| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/0270/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/284 |
| Огноо | 2025-11-07 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/284
2025 11 07 2025/ШЦТ/284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгчийн өмгөөлөгч ****
Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****гийн ****д холбогдох эрүүгийн 2439006080303 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч **** овогт ****гийн **** нь Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар багийн нутаг "****" гэх газарт Хэнтий аймгаас **** хот чиглэлийн А0501 төв магистрал зам дээр 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн орчим **** улсын дугаартай "Toyota Auris" загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "Жолооч дараах үүргийг хүлээнэ. б. Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо ... хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" мөн дүрмийн 13.1 "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч ****ийн эрүүл мэндэд зүүн чамархай, суурийн хойд хонхрын хөхлөг хэсгийн дотор талын 5 маягийн ховил, дагзны зүүн хэсгийн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн суурийн хэсгийн эдийн няцрал уртавтар тархины цус харвалт, эдийн няцрал, дотор эрхтнүүдийн доргилт, цээжний зүүн 4, 5, 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, зүүн атгаал яс, зүүн дунд чөмөг ясны далд хугарал, хугарлын харалдаа зөөлөн эдэд цус хуралт, дух, зүүн шанаа, зүүн хацар, цээжний урд хэсэг, цээж, зүүн хавирганы нум хэсэг, баруун эрхий хуруу, зүүн бугалгын дотор шуу хэсгээс зүүн шууны доод хэсэг, зүүн мөр, баруун дал, зүүн шуу, баруун тохой, баруун, зүүн гуя, баруун, зүүн шилбэ, зүүн цавь, нуруунд зулгаралт бүхий хохирол учирч нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч ****ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр үйлдсэн хэргээ хүлээсэн “...Тухайн өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр **** хот руу би өөрийнхөө биеийг үзүүлэх болон хүүхдийнхээ өвлийн хувцсыг авах гээд Хэнтий аймгаас 14 цаг 30 минутын үед **** хот руу хөдөлсөн Хүү бид 2 машиндаа хоёулхнаа л явсан. Миний хажуу талын суудал болох жолоочийн хажууд талын суудал дээр миний хүү сууж явсан. Би хүүтэйгээ хоёулаа л байдаг. **** хот руу явж байхад Өмнөдэлгэр ордог зам өнгөрч байхад хүүгээсээ цаг асуухад 15 цаг 30 минут болж байна гээд хүү удалгүй унтчихсан. **** өнгөрөөд Даваа өгсөөд уруудаад явж байхад урд талд машин явж байхаар нь тэр машиныг гүйцэж түрүүлэх гээд машины хажуугаар эсрэг урсгалд хөдөлгөөн байна уу гэж харах гэж байхад машины маань руль жолоодлого алдаад буцаагаад нөгөө тийшээ дарах гэсэн чинь дарагдахгүй замын хажуу тал руу ороод явчихсан. Руль маань чичрэлт өгсөн. Би өөрөө машиныхаа жолоог дийлэхгүй байсан. Нэг л хүнд, чичгэнэсэн. Би хүүтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан, хүүгийн маань гэж хүн хаана байдгийг нь мэдэхгүй, хүүгээ төрсөн цагаас хойш огт холбоогүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-37),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ****ын “...Би 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр **** аймгийн **** сумаас **** хот руу гэр лүүгээ харьж явж байхад Хэнтий аймгийн **** сумын нутаг дэвсгэр болох “****” уруудаж явж байхад Хэнтий аймгаас 127 км гэх шонгийн модны наана явж байхад манай автомашины ард явж байсан автомашин эсрэг урсгал руу орж хөвөөн дээр байсан шон мөргөөд цааш далд ороод харагдахаа больсон юм. Тэгээд бид нар автомашинаа зогсоогоод цагдаад дуудлага өгөх гээд сүлжээ байхгүй байсан учир **** хотоос Хэнтий чиглэлд явж байсан анх гарч ирсэн машинд болон эсрэг урсгалын машинуудад зэрэг зэрэг сүлжээ ороод цагдаад хэлээрэй ийм зүйл болсон гэж тайлбарлан явуулсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 31-32)
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 147 дугаартай “...1. 2. Амь хохирогч ****ийн цогцост зүүн чамархай, суурийн хойд хонхорын хөхлөг хэсгийн дотор талын Ѕ маягийн ховил, дагзны зүүн хэсгийн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн суурийн хэсгийн эдийн няцрал, уртавтар тархины цус харвалт, эдийн няцрал, дотор эрхтнүүдийн доргилт, цээжний зүүн 4, 5, 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, зүүн атгаал яс, зүүн дунд чөмөг ясны далд хугарал, хугарлын харалдаа зөөлөн эдэд цус хуралт, дух, зүүн шанаа, зүүн хацар, цээжний урд хэсэг, цээж, зүүн хавирганы нум хэсэг, баруун эрхий хуруу, зүүн бугалгын дотор шуу хэсгээс зүүн шууны доод хэсэг, зүүн мөр, баруун дал, зүүн шуу, баруун тохой, баруун, зүүн гуя, баруун, зүүн шилбэ, зүүн цавь, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.4-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлнө.
4. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаач нь гавал, тархины битүү гэмтлийн улмаас уртавтар тархинд цус харван амьсгалын төв дарангуйлагдаж амьсгалын цочмог дутагдлаар нас баржээ...” гэх дүгнэлт (хх-ийн 43-47)
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШД-432 дугаартай “...**** улсын дугаартай "Toyota" Auris маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2024 оны 10 сарын байдлаар 11,717,879,60 төгрөгийг бүхэлчлэн 11,700,000.0 /арван нэгэн сая долоон зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 61-64)
Хэнтий аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “...1. **** улсын дугаартай “Toyota Auris” маркийн тээврийн хэрэгсэлд ослын улмаас дараах гэмтлүүд үүссэн байна: Үүнд:
Кузов их хэмжээний хэв гажилтад орсон
Урд 2 их гэрэл хагарсан
Копут хэв гажилтад орсон
Урд, хойд купер хагарсан
Салхины шил хагарсан
Арын шил, баруун талын арын шил, зүүн талын урд шил хагарсан
Урд 2 кирло хэв гажилтад орсон
Зүүн талын гар, амортизатор хугарч, тайг шарнерь гулзайсан
Хөргөлтийн радиатор хэв гажилтад орсон
Зүүн талын 2 хаалга хэв гажилтад орсон
Кондейшины радиатор хэв гажилтад орсон
Салон задарсан
Аваарын дэрнүүд гарсан
Цахилгааны их биеийн утаснууд тасарсан
Хөндлөн панел хугарсан
Урд хөргөлтийн радиатор хэв гажилтад орсон
Баруун талын хойд гэрэл хагарсан
Агаар шүүгчийн банк хагарсан
2. **** улсын дугаартай “Toyota Auris” маркийн тээврийн хэрэгслийн ослоос өмнөх эвдрэл гэмтлүүдийг тодорхойлох боломжгүй болно...” гэх дүгнэлт (хх-ийн 72-73)
“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын шинжээчдийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 46-147/355 дугаартай “...1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт зэрэгтэй танилцахад Toyota auris маркийн **** улсын дугаартай автомашины жолооч **** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" мөн дүрмийн 13.1 "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.Зам тээврийн осол гарахад Toyota auris маркийн **** автомашины жолооч ****ын гэм буруутай эсэхийг шүүх шийднэ.
3. Toyota Аuris маркийн **** улсын дугаартай автомашины жолооч **** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.
4. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /Зураг №19, 3ypar №20/-тэй танилцахад Toyota auris маркийн **** улсын дугаартай автомашины зүүн урд, зүүн хойд дугуйны хий гарсан байх боловч, зам дээр дугуй хагарсныг нотлох урьдчилсан ул мөр илрээгүй байх тул дугуй хагарснаас болж осол гарсан гэж үзэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт (хх-ийн 106-108), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 8), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-14, 16-24), осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 15), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 40-42), мөрдөгчийн магадалгаа (хх-ийн 77-78), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 88 ), жолоочийн лавлагаа (хх-ийн 91), шүүгдэгч ****ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (хх-ийн 133) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч **** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч **** нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч **** нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг тус тус хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ****ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ****ийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч ****ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****гийн ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****гийн ****ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ****д тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч ****д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА