| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/0282/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/289 |
| Огноо | 2025-11-10 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Азжаргал |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/289
2025 11 10 2025/ШЦТ/289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан
Улсын яллагч Э.Азжаргал
Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ийн ****эд холбогдох эрүүгийн 2539000000301 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч **** нь 2025 оны 08 дугаар сарын 15-ны шөнө 3 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт **** улсын дугаартай "Приус-20" загварын тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хасуулсан хугацаандаа буюу 2025 оны 08 дугаар сарын 15-ны шөнө 3 цагийн орчимд согтуугаар /2,95%/ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч **** овогт ****ийн **** нь 2025 оны 08 дугаар сарын 15-ны шөнө 3 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт **** улсын дугаартай "Приус-20" загварын тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хасуулсан хугацаандаа буюу 2025 оны 08 дугаар сарын 15-ны шөнө 3 цагийн орчимд согтуугаар /2,95%/ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч ****ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр үйлдсэн хэргээ хүлээсэн “...Тухайн өдөр буюу 08 дугаар сарын 15-ны шөнө 02 цаг өнгөрч байх үед би сангийн аж ахуйн “****” гэх дэлгүүрийн хойд талын хашаанд манай найзынх байдаг юм. Машинаа гэрийнх нь үүдэнд орхиод “****” бааранд хаахаар нь найзынхаа гэрт ирээд хашааных нь хойд талд байсан машинаа хашааны урд талд нь гаргаж тавих гээд хөдөлгөж байхдаа эргүүлийн цагдаа нартай таарсан. Тэгээд Хэнтий аймгийн Цагдаагийн газар ирээд согтуурлын зэргээ шалгуулахад 2,95% гарч байсан. Тэгээд машиныг маань ачлагын машин дуудаж ачуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 9-10),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ****ын “...Би Хэнтий аймгийн Цагдаагийн газрын даргын баталсан эргүүлийн хуваарийн дагуу 2025 оны 08 дугаар сарын 14-ний 16 цаг 30 минутаас 08 дугаар сарын 15-ны 04 цаг 30 минут хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа 15-ны шөнө 03 цагийн үед **** сумын 5 дугаар багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ертөнцийн зүгээр засмал замаар хойд зүгээс машин явж байсан. Би ертөнцийн зүгээр урд талаасаа албаны машинтай явж байхад тухайн машин шууд эгнээнд дундуур ороод явсан. Хойноос нь очиж шалгахад **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн мөн эрхээ хасуулчихсан байсан. Тэгэхээр нь тээврийн хэрэгслийг нь жолоочтой хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт авчраад жолоочийг согтууруулах, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах багажаар шалгахад 2,95 гарч байсан. Тэгээд тээврийн хэрэгслийг ачлагын машин дуудаж ачуулаад явуулсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 5-6), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1), эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 13), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 11, 17), жолоочийн лавлагаа (хх-ийн 45), Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ЗШ/494 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 49-51), шүүгдэгч ****ийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 68) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч **** нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ЗШ/494 дугаартай шийтгэврийн хуулбараар (хх-ийн 49-51) тогтоогдож байх бөгөөд хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч **** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлбөргүй нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч **** нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт ****х, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч ****эд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****ийн ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийн ****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА