| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/0263/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/271 |
| Огноо | 2025-10-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/271
2025 10 30 2025/ШЦТ/271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан
Улсын яллагч Н.Амгалан
Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж **** овогт ****гийн ****т холбогдох эрүүгийн 2539000000286 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч **** нь 2025 оны 07 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Хэнтий аймгийн **** сумын нутаг **** гэх амралтын газарт амарч байсан хохирогч ****гийн **** улсын дугаартай Тoyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл дотор байсан Iphone-15, Samsung A54 маркийн гар утас, power bank зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,430,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **** нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч **** овогт ****гийн **** нь 2025 оны 07 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Хэнтий аймгийн **** сумын нутаг **** гэх амралтын газарт амарч байсан хохирогч ****гийн **** улсын дугаартай Тoyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл дотор байсан Iphone-15, Samsung A54 маркийн гар утас, power bank зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,430,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч ****ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр үйлдсэн хэргээ хүлээсэн “...2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр би өөрийн найзууд болох ****, ****, **** нарын хамт ****анд үйл ажиллагаа явуулдаг ****ын ахынх нь амралтын газар очиж амрахаар шийдээд нутгийн ах ****ийн “Elentra” маркийн тээврийн хэрэгслийг гуйж аваад би өөрөө жолоодоод 22 цаг өнгөрч байх үед **** луу явсан. Сумаас гарахаасаа өмнө **** суманд үйл ажиллагаа явуулдаг “****” гэх нэртэй хоолны газраас ****, **** нар 2,5 литрийн хэмжээтэй “Сэрүүн” нэртэй сав пиво болон ундаа, ойр зуурын идэх юм авсан. Тухайн авсан зүйлсийн мөнгөн дүнг **** над руу ярьж хэлээд би гаднаас мөнгийг нь шилжүүлж өгсөн. Бид дөрөв очих замдаа огт авсан пивоо уугаагүй явж байгаад очсон. Очоод ****ын ахынх нь амралтын гадаа 01 цагийн өнгөрч байхад очтол тухайн амралтын газрын хаалга нь хаалттай байхаар нь орж чадалгүй буцаад амралтын газруудаас холдож байгаад авсан пивонуудаа ууж эхэлсэн. Тэгээд пивоо ууж дуусгаад 04 цагийн үед буцаад амралтын газар луу очоод майхантай амрагчдын гадаа зогсож байтал **** гэнэт майхантай амрагчдын майхнуудын хажуугаар явж байгаад ирэхдээ 8 лааз цэнхэр “Касс” нэртэй пиво аваад ирсэн. Тэгээд тухайн пивонуудыг аваад буцаж амралтын газраас гараад тухайн авсан 8 лааз пивыг хувааж ууж дуусгасан. Тэгээд дахиж юм уумаар санагдаад байхаар нь дахиад майхантай амрагчдын хажуугаар архи, пиво байж магадгүй гэж бодоод дахиж майхантай амрагчдын талбайн хажууд машинаа тавиад **** бид 2 буугаад майхнууд руу явсан. Тухайн үед ****, **** хоёр согтоод унтчихсан байсан. Би майхнуудын хажууд явж нэг цагаан өнгийн “Приус-30” маркийн машин зогсож байхаар нь хаалгыг нь таттал шууд онгойчихсон. Тэгээд онгойлгоод хартал жолоочийн эсрэг талын суудал дээр 2 ширхэг гар утас байхаар нь би тухайн утаснуудыг авсан. Тэгээд буцаад машин дээрээ иртэл **** нэг шил аваад ирсэн байсан. Тэгээд **** бид 2 ****, **** нарыг сэрээгээд тухайн дарсыг хувааж уугаад буцаад явж байтал гэнэт машин унтарчихсан. Тэгэхээр нь шууд тухайн газраа унтаад өгсөн. Маргааш нь нар нэлээн дээр байхад нэг танихгүй ах ирээд “Залуучууд аа ахынхаа утсыг гаргаад өгчих” гэхээр нь би айгаад тухайн ахын утсыг гутлынхаа түрүүнээс гаргаад өгчихсөн чинь тухайн ах шууд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-32),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ****гийн “...2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос гарч амралтад амрах гээд Хэнтий аймгийн **** сумын **** гэх газрыг сонгоод ирсэн юм. Ирээд нэг хоноод хоёрдох өдрөө буюу 2025 оны 07 дугаар сарын 24-ний орой гадаа бороо их ороод байсан учир нөхөр, охин бид 3 машиндаа хоносон юм. Би унтахдаа гадаа бороо ороод цахилгаан цахиад байхаар нь айгаад гар утаснуудаа унтраагаад жолоочийн эсрэг талын суудал дээр тавиад дээрээс нь дээлээ тавиад орхисон юм. Бид өглөө 08 цаг өнгөрч байхад сэрээд утсаа асаах гэтэл миний утаснууд байхгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөх гэсэн боловч тухайн газар огт сүлжээ барьдаггүй газар байсан учир өөрсдөө ойр хавийн хүмүүсээс асуухад өчигдөр шөнө гадуур нэг жижиг саарал машин л их холхиод байсан гэж хэлсэн. Нөхөр бид хоёр утсаа нэлээн хайж байгаад олдохгүй болохоор нь **** сумын төв рүү явж байх замд нэг жижиг саарал машин зогсож байхаар нөгөө хүмүүсийн хэлээд байсан машин мөн байж магадгүй гээд очтол 4 залуу унтаж байсан ба манай нөхөр сэрээгээд “Утсаа авъя” гээд тулгаад асуутал гэнэт нэг сахалтай залуу нь гутлынхаа түрүүнээс гаргаж өгсөн. Тэгээд нөхөр бид утсаа олсон учир шууд Улаанбаатар хот руу очсон. Тухайн залуучуудын гаргасан үйлдэл нь шууд хулгайлах гэмт хэргийн шинжтэй учир нөхөр бид хоёр ярилцаж байгаад Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ****ийн “...2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би эхнэр, охины хамт Хэнтий аймгийн **** сумын ****анд байрлах амралтад амрахаар ирсэн. Ирээд хоёрдох хоногтоо хоноод өглөө нь сэрсэн чинь манай эхнэрийн 2 гар утас болон повер банк /утасны цэнэглэгч/ машины урд суудал дээрээс алга болсон байсан. Урьд орой буюу 2025 оны 07 дугаар сарын 24-ний орой гадаа их бороо орсон тул эхнэр, охин бид 3 машиндаа хоносон юм. Эхнэр, охин бид гурав тухайн орой ойролцоогоор 22 цагийн үед унтсан. Тэгээд өглөө нь утсаа хулгайд алдаснаа мэдээд ойр хавийн хүмүүсээс асуухад урьд шөнө нэг жижиг саарал машин л яваад байсан гэж хэлж байсан. Утсаа олохгүй болохоор амралтын газраасаа гараад **** сумын төв рүү явж байтал замд нэг жижиг саарал “Elentra” маркийн машин зогсож байсан. Тэгэхээр нь хүмүүсийн хэлээд байсан машин байж магадгүй гэж бодоод яваад очтол 4 залуу унтаж байсан. Би нэг сахалтай залууг нь сэрээгээд ахынхаа утсыг гаргаад өгчих гээд тулгаад асуутал шууд гутлынхаа түрүүнээс манай эхнэрийн 2 утсыг, машины голын хайрцгаас повер банкийг нь гаргаж өгөөд “Ах аа би таны утсыг хулгайлчихсан юм аа. Намайг уучлаарай” гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид 2 утсаа олсон тул шууд Улаанбаатар хот руу буцсан. Хотод гэртээ ирээд эхнэр бид 2 ярилцаж байгаад миний эхнэрийн утсыг хулгайлсан хүмүүст хариуцлага хүлээлгэхээр шийдээд Цагдаагийн газарт өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн сэжигтэн А.****ийн “...Биднийг очих үед ойролцоогоор шөнийн 01 цаг болж байсан байх. Бид авсан пивонуудаа ууж дуусгаад ****ын хажууд байрлах амралтын газруудын хажуугаар явж байгаад майхантай амрагчдын хажууд очиж зогсоод машинаас буугаад байж байтал нэг майхны урд талд байсан ширээн доор лаазтай пивонууд харагдахаар нь би очтол тухайн ширээн доор 8 ширхэг лаазтай цэнхэр “Касс” гэх нэртэй пиво байсныг би бүгдийг нь аваад машиндаа очиж суугаад бид 4 буцаад ****аас гарч тухайн авсан 8 лааз пивоо хоёр хоёроор нь хувааж ууж дуусгасан. Тухайн үед бараг гэгээ орсон байсан. Би архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул цаг хэд болж байсан талаар сайн мэдэхгүй байна. Бид дөрөв тухайн үед нэлээн согтчихсон байсан ба буцаад майхантай амрагчдын хажууд очиж зогсож байгаад **** бид хоёр дахиад майхантай амрагчдын хажуугаар архи байж магадгүй гээд хайхаар явсан ба нэг майхны хажууд дарс байж байхаар нь би тухайн дарсыг аваад ****ийг дуудаад **** бид 2 машин руугаа явсан. Тэгээд бид 4 тухайн дарсыг шууд задлаад машиндаа ууж дуусгаад буцаад ****аас гараад явж байтал гэнэт машин эвдэрчихсэн. Бид ч нэлээн согтуу байсан тул шууд газраа унтацгаасан. Биднийг унтаж байхад гэнэт нэг танихгүй ах биднийг дуудаж сэрээгээд “Залуучууд аа ахынхаа утсыг гаргаад өгчих” гэж хэлтэл **** тухайн ахын хэлсэн 2 гар утсыг гаргаж өгсөн. Би ****ийг хүний утас авсан талаар огт мэдээгүй. Тэгээд нөгөө утсаа авсан ах яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-18),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн насанд хүрээгүй гэрч О.****ын “...нэг сэрэхэд бид дөрөв хөдөө унтчихсан хажууд нэг танихгүй ах ирчихсэн “Ахынхаа утсыг гаргаад өгчих” гээд ****тэй яриад зогсож байсан ба **** тэр ахад 2 ширхэг утас гаргаад өгтөл нөгөө ах яваад өгсөн. Тухайн хүнийг явсны дараа “Юун утас юм бэ?” гэж асуухад би майхантай амрагчдын дунд байсан нэг машинаас 2 утас, 1 повер банк авчихсан юм аа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-23),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч С.****гийн “...Нэг мэдэхэд л өглөө ч юм уу өдөр ч юм уу нар нэлээн дээр байхад нэг танихгүй ах ирчихсэн бид дөрөв хөдөө унтаж байсан. Тухайн танихгүй ах бид нарыг сэрээгээд “Залуучууд аа босоорой. Ахынхаа утаснуудыг гаргаад өгчих” гэхэд **** хаанаас ч юм 2 гар утас, 1 повер банк гаргаж ирээд тухайн ахад өгсөн. Би гайхаад ****өөс “Чи хаанаас юун утас авчихсан юм бэ?” гэхэд **** “Мань шаачихсан юм аа” гэж хэлж байсан. Тэгээд тухайн утсаа авсан ах яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШД-348 дугаартай “...Iphone 15, Samsung A-54 маркийн гар утаснууд болон Power bank-ны зах зээлийн үнэлгээг 2,430,000.0 /хоёр сая дөрвөн зуун гучин мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 36-39), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1), ****гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 2), хохирогч ****гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (хх-ийн 42), шүүгдэгч ****ийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 67) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ****ийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч 2,430,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч **** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч **** нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, тэдгээрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч ****т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Тус гэмт хэргийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд 2,430,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШД-348 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч **** нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч ****ийг бусдад төлөх төлбөргүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин **** болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч **** нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****гийн ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****гийн ****т хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ****т тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч ****т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин **** болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин **** болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА