Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2013 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 171/2012/1520/И

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Тү.Энхжаргал би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг ** дугаар байрны ** тоотод оршин суух Б*** овогт Д.У*** /утас ****/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул сумын Засаг дарга /утас ****/-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н***, хуралдааны нарийн бичгийн дарга З.Тунгалагмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.У*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
    “Д.У*** миний бие Дархан-Уул аймгийн ******* сургуулийн захирлын үүрэгт ажлыг 2005 оны 10 дугаар сараас эхлэн гүйцэтгэж байсан бөгөөд 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дархан сумын Засаг даргын ** тоот захирамжаар үүрэгт ажлаасаа халагдсан юм. Миний бие Дархан сумын Засаг даргын ** тоот захирамж нь Монгол улсын хэд хэдэн хуулийн зохих заалтуудыг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гарсан буюу үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэж дараах нэхэмжлэлийг гаргаж байна. 
Миний бие Дархан сумын засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан “Сахилгын зөрчил гарснаас хойш 6 сар илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн заалтыг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан. 
Засаг дарга 567 тоот захирамжиндаа ажлаас халах болсон шалтгааныг дурьдахдаа: ******* сургуулийн захирал Д.У*** нь Авилгын эсрэг хуулийн 10.2, 10.5 дах заалтуудыг зөрчсөн нь Авилгатай тэмцэх газрын шалгалтаар илэрсэн бөгөөд дээрх хуулийн холбогдох заалтыг удаа дараа зөрчсөн тул  2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн ажлаас халсугай гэжээ. Миний бие авилгатай тэмцэх тухай хуулийн  хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан: Энэ хуулийн 4.1-д заасан мэдүүлэг гаргагч нь хөрөнгө орлогын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй.  10.4-т заасан: Энэ хуулийн 4.1-д заасан этгээд хөрөнгө орлогын мэдүүлгээ албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хой 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаалтанд өгөх үүрэгтэй гэсэн заалтуудыг зөрчөөгүй бөгөөд харин ч ёсчлон биелүүлж 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ 2012 оы 02 дугаар сарын 15-ны дотор үнэн зөв гаргаж Дархан-Уул аймгийн Боловсрол, соёлын газарт хүргүүлсэн. Миний бие хөрөнгө орлогын мэдүүлэгээ гаргаж өгснөөс хойш буюу 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Орон сууц санхүүжилтын корпорацтай зээлийн гэрээ хийж Улаанбаатар хотод байршилтай орон сууц урт хугацааны зээлийн нөхцөлөөр өөрийн хүүдээ авч өгсөн юм. Гэтэл авилгатай тэмцэх газраас хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаснаас хойш зээлээр авсан орон сууцны талаар нэмж мэдүүлэг гаргаагүй гэсэн үндэслэлээр намайг буруутгасан албан бичгийг Дархан-Уул аймгийн Засаг даргад ирүүлсэн байсан. Би тухайн орон сууцыг зээлээр авсан. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан тул дараа жилийнхээ хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгана гэж бодож байснаас зээлээр орон сууц авсан тухайгаа нэмж мэдүүлээгүй болно. Авилгын эсрэг хуулийн 10.5-д заахдаа: Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.4-т заасан хугацаандаа мэдүүлгээ бүртгүүлсний дараа түүний хөрөнгө орлогод их хэмжээний өөрчлөлт орсон бол түүнийг 30 хоногийн дотор мэдэгдэж бүртгүүнэ гэж заасныг зөрчсөн гэж Авилгатай тэмцэх газар үзэж сахилгын арга хэмжээ авахуулахаар аймгийн засаг даргад хандсан байсан. Гэтэл энэ зөрчил нь 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан зөрчил бөгөөд уг зөрчил гарснаас хойш 8 сарын хугацаа өнгөрсөн байхад надад сахилгын арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчсөн. Авилгатай тэмцэх газраас Д.У*** намайг өөрийн нөхөр П.Ю***хувийн компани болох “АЮТЖ” ХХК-руу бараа материалын үнэ шилжүүлсэн гэж буруутгасан. Миний бие нөхөр П.Ю***АЮТЖ ХХК руу бараа материалын үнэ шилжүүлж байсан бөгөөд үүнийг зөрчил гэж үзвэл уг зөрчил нь 2011 онд гарсан. Зөрчил гарснаас хойш 1 жил гаруйн хугацаа өнгөрсөн байхад сахилгын арга хэмжээ авсан нь мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчсөн байна.  Үүнээс гадна миний бие 2012 оны Аймаг, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Дархан сумын сонгуулийн хорооны 2012 оны 10 сарын 24-ний өдрийн 06 тоот тогтоолоор сонгуулийн 25 дугаар хэсгийн хорооны даргаар томилогдон ажиллаж 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2012 оэы 11 дүгээр сарын 23-ний өдрийг хүртэл үндсэн ажлаас түр чөлөөлөгдсөн байсан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд Ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах тухай заасан бөгөөд 35.1.3-т заахдаа: Эмнэлэгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаа болон захиргааны чөлөөтэй байгаа үед ажил албан тушаалыг хэвээр хадгалахаар заасан. Гэтэл намайг сонгуулийн хэсгийн хорооны даргаар ажиллаж захиргааны чөлөөтэй байх хугацаанд ажлаас халсан нь хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3-ийг зөрчсөн байна. 
Аймаг сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.13-т заахдаа: Сонгууль зохион байгуулах хугацаанд сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд дээд шатны сонгуулийн хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халахыг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчиж миний биеийг сонгуулийн хэсгийн хорооны даргаар ажиллаж байх хугацаанд ажлаас халсан нь дээр дурьдсан хуулийн заалтыг зөрчсөн байна. 
Дархан сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 567 тоот захирамж нь : Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг баримтлаагүй, сахилгын зөрчил гарснаас хойш сахилгын арга хэмжээ авах хуулийн хугацаа өнгөрсөн хойно үндэслэлгүй арга хэмжээ авсан. Захиргааны чөлөөтэй байх үед буюу ажил адбан тушаал хэвээр хадгалагдаж байх үед аждаас халсан. Аймаг сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 13.13-т заасныг зөрчиж ажлаас халсан байх тул шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 
Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох Дархан сумын засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 567 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн од цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн тогтоож өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулна” гэжээ.

Хариуцагч Дархан сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан тайлбартаа: 
“Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн 2012 оны ** тоот албан бичигт ******* сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.У***д Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4 дэх хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьчлчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйийн 29.2.4 дэхь хэсэгт заасныг үндэслэж хариуцлага тооцуулахаар ирүүлсэн байсан. 
Авилгын эсрэг хуулийн 6 дугаар зүйлд  Авилгатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дөгуу гаргасан шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй. 
Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д Авилгатай тэмцэх газар чиг үүргээ хэрэгуүүлэхэд нь төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан өөрийн эрх хэмжээний хүрээнд хамтран ажиллана.
Хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д бүрэн эрхийнхээ хүрээнд Авилгатай тэмцэх газрын албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг иргэн, албан тушаалта харъяалал харгалзахгүйгээр биелүүлэх үүрэгтэй гэж заасан бөгөөд Авилгатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Н.Г***ын ирүүлсэн албан бичиг Д.У***г ажлаас халах шийтгэл ноогдуулахаар шийдвэрлэн ирүүлсэн байсан тул Засаг даргын  2012 оны 567 дугаар захирамжаар ажлаас халах шийтгэл ноогдуулсан болно.
Аймаг сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулинд сонгууль зохион байгуулах хугацаанд сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсанаас бусад тохиолдолд дээд шатны сонгуулийн хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах, буюу цагдан хорих, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил шилжүүлэх захиргааны санаачлагаар ажлаас халахыг хориглоно гэж заасан тул Засаг даргын 2012 оны 567 дугаар захирамжаар мөн оны 567 дугаар захирамжийн хэрэгжих хугацааг хойшлуулан мөн оны 11 дүгээр сарын 26-ны өдөр болгон өөрчилсөн болно” гэжээ.

    Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.У*** Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад холбогдуулан “Ажлаас халах тухай” 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ** дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ******* сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга Ч.Ц*** “Ажлаас халах тухай” 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн ** дугаар захирамжаар “Дархан сумын ******* сургуулийн захирал Д.У*** нь Авилгалын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10,4 дэх заалтуудыг зөрчсөн нь Авилгатай тэмцэх газрын шалгалтаар илэрсэн бөгөөд дээрхи хуулийн холбогдох заалтыг удаа дараа зөрчсөн” гэж үзэж,  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31.1.5, Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-ийг үндэслэн  ажил олгогчийн санаачилгаар Д.У***г  ажлаас нь чєлєєлжээ.  
     Ажил олгогчоос Д.У***гийн хөдөлмөрийн гэрээг байгууллагын санаачлагаар цуцлах шийдвэр гаргахдаа  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлах ёстой  атал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31.1.5, Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-ийг тус тус баримталсан  нь эрх зүйн актын хуулийн шаардлага хангаагүй байна.
Нөгөө талаар хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н***  нэхэмжлэгч Д.У***г ажлаас халсан үндэслэлээ  “сахилгын зөрчил давтан гаргасан” гэж тайлбарлаж байгаа ба энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.У*** нь 2010 оны 03 дугаар сарын 13-гы өдөр ** дугаартай  Орон сууцны зэээлийн гэрээгээр  Орон сууц санхүүжилтын корпориацаас 40 сая төгрөгийн зээл авч, зөрүү төлбөр 41,7 сая төгрөгийг хувиасаа бэлнээр төлж, 2 өрөө орон сууцыг 81,7 сая төгрөгөөр худалдаж авсан ба энэ тухайгаа эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй нь Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10,4 дэх хэсэгт заасан “ хөрөнгө орлогод нь их хэмжээний өөрчлөлт орсон бол 30 хоногийн дотор мэдүүлж бүртгүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн ба  мөн урьд нь  Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.2, 7.1.4-т заасаны дагуу  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ** дугаартай захирамжаар сарын үндсэн цалинг 3 сар 20 хувиар буруулах сахилгын шийтгэл хүлээж байжээ.
Нэхэмжлэгч Д.У***гийн гаргасан дээрх зөрчлүүд нь тус тусдаа тогтоогдсон байх бөгөөд зөрчлүүдийн хоорондох хугацаа  буюу өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээснээс хойш 1 жилээс дээш хугацаа өнгөрсөний дараа дахин  зөрчил гаргасан, нөгөө талаар гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй зэрэг байдлууд нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”  гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.У***г ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж,Дархан-Уул аймгийн Дархан сумын  Засаг даргын  2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Ажлаас халах тухай”  ** дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.У***г урьд эрхэлж байсан  ******* сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч талаас 2012 оны  хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж хүргүүлсний  дараа орон сууцны зээл авсан тул тухайн оны хөрөнгө орлогын мэдүүлэгт оруулах боломжгүй гэх  утга бүхий тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хөрөнгө орлогын мэдүүлэгийг  “ хөрөнгө орлогод нь их хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд  30 хоногийн дотор мэдүүлж бүртгүүлнэ” гэсэн заалттай нийцэхгүй байгааг дурьдах нь зүйтэй.
         
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хєдєлмєрийн тухай хуулийн 128 дугаар зїйлийн 128.1.2-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын  Засаг даргын  2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Ажлаас халах тухай”  ** дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.У***г урьд эрхэлж байсан  ******* сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зїйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дїгээр зїйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чєлєєлєгдєхийг дурьдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын  Засаг даргын тамгын газраас 70200 тєгрєгийг гаргуулж, Тєрийн сангийн орлогод оруулсугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Тү.ЭНХЖАРГАЛ