| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2026/0018/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/21 |
| Огноо | 2026-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2026/ШЦТ/21
2026 01 08 2026/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан
Улсын яллагч Н.Амгалан
Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****гийн ****т холбогдох эрүүгийн 2539000000457 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч **** нь 2025 оны 10 дугаар сарын 21-ээс 22-ны шилжих шөнө Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар баг ****ийн 03-27 тоотод байх өөрийн гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас хохирогч ****тай маргалдаж улмаар толгойн тус газар нь ир, ирмэгтэй зүйлээр цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч ****: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, уур уцаараа барьж чадахгүйгээсээ болж ийм хэрэг үйлдсэн...” гэж мэдүүлдэг.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2539000000457 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч **** нь 2025 оны 10 дугаар сарын 21-ээс 22-ны шилжих шөнө Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар баг ****ийн 03-27 тоотод байх өөрийн гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас хохирогч ****тай маргалдаж улмаар толгойн тус газар нь ир, ирмэгтэй зүйлээр цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтуудыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3),
Хохирогч ****ы “...Би 2025 оны 10 дугаар сарын 21-ний орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн **** сум 1 дүгээр багт байдаг **** гэх нутгийн ахындаа очсон. Би 0,33 граммын “Өргөө” архитай орсон. Тэгээд ахынд гэрт ортол эхнэртэйгээ хамт унтаагүй сэрүүн байсан. Тэгэхээр нь би **** ахтай хамт архиа уугаад гэрийнх нь зүүн хойно дотор сандал дээр сууж байтал намайг эхнэр нь “Гэр лүүгээ яв” гэхээр нь би “Одоо дуусах гэж байна. Удахгүй явлаа” гэж хэлтэл шүүгээ нь дугараад араас ирээд юмаар намайг хоёр удаа цохисон. Надад огт юм хэлэлгүйгээр шууд толгой орой хэсэг рүү цохисон. Би яг юугаар цохисныг огт хараагүй. Тухайн үед **** ахын эхнэр нь согтуу байсан. Тэгээд би гэрээс толгой хагалчихлаа гэж хэлээд гэрээс нь гараад явсан. Тэгээд дүү ****ийнд очоод дүүтэйгээ хамт эмнэлэг дээр очиж толгойндоо 6 оёдол тавиулсан. Тэгтэл эмнэлэг дээр цагдаа орж ирсэн. **** гэх эмэгтэй надад боолтын мөнгө гэж бэлэн 100,000 төгрөг өгсөн. Миний толгой орой хэсэгт улайж 6 оёдол тавиулсан. Одоо хааяа лугшиж өвдөхөөс өөрөөр зовуурь байхгүй... Надад гомдол санал байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 7-8),
Гэрч Г.****ийн “...Хэсэг юм ярьж сууж байгаад архийг нь дуусгаад **** гэх залуу ахин архи авна гэсэн чинь эхнэр сэрээд уурлаад одоо харьж амар гэсэн чинь **** эхнэрийн өөдөөс “Чамд хамаагүй. Би мэдэж байна. Танайд уугаагүй ахындаа ууж байна” гэж хэлсэн. Тэгтэл эхнэр **** гэх залууг “бос яв” гээд сууж байсан сандал дээрээс нь хувцаснаас нь чангааж татаж түлхэж арагш сандлаас хажуу арагш унагаасан. Тэгээд удалгүй өөрөө гэрээс гараад гэрийн гаднаас зүүн урд талаас хаалга өшиглөөд байсан. Тэгэхээр нь би ****г “Яв, битгий дээрэлхээд бай” гэж уурлаж хэлсэн. Тэгээд өөрөө согтуурхаж газар унаж оочоод босохгүй байхаар нь би татаж босгож өгөөд явуулсан. Өөр зүйл болоогүй. Би эхнэрийгээ ****гийн толгойг хагалж цохисныг огт хараагүй. Эхнэрийг гэр дотор түлхэхэд арагш унахдаа юм мөргөсөн байх. Өөрөөр би харсан зүйл байхгүй. Би ****гийн толгой хагарсан байсныг огт мэдээгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-12),
Шүүгдэгч ****ийн сэжигтнээр өгсөн “...Би 2025 оны 10 дугаар сарын 21-ний шөнө нөхрийн хамт **** сумын 1 дүгээр баг ****ын байр 54-02 тоотод гэртээ амарч байсан. Тэгтэл намайг унтаж байхад гаднаас зүс таних Эрдэнэчулуун гэх залуу согтуу нэг шил архитай орж ирээд манай нөхөр ****той хамт авчирсан архиа хувааж уучихаад шөнө унтуулахгүй намайг гэрээс гар гэсэн чинь үгэнд орохгүй болохоор нь түшлэгтэй сандал дээр сууж байхаар нь би уурандаа сандалтай нь цуг түлхэж газар унагаасан. Тэгтэл гэрээс гараад явахдаа толгой хагалчихлаа гээд орилж хашхирч байхдаа цагдаа дуудлаа гээд байсан. Тухайн үед Эрдэнэчулуун агсраад унтуулж амраахгүй болохоор нь уурандаа түшлэгтэй сандалтай нь түлхэж унагаасан нь үнэн. Өөрөөр би санаатай цохиж зодсон зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-17),
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ХЭН0725/613 дугаартай “...1. 2. ****ы биед толгойн орой хэсгийн хуйханд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт (хх-ийн 29-30),
Шүүгдэгч ****ийн яллагдагчаар өгсөн “...Би өмнө сэжигтнээр мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 41-42) болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Н.Амгалан: “...Шүүгдэгч **** нь 2025 оны 10 дугаар сарын 21-ээс 22-ны шилжих шөнө Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар баг ****ийн 03-27 тоотод байх өөрийн гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас хохирогч ****тай маргалдаж улмаар толгойн тус газар нь ир, ирмэгтэй зүйлээр цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ****: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч **** маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч **** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч **** нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч ****ийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгч **** нь хохирогч ****ыг цохиж, зодож буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг
Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч ****ийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч ****ы биед толгойн орой хэсгийн хуйханд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч **** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс 100,000 төгрөг авсан, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Н.Амгалан: “...Шүүгдэгч ****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүх шүүгдэгч ****т хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүх шүүгдэгч ****т 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****т оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****гийн ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ****гийн ****т 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****т оногдуулсан 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА