Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч О.Пүрэвсүрэн, (томилолтоор)

иргэдийн төлөөлөгч Г.Цэнгэлмаа,

шүүгдэгч Л.Пүрэвдорж, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0938) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хэнзээ овогт Лхагвабаатарын Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726010214 дугаартай, 2 хавтаст хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хэнзээ овогт Лхагвабаатарын Пүрэвдорж, Монгол Улсын иргэн, Ховд аймагт 1990 оны 12 дугаар сарын 24ий өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, ах нарын хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Центрийн гудамжны 35  тоотод байнга оршин суух хаягтай, регистрийн дугаар ПЭ90122414,

Урьд;

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1223 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар дээрх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосон. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 86/22 дугаар захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 2 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, нэн даруй сулласан.

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Л.Пүрэвдорж нь Ш.Одбаяртай бүлэглэж 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 17-18 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаргалан” нэртэй хүнсний мухлагаас иргэн Б.Гантуяагийн анхаарлыг сарниулан “Samsung S-6 маркийн гар утсыг лангуун доороос хулгайлан авч бусдад бага бус хэмжээний буюу 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

- давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “Цамбагарав” зочид буудлын 314 тоот өрөөнд нэвтэрч иргэн Б.Ганхуягийн “Samsung” маркийн гар утас, Г.Гэрэлт-Одын “SamsungJ-1 маркийн гар утсыг хулгайлан авч бусдад бага бус хэмжээний буюу нийт 310.000 төгрөгийн хохирол учруулсан,

- өмнө нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан прокурорын хяналт, шүүх, цагдан хорих ангиас оргох гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байдал арилаагүй байхдаа давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр авагдсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Л.Пүрэвдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүргэн ахтайгаа хамт ажил хийж байсан чинь Одбаяр над руу утсаар яриад...5 шарын автобусны буудал дээр очиж...Орбитын автобусанд суугаад эгчийнхээ гэр рүү явдаг автобусны буудал дээр буухад буудлын хажууд түц байсан. Тэгээд Одбаяр би хоёрын гэдэс өлсөж байсан болохоор түцнээс орж юм авч идэх гэж орсон. Гэтэл Одбаяр лангуун дотор нь утас нь байна, буцаад оръё, худалдагчийн анхаарлыг сарниулж бай, би утсыг нь авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би худалдагчийн анхаарлыг сарниулж зөндөө олон тооны зүйлийг авсан. ...Одбаяр гарч явахдаа нүдээ ирмээд гараад...хохирогчийн утсыг Монтел дээр авч очоод 300.000 төгрөгөөр зараад 150.000 төгрөгийг нь би авсан. ...2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ховдод очоод ахынхаа гэрт очих гэсэн боловч гэрийн хаяг, утсны дугаарыг нь мэдэхгүй байсан болохоор зочид буудалд орж...өрөө рүүгээ явж байсан чинь миний хажуу талын өрөө онгорхой, хэдэн залуучууд унтаж...ширээн дээр нь хоёр утас тавьсан байхаар нь утсыг хулгайлсан. ...2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Одбаяр бид хоёр мөрдөн байцаагч дээр очиж уулзахад хэрэг прокурор руу шилжиж байгаа талаар хэлсэн. Гэтэл Одбаяр шинэ хууль гартал хэргээ завааруулъя гэж...намайг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл намайг гэртээ байлгасан...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Нэг. Хохирогч Б.Гантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 61 дүгээр гудамжны 07 тоот хашаанд байрлах хүнсний мухлагаа ажиллуулж байхад гаднаас 27-28 орчим насны хоёр залуу орж ирээд “Напелон” торт авъя гэж хэлээд мөнгөө өгөөд аваад гарсан...30-40 минутын дараа нөгөө хоёр залуу эргэж орж ирээд “манай ангийнхан зугаалгаар хөдөө явах гэж байгаа юм, дутуу юмаа эндээс авчихъя” гээд 100 гаруй мянган төгрөгөнд тааруулж юм авна гээд хүнсний бараа бэлдүүлж хайрцаглуулсан. Тэр хооронд манай ээж Хорлоо гаднаас орж ирэхэд тэр хоёр залуу манай ээжийг “эгчээ та гэр лүүгээ яваад дахиад хайрцаг олоод ирээч, бид нар хонь гаргаж байгаа юм. Мах хийх хайрцаг хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би тэгэхэд нь “манай ээж явган явж чадахгүй, та нар хамт яваад ирэхгүй юу” гэж хэлсэн чинь “манай машин хойно дугуйгаа янзлуулж байгаа” гэж хэлсэн. Би ундаа усаа бэлдээд дууссан чинь нөгөө  хоёр залуу ерөөсөө том ундаа нэмж авъя гэж хэлэхээр нь...би аавыгаа дуудаад ундаа дэлгүүрт оруулж ирсэн. Тэгсэн тэр хоёр залуу танайд айраг байвал авъя гэж хэлсэн чинь аав гэрээс айраг авчрахаар дэлгүүрээс гарсан. Тэр хоёр залуу ам цангаад байна гээд дахин нэг ус авсан ба би тэр үед аавтайгаа утсаар ярьчихаад утсаа дэлгүүрийн лангууны доороосоо хоёр дахь тавиур дээр тавьсан. Тэгсэн тэр хоёр залуу манай дэлгүүрийн лангуун доороос хайрцаг авах гээд миний гар утсыг хулгайлсан. ...би гар утсаа 2016 оны 7 дугаар сарын үед 600.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 41),

- Гэрч Ж.Хорлоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тэр хооронд нөгөө хоёр залуу утсаар яриад бид нар мөнгөөрөө нийлж байгаа юм, 2-3 хүүхэд мөнгөө өгөөгүй байна, одоо аваад хүрээд ирнэ гээд л юм бэлдүүлээд байсан. Нэг харахад нөгөө хоёр залуугийн нэг нь ТҮЦ-нээс гараад явсан, би мөнгө төгрөгөө авч ирэх гэж байгаа юм байхдаа гэж бодоод байж байтал нөгөө үлдсэн нэг залуу нь мөн араас нь гараад явсан. ...мөнгөө аваад эргээд орж ирэх юм байх гэж бодоод хэсэг байж байтал эргэж орж ирээгүй. Тэгээд удалгүй байж байтал манай охин ээжээ миний гар утас лангуун доор байсан алга болсон байна, нөгөө түрүүний хоёр залуу аваад явсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 45),

- Гэрч Т.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай ТҮЦ-нд 20-25 орчим насны хоёр залуу баахан юм авах гээд бэлдүүлсэн зогсож байсан ба охин намайг та гэр лүү дахиж яваад том ундаа аваад ир гэж хэлэхээр нь би эргээд гэр лүү яваад ундаа аваад ирсэн чинь нөгөө хоёр залуу байхгүй гараад явсан. Манай охины гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 46),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн 04/157 дугаар шинжээчийн дүгнэлт

“...Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг гарын мөрүүдийг шинжилгээнд тэнцэх эсэхийг тогтоох зорилгоор  өсгөгч шил, хэмжих хэрэгсэл, ердийн гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэн ажиглалтын аргаар шинжилж үзэхэд гарын мөрүүдийн папилляр шугамнуудын ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүд нь бэхжигдсэн байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. ...Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдийг Папилон санд байгаа хүмүүсийн гарын дардасуудтай болон эзэнгүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн авсан гарын мөрүүдтэй...таарч тохирох эсэхийг тогтоох зорилгоор Адис-Папилон санд 2016-247-СХД гэж кодлон оруулж харьцуулан шинжилж үзэхэд 1 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд MN000ШШГ03320 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Г.Пүрэвдоржийн зүүн гарын алганы хээнүүдтэй...хувийн онцлог шинжүүдээр тохирч байна. ...харин 2 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд MN005210006923 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Ш.Одбаярын баруун гарын алганы хээнүүдтэй...хувийн онцлог шинжүүдээр тохирч байна. ...Мөн 3 гэж дугаарласан гарын мөр нь Ш.Одбаярын зүүн гарын алганы хээнүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна. ДҮГНЭЛТ

1. СХД-ийн 22-р хороо, Хилчин 61-7 тоотын зүүн талд байрлах “Жаргалан” нэртэй мухлагаас гар утас алдагдсан гэх хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 3 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд MN000ШШГ03320 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Г.Пүрэвдоржийн зүүн гарын алганы хээгээр, харин 2 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд MN005210006923 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Ш.Одбаярын баруун гарын алганы хээгээр, мөн 3 гэж дугаарласан гарын мөр нь Ш.Одбаярын зүүн гарын алганы хээнүүдээр тус тус үүссэн байна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 51-58),

- Ш.Одбаярын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Пүрэвдорж бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг Орбитын тэнд...ТҮЦ-нээс тамхи авахаар орсон ба ТҮЦ-д 25-30 орчим насны эмэгтэй худалдагч ганцаараа байсан ба лангуун дотор нь саарал өнгийн “Samsung” S-6 маркийн гар утас харагдаад байхаар нь хулгай хийхээр тэр эмэгтэйгийн анхаарлыг сарниулах үйлдэл хийж байгаад гар утсыг нь лангуун доороос нь би аваад Пүрэвдорж бид хоёр ТҮЦ-с гараад...Монтел дээр очиж...гудамжинд гар утас авахаар зогсож байсан хүнд 300.000 төгрөгөөр зараад мөнгөө хувааж аваад хоёулаа хоёр тийш салсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 87),

- Л.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн орчим Ш.Одбаяртай уулзаад...Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын эцэст байх манай эгчийн гэрт хамт очсон. Бид хоёр эгчийн гэрээс удалгүй гараад эцсийн буудлаас уруудаад явж байхад сургуулийн хажууд шинээр баригдсан бор өнгийн ТҮЦ байхаар нь хамт ороход лангуун доор нь “Samsung” S-6 маркийн гар утас байсан. Гэтэл Одбаяр над руу утас байна гээд нууцаар ирмэхээр нь би худалдагчийн анхаарлыг сарниулах гээд ундаа авъя, наадхаас чинь төрөл төрлөөс нь олон ширхэгийг авъя гэж хэлээд цааш нь харуулах гэсэн нэг л болохгүй байсан. Тэгтэл тэр худалдагч эмэгтэй та нар ийм их ундаагаар яах гэж байгаа юм гэх асуухаар нь манай ангийнхан уулзаж байгаа юм, Найрамдал руу амралтанд гарах гэж байгаа юм гэж хэлсэн. Мөн баахан чихэр, чипс авъя гэж хэлсэн чинь цаашаа хараад лангуунаас чипс авах хугацаанд нь Одбаяр лангуу руу гараа явуулаад гар утсыг нь авсан. Тэгээд над руу авчихлаа гэж дохиод “нөгөө хэд чинь ирж байна” гэж надад хэлээд гараад явсан. Энэ үед ТҮЦ-ний худалдагчийн ээж бололтой настай хүн ороод ирсэн байсан би Одбаярын араас гарахдаа “эгчээ наадуулаа хайрцаганд хийчээрэй, би эргээд ороод ирье” гэж хэлээд гарсан. Одбаяр бид хоёр зам дээрээс машин бариад хотын төв рүү утас зардаг газар очиж гадаа зогсож байсан саравчтай малгайтай махлагдуу хар өнгийн савхин куртик өмссөн залууд ярьж байгаад утсаа 300.000 төгрөгөөр зараад хоёулаа хувааж авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 94),

ХОЁР. Насанд хүрээгүй хохирогч Б.Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр багш Ганзоригийн хамт Нарангарав, Батдөл, Гэрэлт-Од нарын хамт Ховд аймгийн Булган сумаас аймгийн төвд гар бөмбөгийн тэмцээнд оролцохоор ирсэн. Бид нар тэмцээндээ 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр орчоод орой 22 цагийн үед “Цамбагарав” буудлын 305 тоот өрөөнд орж амраад маргааш нь өглөө босоход Гэрэлт-Од бид хоёрын утас алга болчихсон байсан. Миний утас Samsung маркын хар саарал өнгөтэй жижиг утас байсан. Би утсаа 150.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 195),

- Насанд хүрээгүй хохирогч Г.Гэрэлт-Одын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ховд аймгийн Булган сумаас аймгийн төвд гар бөмбөгийн тэмцээнд оролцохоор багш Ганзориг, 5 сурагчийн хамт ирээд “Цамбагарав” буудалд байрласан. 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө унтаад өглөө босоход миний “Samsung” J-1 маркийн шаргал өнгөтэй гар утас байхгүй байсан. Би утсаа 280.000 төгрөгөөр үнэлнэ. ... Бид нарын орсон буудлын өрөөний хаалганы цоож ажиллахгүй байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 197),

Гэрч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би идэрчүүдийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд орохоор 20 сурагчийн хамт 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Булган сумаас гараад Ховд аймаг орсон. Маргааш нь тэмцээнд ороод 4 сурагчийн хамт “Цамбагарав” буудлын 305 тоот өрөөнд ороод унтсан. Өглөө босоод ирэхэд Гэрэлт-Од, Ганхуяг гэх хоёр сурагчийн гар утас алга болчихсон байсан. Хүүхдүүдийн тоглолтын цаг нь болоод яваад өгсөн. Би тухайн буудлын жижүүрийг дуудаж уулзахад манай буудалд согтуу хүн байсан тэр авсан байж магадгүй, камер шалгаж үзье гэж хэлээд хяналтын камерийг шалгахад шөнө 05 цаг 05 минутын үед манай өрөөнд нэг хүн орж ирээд утас аваад гарсан бичлэг байсан. Тэгээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 200),

- Л.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би Ховд аймагт ирээд “Цамбагарав” буудлын 304 тоот өрөөнд байрласан...буудлын эгч намайг өрөөндөө орж амар гэж хэлэхээр нь дээшээ шатаар гараад өрөө рүүгээ явж байсан чинь 3 давхарын шатны хажуу талын өрөө онгорхой байхаар нь яваад орсон чинь хэдэн залуус унтаж байхаар нь орны урд уначихсан байсан /батарей нь салаад унасан/ нэг гар утас, нөгөөх нь зүгээр байсан нийт 2 ширхэг гар утсыг хулгайлж аваад буцаад өрөөндөө ороод унтсан. Тэгсэн чинь өглөө унтаж байхад хаалга цохихоор нь онгойлгосон чинь 3-4 цагдаа орж ирээд утас хаана байна гэж хэлэхээр нь энд байна гэж хэлээд унтаж байсан орныхоо гудсан доороос гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 244, 245),

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 хавтаст хэргийн 7, 178), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 8-10, 179-182), эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл (1 хавтаст хэргийн 183, 184), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 189), хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 16, 205, 207), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 197-199),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (1 хавтаст хэргийн 100, 101), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (1 хавтаст хэргийн 104), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 108), Цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн цахим системд бүртгэгдэж байсан талаарх мэдээлэл (1 хавтаст хэргийн 109-112), шийтгэх тогтоолын хуулбар (1 хавтаст хэргийн 119-130), ялаас өршөөн хэлтрүүлсэн шүүгчийн захирамж болон суллагдсан хүмүүст олгодог справка (1 хавтаст хэргийн 153, 154) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Л.Пүрэвдоржийг:

- бүлэглэж, давтан үйлдлээр орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж  бага бус хэмжээний хохирол учруулсан,

- Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих ангиас оргох гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг давтан үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Л.Пүрэвдорж нь Ш.Одбаяртай бүлэглэж 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 17-18 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаргалан” нэртэй хүнсний дэлгүүр буюу агуулах савнаас иргэн Б.Гантуяагийн “Samsung S-6 маркийн гар утсыг хулгайлан авч бусдад бага бус хэмжээний буюу 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

- давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “Цамбагарав” зочид буудлын 314 тоот өрөөнд буюу орон байранд нэвтэрч иргэн Б.Ганхуягийн “Samsung” маркийн, Г.Гэрэлт-Одын “SamsungJ-1 маркийн гар утсыг тус тус хулгайлан авч бусдад бага бус хэмжээний буюу нийт 310.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Харин хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Л.Пүрэвдорж нь урьд энэ хэрэгт шийтгүүлсэн байхдаа прокурорын хяналтаас оргосон болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Нөгөө талаас түүнийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэзээ, хаана, хэн гэдэг албан тушаалтан ямар баримтаар дуудсан нь тодорхойгүй, дээрх байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн Л.Пүрэвдоржийн батлан даагч нарт хуульд заасан хариуцлага тооцсон эсэх баримтгүй. Шүүгдэгч Л.Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгах хангалттай нотлох баримтууд байхгүй байх тул түүнд холбогдох дээрх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хууль 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Л.Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Л.Пүрэвдорж нь хувьд ногдох хөрөнгөтэй гэж үзэх баримтгүй байгааг үндэслэн түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Харин тэрээр хуульд заасны дагуу хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх боловч урьд хорих ял эдэлж байсан байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хуульд зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Л.Пүрэвдорж нь хохирогч Б.Гантуяад 600.000 төгрөгийн хохирлыг бусадтай бүлэглэж учруулсан байх тул түүнээс гаргах хохирлыг түүнд ногдох хувиар тооцож, 300.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна. Тиймээс шүүгдэгч Л.Пүрэвдоржоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 300.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Гантуяад олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Пүрэвдорж нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс (1 хавтаст хэргийн 72) мөн сарын 27-ны өдрийг (1 хавтаст хэргийн 79) хүртэл 10 хоног, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс энэ өдрийг хүртэл 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 111 хоног буюу нийт 121 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг Эрүүгийн хуульд заасны дагуу түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.