Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/927

 

                 

С.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч С.Ц-н өмгөөлөгч Д.Энхцэцэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/- дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Ц-н өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор С.Ц-д холбогдох - дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ш овгийн С.Ц, - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /-/;

            Шүүгдэгч С.Ц нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн замд 2021 оны 3 дугаар сарын 4-ний шөнө 23 цаг 45 минутын орчимд “Toyota Alion” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/. энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” мөн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Б-г мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Шүүгдэгч С.Ц-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овгийн С.Ц-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар шүүгдэгч С.Ц-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ц-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хязгаарласан хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч С.Ц-н жолоодох эрхийн - дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, шүүгдэгч нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.Ц-н өмгөөлөгч Д.Энхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх С.Ц-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулж шийдвэрлэсэн. Учир нь, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч С.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа эрх хасах нэмэгдэл ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу өршөөл үзүүлээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “Энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана.” гэсэн байна. Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүх С.Ц-д ял оногдуулахдаа Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх” талаар дүгнэлтээ хэлсэн. Шүүх прокурорын дээрх дүгнэлтэд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргасан. Шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, 2 жил хорих ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хассан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн - дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч С.Ц нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн замд 2021 оны 3 дугаар сарын 4-ний шөнө 23 цаг 45 минутын үед “Toyota Alion” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” мөн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Б-г мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-н “...Манай төрсөн эгч Сийлэгмаа С.Б-г 1 настай байхад нь ... үрчилж авсан. Түүнийг төрүүлсэн эх нь Норовсүрэн гэж хүн байсан 1980 оны үед нас барсан. Манай эгч Сийлэгмаа нь 1973 онд нас барсан. С.Батжаргалаас өөр хүүхэд байхгүй. С.Батжаргалд надаас өөр таньж мэдэх хүн байхгүй тул би хууль ёсны төлөөлөгч болно. ...Талийгаачид өөрийн гэсэн гэр орон, эхнэр хүүхэд байхгүй ганцаараа байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хуулийн дагуу шийдүүлмээр байна. ...” /1хх 34-36/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч П.С-н “...Миний “Тоёота Аллион” маркийн - улсын дугаартай машиныг Ц унаад манай охин Ш, эхнэр П нарын хамт гэр рүүгээ явсан. Тэгээд удалгүй Ц залгаад хүн мөргөчихлөө гэж надад хэлсэн. Би ослын улмаас бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна. Автомашинд жолоочийн хариуцлагын даатгал байдаг. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1хх 41/,

гэрч Д.П-ын “...Ц “Тоёота Фит” маркийн машинаа ах Дын “Тоёота Аллион” маркийн - улсын дугаартай автомашинтай сольж унаад дүү Ш-ийг аваад гэр рүүгээ явсан. Сонсголонгийн замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байтал гэнэт манай машины урдуур нэг хүн гүйгээд ороод ирэхээр нь би “хүн” гээд хэлтэл, манай нөхөр тоормосоо гишгэтэл тухайн хүнийг мөргөөд зогссон. Ш-ийн утсаар цагдаагийн байгууллага болон түргэн тусламжийн төвд дуудлага өгсөн. Түргэн тусламжийн машин ирээд газарт унасан хүнийг үзээд нас барчихсан байна гэж хэлээд байж байтал цагдаагийн байгууллагын хүмүүс ирж хэмжилт хийсэн. ...” /1хх 49/,

С.Ц-н яллагдагчаар өгсөн “...2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 21 цаг өнгөрөөд ажил тарах үеэр төрсөн ах Д залгаад “ах нь Өлзийтийн постон дээр ирчихсэн байна, хоёулаа машинаа солиод чи миний машиныг засуулчих” гэж хэлэхээр нь 22 цан 30 минутын үед Өлзийтийн постон дээр очоод Д ахтайгаа уулзаад би өөрийн унаж явсан “Хондо фит” маркийн автомашинаа ахдаа өгөөд ах Д-ын унаж явсан “Тоёота Аллион” маркийн - улсын дугаартай автомашиныг сольж унаад ахынхаа хүүхэд болох Ш-ийг аваад эхнэр П бид 3 Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 6-14 тоотод байрлах гэр рүүгээ явах гээд Сонсголонгийн замаар өгсөөд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байтал миний явж байсан талын зүүн гар тал буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй нэг хүн гэнэт урдуур ороод ирэхээр нь би тоормосоо гишгээд тухайн хүн газар унаад өгсөн. Тэгээд тухайн хүнийг автомашинаараа мөргөтөл тухайн хүн газар унаад өгсөн. Тэгээд би машинаасаа буугаад хартал тухайн хүний толгой хэсгээс цус гоожсон байдалтай газар хэвтэж байхаар нь би цагдаагийн байгууллага болон түргэн тусламжийн төвд дуудлага өгсөн. Тэгээд удалгүй түргэн тусламжийн эмч нар ирээд тухайн мөргүүлсэн хүнийг үзээд нас барчихсан байна гэж хэлээд байж байтал цагдаагийн байгууллагын хүмүүс ирж хэмжилт хийсэн. ...” /1хх 145/ гэсэн мэдүүлгүүд,

Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Криминалистикийн шинжээчийн 05/082 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хэн болох нь тодорхойгүй хүний гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх гарын хээний дардас санд 5 удаа бүртгэгдсэн 62 настай Сийлэгмаа овогтой Батжаргалын гарын хээний дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. ...” /1хх 80-81/,

Шүүх эмнэлгийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 461 дугаартай “...Талийгаач С.Б-нцогцост баруун чамархайн хайрст хэсгээс доош хоёр салаалж, урд үзүүр суурийн зүүн дунд хонхорын урд ирмэг дагаж явж турк эмээл хүрч төгссөн, хойд үзүүр суурийн зүүн дунд хонхорын төв хэсэг хүрсэн шугаман хугарал, их тархины баруун талын бөмбөлгийн дух, зулай чамархайн дэлбэнийн төвгөр гадаргуу хоёр тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн төвгөр болон дотор гадаргуу, бага тархины хоёр тал бөмбөлгийн дээд гадаргуу хүзүүвч хэсэг, хоёр тал бөмбөлгийн ар гадаргуугаар тархмал аалзан хальсан доорх. цус харвалт, баруун чамархай, зулайн хуйхны дотор гадаргуу, баруун талын чамархайн булчин ясны шар хальсаны цус хуралт, баруун эгэм дотор 1/3 хэсгээр зөрсөн баруун нэг хоёр гурав, дөрөв, тав, зургаадугаар хавирганы далд хугарал, элэгний баруун дэлбэнгийн урагдал, язрал, дух, цох, баруун нүдний доод зовхи, баруун шанаа зүүн хөмсөг, хамрын нурууны зулгаралт, язарсан шарх, баруун чихний дэлбэнгийн зулгаралт, цус хуралт, дагзны хуйхны язарсан шарх, баруун чих, ташаа, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал, зам тээврийн ослын үед босоо байрлалд мөргөгдөх, цохигдох үед үүсгэгдэнэ. Талийгаач дээрх гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь ерөнхий судас хатуурал, баруун нүдний болор цайх эмгэг өвчтэй байна. Талийгаач нь АВО системээр А-/I/ бүлгийн цустай байна. ...Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. ...” /1хх 102-108/,

Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн “...Тоёота Аллион” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь автотээврийн хэрэгсэлд тавих стандартын шаардлагыг хангахгүй байна. ...” /1хх 127-130/ гэсэн дүгнэлтүүд,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн “... “Тоёота Аллион” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С овогтой Ц нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ... дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...” /1хх 135/ гэсэн магадлагаа,

хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх 5-18/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 21-28/, зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч С.Ц нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч С.Ц нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн замд 2021 оны 3 дугаар сарын 4-ний шөнө 23 цаг 45 минутын орчимд “Toyota Alion” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Б-г мөргөж амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хавтаст хэргийн материалыг шинжлэн судлахад, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл болон шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар шүүгдэгч С.Ц-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулсан атал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ц-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж 3 жил хорих ял оногдуулсан мэтээр бичигджээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчид оногдуулсан ялыг буруу бичсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдалд хамаарахгүй бөгөөд техникийн шинжтэй алдаа байна.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ц-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж зөвтгөн өөрчлөх нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч С.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзэв.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэсэн, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т хамаарч буй гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн ял болох хорих ялаас хоёр жилийг хасахаар хуульчилсан.

Иймд шүүгдэгч С.Ц-н өмгөөлөгч Д.Энхцэцэгийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүх, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан ялаас өршөөн хасах үндэслэлд шүүгдэгч С.Ц-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг хамаарч байгааг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-д оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарласан хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч С.Ц-н өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/- дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ц-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ц-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч С.Ц-н өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ