Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2023/03551

 

 

 

 

 

 

 

 

                 2023             09            26     

                                      184/ШШ2023/03551

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ************** тоот хаягт оршин суух, ********** овогт ********* ************* /РД:*************/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***************** тоот хаягт оршин суух, **********овогт************ ************* /РД:************/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 910,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.*************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч С.************* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

              “...С.************* миний бие Д.*************гийн хүсэлтээр 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,1%-ийн алданги тооцохоор гэрээ байгуулж зээлүүлсэн билээ. Нийт 1,580,000 төгрөгийг дансаар авсан, 80,000 төгрөгөөр Д.*************гийн дэлгүүрээс бэлэн бараа авч байсан. Д.************* надад нийт 1,660,000 төгрөгийг төлсөн. Талуудын хооронд иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцаа үүссэн бөгөөд Д.************* иргэний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Д.*************тай 1-л зээлийн гэрээ байгуулсан. Өөр зээлийн гэрээ байгуулаагүй. Зээлийн гэрээний хувь нь *************д байгаа. Өмнө нь шүүхэд хандах үед явуулсан хүн маань бүтэлгүй байсан байна. Ямар ч гэсэн 2,000,000 төгрөг өгсөн. Өгсөн мөнгөө л авах гэж байна Иймд үлдэгдэл зээлийн төлбөр 670,000 төгрөг, хүү, алдангиа бодоод 910,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

 

              2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** тайлбартаа:

              “...2019 оны 08 дугаар сард гэрээ байгуулаагүй гэж үзэж байна. Гарын үсэг зураагүй. 2,000,000 төгрөг данс руу орж ирсэн нь үнэн. Эргүүлээд 1,660,000 төгрөг төлсөн. Одоо 340,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа, энэ төлбөр дээр эвлэрэх боломжтой. 2 сарын хугацаатай байгуулсан гэрээ учир хүүгээ төлсөн гэж үзэж байна. 340,000 төгрөг дээр алданги болон хүү яригдахгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир энэ мөнгийг төлөх үндэслэл байхгүй. Мөн бид нар хуурамч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэсэн үндэслэлээр цагдаад гомдлоо гаргаад явна, эхлээд шүүхэд өгсөн гэрээнд арбитрын асуудал тусгагдсан байснаа одоо тэр заалт байхгүй, гарын үсэг өөр байгааг шүүх анхаарч үзнэ үү” гэжээ.

 

            3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж 26,390 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, зээлийн гэрээ, Хаан банк ХХК-ийн дансны хуулга, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШЗ2022/13973 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж.

 

3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Итгэмжлэл.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.*************аас хариуцагч Д.*************д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 910,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 360,000 төгрөгийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч тал нь ...зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү, алданги нийт 910,000 төгрөгийг нэхэмжилж байна, хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй, гэрээ бичгээр байгуулагдсан гэх тайлбар гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч ...2,000,000 төгрөгөөс 360,000 төгрөгийг төлөөгүй хэдий ч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, гэрээ бичгээр байгуулагдаагүй, хуурамч байх магадлалтай, хүү, алданги шаардах эрхгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцдэг.

 

3. Иргэнийн хэрэг шүүхэд хянана шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлагыг хангасан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан бодит үнэнд нийцсэн байх шаардлага бүхий зохигчийн тайлбар зэргээс үзэхэд:

 

3.1. Нэхэмжлэгчийн Хаан бакны 5020557018 даснаас хариуцагчийн 5315544176 данс руу 2019 оны 08 сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагчийн дээрх данснаас нэхэмжлэгчийн данс руу 2019 оны 8 сарын 08-ны өдрөөс 8 сарын 30-ны өдөр хүртэл 20 удаа 40,000 төгрөг шилжүүлсэн, 09 сарын 11-ний өдөр 200,000 төгрөг, 10 сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 10 сарын 13-ны өдөр 180,000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банк ХХК-ийн дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

3.2. Мөн нэхэмжлэгчээс ...Зээлийн төлбөрт Д.*************гийн дэлгүүрээс 80,000 төгрөгийн бэлэн бараа авсан гэж мэдүүлдэг бөгөөд зээлийн төлбөрөөс нийт 1,660,000 төгрөгийг хариуцагч өгсөн, нэхэмжлэгч хүлээн авсан талаар хэн аль нь маргадаггүй.

 

4. Дээрх үйл баримтуудаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлэх, зээлүүлэх хүсэл зоригийг талуудаас илэрхийлсэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан хэлцлийн хэлбэрийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч С.************* нь хариуцагч Д.*************тай 2019 оны 8 сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж, зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч зээл болох 2,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, зээлдэгч буюу хариуцагч зээлийг буцааж төлөх үүргийн дагуу зарим хэсгийг төлсөн байх тул үлдэх төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

5. Харин хариуцагч талаас хэрэгт авагдсан 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, гарын үсэг зураагүй, гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн талаарх тайлбарын тухайд:

 

5.1. Хэрэгт нэхэмжлэгч талаас ...2,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 910,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд ирүүлсэн 2019 оны 08 сарын 07-ны өдрийн 01 дугаартай “...Нэг талаас зээл өгөгч С.*************, нөгөө талаас зээл авагч Д.*************, ...Энэ гэрээтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг Монгол Улсын хуулийн дагуу эцэслэн шийдвэрлүүлнэ” гэх зээлийн гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 22-ны өдрийн 13973 дугаартай “...Нэхэмжлэлд хавсаргасан талуудын хооронд байгуулсан 2019 оны 08 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний 8 дахь заалтад Энэ гэрээтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитрт Монгол Улсад шийдвэрлүүлнэ гэж заасан нь шүүхийн харьяалал зөрчсөн байна гэж дүгнээд С.*************ын нэхэмжлэлтэй Д.*************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 910,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэх хүчин төгөлдөр шүүгчийн захирамж авагдсан байна.

 

5.2. Энэхүү 2 үйл баримтаас харахад талуудын гарын үсэг бүхий эх хувь  2,000,000 төгрөгийн бичгээр байгуулсан зээлийн гэрээ, дахин нотлох шаардлагагүй, тогтоогдсон үйл баримт болох шүүгчийн захирамжид дурдсан 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээний зүйл заалтууд зөрүүтэй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүргийн хүрээнд 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан болохоо нотолж чадаагүй, шүүхээс дээрх хэрэгт авагдсан зээлийн гэрээг үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж дүгнээгүй болно.

 

6. Тодруулбал, эргэлзээ бүхий зээлийн гэрээг үндэслэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4-д “...Анзын гэрээг бичгээр хийнэ, анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүү, алданги шаардсан шаардлагыг хангах боломжгүй бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан болох нь тогтоогдоогүй гэж дүгнэв.

 

7. Нэгэнт талуудын хооронд 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан болох нь тогтоогдоогүй тул хуулийн дээрх зүйл, заалтын хүрээнд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт хүү, алданги шаардлах эрхгүй. Иймээс үндсэн зээл 2,000,000 төгрөгөөс зээлдэгчийн төлсөн, зээлдүүлэгчийн хүлээн зөвшөөрсөн зээлийн төлбөр 1,660,000 төгрөгийг хасч тооцоход 340,000 төгрөг болох ба хариуцагч энэхүү зээлийн үлдэгдлийг хариуцах нь хуульд нийцнэ.

 

8. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч Д.*************гаас 340,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*************т олгож, үлдэх 570,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 26,390 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10,850 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*************гаас 340,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*************т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 570,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 26,390 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.*************гаас улсын тэмдэгтийн хураамж 10,850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*************т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ