Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/925

 

                                      

Б.Мад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/926 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Б.М, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар түүнд холбогдох 2106014281166 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Бийн М, 1987 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй боловч - тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Б.М нь 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр - тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Хыг өөрийн хамтран амьдрагч Эд нөхрөөсөө салах талаар ятгасан гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар үснээс нь зулгааж, чирч толгойгоор нь тагтны хаалганы довжоо мөргүүлэх, хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглан толгой хэсэг рүү нь хутгаар зүсэх зэргээр хүч хэрэглэн халдаж биед нь гавлын ясны ил хугарал, духанд зүсэгдсэн шарх, зүүн хацарт цус хуралт, эөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овгийн Бийн Мыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Мыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мад шүүхээс оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасаж, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мад оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Б.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, ялтан Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Хд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 707.040 төгрөгийг төлсөн болохыг, хохирогч Б.Х нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Маас жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр уур бухимдал, санамсар болгоомжгүйгээс болж хохирогч Хонгорзул руу заазуур шидэж, хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие эхнэр Этай түрээсийн байраар амьдардаг. Э нь одоо 7 сартай жирэмсэн тул дээрх байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хурлын дараа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Өмгөөлөгчийн хувьд хавтаст хэргийн материалтай уншиж танилцаад Монгол Улсын Үндсэн хуульд заасан өөрийгөө өмгөөлөх эрхийг Б.М хэрэгжүүлж чадаагүй нөхцөл байдал хэрэгт авагдсан гэж үзээд давж заалдах гомдлыг гаргасан. Хэргийн үйл баримт болон зүйлчлэлтэй маргах боломж хязгаарлагдмал гэж үзэж байна. Хавтаст хэрэгтэй танилцахад Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлтэй маргаагүй нь түүний удаа дараагийн мэдүүлгээс харагдаж байна. 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ хэргийг хялбаршуулан шийдүүлэх хүсэлт гаргаж байсан. Харин гэмтлийг юугаар учруулсан гэдгийг гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хэлээгүй. Шүүх хурал дээр “тагтны хаалтыг мөргүүлсэн” гэж хэлж байсан. Шүүх хурал эхлэхийн өмнө Б.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өөрийгөө өмгөөлж оролцох санал гаргаж байсан. Үүнийгээ өөрөө ойлгохдоо би зүйлчлэлтэй маргаагүй юм чинь болно гэж ойлгож байсан. Гэтэл хавтаст хэргийн материалаас харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог. Гэтэл Б.М өөрийгөө өмгөөлж байгаа мэт боловч мэргэжлийн өмгөөлөгч, хуульч биш тул өөрийгөө өмгөөлөх боломжгүй болох нь хэргийг хүлээж байгаа мэт боловч хэрэг үйлдсэн арга хэрэгслийг илэрхийлж хэлж чадахгүй байгаа нөхцөл байдал нь өнөөдрийн давж заалдах гомдол гаргах гол үндэслэл болсон. Хэрэв өмгөөлүүлэх эрхээ эдэлж явсан бол магадгүй давж заалдах гомдол гарахгүй байх хууль зүйн нөхцөл байдал байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн цагаас эхлэн хохирогчтой уулзаж хохирол төлбөр барагдуулах гэж удаа дараа явж байсан. Энэ талаар мөн мэдүүлэгтээ хэлдэг. Хохирогч утсаа унтрааж Б.Маас зугтаасан нөхцөл байдал байсан тул шүүх хурал дээр хохирол төлбөрийг барагдуулсан. Б.М нь хохирогчид учирсан гэмтлийг хутгаар учруулсан уу, заазуураар учруулсан уу гэх нөхцөл байдлыг орхигдуулсан. Шинжээч тухайн нөхцөл байдлыг заазуураар учруулсан байх магадлалтай гэх мэдүүлгийг өгсөн. Өмгөөлөгчийн зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал байхгүй. Б.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хурал дээр прокурор болон шүүгч нарын зүгээс өмгөөлөгч авч оролцох талаар удаа дараа сануулсан. “Та өмгөөлөгч авах уу” гэж шүүх бүрэлдэхүүнээс асуусан боловч “өөрийгөө өмгөөлж шүүх хуралд оролцоно” гэж өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцсон. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хутга хэрэглэсэн эсэх асуудал дээр маш удаан маргасан. Шүүх бүрэлдэхүүн, прокурор, хохирогчоос хутга хэрэглэсэн, хэрэглээгүй талаар удаан маргасан боловч Б.М нь “хутга хэрэглээгүй” гэж хэлдэг. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж өгнө үү гэсэн хүсэлтийн тухайд Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хутга хэрэглээгүй гэж маргаж шүүх хуралдааны процесс явагдсан. Шүүх бүрэлдэхүүний зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх нь ялтны эрх зүйн байдал дээрдэнэ гэж үзсэн тул хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 112 дугаар байрны 29 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Хыг өөрийн хамтран амьдрагч Д.Эд “нөхрөөсөө салах талаар ятгасан” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар үснээс нь зулгааж, чирч толгойгоор нь тагтны хаалганы довжоо мөргүүлэх, хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглан толгой хэсэг рүү нь зүсэх зэргээр хүч хэрэглэн халдаж, биед нь гавлын ясны ил хугарал, духанд зүсэгдсэн шарх, зүүн хацарт цус хуралт, эөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Хын “...Тухайн өдөр Э над руу яриад манай гэрт хүрээд ирээч гэхээр нь яваад очсон. Э, М бид 3 архи, пиво хуваагаад ууж байх үед М ямар ч шалтгаангүйгээр гэнэт Эгийн нүүр дээр тамхиа унтраасан. Тэгэхээр нь би чи ингэж болохгүй гэж хэлтэл намайг боогоод полкон руу чирч унагаад гал тогооноос хутга авч шидсэн. ...Би тэр үед цочирдоод толгойноос цус гарахаар нь ухаан алдсан. Миний зүүн талын дух зүсэгдсэн. ...” /хх 17-18/,

гэрч Д.Эгийн “...Тэр өдөр намайг нойл ороод гараад ирсэн чинь манай найз Хын толгойноос цус гарчихсан, полконы ойролцоо газар сууж байсан. Манай нөхөр М газар суучихсан цамцаа тайлаад толгойных нь цусыг арчиж байсан. ...” /хх 25/,

шинжээч эмч Б.Сэлэнгээгийн “...Эдгээр гэмтлүүдээс дух ясны ил хугарал, духны зүсэгдсэн шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Полконы довжоо хэсэг нь хатуу мохоо зүйлд хамаарна. Дараах гэмтэл нь ир ирмэгтэй заазуураар үүсгэгдэх боломжтой. ...” /хх 61/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3500 дугаартай “...Б.Хын биед гавлын дух ясны ил хугарал, духанд зүсэгдсэн шарх, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /хх 27/ гэсэн дүгнэлт,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-14/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.М нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Мад тухайн зүйл, хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон бөгөөд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарласан хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.М “...Миний бие Х руу заазуур шидэж, хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие эхнэр Этай түрээсийн байраар амьдардаг. Э нь одоо 7 сартай жирэмсэн тул дээрх байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...”,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж “...Б.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж зааснаас үзэхэд, шүүгдэгч Б.Мын үйлдэл, учруулсан хор хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт хэрэглэх үндэслэл болж чадахгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэнтэй нийцсэн бөгөөд шүүгдэгч Б.М нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлээгүй болох нь дээрх хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогджээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/926 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь нийт 75 /далан тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ