Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/341

 

 

 

 

 

 

 

 

 2025          12          12                                       2025/ШЦТ/341

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан 

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч ****

Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар сарын 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын ****д холбогдох эрүүгийн 2539006680327 дугаартай хэргийг  2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч **** нь согтуурсан үедээ 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "****" дэлгүүрийн ойролцоо ****тай маргалдан улмаар түүний мөр рүү архины шилээр цохиж биед нь баруун мөрөнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар баг ****ийн 8б-15 тоотод ****ын "нөхөртэйгөө маргалдахаа боль" гэж хэлсэнд дургүйцэж түүний баруун хөлийн шилбэ хэсэгт хутгалж баруун шилбэнд сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч **** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч **** овогт ****ын **** нь согтуурсан үедээ 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "****" дэлгүүрийн ойролцоо ****тай маргалдан улмаар түүний мөр рүү архины шилээр цохиж биед нь баруун мөрөнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, үргэлжилсэн үйлдлээр согтуурсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар баг ****ийн 86-15 тоотод ****ын "нөхөртэйгөө маргалдахаа боль" гэж хэлсэнд дургүйцэж түүний баруун хөлийн шилбэ хэсэгт хутгалж баруун шилбэнд сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч ****гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би ****ын баруун шилбэ хэсэгрүү хутгаар хатгачихсан гэмт хэрэг үйлдсэн. Ахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй бөгөөд хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна... Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би ****ын баруун талын мөр хэсэгрүү нь хутгаар хатгачихсан гэмт хэрэг үйлдсэн. Ахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй бөгөөд хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг  (хх-ийн 37-38, 80-81),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ****ын “...Би 2025 оны 02 дугаар 28-ны өдөр зүс таних ах ****ын гэрт буюу **** сумын 3 дугаар баг ****ийн 8Б-15 тоотод манай найз **** мөн өөр ганц, нэг хүмүүс бид нар 0,75 литрийн 2 шил архи хувааж уусан юм. Тэгээд шөнө 2025 оны 03 дугаар сарын 01-ний шөнө 01 цагийн орчимд бид хэдийн байсан айлд зүс таних **** нь нөхөр ****ын хамт орж ирсэн юм. Би тэр хоёрыг хаанаас ирсэнг нь мэдээгүй. Тэгээд орж ирчихээд нөхөр ****тойгоо маргалдаад ноцолдохоор нь би “Болиоч та хоёр” гээд очоод салгатал **** нь хутга авч ирээд нөхрийгөө ална гээд дайраад байхаар нь би дундуур нь ортол миний баруун хөлийн шилбэ хэсэг рүү хутгаар хатгачихсан юм. Тэгээд тухайн үед жоохон цус гараад байхаар арчаад “Гайгүй болчих байлгүй. Цагдаа болон эмнэлэгийн байгууллагад хандаад хэрэггүй биз” гэж хэлээд байж байтал **** нь “Одоо би бүгдийг чинь ална” гээд байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй... нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16),  

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Г.****тын “...Би 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр найз ****ын хамт зүс таньдаг ах ****ын гэрт очсон юм. Тэнд бид нар дөрвүүлээ 0.75 литрийн шилтэй архи хувааж уугаад дуусаж байтал гаднаас зүс таних **** гэх эмэгтэй нөхөр ****ын хамт орж ирсэн юм. Тэгээд бид нартай юм ярьж сууж байгаад гэнэт нөхөртэйгөө маргалдаад хоорондоо ноцолдоод байхаар нь манай найз ****а “Та хоёр одоо айлд ирчихээд хоорондоо муудаад байх юм. Боль, явцгаа” гэж хэлээд тэр хоёрыг салгаад дундуур нь орсон юм. Тэгтэл **** нь “Би наадахыг чинь ална” гээд дахиад нөхөр лүүгээ дайрах шиг болсон чинь манай найзыг хутгалчихсан байсан. Манай найз ****а нь ****д “Чи намайг хутгаар хатгачихлаа ш дээ. Цус гараад байна” гэж хэлэхээр нь хартал манай найз ****ын баруун хөлөөс цус гарч байсан юм. Тэгээд тухайн үед манай найз ****а нь “Би чамд гомдол, санал гаргахгүй. Чи харин миний хөлийг цэвэрлэх юм аваад өгөөрэй” гэсэн чинь **** уурлаад “Би та нарыг бүгдийг нь ална. Хутга шаана” гээд байхаар нь манай найз цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ХЭН0725/387 дугаартай “...1.2. ****ын биед баруун шилбэнд сорви гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хурц зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 17-18),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ****ын “...2025 оны 07 дугаар сарын 10-ны өглөө би гадуур явж байгаад **** худалдааны төвийн хойно эзэнгүй хашаан дотор зүс таних **** гэх хүүхэнтэй таараад хамт 2 шил архи хувааж уугаад сууж байхад **** нь согтчихоод ээжийгээ гичий нохойгоор нь дуудаад хөөгөөд байхаар нь дундуур нь ороод “Болиоч. Яагаад ээжийгээ элдвээр хэлээд байгаа юм” гэхэд архины шил хагалахаар нь гарыг нь бариад авах гэсэн чинь шууд миний баруун талын мөр хэсэг рүү архины хагархай шилээр зүссэн. Тэгээд **** нь өөрөө цагдаагийн байгууллага руу ярьж дуудлага өгсөн байх. Цус гоожоод байж байхад цагдаа нар ирсэн... Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 57-58),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ХЭН0725/457 дугаартай “...1. 2. ****биед баруун мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 68-69), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 7, 46), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 8-9, 10, 48-50, 51-52), шүүгдэгч ****гийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 169) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ****гийн үйлдлийн улмаас хохирогч ****а, **** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 316 дугаартай тогтоолд “...Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх шинж нь нэг цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг алсан байхаас гадна өөр цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр, эсхүл тус тусдаа үүссэн өөр сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг алсан үйлдлийн аль алиныг хамааруулан ойлгоно...” гэж тайлбарласан байх тул шүүгдэгч ****г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж түүнд холбогдох хэргийг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуульд нийцэж байна.

 

Шүүгдэгч **** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч **** нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч **** нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг тус тус хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч ****д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ****г 3 сарын хугацаанд Хэнтий аймгийн **** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч ****д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ****а, **** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагаанд “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ****г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон бариултай 1 ширхэг хутгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****ын ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын ****д 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ****г 3 (гурав) сарын хугацаанд Хэнтий аймгийн **** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч ****д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ****д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон бариултай 1 ширхэг хутгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УРАНЗАЯА