн өмд, хар өнгийн пүүзтэй байсан. Би О-с ажлын хөлсөө авчихвал гэрээс нь эд зүйлийг нь зөвшөөрөлгүй авах шаардлага байхгүй. Би энэ хийсэн үйлдэлдээ хариуцлагаа хүлээнэ. ...” /хх 56-57,159-160/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 46-51, 128-132/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 42-43, 133-134/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч И.Т нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч И.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч И.Т-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Т-т оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт буй хохирогч П.О-н “...2021 оны 7 дугаар сарын 01-ний орой 16-17 цагийн үед өөрийн цахилгаан барилгын багажаа үлдээгээд өглөө 9 цагийн үед үзэхэд миний багаж байсан. Тэгээд өдөр 13 цагийн үед гэртээ очиход миний багаж алдагдсан байсан. ...” /хх 14-15/, гэрч Б.С “ ...Би 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 12 цагийн орчим өөрийн Rumion маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ “Subaru” нэртэй засварын хажуугаар явж байхад зүс таних Х гэх залуу ... улаан өнгийн цахилгаан багаж баруун гартаа бариад явж байсан. ...” /хх 123-124/, И.Т-н яллагдагчаар өгсөн “... 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 10 цагийн үед - тоот Оюунбатын гэрийн хашаа руу нь нэвтэрч ороод хашаан дотор байсан цагаан өнгийн машиных нь ... хойд гүйдэг хаалгыг нь онгойлгоод дотор нь байсан гагнуурын аппарат, төмөр тастагч багаж, бас нэг шуудайтай зүйлийг юуг нь үзэлгүй авч гарсан. ...” /хх 159-160/ гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч И.Т-н үйлдсэн сүүлийн хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр үйлдэгдэж төгссөн байх тул 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;” гэж, мөн хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;.” гэж тус тус зааснаар шүүгдэгч И.Т-н үйлдсэн сүүлийн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаа өнгөрсний дараа үйлдэгдсэн тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд шүүгдэгч И.Т-н “...Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.Т-н гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/960 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.Т-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ