Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2013 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 171/2012/1554/И

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Тү.Энхжаргал даргалж, шүүгч Б.Цолмонбаатар, шүүгч Тө.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр,  тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух, Т*** овогт Г.С*** /регистрийн дугаар ****, утас ****/-ын нэхэмжлэлтэй 
Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг Пионерийн ** тоотод оршин суух, Л*** овогт Б.Б*** / регистрийн дугаар ****, утас ****/-д холбогдох 

“Гэм хорын хохирол 1,539,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.С***, хариуцагч Б.Б***, иргэдийн төлөөлөгч Д.Ч***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Тунгалагмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.С*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Миний бие нь 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дархан сумын Хээтэй хорооллын арын замд өөрийн эзэмшлийн **УНӨ машинтай явж байхад ** ДАХ дугаартай Б.Б***ын эзэмшлийн машинд мөргүүлж осол болсон. Уг ослоос болж миний машины засварын хөлс болон сэлбэг нь 3,821,000 төгрөг болсон. Үүнээс Б.Б*** нь эрүүгийн хэргийн шүүх хурал дээр ******* ХХК-иар үнэлүүлсэн 2,282,000 төгрөгийг надад өгсөн. Одоо зөрүү  1,539,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Б*** шүүхэд гаргасан тайлбартаа:
“Миний бие нь 2012 оны 10 дугаар сарын 06-ны өглөө хээтэй хорооллын арын замд Г.С***ын жолоодож явсан Тоёота приус маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүх хурлаар орж төлбөр мөнгийг нь бүрэн барагдуулж дууссан. 
Осол үйлдэгдсэний дараа Г.С***ын өөрийн сонгосон үнэлгээ тогтоох байгууллага болох ******* гэх газраар үнэлгээг тогтоолгосон бөгөөд үнэлгээ тогтоосон ажлын хөлс  72,000 төгрөгийг би тушаасан. Мөн түүнчлэн үнэлгээний газрын тогтоосон 2,271,700 төгрөгийг өгч хохирлыг бүрэн гүйцэт барагдуулан хохиролгүй болгосон гэж шүүхийн журмаар шийдвэрлэсэн.  
Энэхүү “*******” ХХК-ний үнэлгээний байгууллагын үнэлгээний дүгнэлтийн дагуу төлбөр мөнгийг бүрэн барагдуулсан тул Г.С***ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       

C:\Documents and Settings\All Users\Documents\2011\2013\шийдвэр\113.doc

ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.С*** нь хариуцагч Б.Б***т холбогдуулан автомашинд учирсан хохирлын  зөрүү  1,539,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
    Хариуцагч Б.Б*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ** ДАХ улсын дугаартай Хонда пит маркийн авто машиныг жолоодож явахдаа иргэн Г.С***ын эзэмшлийн **УНӨ улсын дугаартай Тоёота приус маркийн авто машиныг мөргөж, осол болсон газрыг санаатайгаар орхин зугтаасан гэмт хэрэг үйлдэж, иргэн Б.Ц*** эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл гэмтэл, иргэн Г.С***ын эд хөрөнгөд 2,281,200 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд  Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 211 дугаар шийтгэх тогтоолоор Б.Б***ыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж, улмаар осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болжээ.
    Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад “*******” ХХК-нийг шинжээчээр томилж, шинжээч нь  2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ** тоот дүгнэлтээр Г.С***ын унаж явсан **УНӨ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашинд  2,281,700 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэжээ.
Дээрх  ******* ХХК-ний үнэлсэн 2,281,700 төгрөгийн үнэлгээнд автомашины сэлбэг, ажлын хөлс, засварын зардал зэргийг оруулан тооцсон байна. 
    Хариуцагч Б.Б*** нь нэхэмжлэгч Г.С***ын эд хөрөнгөнд учруулсан хохиролд шинжээчийн дүгнэлтийн дагуу 2,282,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь  Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ** дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.     
    Нэхэмжлэгч Г.С*** нь шинжээч “*******” ХХК-ний үнэлгээг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1-т “Шинжээчийн дүгнэлт, эсхүл дүгнэлт гаргах боломжгүйг мэдэгдсэн түүний тайлбар, түүнчлэн шинжээчийг байцаасан тэмдэглэлийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчид хохирогчид танилцуулах бөгөөд тэдгээр нь дүгнэлт, тайлбарыг татгалзах, тайлбар өгөх, түүнчлэн шинжээчид асуулт тавих, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэхийг хүсэх эрхтэй”  заасны дагуу дахин үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргах эрхтэй байсан боловч тэрээр энэхүү хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна. 
    Иймд нэхэмжлэгч Г.С***ын “*******” ХХК-иар автомашинд учирсан хохиролыг үнэлсэн үнэлгээ 2,281,700 төгрөг гарсан боловч Эрүүгийн шүүх хурлаас хойш машиндаа сэлбэг 2,021,000 төгрөгөөр, Вьетнам засварын газрын ажилын хөлсөнд 1.700,000 төгрөг нийт 3,721,000 төгрөг зарцуулсан бөгөөд үнийн зөрүү 1,439,000 төгрөг, машин ачуулсны хөлс 100,000 төгрөг, нийт 1,539,000 төгрөг болсон тул хариуцагч Б.Б***аас гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Б.Б*** нь гэмт хэргийн улмаас автомашинд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. 
Иймд нэхэмжлэгч Г.С***ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шиййдвэрлэх нь зүйтэй байна. 
    
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С***ын хариуцагч Б.Б***аас гэм хорын хохиролд 1,539,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.С***ыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхийг дурьдаж, нэхэмжлэгчийн 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 39,574 төгрөгийг төрийн сангийн 190000941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г.С***од олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Тү.ЭНХЖАРГАЛ

ШҮҮГЧИД                       Б.ЦОЛМОНБААТАР

                                       Тө.ЭНХЖАРГАЛ