Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/270

 

 

 

 

 

 

 

 

  2025          10          28                                         2025/ШЦТ/270

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг

Хохирогчийн өмгөөлөгч ***

Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ийн ***т холбогдох эрүүгийн 2539005510320 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ***нь 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн ***улсын дугаартай "Toyota Aqua-P10" загварын тээврийн хэрэгслийг жолоодон Хэнтий аймаг руу явж байхдаа буюу Хэнтий аймгийн *** сумын *** 3 дугаар багийн нутаг дэвсгэр "***" гэх газар замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 11.3-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэх заалтуудыг хэрэгжүүлэлгүй зөрчсөний улмаас ***ын жолоодож явсан ***улсын дугаартай "Toyota Crown-S200" загварын тээврийн хэрэгслийн зүүн талаас мөргөж улмаар ***ын эрүүл мэндэд сээрний 12 дугаар нугалмын их биеийн хугарал, сээрний 8/9, бүсэлхийн 4/5, бүсэлхийн 5/ахар сүүлний 1-р нугалам хоорондын фиброзон Цагаригийн урагдал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ***шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүгдэгч *** овогт ***ийн *** нь 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн ***улсын дугаартай "Toyota Aqua-P10" загварын тээврийн хэрэгслийг жолоодон Хэнтий аймаг руу явж байхдаа буюу Хэнтий аймгийн *** сумын *** 3 дугаар багийн нутаг дэвсгэр "***" гэх газар замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 11.3-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэх заалтуудыг хэрэгжүүлэлгүй зөрчсөний улмаас ***ын жолоодож явсан ***улсын дугаартай "Toyota Crown-S200" загварын тээврийн хэрэгслийн зүүн талаас мөргөж улмаар ***ын эрүүл мэндэд сээрний 12 дугаар нугалмын их биеийн хугарал, сээрний 8/9, бүсэлхийн 4/5, бүсэлхийн 5/ахар сүүлний 1-р нугалам хоорондын фиброзон Цагаригийн урагдал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Ч.***ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр үйлдсэн хэргээ хүлээсэн “...Тухайн хэрэг болсон өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг *** суманд манай хоёр хүүхэд сурдаг тул хүргэж өгөхөөр өөрийн ***улсын дугаартай “Toyota Аqua” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан. Осол болохын өмнө замын хажуу хэсэг рүү зам чөлөөлөн зогсож бие засаад хөдлөөд жаахан явж байгаад үрүүл залагдахаа болиод эсрэг урсгал руу орж цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоочийн эсрэг талын хаалгыг мөргөлдсөн. Нэг мэдэхэд би Багануур дүүргийн эмнэлэгт хүргэгдээд амьсгалын аппарат зүүсэн байдалтай сэрсэн. Тухайн осол болох үеийг би санахгүй байгаа. Манай хоёр хүүхэд эхнэр ард унтаж явсан бөгөөд мөн мэдээгүй нэг мэдэхэд осол болсон гэж байсан. Манай эхнэр хүүхдүүд ослоос болж ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 54-55),  

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ын “...2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өөрийн ***улсын дугаартай “Сrown 200” маркийн тээврийн хэрэгсэлтэй Чингис хотоос Улаанбаатар хот орох замдаа *** сум өнгөрөөд 147 километрийн баганын хажууд “Toyota Аqua” маркийн автомашин урсгал сөрөн орж ирж миний автомашиныг мөргөсөн. Тухайн үед найз ***гийн хамт явж байсан бөгөөд ослын дараа манай найзад ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 3),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч ***н “...Гэмт хэргийн улмаас иргэн ***173000 төгрөгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байна. Иймд гэм буруутай хүнээс нийт 173000 төгрөгийг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг (хх-ийн 40-41),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ***гийн “...Би 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчим Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу ***улсын дугаартай "Тоёота Crown" маркийн тээврийн хэрэгсэлд суугаад явсан юм. Тэгээд Хэнтий аймгийн *** сумын 3 дугаар багт явж байхад урдаас ирж явсан ***улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгсэл 5-6м орчим дөхөж ирээд гэнэт манай машины өөдөөс урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгсэн миний сууж явсан машины жолооч тухайн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөхгүйн тулд баруун гар тийшээ замаас гарч замын зорчих хэсгийн хөвөө хэсэг рүү гарсан боловч тухайн тээврийн хэрэгсэл миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хаалгыг мөргөж зам тээврийн осол гаргасан. Харин миний сууж явсан машин замын зорчих хэсгээс гарч бүтэн эргээд ертөнцийн зүгээр зүүн тийш харж замын зорчих хэсгээс гарч зогссон. Тээврийн хэрэгслийг зогсох үед би “Чи зүгээр үү” гэж асуусан. Жолооч “Нуруу өвдөж байна” гэж хэлсэн. Тэгээд харахад миний сууж явсан машиныг мөргөсөн. Машин зорчих хэсгийн хойд талд ертөнцийн зүгээр зүүн хойш харсан байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 45-46),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ***н “...Би 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн орчим Багануур дүүргээс Хэнтий аймгийн *** сум руу ***улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгсэлтэй хүүхдүүдээ байранд нь хүргэж өгөхөөр явж байгаад Хэнтий аймгийн *** сумын 3 дугаар баг “Шар Булаг” гэх газар явж байгаад гэнэт түс тас гээд сэрсэн чинь осол гарсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 47-48),

 

Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 9,585,000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 63),

 

Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 13,757,000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 63),

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 346 дугаартай “...1. ***ын биед сээрний 12-р нугалмын их биеийн хугарал, сээрний 8/9, бүсэлхийн 4/5, бүсэлхийн 5/ахар сүүлний 1-р нугалам хоорондын фиброзон цагирагийн урагдал гэмтэл тогтоогдлоо.

2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 83-85),

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 558 дугаартай “...1. 2. ***гийн биед зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжгүй.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

5. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 97-98),

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 556 дугаартай “...1. 2. 3. 4. 5. 6. ***н биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 106-107),

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 557 дугаартай “...1. 2. ***ын биед зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжгүй. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

5. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 115-116), зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 9), зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-12, 13), мөрдөгчийн магадалгаа (хх-ийн 89-90), жолоочийн лавлагаа (хх-ийн 152), Есөн шижир инвест ББСБ-ын гүйцэтгэх захирлын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4521 дугаартай албан бичиг (хх-ийн 187), мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 201), ***ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 202), шүүгдэгч Ч.***ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 193), шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс шинээр гаргаж өгсөн хохирогч ***ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Ч.***ын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмыг зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч ***нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ***нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч ***а нь хохирол төлбөрт 10,000,000 төгрөгийг ***төлж барагдуулсан тул санал гомдолгүй тухайгаа илэрхийлж шүүх хуралдаанд оролцоогүй болохыг дурдав.

 

Түүнчлэн шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг тус тус хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч ***нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

 

Иймд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолохоор шийдвэрлэв.

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд хохирогчид 10,000,000 төгрөгийг төлж, хохирогч нь шүүгдэгчид “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан, мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас шүүгдэгчээс нэхэмжилсэн 173,000 төгрөгийг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 201)-аар тогтоогдож байх тул шүүгдэгч ***нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ***нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 2,800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.***ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад  төлөх  төлбөргүй  болохыг  тус  тус  дурдаж, баримт  бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРАНЗАЯА