| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2026/0014/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/04 |
| Огноо | 2025-12-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2026/ШЦТ/04
2025 12 26 2026/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын ****эд холбогдох эрүүгийн 2539003470412 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч **** нь 2025 оны 03 дугаар сарын 29-ний шөнө 02 цагийн орчимд **** хотоос **** улсын дугаартай "Nissan Patrol" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Хэнтий аймгийн **** сумын 1 дүгээр баг "****" гэх газарт замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 6-д заасан Жолооч дараахь үүргийг хүлээнэ: "хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх", 12.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтуудыг хэрэгжүүлэлгүй зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар зорчигч ****ийн эрүүл мэндэд хүнд, ****, **** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч **** овогт ****ын **** (****) нь 2025 оны 03 дугаар сарын 29-ний шөнө 02 цагийн орчимд **** хотоос **** улсын дугаартай "Nissan Patrol" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Хэнтий аймгийн **** сумын 1 дүгээр баг "****" гэх газарт замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 6-д заасан Жолооч дараахь үүргийг хүлээнэ: "хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх", 12.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтуудыг хэрэгжүүлэлгүй зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар зорчигч ****ийн эрүүл мэндэд хүнд, ****, **** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч ****ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр үйлдсэн хэргээ хүлээсэн “...**** овогтой **** миний бие **** аймгийн Эрүүл мэндийн газар жолоочоор ажилладаг. 2025 оны 03 дугаар сарын 28-ны орой манай дарга ****, **** аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга ****, манай ажлын газрын мэргэжилтэн ****, манай хадам аав **** нарын хамт **** хотоос **** аймгийн чиглэлд 20 цагийн үед хөдөлсөн. Хэнтий аймгийн **** сумаас эхлээд зам их муухай 2, 3 өдөр цасаар шуураад өдөр нь хайлаад шөнө нь хөлдсөн зам мөстсөн байсан. Зам муухай байна гээд хурдаа тохируулаад явж байсан боловч Хэнтий аймгийн төвөөс гараад 40 гаран километр яваад замын хажуу тал руу халтирч ороод нэг удаа өнхрөөд дугуй нь дээрээ буцаад буусан юм шиг байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 163-164),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ****ийн “...Би **** аймгийн Эрүүл мэндийн газрын дарга ажилтай бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр манай Эрүүл мэндийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан спортын 5 төрөлт тэмцээн болсон. Тухайн үед **** аймгаас цуг ирж тэмцээнд оролцсон эмч, жолооч нартайгаа орой 19 цагийн үед **** хотоос **** аймгийн төв рүү хөдөлсөн. Тухайн үед манай жолооч **** албаны “Ниссан Патрол” маркийн **** улсын дугаартай машинаа жолоодоод, би хажууд нь буюу урд талын суудал дээр суугаад, жолоочийн хадам аав нь болох ****, өсвөр үеийн асуудал хариуцсан их эмч ****, нэгдсэн эмнэлгийн дарга **** нар хойд талын суудал дээр суугаад **** хотоос **** аймгийн зүгт хөдөлсөн. Тэгээд Хэнтий аймаг өнгөрөөд явж байгаад манай жолооч болон бид нар хэсэг замаас гарч зогсоод унтацгаасан. Тэгээд сэрээд Хэнтий аймгаас урагш 40 орчим км зайд явж байх үед машин мөсөн дээр гулгаад эсрэг талын урсгал руу ороод далангаас унасан. Тухайн үед бид нарын зорчин явсан машин осолдоод миний нуруу, хөл гэмтсэн байсан учраас Хэнтий аймгийн **** рүү яаралтай явсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 27-28)
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ****гийн “...Би 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Эрүүл мэндийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан спортын 5 төрөлт тэмцээнд оролцоод орой 19 цагийн үед Эрүүл мэндийн газрын дарга ****, жолооч ****, **** гэх хүн, өсвөр үеийн асуудал хариуцсан их эмч **** нарын хамтаар “Ниссан Патрол” маркийн тээврийн хэрэгсэлтэй **** хотоос **** аймгийн зүгт хөдөлсөн. Тэгээд Хэнтий аймаг өнгөрөөд би унтчихсан. Тэгсэн чинь гэнэт машин осолдоод хүмүүс хашхиралдахаар нь сэрэхэд манай машин осолдоод замын зүүн гар тал руугаа уначихсан байсан. Тухайн үед миний хүзүү, эгэм, өвчүү, бугуй хэсгээр гэмтсэн учраас шууд эмнэлгийн байгууллага руу яаралтай замын унаагаар хүргэгдсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 32-33)
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ****гийн “...Би 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр **** хотоос **** аймаг руу ЭМГ-ын “Патрол” маркийн **** улсын дугаартай автомашинтай ЭМГ-ын дарга ****, АНЭ-ийн дарга ****, /нэрийг нь мэдэхгүй/ танихгүй эрэгтэй хүн, жолооч **** бид нар шөнийн 02 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын нутаг “****” гэдэг газар машин онхолдож зам тээврийн осол болсон. Тэгээд жолооч **** үлдээд бусад нь замын унаанд суугаад Хэнтий аймгийн ****т очиж эрүүл мэндийн тусламж авсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 37-38)
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч ****н “...Хохирогч **** /****/ 5.355.616, **** ****/ 7.556.700, **** /****/ 1.426.572 нар нь хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 14.338.888 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн **** дугаарын данс руу шилжүүлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 186-187)
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч ****ын “...Манай байгууллагын 02-60СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эвдэрсэн үнэлгээ нь 64.900.000 төгрөг гарсан байсан. 1 дүгээрт Албаны ажлаар явж байсан. 2 дугаарт тухайн осол гарсан цаг хугацаанд би зам тээврийн осол гарсан газар очсон зам бол маш их мөстсөн их гулгаж байсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болсон учир манай байгууллага нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 191-192)
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.****ийн “...Миний бие **** хотод 10 гаран хоног байсан юм. Тэгээд хүргэн **** 2025 оны 03 дугаар сарын 28-ны орой 18 цагийн үед надтай холбогдоод би “**** хотоос аймаг явах гэж байна. Та явах уу?” гэж асуусан. Тэгэхээр нь би “явъя” гээд тэгээд машинд нь сууж явж байсан. Тухайн үед машинд надаас гадна 3 эмч хамт явж байсан. Тэгээд **** хотоос 18 цагийн үед гарсан болохоор явж байгаад Хэнтий аймгаас гараад хэсэг машинтайгаа зогсоод амарцгаасан. Тухайн үед 30 гаран минут зогссон байх. Тэгээд хөдлөөд явж байгаад би тухайн үед үүрэглээд унтаж байсан. Тэгтэл гэнэт машин эргэх шиг болсон. Тэгээд осолд орсон байсан. Дараагаар нь **** машинаас буугаад замын унаа зогсоогоод би 3 эмчийн хамт Хэнтий аймгийн эмнэлэгт очсон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 41-42)
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 258 дугаартай “...1. М. ****ийн биед баруун чамархай ясны хугарал, баруун шилбэний дотор хавчаар ясны хугарал, тархи доргилт, толгой баруун хэсэг, нүүрний баруун талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
2. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. 4. Дээрх гэмтлээс баруун чамархай ясны хугарал нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг, баруун шилбэний дотор хавчаар ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой....” гэх дүгнэлт (1-р хх-ийн 68-69)
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 257 дугаартай “...1. ****ийн биед хүзүүний 6,7-р нугалмын сэртэнгийн хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
2. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. 4. Дээрх гэмтлээс хүзүүний 6,7-р нугалмын сэртэнгийн хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
6. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 83-84)
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 259 дугаартай “...1. Б.****ийн биед тархи доргилт, цээжний баруун дал хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
2. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. 4. Дээрх гэмтлээс тархи доргилт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 96-97)
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 260 дугаартай “...1. ****гийн биед зүүн тойг ясны сэтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
2. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. 4. Дээрх гэмтлээс зүүн тойг ясны сэтэрсэн хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
6. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 110-111)
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 260 дугаартай “...1. ****гийн биед, зүүн шуу ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
2. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. 4. Дээрх гэмтлээс зүүн шуу ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
6. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 125-126)
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШД-390 дугаартай “...**** улсын дугаартай NISSAN Patrol маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2025 оны 08 сарын байдлаар 64,924,416.00 төгрөгийг бүхэлчлэн 64,900,000.0 /жаран дөрвөн сая есөн зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна.” гэх дүгнэлт (1-р хх-ийн 133-136)
Хэнтий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Чимэг-Очирын 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “...1. **** улсын дугаартай “Nissan Patrol” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ****ын Чулуунсух нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
3.46. Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх
12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.
12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна
Үүнээс үзэхэд **** улсын дугаартай "Nissan Patrol” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ****ын **** /****/ нь; Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
3.46. Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бус хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх
12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн тус тус заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон байна...” гэх магадалгаа (1-р хх-ийн 139-140), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 7), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 10-14, 15-23), тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хх-ийн 173), жолоочийн лавлагаа (1-р хх-ийн 170), мөнгөн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 236), **** аймгийн Эрүүл мэндийн газрын Удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ****ын 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 663 дугаартай албан бичиг (1-р хх-ийн 237), хохирогч ****ийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (1-р хх-ийн 238), хохирогч ****гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (1-р хх-ийн 239), шүүгдэгч ****ийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (1-р хх-ийн 240) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч **** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч **** нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн шүүгдэгч **** нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг тус тус хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ****ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ****ийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч ****, **** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагаанд “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн, хохирогч ****, **** нар нь “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан, хохирогч **** нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэж тэмдэглүүлсэн, иргэний нэхэмжлэгч **** нь “....нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх албан бичгийг Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргаж өгч хэрэгт хавсаргуулсан, шүүгдэгч **** нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 14,338,888 төгрөгийг төлж барагдуулсан болох нь мөнгөн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 236)-аар тогтоогдож байх тул шүүгдэгч ****ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хэрэгт тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд **** аймгийн Эрүүл мэндийн газрын дарга **** хохирогчоор тогтоогдсон, төрийн байгууллагын эд хөрөнгө болох **** улсын дугаартай "Nissan Patrol" маркийн тээврийн хэрэгсэлд буюу төрийн байгууллагад учирсан хохирлын асуудлаар **** аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүгийн хэлтсийн дарга **** нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож, хохирлын талаар эрх үүрэгтэйгээ танилцсны үндсэн дээр “нэхэмжлэхгүй зүйлгүй” тухай мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ****эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц **** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****ын ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч ****ын ****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ****эд тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч ****эд мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг **** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА