| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/0344/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/345 |
| Огноо | 2025-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/345
2025 12 16 2025/ШЦТ/345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баяр****
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж **** овогт ****н ****д холбогдох эрүүгийн 2539000000478 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч **** нь согтуугаар 2025 оны 11 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын "****" багт орших ****гийн гэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас болж ****тай маргалдаж түүний толгойн ар дагз хэсэг рүү аягаар цохисны улмаас биед нь дагзны хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **** нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч **** овогт ****гийн **** нь согтуугаар 2025 оны 11 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын "****" багт орших ****гийн гэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас болж ****тай маргалдаж түүний толгойн ар дагз хэсэг рүү аягаар цохисны улмаас биед нь дагзны хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч ****н шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр үйлдсэн хэргээ хүлээсэн “...****, **** бид гурав ярьж суунгаа архи ууж эхэлсэн. **** бид хоёр урьд нь 1 шил архи уучихсан болохоор нэлээн халамцаж согтсон байсан. Тэгээд **** нь надад “Чи чинь манай ангийн хүргэн. **** сумынх биш цагаач” гэх мэтээр над руу агсарч эхэлсэн. Тэгээд би ****д “Чи яагаад намайг энэ нутгийнх биш гээд гадуурхаад байгаа юм бэ” гэж хэлэхэд “Чи битгий хуцаад бай” гэж хэлээд босож ирээд бид хоёр барьцалдаж бие биеэ заамдалцаж авсан. Тэгээд **** намайг боогоод арагш нь шахахад би хойно байсан ширээнд тулаад би гараа явуулахад ширээн дээр хоол идээд үлдээсэн байсан шаазан аяга таарсан. Тэгэхээр нь би шууд аягыг баруун гартаа бариад ****гын толгойны хойд хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгтэл аяга нь хагарчихсан. Тэгэхээр нь хагархай аягыг нь ширээн дээр нь тавьсан шиг санаж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ****гийн “...2025 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө би ээлжээс буугаад энэ өдөр амрах байсан болохоор цуг ажилладаг аврагч Э.****тай уулзаж архи уух талаар ярилцаад 15 цаг 10 минутын орчим сумын төвийн “****” дэлгүүрээс 0.75 литрийн гар “Экс” нэртэй архи би орж аваад **** сумын төвийн наадмын талбайн модонд орж ****тай цуг ууж дуусгаад юм ярьж сууж байгаад гадаа хүйтэн байсан болохоор дулаан газар очно гээд хамт ажилладаг ****тэй утсаар би холбогдож “Танай гэрт **** бид хоёр очлоо. Бид хоёр модонд нэг юм уусан” гэхэд **** “Гэрт хүрээд ир” гэсэн. Бид хоёр гэрт нь **** эхнэр, хүүхдийн хамт байж байсан. Би тухайн үед айлд хоосон очоод яах вэ гэж бодоод өөрийн эхнэр ****т утсаар залгаж “Чи надад гэрт авдарт байгаа 0.75 литрийн шар “Экс” архийг манай ажлын ****гийн гэрт нь аваад ирээч. Би айлд хоосон ирчихсэн байна” гэхэд эхнэр “За” гэж хэлээд удалгүй эхнэр маань миний захисан архийг авчирч өгөөд яваад өгсөн. Манай ажлын **** архи уухгүй байсан. Авчирсан архинаас хоёр удаа ууж байгаа харагдсан. **** бид хоёр л ууж байсан. Би тухайн үед нэлээн согтсон байсан ухаан орж гараад байсан. Нэг мэдсэн ****тай “Чи манай сум биш. Манай ангийн охины нөхөр, хүргэн” энэ тэр гэж маргалдаж байснаа санаж байна. Би тухайн үед ****г заамдаж аваад бид хоёр ноцолдож байх үед **** нь ширээн дээр байсан аяга аваад миний толгойны ард дагз руу цохисон. Тухайн цохисон аяга нь хагарчихсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 7-9),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ****ын “...2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр амралтын өдөр байсан. Манай нөхөр **** нь тухайн өдөр амарч байсан болохоор бид хоёр гэртээ хоол унд хийгээд байж байтал 17 цагийн үед манай нөхөр **** лүү утсаар хүн залгаад яриад байхаар нь би “Хэн бэ” гэж асуухад “Манай ажлын ****, Н. **** нар нь урд модонд архи ууж байна гэнэ. Одоо очлоо гэж байна” гэсэн. Удалгүй ****, **** нар нь нэлээн халамцсан байдалтай орж ирэхээр нь би хоол цай хийж өгсөн Удалгүй ****гийн эхнэр нь нэг шил архи авчирсан. Архийг ууж байтал **** нь ****г "Чи манай нутгийнх биш цагаач" гэж хэлээд хоорондоо муудалцаж заамдалцаад байж байтал **** нь ****г ширээн дээр байсан хоол идээд орхисон байсан аягыг аваад шууд ард дагз руу нь баруун гараараа нэг удаа цохичихсон. Тэгтэл ****гын толгойн ар дагз хэсгээс нь их цус гоожсон. Тэгээд **** нь эхнэр лүүгээ яриад байгаа бололтой байсан. Удалгүй ****гын эхнэр нь ирээд ****г эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ****ийн “...2025 оны 11 дүгээр сарын 01-ний орой 18 цагийн орчим манай нөхөр **** нь утсаар над руу холбогдож надад “Авдарт байгаа 1 шил 0.75 литрийн “Экс” архийг авчирч өгөөч. Би айлд хоосон ирчихсэн байна” гэж нэлээн халамцуу ярихаар нь гэрийн авдраас хэлсэн архийг нь авч **** сумын 4 дүгээр баг **** хорооны задгай тоотод оршин суух ****гийн гэрт нь аваачиж өгөхөд ****гийн эхнэр ****, манай нөхөр ****, цуг ажилладаг **** нар нь байсан. Би гэрт нь орж нөхөр болон ****, **** нарт “Бага уугаарай” гэж хэлээд гэр лүүгээ буцаж явсан. Тэгээд удаагүй байж байгаад 20 цаг 10 минутын орчим манай нөхөр **** нь өөрөө над руу залгаж нэлээн согтуу байдалтай “**** намайг толгойд маань цохьчихлоо. Толгойн ар хэсгээс цус гараад байна” гэхээр нь явж очиход ****ы толгойны ар дагз хэсэгт нэлээн гүн шарх гарчихсан цус гоожиж байхаар нь ****гээс асуухад наад хоёр чинь хоорондоо муудалцаад **** хоол идээд дуусаж орхисон, ширээн дээр байсан шаазан аягаар толгойн ар хэсэгт нь цохичихсон гэж хэлэхээр нь шууд машинд суулгаж сумын эмнэлэгт авчирч толгойн ар хэсэгт нь 4 ширхэг оёдол тавиулан гэрт нь авчирч амраасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-18),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ****ийн “...2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр намайг Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчаар ажиллаж байх үед орой 21 цагийн орчим манай сумын Онцгой байдлын салбарт ажилладаг **** ахын толгойноос нь цуг гоожчихсон эхнэр **** нь толгойг нь пудволкоор нь дараад орж ирсэн. Тэгээд би **** ахаас “Толгойгоо яагаад хагалчихсан юм бэ?” гэж асуухад “Ах нь толгойгоороо хашаа мөргөчихсөн юм аа” гэж хэлсэн. Тэгээд би эмчийг дуудаад байж байх үед **** ах архи уучихсан согтуу хэлж байгаа үг нь ойлгогдохгүй байхаар нь эмнэлгийн дуудлага авдаг утас буюу **** гэсэн дугаараас сумын цагдаагийн дугаар луу залгаж “Эмнэлэг дээр Онцгой байдалд ажилладаг **** ах согтуу толгой нь хагарчихсан ирчихсэн байна” гэж дуудлага өгсөн юм аа. Тэгээд удалгүй цагдаа ирээд **** ахаас “Толгойгоо яг яаж хагалсан юм бэ?” гэж асуухад нь **** ах “Онцгойд цуг ажилладаг ****тай архи ууж байгаад аягаар цохиулчихсан юм аа” гэж хэлж байгаа сонсогдсон. Тухайн үед эмнэлгийн ээлжийн эмчээр Эрүүл мэндийн төвийн дарга **** гарч байсан. Намайг дуудсаны дараа **** эмч ирээд ****г үзээд зүрхний пульс нь их байсан болохоор атенол эм хэлэн доор нь тавьж өгөөд, толгойд нь 4 ширхэг оёдол тавьж боогоод эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд явуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ****гийн “...**** нь хамт ирсэн ****г хэл амаар өдөн “Чи манай нутаг биш. Манай нутгийн миний ангийн охины нөхөр, хүргэн” гэх мэтээр өдөж тэр хоёр маргалдаж байгаад босож ирээд хоёр биеэ заамдаад ноцолдож байснаа **** нь хоол идээд орхисон аягыг ширээн дээрээс авч баруун гартаа барьж байгаад савж ****гийн толгойн ар дагз хэсэгт цохисон. Толгойноос нь цус гарч байсан болохоор нүүр гарын алчуураар дарж байхад **** нь утсаар эхнэрээ дуудсан. Удалгүй эхнэр нь ирж аваад эмнэлэг авч явна гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-27),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ХЭН0725/645 дугаартай “...1. 2. ****гийн биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
4. 6. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хх-ийн 36-38), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2), хохирогч ****гийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 87), шүүгдэгч ****гийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 86) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ****н үйлдлийн улмаас хохирогч ****гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч **** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч **** нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн шүүгдэгч **** нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг тус тус хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч ****д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ****гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг Хэнтий аймгийн Прокурор газарт гаргасан, мөн эрүүл мэндийн даатгалын санд 26,250 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь тус хохирлыг төлж барагдуулсан болох нь гүйлгээний баримт (хх-ийн 100)-аар тогтоогдож байх тул шүүгдэгч ****г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****гийн ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****гийн ****д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА