Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 01000

 

 “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00871 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хариуцагч А.Б-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 16 617 387 төгрөг, 1 901 ширхэг барилгын бараа материал гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 16 617 387төгрөг, буцаан хүлээлгэж өгөөгүй 3 093 080 төгрөгийн үнэ бүхий 1901 ширхэг бараа материалыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. “Э” ХХК нь А.Б-тай 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 43 тоот түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр А.Б нь 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийт 14 116 ширхэг барилгын туслах бараа материалыг “Чингис хааны хүрээ” жуулчны баазад барилга барихад ашиглагдах зорилгоор түрээслэн авсан. Хариуцагч А.Б нь 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн түрээсийн гэрээгээр нийт 14 116 ширхэг бараа материалыг түрээслэн авч 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт 12 215 ширхэг бараа материалыг буцаан хүлээлгэн өгсөн. 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл гарсан нийт 5 618 998 төгрөгийн төлбөрөөс 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 2 488 580 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 545 224 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2 511 804 төгрөг, нийт 5 545 608 төгрөг төлж 73 000 төгрөг үлдсэн. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт “түрээслүүлэгч өөрт учирсан хохирлоо хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлүүлэхийг шаардаж болно” гэж заасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ түрээсэлсэн бараа материалын үлдэгдэл 1 901 ширхэг бараа материалын өнөөдрийг хүртэл ашигласан түрээсийн тооцоо 12 740 868 төгрөг нийт түрээсийн төлбөр 12 814 258 төгрөгөөс барьцаа 1 736 000 төгрөгийг хасаж, түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 11 078 258 төгрөгийг төлөөгүй байна. Түрээсийн гэрээний 4.2-д “түрээслүүлэгч түрээсийн гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно” гэж заасан. Төлөгдөөгүй үнийн дүн 11 078 258 төгрөг, алданги 5 539 129 төгрөг нийт төлөх 16 617 387 төгрөгийг гаргуулна. Түрээсийн гэрээний 2.2.2-д түрээслүүлж байгаа эд хөрөнгийн чанарын байдлыг алдахгүйгээр зориулалтын дагуу ашиглах, хэрвээ гэмтээсэн бол энэхүү гэрээний 1.6-д зааснаар барьцаа мөнгөнөөс төлж, түрээслүүлэгчээс хохиролгүй болгохоор заасан тул 49 ширхэг бараа материалыг засварласан 264 000 төгрөгийг хариуцагчийн гэрээний барьцаа төлбөр болох 2 000 000 төгрөгөөс хасч тооцон 1 736 000 төгрөгийг барьцаа байрлуулсан гэж үзэв. 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нийт манай кампанид 12 215 ширхэг барилгын туслах материалыг хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 3 093 080 төгрөгийн үнэ бүхий 1 901 ширхэг бараа материал, 1 901 ширхэг бараа материал,  түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 16 617 387 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Түрээсийн гэрээ байгуулсан, энэ тооны бараа материал түрээсэлсэн, засварт 264 000 төгрөг, 14 000 бараа материал авсныг зөвшөөрнө. 1 901 ширхэг хэв хашмалын заримыг эвдэлсэн, гэмтээсэн, нэхэмжлэгч тал буцааж ашиглах боломжгүй болж, зарим нь алга болсон. Тухайн үедээ манай тал 3 000 000 төгрөгөөр тохиролцсон. 1 901 ширхэг бараа материалыг хүлээлгэж өгөөгүй. Эвдрэлтэй бараа материалыг засуулж, мөнгийг суутгахыг зөвшөөрч байна. Барьцааны 2 000 000 төгрөг нэхэмжлэгчид үлдсэн. Дээрх 2 төлбөрийн нийлбэрээс 2 000 000 төгрөгийг суутгуулж, үлдэгдэл төлбөрийг төлнө гэж ойлгож байсан. Гэтэл нэхэмжлэгч түрээс үргэлжилж байгаа гэж тайлбарлаж байна. Эвдэрхий бараа материалыг нэхэмжлэгч хүлээж авахгүй гэсэн учраас буцаагаад авч явсан. Тухайн үед түрээсэлж байсан төлбөрөөс 73 000 төгрөг үлдэгдэлтэй. Үүнийг барьцааны мөнгөнөөс хасна. Ингээд 73 000 төгрөг, 246 000 төгрөг, 3 093 000 төгрөгийг төлөх ёстой. Миний барьцаанд үлдээсэн 2 000 000 төгрөгийг хасч 1 300 000 төгрөгийн өр, түүний алдангийг төлөхөд татгалзахгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1.1, 326.2.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Б-гаас 16 617 387 төгрөг, 1 901 ширхэг барилгын бараа материалыг /хэв 60-21 ширхэг, хэв 40-1 ширхэг, труба 6м- 2 ширхэг, труба 4м-3 ширхэг, труба 3м-1 ширхэг, труба 1м-59 ширхэг, тулаас V2-32 ширхэг, түгжээ-1772 ширхэг, Хомут э-дэг- 6 ширхэг, тулаасV6- 4 ширхэг/ тус тус гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 305 480 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Э” ХХК-ийн түрээсийн гэрээний үүрэгт 16 617 387 төгрөг, түрээсийн гэрээний зүйл болох 1 901 ширхэг барилгын материалыг тус тус хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй” гэж зааснаар А.Б нь түрээсэлсэн бараа материалын үлдэгдэл 1 901 ширхэг бараа материалыг түрээслэгчид буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байна. Дээрх хүлээлгэн өгөөгүй 1 901 ширхэг бараа материалын 1 өдрийн түрээс нь нэхэмжлэлд дурдсан үнээр байсан талаар хариуцагч маргаагүй хүлээн зөвшөөрсөн хэдий ч уг 1 901 ширхэг бараа материалыг үргэлжлүүлэн түрээслээгүй, тэдгээрийг ахин ашиглах боломжгүй гэсэн учраас буцаан авч явсан, бараа материалын үнийг гэрээний 2.1.2-т зааснаар төлнө гэж тохиролцсон гэж тайлбарладаг боловч тайлбарынхаа үндэслэлийг баримтаар нотлоогүй байна. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болох ба хүлээлгэн өгөөгүй бараа материалын түрээсийн төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 887 хоногоор 12 740 868, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 73 390 төгрөг болсноос барьцааны үлдэгдэл 1 736 000 төгрөгийг хасч түрээсийн төлбөрт 11 078 258 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан нь үндэслэлтэй байна. Мөн гэрээний талууд 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн түрээсийн гэрээний 4.2-т алданги авахаар харилцан тохиролцсон тул алданги авах эрхтэй байна” гэж анхан шатны шүүх дүгнэснийг зөвшөөрөхгүй. Талууд 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн түрээсийн гэрээг бичгээр байгуулсан эсэх дээр маргахгүй хэдий ч хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөр, алданги төлөх эсэх дээр маргаж хариуцагчийн зүгээс түрээсэлсэн бараа материалыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үеэр 1 901 ширхэг бараа материалыг нэхэмжлэгч тал хүлээн авахгүй, дахин ашиглах боломжгүй гэсэн тул талууд 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн түрээсийн гэрээний 2.1.2, 2.2.6-д заасны дагуу шийдвэрлэхээр тохиролцсон тухайгаа шүүхэд тайлбарласан хэдийг ч баримтаар нотлоогүй гэж үзэн түрээсийн гэрээнд заасан тодорхой талуудын тохиролцоо, гэрээний нөхцөлд дүгнэлт хийлгүй Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасан ерөнхий зохицуулалтыг баримтлан түрээсийн төлбөр 11 078 258 төгрөг гаргуулсан. Үүнээс гадна түрээсийн гэрээгээр тохирсон алдангийн талаар дүгнэлт хийхдээ түрээсийн гэрээний 4.2-т зааснаар алдангийн хэмжээ хэд байх, хэдий хугацааны алданги төлөх эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй алданги авах эрхтэй байна гэж нэхэмжлэлд дурдсан хэмжээгээр гаргуулж хариуцагчид хохиролтой шийдвэр гаргасан тул шийдвэрт өөрчлөлт оруулж 16 617 387 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч А.Б-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 16 617 387 төгрөг, хүлээлгэн өгөөгүй байгаа 1 901 ширхэг бараа материалыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зарим бараа материалыг хүлээлгэж өгөөгүй тул уг эд зүйлийн үнэ болон түрээсийн төлбөрийг гаргуулна гэж, хариуцагч нь 1 901 ширхэг бараа материал эвдэрч байхгүй болсон түүний үнэд 3 093 080 төгрөг, түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 73 390 төгрөг, засварын зардалд 264 000 төгрөг нийт 3 430 470 төгрөг төлөх байснаас барьцааны 2 000 000 төгрөгийг хасч, үлдэх 1 430 470 төгрөг төлөхийг зөвшөөрнө, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

Зохигчид 10 хоногийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулан, эд зүйлийг хүлээлгэн өгч, тухай бүр гэрээний хугацааг сунгаж, тооцоо нийлдэг байсан гэж талууд тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэг хоногийн түрээс 198 000 төгрөгийг материалын тоо ширхэг, ашигласан хоногоор үржүүлж 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 887 хоногийн түрээсийн төлбөрт 12 740 868 төгрөгийг нэхэмжилжээ.

Гэтэл хариуцагч 1 901 ширхэг эд зүйл нь эвдэрч устсан талаар тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгч үүнийг үгүйсгээгүй, түрээсийн эд зүйл эвдэрч ашиглах боломжгүй болсон тохиолдолд уг эд зүйлийг гаргуулах болон түрээсэлж ашиг олох боломжгүй, харин хохирлоо шаардах боломжтой. Зохигчдын тайлбар түрээсийн гэх нэртэй бичгийн гэрээний агуулгаас үзвэл талуудад Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг үүссэн байх бөгөөд гэрээ дуусгавар болсон эсэх, гэрээний зүйлийн зарим хэсэг устаж үгүй болсон эсэх нь талуудын маргааны зүйл боловч шүүх уг үйл баримтыг тогтоогоогүй байна. Маргааны үйл баримт тогтоогдоогүй тул гэрээний төлбөр шаардах, эсхүл хохирол шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй.

Шүүх зохигчдын маргаж буй гэрээний зүйл устаж үгүй болсон эсэх, гэрээ дуусгавар болсон, эсхүл үргэлжилсэн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хангасан нь учир дутагдалтай, талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлоогүй, зохигчид маргаантай асуудлаар мэтгэлцсэн гэж үзэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00871 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

               ДАРГАЛСАН ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНХАНД

                                 ШҮҮГЧИД                                  Б.НАРМАНДАХ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ