Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2026/ШЦТ/13

 

 

 

 

 

 

 

 

2026          01            05                                        2026/ШЦТ/13

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан 

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг

Шүүгдэгч ****, **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж **** овогт ****ын ****, **** овогт ****ийн **** нарт холбогдох эрүүгийн 2539008440448 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч **** нь согтуугаар 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 09 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын төвд ****той маргалдаж түүнийг заамдах, толгой руу нь төмрөөр болон гараараа цохиж зодож биед нь духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч **** нь согтуугаар 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 09 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын төвд ****т цохиулсандаа уурлаж түүний толгойн тус газарт нь төмрөөр цохиж биед нь духанд шарх, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч **** нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч **** нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч **** овогт ****ын **** согтуугаар 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 09 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын төвд ****той маргалдаж түүнийг заамдах, толгой руу нь төмрөөр болон гараараа цохиж зодож биед нь духанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан

Шүүгдэгч **** овогт ****ийн **** согтуугаар 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 09 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын төвд ****т цохиулсандаа уурлаж түүний толгойн тус газарт нь төмрөөр цохиж биед нь духанд шарх, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч ****ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг  (хх-ийн 91-92),

 

Шүүгдэгч ****ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг  (хх-ийн 99-100),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ****ийн “...Би 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 100 жилдээ оролцохоор ажлаасаа буугаад шууд ирсэн. Ирсэн өдрөө найз нөхөдтэйгөө таараад нэлээн их архи уусан. Ирсэн өдрийнхөө маргааш буюу 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө би **** сумын төв зам дагуу байрлах газруудын дунд гадаа гудамжинд сэрсэн. Тэгээд сэрээд босоод явж байтал манай нутагт ирж суурьшсан **** гэх ахтай таарахад **** ах бас дотор нэлээн муу харагдахаар нь “Ах ганц юм уух уу?” гэхэд “Тэгье” гээд зөвшөөрөхөөр нь би дэлгүүр орж 0,75 литрийн хэмжээтэй 1 шил “Ногоон экс” нэртэй архи авч гарч ирээд бид хоёр гадаа сууж ууж эхэлсэн. Тэгээд архи ч дуусах дөхлөө **** ах бид 2 ч нэлээн согтчихсон байсан. Тэгээд бид хоёр нэг мэдэхэд хоорондоо барьцалдчихсан би ****ээ ахыг цохиод байж байсан. Тэгээд ****ээ ах бид хоёр салаад ****ээ ах манай хоолны газар очиж хоол идье гэж дагуулж яваад гуанзны хаалгаараа биш хашааныхаа хаалгаар дагуулж ороод намайг нэг харахад л миний толгой хэсэг рүү нэг нарийхан төмрөөр нэг удаа цохихоор нь би **** ахын барьж байсан төмрийг булааж аваад зөрүүлээд нэг цохьчихсон юм. Тэгээд ****ээ ах больё гээд бид хоёр салаад байж байтал гэнэт цагдаа хүрээд ирсэн. Тэгээд ****ээ ах бид хоёрыг эмнэлэг дагуулж орж үзүүлээд ажил дээрээ авч ирээд согтуурал шалгах драгер багажаар шалгасан...” гэх мэдүүлэг  (хх-ийн 7-8),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ****ийн “...2025 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө 08 цаг өнгөрч байх үед гэрээсээ гараад “Дорномандал” гэх дэлгүүрээс 100 граммын хэмжээтэй “Хараа” нэртэй архи аваад ганцаараа “Дорнод алтан тал” гэх хоолны газрын үүдэнд уугаад сууж байтал манай нутгийн зүс таних дүү **** /****/ хүрээд ирсэн. Ирээд мэнд мэдчихээд “Ах ганц юм уух уу?” гэхэд нь би тэгье гэхэд дэлгүүр ороод 0,75 литрийн хэмжээтэй 1 шил “Ногоон экс” нэртэй архи аваад ирсэн. Тэгээд бид 2 тухайн газраа архиа уугаад архи ч нэлээн дуусах дөхөөд байж байтал гэнэт **** /****/ босож ирээд намайг заамдаад авсан. Тэгээд би тоглож байгаа юм байх даа гэж бодтол шууд намайг баруун гараа зангидаж байгаад 2-3 удаа цохиод авсан. Тэгээд боль гээд чанга дугартал **** /****/ намайг тавьсан. Ууж байсан архи ч дууссан би **** /****/-ыг манай гуанзанд очиж хоол идье гээд дагуулаад хашааны хаалгаар орж явахад манай хашаанд хуучны орос пүрштэй орны хугархай нарийн төмөр байхаар нь би гэнэт цохиулсандаа уур хүрээд тухайн төмрийг барьж аваад **** /****/-ын толгой хэсэг рүү нэг удаа цохиход **** /****/ надаас тухайн төмрийг булааж аваад миний дух хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд бид 2 муудалцаад байж байтал цагдаа ирээд бид хоёрыг аваад цагдаагийн газар очсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 570 дугаартай “...1. ****ийн биед духанд шарх, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 19-20),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 571 дугаартай “...1. 2. ****ийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хх-ийн 36-37), зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол (хх-ийн 1-3), согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 56, 58, 57, 59), гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирч, эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал авсан эсэхийг тодруулах иргэдийн судалгаа (хх-ийн 124), гүйлгээний баримт (хх-ийн 125), шүүгдэгч ****ийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 143), шүүгдэгч ****ийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 144) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ****ийн үйлдлийн улмаас хохирогч ****ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч ****ийн үйлдлийн улмаас хохирогч ****ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тус тус нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч ****, **** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ****, **** нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн шүүгдэгч ****, **** нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг тус тус хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.

 

Прокуророос шүүгдэгч нарт санал болгож, шүүгдэгч нараас хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч ****, **** нарт прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ****, **** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч **** нь шүүгдэгч ****оос “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж, хохирогч **** нь шүүгдэгч ****ээс “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлсэн, шүүгдэгч **** нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 26,250 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч ****, **** нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ****, **** нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ****, **** нар нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****ын ****, **** овогт ****ийн **** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын ****, ****ийн **** нарт 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****, **** нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ****, **** нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****, **** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УРАНЗАЯА