| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/0295/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/303 |
| Огноо | 2025-11-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/303
2025 11 18 2025/ШЦТ/303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан
Улсын яллагч Н.Амгалан
Шүүгдэгчийн өмгөөлөгч ****
Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж **** овогт ****ын ****д холбогдох эрүүгийн 2539004940367 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч **** нь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багт ****ыг урьдын болон тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж модоор толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун зулай болон духны баруун дээд хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **** нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч **** овогт ****ын **** нь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багт ****ыг урьдын болон тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж модоор толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун зулай болон духны баруун дээд хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч ****ы шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2025 оны 05 дугаар сарын 9, 10-ны үеэр хонио хашиж байгаад эмээгийн бас **** ахын хонь, ямааг ялгаж хашааны гадаа гаргасаар байтал орой болчихсон. Тэгэхээр нь би өөрийнхөө хонийг хашаанд нь үлдээгээд эмээгийн, **** ахын ялгасан хонь ямааг хашааны гадаа хонуулчихсан. Тэгтэл өглөө үүрээр гадаа байсан хонь ямаа хойшоо усруу яваад **** эгчийн хоньтой нийлчихсэн байсан. Ингээд би өөрийн хонийг гаргахаасаа өмнө үлдсэн хонь ямааг нь шүүгээд 30 гаран хонь ямааг **** эгчийн хонинд нийлүүлээд, эмээд “Та хоёрын хонь ямааг ялгаад **** эгчийн хонинд нийлсэн шүү” гэж хэлсэн. Би **** ахын хонийг дутаасан, өөртөө завшсан ямар ч зүйл байхгүй ээ. Би тэр хоёрын малыг өгсөн өдрөө сум орж бензин аваад харьж явтал **** ах гүйцэж түрүүлээд замыг маань хөндөлсөөд зогссон. Би арай гэж мөргөчхөлгүй тойрч өнгөрөөд зогсож машинд нь орж суугаад уулзсан. **** ах “Чи яагаад ээжийн малыг миний малтай ялгаад өгчихөв өө. Ээж бид 2 тоолж авах байсан юм. Дутаасан байна” гэхээр нь би болсон явдлыг бүгдийг нь хэлээд “Хэрвээ дутуу байгаа бол та **** эгчийн хонинд бас манай хонинд шүүж үзээрэй” гээд жоохон маргалдаад би буулгаад явсан. Тэгтэл араас гэрлээр дохиод сигналдаад байхаар нь хэрүүлийн дараа гээд дахин зогсолгүй шууд гэртээ ирсэн. Гэтэл **** ах **** эгчийнх рүү очоод ээжийгээ аваад /Манай 2 гэр ойрхон байдаг/ намайг гэртээ ирээд гэр лүүгээ оролгүй машинаасаа дээлээ гаргаж өмсөөд товчилж амжаагүй байхад **** ах эхнэртэйгээ ээжтэйгээ манайд ирсэн. Тэгээд шууд **** ах бас эмээ 2 “Чи яахаараа миний малыг ялгаж өгдөг юм, чи муу гөлөг их том болжээ. Чи хэзээ ийм болчихсон юм” гэх зэргээр намайг элдвээр доромжилсон. Тэгэхээр нь би “Та нар яв зайл” гээд хэлчихсэн чинь улам уурлаад миний дээлээс заамдаад намайг унагааж, дээлийг маань тайлж газар хаясан. Би өөдөөс нь ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгтэл эхнэрээ дуудаад “Би одоо зодууллаа. Бичлэг хий” гээд хашхирсан. Эхнэр нь утсаа бариад зогсож байсан. Би газраас босож ирээд одоо яв гээд **** ахыг машинд нь чихэж түлхэж суулгасан. Тэгтэл **** ах цагдаад өгнө гээд явсан. **** ах тухайн үед миний нүүр хүзүүг маажиж шалбалсан улайлгасан байсан. Үүнээс 5 хоногийн дараа буюу 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэж санаж байна. Тухайн өдөр манайх хаваржаанаасаа гараад урагш буйр сэлгэж буусан бөгөөд хурга ишгээ хөнгөлчихөөд, хурга ишгээ хашаанаас нь гаргаад гэрийнхээ хойгуур зүүн тийш туугаад явж байсан юм. Хөнгөлүүлсэн болохоор ишиг хурганууд маань явж өгөхгүй байсан юм. Хурга ишгээ туугаад явж байтал нэг гялгар уут богино бургас 2 таарахаар нь аваад хурга ишгээ үргээгээд туугаад явж байсан юм. Тэгээд явж байхад манай хаваржааны баруун талд 500 орчим метрийн зайд байдаг **** ах гэрээсээ гараад над руу мотоциклтой ирж яваа харагдсан. **** ах миний ард надаас 100 орчим метрийн зайд ирээд зогсоод намайг нааш ир гээд даллаад байхаар нь би очоогүй. Өмнө нь бид 2 2 удаа маргалдсан байсан болохоор би дахиад хэрүүл хийх байх гээд очоогүй. Тэгтэл **** гэх хүн миний араас мотоциклтойгоо ирээд миний мотоциклын урдуур орж хөндлөн зогсоод "Чи яахаараа миний малыг хардаггүй юм" гээд би “Хэрүүл хиймээргүй байна. Алив хөдөл” гээд хөлдөхгүй байхаар нь би барьж явсан бургасаар баруун мөрийн шүргүүлээд толгой хэсэг рүү нь цохисон. Тэгтэл **** намайг хэл амаар улам доромжлоод байсан. Тэгээд **** ах мотоциклоосоо буугаад над руу ирэхээр нь би бас мотоциклоосоо буугаад очтол үүрч явсан хайрцагтай дурангаараа миний толгойны дагз хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгээд дурангийн оосор нь тасарч дуран нь хайрцгаасаа ****ч унасан. Хоосон хайрцгаараа дахин цохих гэхээр нь би гараас нь бариад явсан. Тэгээд бид 2 нэг нэгнээ заамдаад зууралдаад байж байхад **** миний зүүн хөлийг 2 гараараа тэвэрч аваад намайг арагш нь унагаагаад бид 2 давхралдаад унасан. Газар унасан хойноо **** миний зүүн хөлийг тэвэрсэн чигээрээ байсан бөгөөд би баруун хөлөөрөө ****ын мөр толгой хэсэг рүү гэж бодож байна жийгээд зүүн хөлөө сугалж аваад мотоциклоо унаад явсан ба эргэж харахад **** өндийгөөд сөхрөөд суусан байсан. Тэгээд хонин дээрээ очоод хурга ишгээ босгож байтал **** миний араас мотоциклтойгоо ирээд хэрүүл хийгээд байхаар нь би хоёулаа нэг нэгнээ алчихаагүй байгаа дээр больё гэхэд “Би чамайг цагдаад өгнө” гэхээр нь би “Тэг ээ өг” гэж хэлсэн. Тэгтэл **** мотоциклоо унаад буцаад гэрийнхээ зүг явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 83-89),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ****ын “...2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багт ****ыг хонин дээрээ байж байхад манай хэдэн хонийг дутаасан болохоор тэрийгээ асуух гэж очсон. Би тэгээд миний төрсөн эгч **** гээд нэг ядарсан ганц бие эгч хонь малаа хараад байж байдаг. Тэр эгчийг жоохон дээрэлхэж гадуурхах шинжтэй байгаад байдаг болохоор нь би энэ талаар хэлэхэд уурлаад намайг шууд модоор толгой орой хэсэг рүү 3,4 удаа цохисон. Тэгээд би “Чи намайг яагаад хамхчаад хаячихав” гэхэд “Яадаг юм” гээд миний хүзүүндээ зүүж явсан дурангийн оосроор намайг боосон. Тэгээд би ухаа. алдсан байсан. Намайг сэрэхэд ганцаараа хээр талд хэвтэж байсан. Толгой задрах гэж байгаа юм шиг хүчтэй өвдөлт өгч байсан. Хамраас цус гарсан байсан. Мөн би өмдөндөө хүндээр болон хөнгөнөөр бие зассан байсан. Тэгээд би хэсэг жоохон манарч сууж байгаад арай дээр болохоор нь цагдаа дуудах гэхээр сүлжээгүй тул гэртээ очоод утсаар **** цагдаагийн хэсэгт дуудлага өгсөн. Би хүнд зодуулаад хээр хэвтэж байсан гэх дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар 20 минутын дараа ирсэн ба ирэхэд би шээсэн, баасан өмдтэйгөө байсан. Би ирсэн цагдаа нарыг дагуулаад боолгуулж зодуулсан газраа очсон. Тэгээд цохисон мод нь газраа хэвтэж байсан. Тэнд жоохон цус байсан тухайн үед ирсэн цагдаа нар зураг авч байсан. Би шууд Хэнтий аймгийн эмнэлэгт ирж толгойн зураг авхуулсан. Эмч нар хот явж тархины томограф шинжилгээнд ор гэсэн тул маргааш Улаанбаатар хот явж толгойн компьютер оношилгоонд орсон. 2, 3 хоногийн дараа хариу гарч хариугаа аваад Хэнтий аймаг руу буцсан ийм л зүйл болсон....” гэх мэдүүлэг (хх-ийн 15-17),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч ****н “...Хохирогч **** нь 28,350 /хорин найман мянга гурван зуун тавь/ төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн **** дугаарын данс руу шилжүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ****ын “...Би тухайн өдөр албан үүргээ гүйцэтгээд хариуцсан суманд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх явцад миний утсанд иргэн **** гэх хүнээс “Намайг юу ч үгүй зодчихлоо” гэж дуудлага ирсэн. Би тухайн дуудлага мэдээллийг хүлээн аваад олон нийтийн цагдаа ****тэй хамт түргэн шуурхай очсон. Тухайн дуудлага мэдээлэл өгсөн иргэн **** гэх хүнтэй утсаар ярьж “Та хаана байна” гэхэд би гэртээ байна гээд хөдөө 2 дугаар багийн урд байдаг хөдөө гэрт нь очсон. Тэгээд очоод юу болсон талаар дэлгэрэнгүй тодруулж асуухад энэ урд айлын залуу намайг модоор цохиж унагааж дурангийн оосроор хоолой боож ухаан алдуулаад яваад өгсөн. Би нэлээн удаж байж сэрсэн. Сэрэхдээ би өмдөндөө хүндээр болон хөнгөнөөр бие зассан байсан. Тэгээд би тухайн болсон үйл явдлын мэдээлэл регистрийн дугаар болон ****ын зургийн авч цагдаагийн байгууллагын гомдол мэдээлэлд бүртгүүлж ажилласан ийм л зүйл болсон....” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ****ийн “...**** гэх хүнтэй уулзаад ямар зүйл болсон талаар асууж тодруулахад хэрэг болсон газраа зааж очиж дэлгэрэнгүй болсон явдлын талаар тайлбарлаж ярьж өгсөн. “**** гэх хүн намайг барьж явсан шилбүүрээрээ миний толгойн тус газар цохисон. Тэгэхээр би зөрүүлээд дурангаараа цохисон. тэгтэл **** намайг дурангийн оосроор боож унагааж би хэсэг ухаан балартсан. Тэгээд хэсэг хугацааны дараа босоод ирэхэд би өмдөндөө баачихсан. **** яваад өгсөн байсан. Ийм л зүйл болсон” гэж ярьж байсан. **** бид 2 **** гэх хүний гэрт очиход **** гэртээ байхгүй байсан. ийм л зүйл болсон....” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ****ийн “...Тухайн өдөр 2025 оны 05 дугаар сарын дундуур гэж санаж байна. Манайх хаваржаан дээрээ хурга ишгээ хөнгөлчихөөд би бэрийн хамт хөнгөлгөөгөө аваад түрүүлээд гэр лүүгээ явсан. Манай гэр хаваржаанаас урагш 1 км орчмын зайд байдаг юм. Манай хүү хаваржаан дээрээ үлдээд хонио гэр лүүгээ туугаад 300-400 метрийн ойр ирж байсан. Тэгэхэд **** манай хүү дээр мотоциклтой ирээд манай хүүгийн мотоциклын урдуур мотоциклтойгоо хөндлөн орж ирээд зогссон. Тухайн явдлыг охин бид 2 гэрээсээ хараад байж байсан. Тэгээд тэр 2 дугуйнаасаа бууж барьцалдаж аваад хоёулаа газар унаад манай хүү **** түрүүлж босож ирээд дугуйгаа унаад хонь руугаа түрүүлээд явсан ба **** араас нь босоод мотоциклоо унаад манай хүүгийн араас очоод манай хүүг дугуйтайгаа тойрч эргэлдэж байгаад гэр лүүгээ давхиад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 95-97),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ****ийн “...2025 оны 05 дугаар сарын хэдний өдөр гэдгийг нь тодорхой санахгүй байна. Манайх хурга ишгээ хаваржаан дээрээ хөнгөлчихөөд машинаа унаад гэр лүү түрүүлж явсан. Нөхөр маань хонин дээрээ үлдсэн. Манай гэр хаваржаанаас зүүн урд зүгт 1 км гарны зайд байдаг юм. Хадам ээж бид 2 гэртээ ирээд байж байтал хонио тууж яваа манай нөхөр лүү манай танил **** гэх хүн мотоциклтой очиж яваа харагдсан. ****ын гэр манай хаваржааны баруун талд 500 орчим метрийн зайд байдаг. **** манай нөхрийн мотоциклийн урдуур мотоциклтойгоо хааж зогсоод тэгээд тэр 2 мотоциклуудаа 2 тийш нь унагаагаад бууж ирээд барьцалдаад ноцолдоод газар унацгаасан. Тэр 2 унасны дараа манай нөхөр түрүүлж босож ирээд мотоциклоо унаад түрүүлээд хонь руу явсан. **** манай нөхрийг явсны араас босож ирээд мотоциклоо унаад манай нөхрийн араас дахиж очоод мотоциклтойгоо манай нөхрийг тойрч эргэж байгаад гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 100-101),
Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ДОР0825/018 дугаартай “...1. **** овогтой ****/****/-ын сэтгэцэд дээрх гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна.
2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна.
3. Цаашид сэтгэлзүйн зөвлөгөө заслын тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.....” гэх дүгнэлт (хх-ийн 37-39),
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ХЭН0725/333 дугаартай “...1. 2. ****ын биед баруун зулай болон духны баруун дээд хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
4. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хх-ийн 68-69), зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 6), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-10, 7-8), шүүгдэгч ****ы Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 122), хохирогч ****ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (хх-ийн 123) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ****ы үйлдлийн улмаас хохирогч ****ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч **** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч **** нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ****ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан байх тул шүүгдэгч ****ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч ****д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****ын ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын ****д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА