| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/0322/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/330 |
| Огноо | 2025-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/330
2025 12 04 2025/ШЦТ/330
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч *****
Шүүгдэгч *****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт *****гийн *****т холбогдох эрүүгийн 2539000000415 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч *****нь согтуурсан үедээ 2025 оны 09 дүгээр сарын 25-ны шөнийн 01 цагийн орчимд Хэнтий аймгийн ***** сумын 4 дүгээр баг 06-06 тоотод орших өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *****ийг шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж эрүүл мэндэд зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, мөн хадам ээж болох г "чи муу зайл, охиноо аваад зайл" гэж агсам тавьж улмаар түүний зүүн хацарт 2-3 удаа цохиж зодож зүүн хацарт зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *****шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ***** овогт *****гийн ***** нь согтуурсан үедээ 2025 оны 09 дүгээр сарын 25-ны шөнийн 01 цагийн орчимд Хэнтий аймгийн ***** сумын 4 дүгээр баг 06-06 тоотод орших өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *****ийг шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж эрүүл мэндэд зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, мөн хадам ээж болох *****г "чи муу зайл, охиноо аваад зайл" гэж агсам тавьж улмаар түүний зүүн хацарт 2-3 удаа цохиж зодож зүүн хацарт зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Д.*****ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2025 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-ныг шилжих шөнө хамтран амьдрагч ***** болон ***** нарын биед нь халдаж хөнгөн зэргийн хохирол учруулсан асуудлаа мэдэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нараа гомдол саналгүй болгосон байгаа. Ахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байх болно...” гэх мэдүүлэг (хх-ийн 74-75),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *****ийн “...2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай ээж ***** нь манай гэрт хэд хонохоор ирсэн байсан юм. Тухайн өдөр буюу 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр манай ээж ***** манай нөхөр *****бид гурав гэртээ байж байтал манай нөхөр *****нь 17 цагийн үед гэрээсээ гарч яваад 2025 оны 09 дүгээр сарын 25-ны шөнийн 01 цагийн үед архи үнэртүүлчихсэн согтуу орж ирсэн. Тухайн үед манай ээж ***** бид хоёр гэртээ зүүн орон дээрээ унтаж байсан юм. Тэгээд *****нь гэрт орж ирэнгүүтээ манай ээж *****гийн хувцас болон цүнхийг гэрийн үүд хэсэг рүү чулуудаад манай ээж *****д хандан “Чи муу зайл. Охиноо аваад зайлаарай. Гэртэй чинь шатаана шүү” гэх мэтчилэн харааж байснаа миний хажууд орон дээр хэвтэж байсан ээж *****гийн зүүн талын хацар хэсэг рүү баруун гараараа 2-3 удаа цохиход манай ээж *****гийн зүүн хацар нь хөх няц болчихсон, цус гараад байхаар нь би Д.*****т “Чи манай ээжийг яаж байгаа юм бэ? болиоч ээ” гэж хэлэхэд *****надад “Алаад хаячихъя муу хоёр хулгайчийг” гэж хэлэнгүүтээ миний нүд болон баруун хацар хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би утсаа аваад цагдаа руу залгаад Д.*****т “Би цагдаа дуудлаа” гэж хэлсэн чинь *****надад “Чи муу цагдаагаа дууд. Чи цагдаатай найз биз дээ” гэж хэлж байсан. Тэгээд би цагдаа дуудсанаас хойш 5-6 минутын дараа *****гэрт тамхи татаж сууж байгаад 2-3 удаа хашхирч байснаа гэрээс гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 9-10),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *****гийн “...2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр манай хүргэн *****нь 17 цагийн үед гэрээсээ гарч яваад 2025 оны 09 дүгээр сарын 25-ны шөнийн 01 цагийн үед гэрийн хаалга дугараад хүн орж ирэх шиг болсон. Тэгсэн чинь манай хүргэн *****байсан. Тухайн үед манай охин ***** бид хоёр гэртээ зүүн орон дээрээ унтаж байсан юм. Тэгээд *****нь гэрт орж ирэнгүүтээ миний цүнх, гутлыг гэрийн үүд хэсэг рүү чулуудаад эхэлсэн. Тэгснээ надад хандан “Чи муу зайл. Охиноо аваад зайлаарай” гэж хашхирч байснаа миний зүүн талын хацар хэсэг рүү баруун гараараа 2-3 удаа цохиход миний зүүн хацар хөхөрч шалбараад хавдаад цус гарч байсан. Тэгтэл манай охин ***** нөхөр Д.*****тоо хандаж “Чи манай ээжийг яаж байгаа юм бэ? болиоч” гэж хэлж байсан. Тэгтэл манай хүргэн *****“Алаад хаячихъя муу хоёр хулгайчийг” гэж хэлэнгүүтээ манай охин *****ийн нүд болон баруун хацар хэсэг рүү 2-3 удаа цохиж байгаа харагдсан. Тэгтэл манай охин ***** цагдаа руу залгасан. Удалгүй манай хүргэн *****нь гэрээс гараад явчихсан. Тэгээд би хүргэн *****ыг дахиад ороод ирж магадгүй гэж бодоод гэрийн хойд талын түлээний ард нуугдаад сууж байтал сумын цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-14),
Гэрч *****ын мэдүүлэг (хх-ийн 21-22),
Гэрч *****ы мэдүүлэг (хх-ийн 25-26),
Гэрч *****н мэдүүлэг (хх-ийн 29-30),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 602 дугаартай “...1. 2. *****ийн биед зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. 6. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 35-37),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 601 дугаартай “...1. 2. *****гийн биед зүүн хацарт зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. 6. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 44-46), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4), хохирогч *****гийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 101), хохирогч *****ийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 102), шүүгдэгч Д.*****ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 104) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Д.*****ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон үйлдлийн улмаас хохирогч *****, ***** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч *****нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн шүүгдэгч Д.*****, түүний өмгөөлөгч ***** нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг тус тус хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 1 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.*****т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч Д.*****т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*****ыг 1 сар 10 хоногийн хугацаанд Хэнтий аймгийн ***** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч Д.*****т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *****, ***** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь “...гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг Хэнтий аймгийн Прокурорын газарт бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *****нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ***** овогт *****гийн *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****гийн *****т 1 (нэг) сар 10 (арав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*****ыг 1 (нэг) сар 10 (арав) хоногийн хугацаанд Хэнтий аймгийн ***** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч Д.*****т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*****т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *****нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.*****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА