Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 394

 

Ч.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, хохирогчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 488 дугаар магадлалтай, 1710000000078 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ханбүрэн зэлмээ овогт Ч.Э нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Э-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 113 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Э гаргасан гомдолдоо: “Нийт 12 шинжээчээс 11 шинжээч нь хөнгөн гэмтэл гэж дүгнэсэн нь эргэлзээгүй, үндэслэлтэй гэж үзэж байна.

Хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Шүүх байгууллага нь Шүүхийн шинжилгээний байгууллагын онцгой эрхэнд халдсан гэж үзэж байна.

Тухайлбал өвчний онош орчуулах, тайлбарлах нь шүүхийн шинжилгээний байгууллагын эрх юм. Хохирогч зориуд зардал гаргах зорилгоор удаа дараа шинжилгээ өгч үзүүлсэн. Шүүх “хохирогчийн бие сайжраагүй, эдгэрэлтийн явц удаашралтай байгаа” гэдгийг тогтоох субъект биш.

Иймд хууль буруу хэрэглэн гаргасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч О.Мад учирсан гэмтлийн талаар 1, 3, 5 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэйгээр нийт 5 удаа 11 шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, удаа дараагийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн багийн дүгнэлтийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, энэ талаар хуулийн шаардлага зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна.

Ч.Э-г хамтран амьдрагч О.М-ын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлтэй бид маргахгүй. 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хамгийн сүүлийн дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Шинжээчдийн багийн дүгнэлт нь хохирогчийн Сингапур улс руу 2 удаа явж шинжилгээ хийлгэсний дараа буюу 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр гарсан бөгөөд уг дүгнэлтийг гаргахдаа хэрэгт авагдсан 10828, 1019, 1068, 1193 дугаартай дүгнэлтүүд болон хохирогчийн MRI шинжилгээ, амбулторын карт, хохирогчийн биед хийсэн үзлэг, тэмдэглэлүүд, тархины бичлэг, фото зураг, Сингапурын мэс заслын төвийн дүгнэлт, түүний орчуулга, CD зэргийг үндэслэсэн болно.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Г.Энхбаатар нь “Сингапур улсад үзүүлсэн гэх эмчийн дүгнэлтийг монгол хэл дээр гэмтлийн улмаас тархины зүүн талын тараагуур болон хураагуур судасны уулзварт урагдалт авсан гэдэг нь үндэслэлгүй юм.

Учир нь 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр гэмтэл авсны улмаас тархины судсанд урагдалт үүссэн бол шууд цус алдаж эхэлдэг ба 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн эмчийн дүгнэлт гарах хүртэл удаан хугацаанд явах боломжгүй” гэж дүгнэсэн. 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн СД-г уншуулахад тархины эдэд цус хуралтгүй гэсэн онош гарсан ба тархины артер венийн шунт буюу зангилаа үүссэн гэж тус тус дүгнэснээс үзэхэд Ч.Э-гийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлтэй холбоо хамааралгүйг нотолж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Тархины судасны шунт нь маш олон шалтгааны улмаас үүсэж болдог ба даралт ихсэх, архаг толгойн өвчин, тархины цус хангамжийн хэвийн үйл ажиллагаа алдагдах, архаг хямрал, сэтгэл санаа хэвийн биш үед гэх мэт шалтгаануудын улмаас тархины судасны шунт буюу зангилаа үүсэж болдог талаар шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэгт тодорхой дурдагдсан.

Энэ талаар хохирогчийн төрсөн эгч О.Мөнхтуяагийн мэдүүлэгт тодорхой байгаа. Мөн Ч.Э нь О.Мтай хамт амьдарч байхад толгой нь байнга өвддөг байсан гэж мэдүүлдэг тул гэмтлийн зэргийг бодитой тогтоолгох талаар хэргийг буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй юм” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам гаргасан саналдаа: Давж заалдах шатны шүүх тухайн хэрэгт хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэсэн.

Гэтэл хохирогчийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэл байсан гэдэг нь эргэлзээтэй.

Тухайн журмын 2.4 дэх хэсэгт гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл гэдэгт хүндэвтэр, хүнд зэргийн гэмтлийг агуулаагүй гэмтэл хамаарна гэж заасан.

Хэргийн 14 дүгээр талд авагдсан Мөнхтуяа гэдэг хүний мэдүүлгээр хохирогчийг өмнө нь гэмтэлтэй байсан мэтээр тайлбарладаг боловч тухайн үйл баримт нь шүүх хуралдааны үед хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар няцаагдсан.

Иймд хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Насанбат хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн биед шинжилгээ хийсэн 5 төрлийн дүгнэлт байна. 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэнд хохирогч нь тархи доргилтын дараах хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна гэж гарсан.

Дээрх эмгэг нь сэтгэцийн олдмол эмгэг бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр толгойд гэмтэл авсны улмаас үүсэх боломжтой гэсэн дүгнэлт гарсныг гэмтлийн улмаас үүссэн үлдэц, уршиг болох эсэх талаар дүгнэлт өгөөгүйгээс эргэлзээтэй байдал үүссэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.Э болон түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн Ч.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Ч.Э-г “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг харьцуулан үнэлж, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ч.Э нь 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 82-04 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч О.М-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1068, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1193, 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 80 тоот бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 3 удаагийн дүгнэлтүүдээр хохирогч О.М-ын биед тархины зүүн чамархай, дагзны хэсгийн жижиг хэмжээний тархины эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархай, зулай, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон, уг гэмтэл нь шүүгдэгч Ч.Э-гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Анхан шатны шүүхээс Ч.Э-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин давж заалдах шатны шүүх нь О.М-ыг “Тархи доргилтын дараах хам шинж” сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь олдмол бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр толгойд гэмтэл авсны улмаас үүссэн байх боломжтой.” /хх-43/ гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 836 тоот дүгнэлтийг үндэслэн “тархины нарийн мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн багаар шинжээчийн дүгнэлт гаргуулах, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хэм хэмжээг бүрэн тогтоох шаардлагатай” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт шинжээчээр томилогдож, өөрсдийн эзэмшсэн мэргэжил, тусгай мэдлэгийн хүрээнд хохирогч О.М-ын биед хөнгөн зэргийн учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан удаа дараагийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хууулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Ч.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Анхан шатны шүүхээс хохирогчийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн зардал 6.500.000 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин хохирогч О.М-ын Ч.Э-д зодуулснаас болж, өөрт нь учирсан гэмтлийг зөв оношлуулах зорилгоор Сингапур улс руу 2 удаа явж эрүүл мэндийн шинжилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлыг анхан шатны шүүх Ч.Эгийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийж, иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу гэж үзэв.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуудийг ноцтой зөрчсөн эсэхийг хянах ба анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгож болохгүй, өөрөөр хэлбэл хохирогчийн гаргасан иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг хяналтын шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалж, нөхөн төлүүлэх хохирлын хэмжээг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогч О.М нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 488 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Ч.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн,

“Хохирогч О.М нь өөрт учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                         ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН