| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/0342/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/33 |
| Огноо | 2026-01-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2026/ШЦТ/33
2026 01 15 2026/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ийн ****д холбогдох эрүүгийн 2539000000418 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч **** нь согтуугаар 2025 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 03 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "****" баарны орчимд ****тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас болж маргалдах явцаа цохиж зодож биед нь эрүүний заадал болон зүүн сэртэн зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч ****: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж,
Үйл баримтын талаар:
Эрүүгийн дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч **** нь согтуугаар 2025 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 03 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "****" баарны орчимд ****тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас болж маргалдах явцаа цохиж зодож биед нь эрүүний заадал болон зүүн сэртэн зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-5, 6-7),
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирч, эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал авсан эсэхийг тодруулах иргэдийн судалгаа (хх-ийн 99),
Хохирогч ****ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (хх-ийн 118),
Мөнгөн шилжүүлгийн баримтууд (хх-ийн 100, 101, 124, 126),
Хохирогч ****ын “...2025 оны 10 дугаар сарын 07-ны орой 02 цагийн үед “****” баар луу хоёр найз ****, **** нарын хамт очсон. Баар луу очихоосоо өмнө 1 шил архи талтай нь уусан. Ногоон “Экс” гэх архи уусан. Согтолттой байсан. Бааранд ороод жоохон сууж байгаад тасарчихсан байсан. Ямар хүнтэй зодолдож муудалцсанаа санахгүй байна. Хажууд байсан найз мэдэж, нэг залуу зодсон гэсэн...Нийт 11 сая 800 мянган төгрөг дансаар холбогдогч ****гээс гаргуулж авсан...Үгүй ээ, сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Надад тэгэх шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-12, 114-115),
Иргэний нэхэмжлэгч ****н “...Хохирогч **** нь 124000/ нэг зуун хорин дөрвөн мянган төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн **** дугаарын данс руу шилжүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-ийн 79-80),
Гэрч Б.****ийн “...**** баар руу алхаад 02 цагийн үед очсон. Очоод гурвуулаа нэг, нэг, шилтэй “Сэнгүр” гэх пиво уусан. 03 цаг 20 минутад “****” баарнаас гарсан. ****, **** хоёр ертөнцийн зүгээр баруун тийш чигээрээ алхаад явчихсан. Би үлдээд такси олдохгүй байхаар нь баарны ойролцоо байсан нэг залууг хүргээд өгчих гээд хэлээд, ардаас нь очиход ****, **** хоёр танихгүй хоёр залуутай, муудалцаад зодолдож байсан. /яг юунаас болж зодолдсоныг нь мэдэхгүй байна/ Очоод салгаад “Одоо больцгоо” гээд хооронд нь эвлэрүүлээд, тамхи татаад сууцгаасан. Тэгэхэд ****ыг эрчмийн хувцастай нэг залуу нь юунаас болсныг нь мэдэхгүй нүүр рүү нь өшиглөчихсөн. Өшиглөсөн, залуу тэгээд шууд яваад өгсөн. Хамар, амнаас нь цус гараад тогтохгүй байсан. Тэгээд эхнэрээ дуудаад эмнэлэг рүү шууд яваад очсон. **** толгойгоо бариад орилоод байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20),
Гэрч ****гийн “...Манай нөхөр **** **** хоёр 21 цагийн үед гэрээсээ гараад явсан. Гэрээс гарахдаа архи, дарс уугаагүй гарсан. Би шөнө 00 цагийн үед нөхөр **** лүү залгаад “Ирэх болж байна уу?” гэхэд “Одоо очлоо. Караокед байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би унтаад өгсөн. Шөнө 03 цагийн үед ****ын эхнэр, “Нөгөө хоёр чинь хүнтэй муудаад байх шиг байна. Чи очоод аваач” гэж хэлсэн. Би нөхөр лүүгээ залгаад “Хаана байна” гэхэд “****” бааранд байна гэж хэлсэн. Очиход “****” баарнаас баруун тийшээ байрны гадна очиход **** доошоо хараад хэвтсэн, нөхөр **** хажууд нь зогсож байсан. Цус нэлээн гарчихсан, орилоод байсан. Тэгээд аваад шууд эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23),
Гэрч ****ын “...Тухайн өдөр ажил дээрээ байсан. Орой нь ажил тараад гэр лүүгээ хариад ажлын **** ахтай 22 цагийн үед ажлын гадаа таараад манайх руу очоод манайд 2 лаазтай пиво уугаад 23 цаг болж байхад “****” гэх баар руу орсон. **** баар ороод 2 пиво 0.5 граммын цагаан архи уусан. Баар хаах болж байсан. Шөнийн 03 цаг өнгөрөөд баарнаас гарсан. Баарнаас гарахад үүдэнд хүмүүс хоорондоо муудаж байсан. Тэгээд **** ах тэр хүмүүсийг боль гэж хэлчихээд баруун тийш гэр лүүгээ явж байгаад 5 дугаар багийн төвийн урд саадад тамхи татаад зогсож байхад гурван залуу ирсэн. Би бол сайн танихгүй хүмүүс байсан. Нэг нь нэлээн согтуу байсан. Тэгээд тэр нэг залуу нь агсамдаг маягтай байсан. **** танихгүй нэг согтуу залуутай нь муудаад байхад цуг явж байсан хоёр найз нь салгаад байсан. Салаад явах гэж байхад **** тэр залуу хоёр хоорондоо ноцолдож байсан. Газраар бөмбөрч байсан. Тэгээд би **** ахыг аваад нөгөө хоёр залуу нь найзыгаа аваад салсан. Хоорондоо цохиж, зодолдсон юм харагдаагүй. Тэгээд л гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27),
Шүүгдэгч ****гийн сэжигтнээр өгсөн “...Тухайн өдөр буюу 10 дугаар сарын 08-ны орой найзындаа очоод 2 лааз пиво уучихаад 01 цагийн үед **** сумын 5 дугаар багт байх “****” баар руу хамт ажилладаг дүү, ****ын хамт орсон. Дүүтэй 2 шилтэй пиво, 1 шил архи авч уусан юм аа. Тэгээд 03 цаг өнгөрч байхад баар хаахаас өмнө гараад гэр лүү явах гээд гарахад хэдэн залуучууд хоорондоо маргалдаж байхаар нь “Та нар одоо боль. Харьж амарцгаа” гэж хэлээд баруун тийшээ гэр лүүгээ явж байсан. Тэгээд 5 дугаар багийн өрхийн эмнэлгийн урд баарны гадаа байсан залуучуудтай дахин таарсан. Тэгээд тэр гурван залуугийн хоёрыг нь зүс мэддэг болохоор юм яриад зогсож байхад ардаас **** гэх залуу нэлээн согтуу хэл амаар доромжилж ирсэн. Тэгэхээр нь “Чи цаашаа бай” гэж түлхэхэд арагшаа нэг удаа унасан. Тэгээд дахиж босож ирээд надтай заамдалцаад ноцолдоод газраар өнхөрсөн. Тухайн үед миний өмсөж байсан хувцас урагдсан байсан. Тэгээд нөгөө залуучууд бид хоёрыг салгасан. Тэгээд салаад **** зүүн тийшээ салаад яваад өгсөн. Нэлээн согтолттой зүүнчээ алхаж байсан. Тэгээд хамт явсан дүү намайг аваад гэр рүү явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16),
Шүүгдэгч ****гийн яллагдагчаар өгсөн “...Би өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгсөн болохоор нэмж ярих зүйл байхгүй байна. Хохирогчоо гомдол, саналгүй болгосон байгаа. Ахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байх болно. Хохирол төлбөрт 4,300,000 төгрөг, мөн 500,000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 46-47),
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ХЭН0725/580 дугаартай “...1. 6. ****ын биед эрүүний заадал болон зүүн сэртэн зөрүүтэй хугарал, доод баруун 1,2-р шүд, зүүн 1,2-р шүдний сулрал, буйланд цус хуралт, зүүн сарвуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр. олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.
2.3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. 5. Дээрх гэмтлүүдээс эрүүний заадал болон зүүн сэртэн зөрүүтэй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Доод баруун 1,2-р шүд, зүүн 1,2-р шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн сарвуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 30-32) болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг: “...Шүүгдэгч **** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байгаа учраас түүнийг гэм буруутайд тооцож өгөөч гэсэн саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ****ын биед хүндэвтэр хохирол учирсан байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн зүгээс хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байгаа учраас шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг шүүхийн шийдвэрт тусгаж өгөөч гэсэн саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч: “...Би ахиж ийм асуудал гаргахгүй гэдгээ л хэлье...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч **** маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч **** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутай гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч **** нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч ****гийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч **** нь хохирогч ****ыг зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч **** нь хохирогч ****ын нүүр лүү нь өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд эрүүний заадал болон зүүн сэртэн зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ****гийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч ****ын биед эрүүний заадал болон зүүн сэртэн зөрүүтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдсон хүндэвтэр хохирол учирсан байна.
Шүүгдэгч **** нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирогчид эмчилгээний зардалд 11,800,000 төгрөг, мэдүүлэг өгөх зорилгоор Хэнтий аймгийн Цагдаагийн газарт ирсэн шатахууны зардалд 167,803 төгрөг тус тус төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтууд (хх-ийн 101, 124, 126)-аар тогтоогдож байна. Мөн шүүгдэгч **** нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 124,000 төгрөгийг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 100)-аар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ****г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ****гээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хохирогч **** нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг: “...Шүүхээс шүүгдэгч ****г хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Тиймээс шүүгдэгч ****гийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч ухамсарлан ойлгож байгаа, хохирогчид учирсан хор уршгийг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй мөн шүүгдэгчийн тухайд 2-16 насны насанд хүрээгүй бага насны 6 хүүхэдтэй байгаа зэрэг байдлыг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялыг оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр саналыг гаргаж байна. Энэ хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарсан зардалгүй болохыг тусгаж өгөөч гэсэн саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ****: “...Хэлэх үг байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч ****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****ийн ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийн ****д 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч **** нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА