| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2023/04086/И |
| Дугаар | 184/ШШ2023/03553 |
| Огноо | 2023-09-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2023/03553
| 2023 09 26 | 184/ШШ2023/03553 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********************** тоот хаягт байрлах, “*************ББСБ” ХХК /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****************** тоот хаягт оршин суух, **********н овогт ****************************/РД:****************/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч **********, хариуцагч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“...*************ББСБ нь *************2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ15113001 тоот зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 1 сарын 6%-ийн хүүтэй зээл олгосон. Зээлдэгч нь зээлийн барьцаанд 71-44 УНА улсын дугаартай автомашиныг тавьсан байдаг. Зээлдэгч зээлээ хугацаандаа төлөхгүй байсан тул 2017 онд автомашинаа 4,250,000 төгрөгийн төлбөрт хураалгасан. Энэ төлбөрийг зээлийн төлбөрт тооцсон буюу үндсэн зээлийн төлбөрт 4,000,000 төгрөгийг, хүүгийн төлбөрт 250,000 төгрөгөөр тооцож суутгасан. Үндсэн хүү 2,119,000 төгрөг, торгууль 5,250,000 төгрөг буюу нийт 7,000,000 орчим төгрөгийн хүү үлдсэн байдаг. Тус зээлийг хариуцагч маань төлөх хүндрэлтэй байна гээд машинаа хураалгах хүсэлт гаргаснаар хураан авсан. Манай байгууллагаас харилцан тохиролцож зээлийн гэрээнд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зээлийн хүү, торгуулийг бууруулж 4,000,000 төгрөг болгон өөрчлөлт оруулсан. Энэ 4,000,000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сараас 2021 оны 03 дугаар сар хүртэл сар болгон 200,000 төгрөгийг 20 удаа төлөхөөр гэрээ байгуулсан. Тус гэрээнээс харахад Т.*************9 дүгээр сарын 26-ны өдөр 200,000, 10 дугаар сарын 15-ны өдөр 200,000 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн хүү болох 4,000,000 төгрөгөөс 400,000 төгрөг төлсний дараа зээлдэгч дахин ямар нэгэн төлбөр төлөөгүй. Тухайн үед ковидын үе байсан учир хариуцагчийг төлөхийг хүлээсэн, Ковидын тухай хууль дууссаны дараа миний бие тус банк бус санхүүгийн газрын гүйцэтгэх захирлаар томилогдсон учир зээлдэгчтэй уулзсан байдаг. Та яагаад зээлээ төлөхгүй байна вэ гэхэд ер нь бол харж үзнэ үү гэсэн байдлаар хандсан учир би өөрийн давуу байдлыг ашиглан түүний нөхцөл байдлыг харгалзан үзээд 3,600,000 төгрөгөөс 1,600,000 төгрөгийг хөнгөвчилж 2,000,000 төгрөг төлөх боломжтой юу гэхэд Т.*************2,000,000 төгрөгийг бол ойрын хугацаанд төлнө гэж хэлсэн. Иймээс хариуцагч *************зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
“...2015 онд зээлийн гэрээ байгуулж, зээл авсан. 6 хувийн хүүтэй байсан учир сар болгон 240,000 төгрөгийг төлж явж байгаад миний автомашиныг хурааж авсан. Зээлийн гэрээний хугацаа 6 сар байсан тул энэ хугацаанд хүүгээ л төлсөн. Үндсэн төлбөрөө төлж чадаагүй болохоор барьцаанд байсан автомашинаа хураалгасан. Тэгээд харилцан тохиролцоод автомашинаа хүлээлгэж өгсөн. Тэрнээс хойш 2019 онд захирал солигдсон өмнөх захирал чинь зээлийг чинь хаагаагүй байна гэж одоогийн гүйцэтгэх захирал нь хэлсэн. Тухайн үед очиход анх зээлийн гэрээ хийж гарын үсэг зурсан захирал руу миний хажууд утсаар ярьсан. Би таны ажлыг хүлээж авсан захирал байна, Т.*************гэдэг хүний зээл хаагдаагүй байна гэж хэлсэн. Гэхдээ надад хэлэхдээ таны зээлийг хаахын тулд ийм гэрээ байгуулж байж хаана. Та ямар нэгэн байдлаар манайд төлбөр төлөхгүй гэж хэлсэн. Гэтэл эд нарын хэлж байгаагаар 2 удаагийн 200,000 төгрөгийн төлбөр хийсэн гэж байгааг би мэдэхгүй байна. Би огт төлбөр төлөх ёсгүй байсан. Би ийм мөнгө төлөөгүй. Мэдэхгүй байгааг далимдуулж зээлийн гэрээ байгуулсан. Би энэ *************ББСБ ХХК-д автомашинаа хураалгасан, зээлийнхээ хүүг төлсөн одоо энэ байгууллагад 100 төгрөгийн ч хохирол учруулсан зүйл байхгүй. Фидуцийн гэрээний дагуу машинаа хураалган зээлийн үлдэгдэл төлбөрт тооцуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөг төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, хавсралт, хугацаа хэтэрсэн зээлийн хяналтын карт, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуцийн гэрээ/, хөрөнгийн үнэлгээний тайлан, фото зураг, зээлийн тооцооллын хүснэгт.
3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - хариу тайлбар.
3.3. Шүүхийн журмаар бүрдсэн нотлох баримт - Гар утсан дахь мессежид хийсэн үзлэгийн тэмдэглэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “*************ББСБ” ХХК-иас хариуцагч ************* холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан, шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, тооцоо нийлж уг гэрээг сунгасан 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний зээлийн үүргийн үлдэгдэл 2,000,000 төгрөгийг гаргуулна” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа “...Зээлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байгаад сүүлд төлж чадахгүй болсон, зээлдүүлэгч барьцааны машиныг хураан авсан. Фидуцийн гэрээний дагуу машинаа шилжүүлж өгөөд зээлийн гэрээний үүрэг дууссан, ямар нэг өр төлбөр байхгүй” гэж тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан хэрэгт авагдсан баримтууд, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан бодит үнэнд нийцсэн, үнэн зөв байх шаардлага бүхий талуудын тайлбараас үзэхэд,
3.1. Нэхэмжлэгч болон хариуцагч талууд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ15113001 дугаартай зээлийн гэрээгээр 4,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатайгаар, 6 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, зээлийн гэрээний хугацаанд мөнгийг тохиролцсон хүүгийн хамт тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд мөн өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуцийн гэрээ/-г байгуулж ЗГ15113001 тоот “Зээлийн гэрээ”-ний үүргийн биелэлтийг хангах хэлбэр болгон Toyota crown 71-44 УНА улсын дугаартай, гэрчилгээний 01058684 дугаартай, 2003 оны сувдан цагаан өнгийн автомашин буюу эд хөрөнгө /Фидуцийн зүйл/-ийн эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд шилжүүлэх, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ.
3.2. Түүнчлэн нэхэмжлэгч талын тайлбараар дээрх зээлийн гэрээний хугацааг сунгаж тооцоо нийлэн талууд 2019 оны 08 сарын 02-ний өдөр 15113001 дугаартай “Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай” гэх гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээнд “...Зээлийн гэрээний хугацааг 2021 оны 03 сарын 25-ны өдөр дуусгавар болгох өөрчлөлт орсонтой холбоотойгоор зээлийн гэрээний Хавсралт 1 нь энэхүү гэрээний Хавсралт 1 болж өөрчлөгдөж байгааг тодорхойлж байна” гэж заан зээлдэгч 4 сая төгрөг төлөхөөр хуваарь гарган баталгаажуулсан байна.
3.3. Нэхэмжлэгч талаас дээрх гэрээ, үйл баримтын талаар ...Зээлийн гэрээ дуусгавар болоогүй, хугацааг сунгаад зээлдэгч үлдэгдэл төлбөр 4 сая төгрөгөөс тодорхой хэмжээний мөнгө төлсөн байдаг, сүүлд 2 сая төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, энэ тухай ч сүүлд харилцсан мессежүүд байгаа гэх тайлбарыг, хариуцагч талаас ...2019 оны 08 сарын 02-ны өдрийн гэрээ дүр эсгэсэн гэрээ, захирал нь зээл хааж байгаа юм гэж надад хэлж ойлгуулсан, сүүлд шинэ захирал солигдоод одоо мөнгө нэхэж байна, 4 сая төгрөгийн үлдэгдэл байхгүй, барьцааны машинаар зээлийг хаасан байдаг гэх тайлбарыг гаргадаг.
4. Дээрх зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, нэмэлт гэрээний агуулга, нөхцөл, талуудын тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд тэдний хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөтэй ижил хэмжээний мөнгийг буцаан шаардах эрхтэй, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийн зарчимд нийцнэ.
6. Өмнө дурдсанчлан нэхэмжлэгч талаас хууль болон гэрээнд заасны дагуу зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...тухайн үед фидуцийн гэрээг байгуулсан байсан, барьцаанд тавьсан автомашиныг нэхэмжлэгч хурааж авсан, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх үндэслэлээр эс зөвшөөрдөг.
7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга, хэлбэрийг сонгохдоо хариуцагчийн эзэмшлийн автомашиныг барьцаалж, эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд уг машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож 2015 оны 11 сарын 30-ны өдөр ФГҮ15113001 дугаартай фидуцийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний үүрэг, зөрчлийг арилгахаар талууд тохиролцож дээрх фидуцийн гэрээний зүйл болох тоёота кровн маркийн 71-44 УНА улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлсэн бөгөөд энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй.
Харин нэхэмжлэгчээс ...уг автомашиныг 4,250,000 төгрөгөөр 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Ухаа шүрт консалтинг” ХХК-иар үнэлүүлж, бусдад худалдан борлуулсан 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хуримтлагдсан хүү, үндсэн зээлийн төлбөрт суутгасан, улмаар 4,000,000 төгрөгийн тооцоо үлдсэн, одоо 2,000,000 төгрөг төлөх учиртай гэдэг.
8. Талуудын хооронд байгуулагдсан “Фидуцийн гэрээ”-ний агуулга, хүсэл зоригоос үзэхэд зээлдэгч өөрийн эзэмшлийн автомашины эзэмших эрхийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгөх, зээлдүүлэгч шилжүүлэн авснаар уг эд хөрөнгийг захиран зарцуулах бүрэн эрхийг олж авч байгаа харилцаа байна.
Гэрээний талуудын хүсэл зоригийн дагуух дээрх үйлдэл бол Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д заасан үүргийн гүйцэтгэлийн хангах арга, хэлбэрийг сонгосон сонголт байх бөгөөд энэхүү гэрээний харилцааг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.
Хуулийн энэ зохицуулалт нь үндсэн гэрээний үүрэг зөрчигдсөн, эсхүл гэрээний хугацаа дуусгавар болоход үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч фидуцийн зүйлийг бодитойгоор шилжүүлэн авснаар тухайн үндсэн гэрээний үүрэг дуусгавар болох талаарх зохицуулалт гэж ойлгоно.
9. Тодруулбал, фидуцийн гэрээ гэдэг нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг гүйцэтгэгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг хүлээдэг бөгөөд хэрэв үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө мөнгө төлөх баталгаа болгож үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, үүргээ биелүүлснээр эд хөрөнгөө буцаан шилжүүлж авах бөгөөд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эд хөрөнгө бүрмөсөн үүрэг гүйцэтгүүлэгчид шилжинэ.
10. Талуудын маргаагүй үйл баримт бол фидуцийн гэрээний зүйл буюу тоёота кровн маркийн 71-44 УНА улсын дугаартай автомашиныг зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч “*************ББСБ” ХХК бодитоор шилжүүлэн авсан, зээлдэгч буюу хариуцагч Т.*************шилжүүлэн өгсөн асуудал.
Ингэснээр зээлийн гэрээний үндсэн үүргийг хариуцагч гүйцэтгэсэн буюу фидуцийн гэрээний үүрэг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасны дагуу дуусгавар болж, зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзнэ. Түүнчлэн Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болно” гэж заасантай нийцэх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
11. Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар, холбогдох нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнээд хариуцагч *************2,000,000 төгрөг гаргуулах тухай “*************ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1, 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь хэсэгт зааснаар ************* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах “*************ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ