Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2023/04360

 

 

 

 

 

 

 

 

 

                               2023         11            16

                               184/ШШ2023/04360

              

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ************* тоот хаягт байрлах, “************* ББСБ” ХХК /РД:*************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***************, хаягт байрлах  *************холбогдох

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21-10/816 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “************* ББСБ” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...“Бумандусал ББСБ” ХХК нь *************, *************нартай 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 18/0052 дугаартай зээлийн гэрээ байгуулан 99,000,000 төгрөгийг бизнесийн зориулалтаар зээлүүлсэн боловч *************, *************нар нь зээлээ бүрэн төлөхгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 онд хандан нэхэмжлэл гаргасан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.09.14-ний өдрийн “Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” 11670 дугаартай захирамж гарч, уг захирамжаар *************, *************нар нь 2021.03.04-ний өдрийн дотор 67,123,350 төгрөгийг “************* ББСБ” ХХК-нд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Гэвч *************, *************нар нь 2021.03.04-ний өдрийн дотор 67,123,350 төгрөгийг “************* ББСБ” ХХК-нд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч  баталгаажуулсан.

Гэвч *************, *************нар нь шүүгчийн захирамжид заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул Сонгинохайрхан дүүргийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0242 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу *************албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад *************, *************нар нь 2021  оны 10 дугаар сард 57,123,350 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлөөгүй байсан. Манай байгууллагын зүгээс үлдсэн 10,000,000 төгрөг дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа гэж ойлгож байтал төлбөр авагч болох манай байгууллагад огт мэдэгдэхгүйгээр 2021.10.01-ний өдөр 21-10/816 дугаартай *************-ын ахлах  шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор *************, *************нарт холбогдох Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичиг заасан төлбөрөө бүрэн төлсөн” гэх үндэслэлээр дуусгавар болгосныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Бидний зүгээс 2023 оны 01 дүгээр сард итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж шийдвэр  гүйцэтгэх ажиллагааны явцын мэдээллийг авахаар *************очиж уулзахдаа уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаар мэдсэн бөгөөд ийнхүү мэдсэн дариудаа яагаад ямар үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон болох төлбөр төлөгч нар үлдэгдэл 10,000,000 төгрөгөө танай шийдвэр гүйцэтгэлийг дансанд тушаасан эсэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоолтой танилцан яагаад бидэнд мэдэгдээгүй талаар хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Дашдэмбэрэл, ахлах шийдвэр гүйцэтгэгч Батмөнх, дэд дарга Батмөнх зэрэг албан тушаалтнуудтай удаа дараа уулзсан болон “...Гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн материал нь олдохгүй байна. Хувийн хэргийн материалыг харж байж нөхцөл байдлыг тодорхой болгох гээд байна, хариуцсан шийдвэр гүйцэтгэх Азбаяр нь тэтгэвэртээ гарсан, ажил хүлээлцэхдээ материал нь нэг тийшээ орсон бололтой хайж байна” гэдэг хариуг өгсөөр 2023 оны 03 дугаар сар хүргэсэн.

“************* ББСБ” ХХК-ийн зүгээс аргаа барж, 2023 оны 03 дугаар сард дээд шатны албан тушаалтан болох Шийдвэр гүйцэтгэх албаны дарга бөгөөд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан  гомдлын дагуу  Шийдвэр гүйцэтгэх албанаас утсаар холбогдож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн материалыг оруулсан, төлбөр бүрэн төлөгдсөн  үндэслэлээр дуусгавар болгосон  сэргээх боломжгүй гэдэг хариуг амаар өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны  хувийн хэрэг олдсон талаарх мэдээллийг авах *************-т очиж материалтай танилцахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1 дахь заалтыг үндэслэж төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэж, “Шийдвэр гүйцэтгэх  ажиллагаа дуусгавар болсон тухай” 2021.10.01-ний өдрийн 21-10/816 дугаартай тогтоолыг гаргаж байсан. Ийнхүү уг тогтоолыг хүчингүй болгуулахаар мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлүүлэн явуулах талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, дэд хурандаа Б.Батмөнх, дарга хурандаа Г.Цэргийнхүү нарт гомдол гаргасан боловч боломжгүй хариуг өгч, Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.Оюунцэцэгт дахин гомдол гаргасан боловч 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 3-1/1193 дугаартай албан бичгээр “...шийдвэр гүйцэтгэх  ажиллагааг хянаж, 2023 оны 03/968 дугаартай албан бичгээр  хариу хүргүүлсэн байна” гэдэг хариуг өгсөн бөгөөд уг албан бичгийг манай байгууллага 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шуудангаар хүлээж авсан болно.

Манай байгууллагад дээрх 2023.05.04-ний өдөр хүлээж авсан албан бичигт дурдсан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03/968 дугаартай албан бичиг ирээгүй тул  бидний зүгээс уг бичгийг Шийдвэр гүйцэтгэх албанаас тодруулж, сураглаж  холбогдох албан  тушаалтан нь ажилдаа орохыг хүлээж байгаад 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хуулбар үнэн даруулан авч, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн  зүгээс мөн шийдвэрлэх  боломжгүй гэж үзэж байгаа хэмээн ойлгож, хариуцагч *************-ын хаягаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч тус шүүхээс шүүхийн харьяалал зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд татгалзсан захирамжаа бичгээр 2023.06.15-ны өдөр гардуулж өгснөөр ийнхүү танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана” гээд, 29.1.3-т “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн” мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Гүйцэтгэх баримт бичигт энэ хуулийн 6.2.1, 6.2.2, 6.2.3, 6.2.4-т заасан шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг гаргуулах тухай шийдвэр хамаарна” гэж тус тус заасан бөгөөд гүйцэтгэх баримт бичиг болох Гүйцэтгэх хуудаст *************, *************нараас 67,123,350 төгрөг гаргуулахаар заасан байдаг.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагч, төлбөр төлөгчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай мэдэгдэнэ” гэж заасан байтал 2021.10.01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржийн 21-10/816 дугаартай тогтоолын 2-т “Тогтоолын хуулбарыг төлбөр төлөгч *************, *************нарт мэдэгдсүгэй...” гэж зөвхөн төлбөр төлөгч талд мэдэгдэхээр зааж, ийнхүү төлбөр авагч компанид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаар ямар нэгэн мэдэгдэл, мэдээлэл бичгээр болон амаар огт өгөхгүйгээр өөрсдийн дураар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, хууль бус тогтоол гаргасан байна.

Нөгөөтэйгүүр *************-аас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болохоосоо өмнө төлбөр авагч талтай холбогдож, төлбөр бүрэн төлөгдсөн эсэхийг тодруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах хүсэлтийг төлбөр авагч талаас бичгээр урьдчилан авч, баталгаажуулсны үндсэн дээр тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгодог. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар төлбөр авагч компанид мэдэгдэхгүйгээр гүйцэтгэх баримт бичигт заасан 67,123,350 төгрөг бүрэн төлөгдөөгүй, 10,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дур мэдэн хууль бусаар зогсоож, дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална.”, 5.1-т  “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна”, 8.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дараахь үйлдэл, эс үйлдэхүйг хориглоно” гээд 8.1.3-т “дур мэдэн, эсхүл хууль бусаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх”, 29.1-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана” 29.1.3-т “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн” , 29.2-т “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагч, төлбөр төлөгчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай мэдэгдэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн.

Иймд төлбөр авагч “************* ББСБ” ХХК, төлбөр төлөгч *************, *************нарт холбогдуулан явуулж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржийн 2021.10.01-ний өдрийн 21/10/816 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Тус газарт холбогдуулж “*************” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11670 дугаартай захирамжаар *************, *************нараас 67,123,350 төгрөгийг гаргуулж “*************” ХХК-д олгохоор  шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр үүсгэсэн. Нэхэмжлэгч буюу төлбөр авагч тал болох “*************” ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Албадан гүйцэтгүүлэх тухай” хүсэлтдээ төлбөр төлөгч *************, *************нарын төлбөрийн үлдэгдэл 57,123,350 төгрөг гэж манай газарт ирүүлсэн байх тул төлбөр авагчийн хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулж төлбөр төлөгч нараас 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар  шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  дуусгавар болгосон бөгөөд мөн хуулийн 29.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс бусад тохиолдолд энэ хуулийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.4, 29.1.8-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй” гэж заасан байна. Иймд нэхэмжлэгч “************* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүшчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШЗ2021/02746 дугаар захирамжийн хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0242 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШЗ2021/11670 дугаартай “Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамж, “************* ББСБ” ХХК-ийн *************-т гаргасан хүсэлтүүдийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тухай тогтоол хуулбар, Гомдлын хуулбарууд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудсын хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын гомдлын хариу өгөх тухай албан бичгийн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хариу мэдэгдэх албан бичгүүдийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШЗ2023/09296 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийн хуулбар.

 

3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Итгэмжлэл, Хариу тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0242 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар, Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” 184/ШЗ2020/11670 дугаартай захирамж, “************* ББСБ” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №21/161 дугаартай *************-т хандсан албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №21/577 дугаартай хүсэлт, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, Төлбөр төлсөн тухай тодорхойлолт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас мөнгө шилжүүлэх баримт, Мөнгөн гүйлгээний журнал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21/10/816 дугаартай тогтоолын хуулбар.

3.3. Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримт - Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг №21390302, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0242 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар, Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамжийн хуулбар, шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” 184/ШЗ2020/11670 дугаартай захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 21390302 дугаартай тогтоол,  “************* ББСБ” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №21/161 дугаартай *************-т хандсан албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийн хуулбар, Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичгийн хуулбар, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №628 дугаартай эвлэрлийн гэрээний хуулбар, *************ын лавлагаа, З.Билэгбаатарын лавлагаа, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Тасгийн дарга бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Даваадоржид гаргасан шийдвэр гүйцэтгэгчийн санал, Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай санал, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолууд, албан бичгийн хуулбар, Сонгинохайрхан дүүрэг дэх улсын бүртгэлийн газарт хүлргүүлсэн албан бичиг, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн албан бичиг, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Битүүмжилсэн хөрөнгийн жагсаалт, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Гадаадад зорчих эрх сэргээх санал, Хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас мөнгө шилжүүлэх баримт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21/10/816 дугаартай тогтоолын хуулбар, Мөнгөн гүйлгээний журнал,  Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх сэргээх тухай тогтоол, Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн хуулбар, Ирсэн бичиг бүртгэх дэвтрийн хуулбар, *************гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцх хүсэлт, Албаны шалгалт зохион байгуулах тухай албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №21/577 дугаартай хүсэлтийн хуулбар.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “************* ББСБ” ХХК-иас хариуцагч *************холбогдуулан гаргасан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 21-10/816 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв. 

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад *************, *************нар нь 57,123,350 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлөөгүй. Манай зүгээс үлдсэн төлбөр дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэж ойлгож байсан, гэтэл манай байгууллагад огт мэдэгдэхгүйгээр 21-10/816 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хууль зөрчсөн” гэж тайлбарладаг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзсан тайлбартаа “...Төлбөр авагч 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ 57,123,350 төгрөг гэж манай газарт ирүүлсэн, уг хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулж  төлбөр төлөгч нар бүрэн төлж барагдуулсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, хууль зөрчөөгүй” гэж мэдүүлдэг.

 

3. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан тухай” захирамжаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар өргөдөл гаргагч 72,024,420 төгрөгөөс 4,901,070 төгрөгийг татгалзаж, уригдсан тал *************, *************нар нь үлдэх 67,123,350 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн дотор “************* ББСБ” ХХК-нд төлөхөөр, төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, өнөр хороолол 14 байр 10 тоот хаягт байрлах 30 м.кв, улсын бүртгэлийн Ү-2201000470 дугаартай барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн №628 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулж шийдвэрлэсэн байна.      

 

3.2. Уг шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШЗ2021/0746 дугаартай захирамж, мөн өдрийн 0242 дугаартай гүйцэтгэх хуудас гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлжээ.

 

3.3. “************* ББСБ” ХХК-иас 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр №21/161 дугаартай албан бичгээр “...*************, *************нарын төлбөрийн үлдэгдэл 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 57,123,350 төгрөг байна. Иймд шүүхээс гарсан захирамжийг сайн дураараа биелүүлэхгүй байгаа учраас албадан гүйцэтгүүлэх ажиллагаа хийж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж, тухайн хүсэлтийг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 57,403,350 төгрөгийг төлбөр төлөгч нар төлсөн үндэслэлээр “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21-10/816 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч *************, *************нарт холбогдох 21390302 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичиг бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосонд тооцож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч тал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана”, 29.1.3-т “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн”, 29.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс бусад тохиолдолд энэ хуулийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.4, 29.1.8-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй” гэж заасан үндэслэлийг гарган татгалздаг.

 

Мөн “************* ББСБ” ХХК-иас *************ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр №21/161 дугаартай “...төлбөрийн үлдэгдэл 57,123,350 төгрөг байна, сайн дураараа биелүүлэхгүй байх тул албадан гүйцэтгэлийн ажиллагаа хийж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг үндэслэл болгосон гэдэг.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т  “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Гүйцэтгэх баримт бичигт энэ хуулийн 6.2.1, 6.2.2, 6.2.3, 6.2.4-т заасан шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг гаргуулах тухай шийдвэр хамаарна” гэж заасны дагуу хүчин төгөлдөр иргэний шүүхийн шийдвэр, тухайн шийдвэрийг  албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас буюу гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдах учиртай.

 

6. Нэхэмжлэгч талын 57,123,350 төгрөг гэж үнийн дүнг алдаа бичсэн хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн гэх тайлбар нь гэрч М.Сугарын мэдүүлэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн 2021 оны 03 сарын 23-ны өдрийн 21/161, 2021 оны 06 сарын 08-ны өдрийн 21/238 дугаартай “************* ББСБ” ХХК-ийн албан бичгүүдээр тогтоогдоно.

Тодруулбал, гүйцэтгэх баримт бичиг дээрх албадан гүйцэтгэх төлбөрийн үнийн дүн нь 67,123,350 төгрөг байх бөгөөд төлбөр авагчаас хүргүүлсэн анхны алдаатай гэх албан бичиг буюу хүсэлт дэх шүүх шийдвэрлэсэн байдал дахь төлбөрийн дүн болон албадан гүйцэтгүүлэх төлбөрийн дүн 57,123,350 төгрөг гэж бичигдсэн нь гүйцэтгэх хуудсаас зөрүүтэй байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасны дагуу гүйцэтгэх баримт бичгийг шалгах тодруулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч нартай уулзах тэмдэглэл хөтлөх үүрэгтэй болохыг хуульчилсан.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу төлбөр авагчаас ирүүлсэн алдаатай хүсэлтэд дурдсан төлбөрийг төлбөр төлөгч бүрэн төлсөн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болгосон үйл баримт тодорхой, энэ шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж заасан.

 

Хэдий тийм ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдах учиртай бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т “...гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн” гэх үндэслэлийг анхаараагүй, зөвхөн хүсэлтэд дурдсан үнийн дүн 57,123,350 төгрөгийг харгалзан шийдвэрлэсэн, гүйцэтгэх баримт бичигт дурдсан 67,123,350 төгрөгийн төлбөрийн талаар тодруулаагүйн сацуу дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг мөн хуулийн 29.2-т “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагч, төлбөр төлөгчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай мэдэгдэнэ” гэж заасны дагуу мэдэгдсэн үйл баримт тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн нэхэмжлэгч буюу төлбөр авагч талын ...10 сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг төлбөр төлөгч ************* хүлээн зөвшөөрч гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг.

 

8. Дээрх үндэслэлээр төлбөр авагч буюу нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно”, 44.4-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу холбогдох газар, албан тушаалтанд гомдлоо гаргасан байна.

 

Тухайн эрх бүхий албан тушаалтан, байгууллага нь гомдлыг хангахаас татгалзсан шийдвэрийг өгсний улмаас шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлага гаргасан нь хуулийн үндэслэлтэй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй гэж үзэв.

 

9. Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар, холбогдох нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *************холбогдуулан гаргасан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 21-10/816 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

10. Нэхэмжлэгч болон хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасны дагуу тэдний эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021.10.01-ний өдрийн 21-10/816 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон” тухай  тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцааж нэхэмжлэгч “*************” ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ