| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2022/04097/И |
| Дугаар | 184/ШШ2022/03320 |
| Огноо | 2022-10-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 184/ШШ2022/03320
2022 10 27
184/ШШ2022/03320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *************** гудамж, *************төв хаягт байрлах, ************************** ХХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***************** тоотод оршин суух, Эмээлчин овогт ************************** /РД:************/-т холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 3,010,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Эрхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ************************** ХХК-иас нэхэмжлэлдээ:
...Манай компани нь иргэн С.*************тай 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Худалдаа үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан, 2022 оны 01 дүгээр сарын 01-н хүртэл гэрээ сунгагдсан байдаг.
Уг гэрээний дагуу С.************* нь *************төвд В0103200100 кодтой 57,5 м.кв талбайг хүүхдийн хувцасны худалдаа, үйлчилгээ явуулахаар түрээсэлсэн. Бид нэг сарын түрээсийн төлбөр 2021.01.01-2021.07.01-ний өдрийг хүртэл 900,000 төгрөг байхаар, 2021.05.01-ний өдрөөс гэрээг дуусах хүртэл 1,100,000 төгрөг байхаар тохиролцсон.
Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2-д Түрээслэгч нь түрээсийн байрыг биеэр очиж шалгасан бөгөөд түрээсийн байрыг тухайн нөхцөлөөр ямар нэгэн нэмэлт өөрчлөлтгүйгээр хүлээн авч түрээслэхийг зөвшөөрсөн гэж талуудын тохиролцоог тусгасан төдийгүй гэрээ байгуулагдсанаар түрээслэгч С.*************т 57,5 м.кв талбайг хүлээлгэн өгч, С.************* нь түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Гэтэл С.************* нь түрээсийн талбайг хүлээн авснаас хойш түрээсийн гэрээний төлбөрийг удаа дараа зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд манай компанийн зүгээс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гэрээг цуцлах санал хүргүүлэхгүй байсаар ирсэн төдийгүй биелүүлээгүй үнийн дүн болох 4,330,000 төгрөгт хөнгөлөлт олгож нийт авлагыг 3,010,000 төгрөг болгож эргэн төлөлтөнд хүртэл график гаргаж гэрээний үүргээ биелүүлнэ хэмээн найдсаар байна. Улмаар С.************* нь гэрээний хугацаанд түрээсийн төлбөрт нийт 3,010,000 төгрөг төлөөгүй болох нь санхүүгийн баримтаас харагддаг. Мөн түрээсийн гэрээний 7.2-д Түрээслэгч гэрээнд заасан хугацаанд гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж заасан алдангийг нэхээгүй. Зөвхөн талбай түрээслэх гэрээний үүрэгт төлөөгүй үлдсэн үлдэгдэл төлбөр 3,010,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж 63,110 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 228 дугаартай худалдаа, үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээ, С.*************ын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа, С.*************ын өргөдөл, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ.
3. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт С.*************аас О.*************т олгосон итгэмжлэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ************************** ХХК-иас хариуцагч С.*************т холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 3,010,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.
2. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс талбайг чөлөөлөх хүсэлт гаргаж төлөх төлбөр, арга замын талаарх тохирсон хэдий ч үүргээ гүйцэтгээгүй тул түрээсийн төлбөрөө шаардана гэж тайлбарладаг.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.************* нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гардаж авсан, түүнд хуульд заасан хариуцагчийн эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч татгалзсан, эсхүл зөвшөөрсөн хариу тайлбарыг, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Эрхээ эдлэх, үүргээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг шүүхээс хязгаарлаагүй болно.
4. Хариуцагч С.*************ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.************* хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хуульд заасан үндэслэл болох хэдий ч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, хуулийн 116.3-т Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэснийг тус тус баримтлан мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
5. Хавтаст хэрэгт авагдсан баримт болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хэлбэрийн шаардлага хангасан худалдаа, үйлчилгээний зориулалтаар талбай түрээслүүлэх гэрээ, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан бодит үнэнд нийцсэн байх шаардлага бүхий нэхэмжлэгчийн тайлбараар нэхэмжлэгч ************************** ХХК, хариуцагч С.************* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр №RD/21/228 дугаартай Худалдаа, үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, Москвагийн гудамж, *************хүнс, барааны зах, 1 давхарт байрлах 57,5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэхээр, хариуцагч талбай ашигласны хөлсийг төлөхөөр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.
6. Гэрээний агуулга, нөхцөлөөс үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 318 дүгээр зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн ба талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
7. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй.
8. Нэхэмжлэгч түрээсийн гэрээний 1.3-т заасны дагуу хариуцагчид 57,5 м2 талбайг зориулалтын дагуу ашиглуулахаар шилжүүлсэн, 6.2.2-т заасны дагуу гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагч С.*************ын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр *************төвийн удирдлагад гаргасан ...6,7,8 сард ямар түрээсийн хөнгөлөлт байхгүйн дээр бүтэн 3 сарын түрээсийг 8 сардаа багтааж төл гэсэн хэцүү нөхцөл үүссэнээс болж түрээсийн хуримтлал үүсч төлж чадахгүйд хүрч байгаа учраас талбайгаа чөлөөлж өгөхөөс аргагүйд хүрлээ гэх өргөдлөөр тогтоогдож байх тул хариуцагч С.*************т түрээсийн төлбөрийг хариуцуулах нь зүйтэй.
9. Нэхэмжлэлийн шаардлага буюу хариуцагчаас гаргуулах түрээсийн төлбөрийн хэмжээ 3,010,000 төгрөгийг үгүйсгэсэн, татгалзсан тайлбар, баримтуудыг хариуцагч С.*************, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.************* нараас шүүхэд ирүүлээгүй бөгөөд тухайн хэмжээгээр түрээсийн төлбөрийн хэмжээг тооцсон нь талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ, түрээслүүлэгчид хандан гаргасан түрээслэгчийн өргөдөл, өргөдлийг шийдвэрлэх тухай цохолт, тэмдэглэл, нэхэмжлэгч талын тайлбараар үндэслэл бүхий байна гэж үзэв.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*************т шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцэж байгааг тэмдэглэж байна.
11. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч С.*************аас түрээсийн гэрээний үүрэгт 3,010,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************************** ХХК-д олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 63,110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.*************аас 3,010,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ************************** ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.*************аас улсын тэмдэгтийн хураамжид 63,110 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ************************** ХХК-нд олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 63,110 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ