| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/0271/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/285 |
| Огноо | 2025-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/285
2025 11 07 2025/ШЦТ/285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч ****
Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж **** овогт ****ын ****т холбогдох эрүүгийн 2539005010326 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч **** нь согтуурсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 20-ны шөнө Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар баг ****ы 02-03 тоотод ****тай "өөрийн төрсөн ах болох ****г өмөөрч" маргалдан толгойн тус газарт нь галын хайчаар цохисны улмаас түүний эрүүл мэндэд духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **** нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч **** овогт ****ын **** нь согтуурсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 20-ны шөнө Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар баг ****ы 02-03 тоотод ****тай "өөрийн төрсөн ах болох ****г өмөөрч" маргалдан толгойн тус газарт нь галын хайчаар цохисны улмаас түүний эрүүл мэндэд духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч ****ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар баг ****ы 2-3 тоотод байх гэртээ дүү ****ийн хамт унтаж байтал **** гэх хүн орж ирээд манай дүүтэй маргалдаад цохиод байхаар нь би дүүгээ өмөөрөөд маргалдтал миний нүүр хэсэг рүү 1 удаа гараараа цохихоор нь би зуухны хажууд байсан галын хайчийг газраас аваад ****гийн толгой хэсэг рүү 1 удаа цохичихсон юм. Тухайн үед ****гийн толгойноос цус гарч байсан ба тэгээд л **** гараад явчихсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн....” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ****гийн “...Би 2025 оны 05 дугаар сарын 20-ны шөнийн 01 цагийн орчимд **** сумын 5 дугаар багт байх ****гийн зүүн талын хашааны айл болох ****ынд муушиг тоглохоор яваад ортол ****, ****, ****, гэх мэт хүмүүс “Хараа” нэртэй 0.75 литрийн архи голдоо тавьчихсан уугаад сууж байсан. Би ****ын гэрийн баруун орон дээр нь суухад надад архинаасаа хийж өгөхөөр нь жоохон амсаад эргүүлээд өгсөн. Тэр хүмүүсийн ууж байсан архи нь дуусаад дахин архи авч ирэхээр нь би гэрийн эзэн ****ын хамт яваад ****гаас 0,75 литрийн “Агар” нэртэй архи аваад буцаад ****ынд ирээд “Агар” гэх архиа би ****тай хувааж уугаад дуусгасан. Гэтэл ****, **** гэх төрсөн ах дүү хоёр надтай муудалцах гээд байж ядаад үгээр идээд байсан. Тэгээд муудалцсан. Эхлээд **** над руу сандал бариад босоод ирэхээр нь гэрийн зүүн талын ор луу түлхээд суулгасан чинь **** ахыгаа өмөөрөөд миний ахыг түлхлээ гээд зуухны хажууд байсан галын хайчийг баруун гартаа бариад миний толгойны баруун дээд хэсэгт 1 удаа хүчтэй цохисон чинь толгойны цохиулсан хэсэг ярагдаад, цус их гоожоод байхаар нь цагдаад дуудлага өгөөд эмнэлэг яваад оёдол тавиулаад цагдаагийн газарт ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 7-9),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 367 дугаартай “...1. 2. Э. ****гийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэн байх боломжтой.
5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 35-36), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 14-15, 16-21, 23-24, 25-30), яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 37), хохирогч ****гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 44), шүүгдэгч ****ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 72) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ****ын үйлдлийн улмаас хохирогч ****гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч **** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч **** нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч **** нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг тус тус хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ****т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч ****т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ****гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх өргөдлийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан байх тул шүүгдэгч ****ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****ын ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын ****т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА