Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2023/04358

 

 

 

 

 

 

 

 

                 2023           11            16     

                                      184/ШШ2023/04358

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ********************** тоот хаягт оршин суух, Боржигон овогт Энхбаатарын ************* /РД:***************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ************************* тоот хаягт оршин суух, Жамба овогт Бандийн ************* /РД:***************/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.*************ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“... Миний      бие нь Б.*************ыг эртнээс танидаг бөгөөд тэрээр Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг тул мөн ажил хэргийн шугамаар байнгын холбоотой байдаг байсан. Иргэн Б.************* нь 2022 оны 05 дугаар сард удаа дараа “...зээл аваад өгөөч, хувиасаа зээлээч” гэж гуйсаны үндсэн дээр би зээлийн гэрээ байгуулалгүй 5,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар зээлүүлсэн билээ. Иргэн Б.************* нь итгэл олж аван, мөнгө зээлсэнээс хойш төдийд өгнө, өдийд өгнө гэж худал хэлсээр өнөөдрийг хүрсэн байдаг. Иргэн Б.************* нь 2023 оны 06 дугаар сарын 13-нд хүүний өглөг гэж надад 7,000,000 төгрөгийг өгсөн ба үндсэн зээл болох 5,000,000 төгрөгийг хүүний хамт 2023 оны 07-р сард өгөхөөр тохиролцсон боловч өгөлгүй иргэн миний биеийг хохироогоод байгаа болно. Иймд Б.*************аас 5,000,000 төгрөгийг, 2 сарын хүү болох 1,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Б.************* нь 2022 оны 05-р сарын 04-нд ажил хэргээр байнга холбогддог танил Э.*************ээс мөнгөний хэрэг гараад байна 5,000,000 төгрөг зээлээч гэж гуйсан. Э.************* зөвшөөрснөөр 5 сая төгрөг зээлж авсан. Тухайн үед хугацаа болон зээлийн хүүний талаар ярьж тохиролцоогүй. Б.************* 2023 оны 07-р сарын 13-ны өдөр *************гээс 7,000,000 төгрөгийн зээл авч Э.*************т өгч зээлсэн мөнгөнөөс 2 сая төгрөг илүү өгч зээлээ бүрэн дуусгасан. 7 сая төгрөг авснаа Э.************* ч хүлээн зөвшөөрдөг. 2 сая төгрөг хүүд авсанд гомдолтой байдаг. Зээлийн хүү тогтоосон гэрээг бичгээр байгуулаагүй, тийм тохиролцсон баримт байхгүй, хариуцагч зээлсэн мөнгөө бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

3. Хариуцагч талаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“...Хариуцагч Б.************* нь Э.*************ээс 5,000,000 төгрөгийг зээлийн хүү, хугацаа тохиролцоогүйгээр зээлсэн. Гэтэл хүү төл гэж шахаж шаардсаар байсан тул 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ************* 7,000,000 төгрөгийн зээл авч Э.*************т өгсөн. Э.************* нь иргэний хуульд зааснаар зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн хүү авах эрхгүй бөгөөд зээлсэн мөнгөнөөс илүү мөнгө шилжүүлсэн. Тухайн үед ажил дээр нь байнга ирж зээлээ, хүү шаардаж байсан бөгөөд энэ нь камерт бичигдэж байсан, камерийг бичлэг 3 хоног хадгалагддаг тул нотлох боломжгүй ч огт банкны дансны хуулга үйл баримтыг нотолно. Гарцаагүй байдал, дарамт шахалтын улмаас зээлдэгч өөрийн танил Г.Мөнх-Ирээдүйтэй холбож зээл авахуулсан, өөрийнхөө данс руу шууд шилжүүлж авсан байдаг. Иймд үндэслэлгүйгээр олж авсан 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулж Б.*************д олгож өгнө үү” гэв.

 

4. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартаа:

“...Иргэн Б.************* нь удаа дараа гуйсны үндсэн дээр 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. Тухайн үед зээлийн гэрээ байгуулая гэхэд дараа гэрээ хийх, хүнээс мөнгөө авчивал хүүний хамт өгчихнө, тус болооч гэж гуйсан, мөн тухайн үед санхүү албаны ахлахаар ажиллаж байсан Мартхүүгээр дамжуулан гуйсан тул зээл өгсөн. Иргэн Б.************* нь миний найз нөхөд болон өөрийн биеэр удаа дараа гуйсан тул зээл өгсөн ба тэрээр анхнаасаа итгэл олж аван залилахаар шийдсэн байсан нь илт харагдаж байна. Зээл авснаас хойш элдэв байдлаар хугацаа хожиж хууран мэхэлсээр байсан тул миний бие аргагүй эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэн Б.************* нь зээл авснаас хойш буюу 2022 оны 05 дугаар сараас хойш 14 сарын дараа 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүүний төлбөр гэж ирсэн Мөнх-Ирээдүйгээс мөнгө зээлж өгсөн. Тэрээр ойрын хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулна гэсээр ийм байдалд хүрсэн. Хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч хүү төлсөн байдаг. Хүүнд төлсөн мөнгийг буцааж авна гэдэг нь үндэслэлгүй. Иймд иргэн Б.*************ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

5. Хэрэгт цугларсан нотлох баримтууд:

5.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хаан банкны дансны хуулга, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.

5.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Хариу тайлбар, зээлийн гэрээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл, Голомт банкны дансны хуулга, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

5.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт - Хаан банк, Голомт банкны дансны хуулга.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.*************ээс хариуцагч Б.*************д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг мөн хуулийн, зүйлийн 115.2.1-д заасны дагуу хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Э.************* нь ...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлүүлсэн, хүүнд 7,000,000 төгрөгийг буцааж авсан, одоо үндсэн зээлийн төлбөр 5,000,000 төгрөгийг, 2 сарын хүү 1,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.************* нь эс зөвшөөрч сөрөг шаардлага гарган ...зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү авсан нь үндэслэлгүй тул илүү төлсөн 2,000,000 төгрөгийг гаргуулна  гэж маргасан байна.

 

3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар Э.************* нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг Б.*************д зээлүүлсэн, Б.************* нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 7,000,000 төгрөгийг Э.*************т буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдох бөгөөд талууд энэ талаар маргаагүй, харин үндсэн зээл, хүү төлүүлэх болон хүүгийн төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4. Дээрх харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай нийцэх бөгөөд талуудын тайлбар, тухайн нөхцөл байдал, үйл баримтаас үзэхэд тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хүсэл зоригоо илэрхийлж аман хэлбэрээр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

4.1. Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний үүрэг болох 5,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн тул хариуцагч мөн адил зээлийг буцаан төлөх үүрэг хүлээх бөгөөд 2023 оны 07 сарын 13-ны өдөр энэ үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Талууд аман хэлцлээр зээлийн гэрээ байгуулсан, зээлдэгч буюу хариуцагч 7,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн болох нь тогтоохдох бөгөөд хариуцагч талын “Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлийн хүү шаардах эрхгүй, зээлийг төлсөн” гэх татгалзал үндэслэлтэй болно. 

 

4.2. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т ...зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болдог ба тухайн гэрээг бичгээр хийхээр, улмаар гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү авах эрхээ алдахаар заасан байна. Хуулийн энэ зохицуулалтын дагуу нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй болно. Түүнчлэн талуудын хооронд 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч тухайн зээлийг буцаан төлөх үүрэг хүлээсэн, уг үүргээ биелүүлсэн, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон үйл баримт тогтоогдож байх тул зээлийн үүргийг нэхэмжлэгч мөн адил шаардах эрхгүй.

 

5. Сөрөг шаардлагын хувьд хариуцагч тал зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхдээ илүү төлсөн 2,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч тал үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх агуулгаар тайлбарладаг.

 

5.1. Нэхэмжлэгч талаас ...хариуцагч хэлэлцэн тохирсон ёсоор хүү төлөх үүргээ биелүүлсэн тул буцаан шаардах эрхгүй гэх агуулгаар тайлбар гаргадаг хэдий ч тухайн зээлийн харилцаа буюу хэлцлээр талууд зээлийн хүү тооцох, авах талаар харилцан тохиролцсон, 10 % гэх хүүгийн хэмжээ тогтоосон үйл баримт тогтоогдоогүй.

 

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогч үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй, тайлбар нь бодит байдалд нийцсэн байх шаардлагын хүрээнд гаргасан хариуцагч талын “...хүү тохиролцоогүй, дарамт шахалтын улмаас гарцаагүй байдалд орж зээлсэн мөнгөнөөс илүү мөнгө шилжүүлсэн, нэхэмжлэгчийн таньдаг хүн дээр очих зээлийн гэрээ байгуулсан, миний данс руу мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгчийн данс руу шууд шилжүүлсэн” гэх тайлбар, түүний банкны дансны хуулга, Г.Мөнх-Ирээдүй, Б.************* нарын хооронд байгуулагдсан 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, ...7,000,000 төгрөгийг авсан гэх нэхэмжлэгч талын тайлбар зэргээс үзэхэд үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд 1 сарын 10% хүүтэй, 12 сарын хугацаатай зээл олгосон гэх үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгч талын энэ талаарх тайлбар үндэслэлгүй болно.

 

5.2. Нэгэнт зээлийн хүү тогтоосон харилцаа нотлогдоогүй, ...хүү төлөх үүргээ биелүүлж 7 сая төгрөг шилжүүлсэн, шаардах эрхгүй гэх агуулга бүхий нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагч талаас үгүйсгэж байх ба нэхэмжлэгч талын ...хариуцагч зээл болон зээлийн хүүнд 7 сая төгрөг өгсөн гэх үндэслэл, тайлбар, үйл баримт эргэлзээ бүхий байна.

 

Иймээс зээлдэгч буюу хариуцагч үндсэн зээл 5,000,000 төгрөг төлөх үүргийг биелүүлсэн ба илүү төлөгдсөн гэх 2,000,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж  үзнэ.

 

5.3. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”,  492.1.1-дхөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу хариуцагч зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн төлбөрийг шаардах эрхтэй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцах учиртай.   

 

6. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж нэхэмжлэгч Э.*************ээс гаргасан 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүнээс 2,000,000  төгрөгийг гаргуулж хариуцагч Б.*************д олгож, нэхэмжлэгч, хариуцагч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Э.*************ээс 46,950 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.*************д олгож шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул хариуцагч талын “...нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх” тухай хүсэлтийг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар Э.*************ийн нэхэмжлэлтэй Б.*************д холбогдох 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Э.*************ээс 2,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.*************д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Э.*************ээс 46,950 төгрөг гаргуулан хариуцагч Б.*************д олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ