| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2026/0013/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/38 |
| Огноо | 2026-01-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2026/ШЦТ/38
2026 01 16 2026/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан
Улсын яллагч Н.Амгалан
Шүүгдэгчийн өмгөөлөгч ****
Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****гийн ****т холбогдох эрүүгийн 2539000000387 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч **** нь 2025 оны 08 дугаар сард Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар баг **** гэх газраас хохирогч ****ын өвөлжөөнд байсан автомашины грашийн хана болох 11см өргөн, 3см зузаан, 3.40м урттай 11 ширхэг, 11 см өргөн, 3 см зузаан, 2.70 м урттай 10 ширхэг, 11 см өргөн, 3 см зузаан, 2.40 м урттай 9 ширхэг, 11 см өргөн, 3 см зузаан, 2.35 м урттай 4 ширхэг, 11 см өргөн, 3 см зузаан, 2.80 м урттай 4 ширхэг, 11см өргөн, 3 см зузаан, 2.45 м урттай 1 ширхэг, 11 см өргөн, 3 см зузаан, 1.75 м урттай 1 ширхэг нийт 40 ширхэг нарийн банзан мод, малын саравчны мод болох 20 см өргөн, 5 см зузаан, 3.98 м урттай 31 ширхэг, 22 см өргөн, 3 см зузаан, 5.68 см урттай 7 ширхэг, 14 см өргөн, 7.5 см зузаан, 2.34 м урттай 4 ширхэг, 14 см өргөн, 4 см зузаан, 2.75 м урттай 6 ширхэг, 19.5 см өргөн, 4.5 см зузаан, 2.15 м урттай 3 ширхэг, 5.9 см өргөн, 3.6 см зузаан, 1.66 м урттай 14 ширхэг нийт 65 ширхэг банзан мод, мал усалгааны сав болох 60 см өргөн, 35см зузаан, 1.75 м урттай хүнхэр хэлбэрийн шар өнгийн оруулгатай төмөр сав зэргийг **** улсын дугаартай Istana маркийн тээврийн хэрэгсэл ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ****т 1,450,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч ****: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэж мэдүүлжээ.
Үйл баримт
Эрүүгийн 2539000000387 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч ****ын 2025 оны 08 дугаар сард Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар баг **** гэх газраас хохирогч ****ын өвөлжөөнд байсан автомашины грашны хана болох 11см өргөн, 3см зузаан, 3.40м урттай 11 ширхэг, 11 см өргөн, 3 см зузаан, 2.70 м урттай 10 ширхэг, 11 см өргөн, 3 см зузаан, 2.40 м урттай 9 ширхэг, 11 см өргөн, 3 см зузаан, 2.35 м урттай 4 ширхэг, 11 см өргөн, 3 см зузаан, 2.80 м урттай 4 ширхэг, 11см өргөн, 3 см зузаан, 2.45 м урттай 1 ширхэг, 11 см өргөн, 3 см зузаан, 1.75 м урттай 1 ширхэг нийт 40 ширхэг нарийн банзан мод, малын саравчны мод болох 20 см өргөн, 5 см зузаан, 3.98 м урттай 31 ширхэг, 22 см өргөн, 3 см зузаан, 5.68 см урттай 7 ширхэг, 14 см өргөн, 7.5 см зузаан, 2.34 м урттай 4 ширхэг, 14 см өргөн, 4 см зузаан, 2.75 м урттай 6 ширхэг, 19.5 см өргөн, 4.5 см зузаан, 2.15 м урттай 3 ширхэг, 5.9 см өргөн, 3.6 см зузаан, 1.66 м урттай 14 ширхэг нийт 65 ширхэг банзан мод, мал усалгааны сав болох 60 см өргөн, 35см зузаан, 1.75 м урттай хүнхэр хэлбэрийн шар өнгийн оруулгатай төмөр сав зэргийг **** улсын дугаартай Istana маркийн тээврийн хэрэгсэл ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ****т 1,450,800 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 2),
****ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 3-4),
Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-7, 8-10, 18-19),
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 14, 15-17),
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 21-22),
Хохирогч ****ын “...Би 2025 оны 08 дугаар сарын сүүлээр намаржаандаа буусан. Тэгээд удалгүй эхнэр болох **** Улаанбаатар хот руу яваад би хөдөө гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд би малдаа явж байгаад хашаан дээгүүрээ очтол автомашины грашийн 2 хажуу талын хананд байсан нарийн банзан моднууд, малын саравчны урд талын 1 хана, 2 хажуу талын хана, хойд талын хананд байсан банзан моднууд, мал усалгааны сав болох том төмөр материалтай хүнхэр хэлбэртэй савнууд байхгүй байсан. Машины мөр байсан. Тэгээд би ойролцоох айлуудын малын саравчаар явж үзэхэд манай нутгийн айл болох **** гэх хүний малын саравчинд манай алдсан гэх малын саравч, автомашины грашийн банзан моднууд, мал усалгааны төмөр сав байсан...Би **** гэх хүнтэй 2025 оны 09 дүгээр сарын дундуур уулзсан. Өдрийг нь сайн санахгүй байна. **** надтай уулзаад “Намайг уучлаарай. Би танай хашааны банз моднуудыг авсан юм. Та гомдлоо буцааж болохгүй юу” зэргээр хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-32, 35-36),
Хохирогч ****ын дахин өгсөн “...Нутгийн залуу болох **** манай эхнэр ****тэй 2025 оны 07 дугаар сард таараад шатсан саравчийнхаа үлдэгдэл юмнуудыг тарааж байгаа талаараа хэлсэн байсан. Учир нь манай саравч хээрийн түймэрт шатсан юм. Нутгаа цэвэрлэх зорилгоор нутгийн хүмүүст шатсан саравчныхаа үлдэгдэл юмнуудыг тарааж өгч байсан. Одоо ч хүртэл тарааж өгч байгаа. Энэ талаар манай эхнэр **** саяхан санаад би энэ талаар нэмж ярьж байна. Манайх 2025 онд хээрийн түймэрт өртөөд, малаа алдаад бухимдалтай, стресстэй зарим юмнуудаа мартаад байгаа юм. Би хөдөө мал дээрээ ихэвчлэн ганцаараа байдаг. Учир нь манай эхнэр **** хүүхдүүд рүүгээ ойр ойрхон явдаг болохоор эхнэр бид 2 тухтай уулзаж чаддаггүй юм аа...” гэх мэдүүлэг (хх-ийн 39-40),
Гэрч ****ийн “...Манай нөхөр **** 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр над руу утсаар яриад “Манай шинэ барьсан хашааг хүн ачаал явсан байна. Алга болчихсон байна” гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотоос ирээд саахалт айлуудын малын саравчуудаар хашааныхаа модыг хайгаад явж байтал манай нутгийн айл болох ****ын өвөлжөөний хашаан дотор хураалттай байж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 43-44),
Гэрч ****ийн дахин өгсөн “...Өмнө буюу 2025 оны 07 дугаар сарын 10-даар нутгийн малчин болох ****тай таарахдаа "Манайх шатсан малын саравчаа хүмүүст тарааж байгаа" гэж хэлсэн. Тэгсэн **** нь "Танайх малын саравчаа тарааж байгаа юм бол би авъя" гэж хэлж байсан. Тэгэхээр нь ****ыг очоод авчих гэж хэлж байсан. Тухайн үед манайх одоо байгаа газраасаа хол **** сумын урд талаар урсах Хэрлэн голын урд талд зусаж байсан. Өмнөх мэдүүлэгтээ ярихаа мартсан байсан. Учир нь үхрээ алдсан байсан болохоор бухимдалтай, хашаа саравчны талаарх бодолгүй байсан. Тухайн үед саравчнаасаа нутгийн хүмүүст өгч байсан. Одоо үлдэгдэл шатсан төмрүүдээ нутгийн хүмүүст өгч байгаа. Учир нь шатсан нутгаа цэвэрлэх шаардлагатай байгаа юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 47-48),
Гэрч ****ын “...**** сумын 3 дугаар багийн иргэн **** нь малын хашааны модоо **** сумын 3 дугаар багийн нутаг **** уулын зүүн талд байдаг **** гэх хүний өвөлжөөний хашаанаас олсон гэсэн. Нутгийн хүмүүс ярьж байсан. Мөн 2025 оны 09 дүгээр сарын дундуур **** гэх хүн ****ын малын хашааны модыг буцааж өгсөн болон малын хашааг нь барьж өгсөн гэж нутгийн хүмүүс ярьж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 54-55),
Гэрч ****ийн “...Би нутгийн хүмүүсээс **** сумын 3 дугаар багийн малчин **** гэх хүний хашаан дотор ****ын саравч хураалттай байсан гэж сонсож байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 57-58),
Гэрч ****ы “...**** гэх хүний малын хашаа саравчны модыг **** сумын 3 дугаар багийн малчин **** гэх хүн авсан талаар нутгийн хүмүүс ярьж байхыг сонссон. Мөн **** гэх хүний малын хашаа саравчийг **** гэх хүн барьж өгсөн гэж сонссон...” гэх мэдүүлэг (хх-ийн 60-61),
Гэрч ****ийн “...**** 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай хөдөө гэрт ирээд надад хандаж "**** сумын 3 дугаар багт байх **** гэх хүний малын саравчийг би авсан юм. Одоо буцаад барих хэрэгтэй болчихлоо. Чи хамт барилцаад өг" гэж хэлсэн. Тэгээд **** сумын 3 дугаар баг “Овоот” гэх газарт 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр малын саравч барьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 64-65),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШД-418 дугаартай “...эд зүйлийн зах зээлийн үнэлгээг 1,450,800,0 /нэг сая дөрвөн зуун тавин мянга найман зуу/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 69-72),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШД-414 дугаартай “...**** улсын дугаартай Ssangyong Istana маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2024 оны 11 сарын байдлаар 2,782,416.96 төгрөгийг бүхэлчлэн 2,780,000.0 /хоёр сая долоон зуун наян мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 78-81),
Шүүгдэгч ****ын яллагдагчаар өгсөн “...Би 2025 оны 07 дугаар сарын эхээр манай нутгийн танил ****ын эхнэр болох ****тэй **** сумын төв дээр явж байгаад тааралдсан. Тэгээд ойр зуурын юм ярьж байтал **** нь “Манайх голын урагшаа нүүх гэж байгаа нутаг орноо цэвэрлэх санаатай ганц нэг банз модоо хүн амьтанд тараасан” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Би танай саравчны банзнаас чинь авч болох уу” гэж асуухад “Хэрэгтэй юм байвал авахгүй юу даа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2025 оны 07 дугаар сарын дундуур очиж шатсан саравчнаас нь харж байгаад гайгүй банзнууд авсан. Мөн мал усалгааны "Пошк" байхаар нь авсан... 2025 оны 07 дугаар сард хохирогч ****ын эхнэр ****тэй тааралдахад нутаг орноо цэвэрлэж байгаа ганц нэг шатсан муудсан банзнаасаа хүнд өгч байгаа гэхээр нь би авч болох уу гэж асуусан чинь ганц нэг муудсан банз авбал авахгүй юу даа гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн “Истана” маркийн тээврийн хэрэгслийг унаад тухайн шатсан саравчнуудаас шатаагүй хэсгээс нь буюу гайгүй банзнаас нь түүгээд авчихсан юм аа. Би ****ийг ганц нэг хуучирсан банз авбал ав аа гэхээр нь би дур мэдээд гайгүй банзнуудаас нь авчихсан нь миний буруу тийм учраас би гэм буруугаа хүлээж байна. Хохирогч нараасаа уучлалт гуйя аа...” гэх мэдүүлэг (хх-ийн 94-95, 154-155) болон шүүгдэгч ****ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Н.Амгалан: “...Хэрэгт авагдсан хохирогчийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хохирогч ****ын 2 удаа өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 418 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд Шүүгдэгч **** овогт ****ы **** нь 2025 оны 08 дугаар сард Хэнтий аймгийн **** сумын “****” гэх газраас хохирогч ****ын өвөлжөөнд байсан автомашины грашийн хана, малын хашааны мод, хөх өнгийн малын усалгааны сав зэргийг **** улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан зөвшөөрөлгүй хууль бус, нууцаар авч хохирогч ****т 1.450.800 төгрөгийг хохирол учруулсан болох нь хангалттай тогтоогдож нотлогдсон байна гэж үзэж байгаа учраас шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын тухайд уг гэмт хэргийн улмаас хохирогч ****т 1.450.800 төгрөгийг хохирол учирсан байгаа. Шүүгдэгч ****ын тухайд тухайн хулгайлсан хашааны банз модыг буцаан барьж өгсөн, хохирогчоос гомдол саналгүй гэх хүсэлтийг хэрэгт хавсаргуулсан байгаа тул шүүгдэгчийг хохирол төлбөргүйд тооцох саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ****: “...Тухайн хэрэг явдлыг юуны түрүүнд товч ярихгүй бол болохгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаан миний үйлчлүүлэгч **** анх хохирогч ****ын банзаа хэрхэн олж авсан нь үнэхээр үнэн юм аа. Учир нь энэ хэрэг болсноос хойш хохирогч **** нь өөрийн 3 тооны үхрээ алдсан асуудал болсон байдаг. Энэ явдлаас өмнө 2025 оны 4 дүгээр сард Хэнтий аймгийн **** сумын нутаг дэвсгэр хээрийн түймэрт автаад олон айл мал, эд хөрөнгө, гэр орон бүх төрлөөр шатаж хохирсон асуудал байдаг. Энэ хээрийн түймрийн улмаас хохирогчийн гэр, малын хашаа саравч, эд хөрөнгө бүх зүйл шатаж үрэгдэж үгүй болсон асуудал үүссэн байдаг. Ингээд тухайн айл бол 2025 оны 8 сараас эхлээд **** сумын түймэрт өртсөн хэсэгт байж байснаа урагшаа буюу голын урд хэсэг рүү нүүсэн байдаг. Ингээд 2025 оны 7 дугаар сард Хэнтий аймгийн **** сумын төв дээр хохирогч **** гэдэг хүний эхнэр ****тэй миний үйлчлүүлэгч таарсан байдаг. Таараад шатсан хашаа саравчнаасаа ганц нэг хүнд модыг нь өгсөн. Бүр нүүрс болчихсон юмыг хүн авахгүй шүү дээ гээд хэлэхэд нь танайх тэгж өгч байгаа бол би очоод авчихъя гэж хэлсэн байдаг. Тухайн үед хохирогчийн эхнэр **** очоод авчихгүй юу даа гэж хэлсэн талаар өөрөө ч мэдүүлэгтээ өгдөг, миний үйлчлүүлэгч ч гэсэн мэдүүлэгтээ энэ талаар дурдсан байдаг. Яг тухайн үед бол хохирогч **** өөрийнхөө эд хөрөнгө, гэр орон, хашаа саравч нь галд шатсан, өмсөх хувцаснаасаа өөр юмгүй байдалтай байхад өөрийнх нь малаас 3 тооны үхрийг хулгайч аваад явчихсан. Тэгэнгүүт нь яасан гэхээр ****т суманд **** гээд 2 удаа хулгайн хэргээр явж байсан энэ нөхөр л манай малыг авчихсан байж магадгүй сэжиглэсэн юм шиг байгаа юм. Ингээд сэжиглээд үхэр малаа хайж явах үедээ ****ынхаар орсон. Энэ үед нь хашаа саравчных нь мод байгааг анх харсан байдаг. Ингээд тухайн үедээ би нэлээн уур бухимдалтай байсан болохоор цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасан гэдэг талаараа ч цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байдаг. Ингээд яасан гэхээр эхнэр **** Улаанбаатар хотод хүүхдүүдтэйгээ байдаг. Нөхөр бол ганцаараа хөдөө малаа хараад байдаг байсан. Мал хуйгаа алдчихлаа л гэж ярьсан болохоос тухайн хашаа саравчныхаа талаараа айхтар яриагүй юм шиг байгаа юм. Ингээд сүүлд нь цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасныхаа дараагаар эхнэр **** нээрээ 7 сард ийм асуудал болсон шүү гэж хэлсэн байдаг. Ингээд хэлсний дараагаар мэдээж хөдөөгийн хүмүүсийн хувьд бол хүнийг гүтгэчихсэн байх вий дээ. Мэдээгүй байж байгаад тэгсэн байх вий дээ гээд цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө энэ асуудал бол 7 сард манай эхнэртэй уулзаад хэлсэн байсан юм байна аа. Сэтгэл санаа тогтворгүй, бүх юмаа галд шатаачихсан, мал хуйгаа алдчихсан ийм байдалтай байгаад хоорондоо ярилцахгүй явсаар байгаад эхнэр **** надад хэллээ гэдэг талаараа цагдаад хэлсэн байдаг. Энэ дээр хохирогч нарт нөлөөлөөд ингээд хэлээд өгчих гэсэн зүйл байхгүй. Хохирогч нар бол өөрсдөө голын урд нэлээн зайтай байсан. Хэдийгээр анх эд зүйлээ хулгайд алдчихлаа гэж мэдүүлэг өгсөн байж болох ч хүн мартаж санаж болно. Тухайн үеийн сэтгэлзүй ямар байх юм худлаа ярьж болно оо. Энэ дээр хохирогч нар худлаа яриад байна гэдэг байдлаар дүгнэж болохгүй юм гэж өмгөөлөгчийн зүгээс бодож байгаа. Тэгэхээр хохирогч, гэрч нарын зүгээс сүүлд санасан гэдэг асуудлыг ярьсан. Ингээд ****ын хувьд хохирогчийн эхнэр ****тэй уулзаад намайг банз аваарай гэж хэлсэн учраас гүйж очоод авсан гэдэг ийм асуудлыг ярьдаг. Энэ нь ч бас хохирогчийн болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдоод байдаг. Яг тухайн үед чи битгий шатаагүй банзнаас аваарай ч гэдэг юм уу, тэрнээс битгий аваарай ч гэдэг юм уу эсвэл төдөн ширхэг банз аваарай гэдэг яриа огт болоогүй. Энэ дээр ганц нэг муудсан банзнаасаа тарааж байгаа гэдэг асуудал ярьдаг. Ер нь нэлээн хэдэн хүнд өгсөн байдаг юм билээ. Бид нар хөдөөгийн хүмүүсийг тэр болгон гэрчээр асуулгах шаардлагагүй ээ. Нэгэнт л хохирогч өөрөө ингэж байгаа гэдэг байдлаар асуулгаагүй. Ингээд ****ын хувьд саравчны банзнуудаас авсан асуудал байдаг. Тухайн үед тэр чигтээ галд өртөж байгаа асуудал байгаа учраас бүтэн мод буюу огтоосоо цэвэр цагаан мод байхгүй. Ихэнх хэсэг нь шатчихсан, зурагт бүтэн мэт харагдаад байгаа банзнууд нь дороосоо бараантаад харласан байдалтай байсан. Ийм банзнуудыг авсан. Усны сав авсан талаар ярьж байна. Усны сав үлдээгээрэй гэдэг асуудал огт яриагүй. Усны савны хувьд бүтэн пошкийг голоор нь хуваагаад жижигхэн ойр зуурын ус хийдэг сав байсан юм билээ. Мөн л адилхан энэ сав түймрийн улмаас харлаж түлэгдсэн нөхцөл байдалтай байсан байгаа. Миний үйлчлүүлэгч хувьд анхнаасаа л энэ хэргийг хийгээгүй гэдэг байдалтайгаар явж ирсэн. Өмгөөлөгчийн хувьд эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учраас хаширлаад миний хувьд хялбаршуулан шийдвэрлүүлэх нь зөв юм гэсэн ийм бодолтой байна гэдэг зүйлийг ярьсан. Ингээд үйлчлүүлэгч маань зөвшөөрөөд өмнөх шүүх хуралдаад хялбаршуулаад орж ирсэн боловч өөрөө нэгэнт хийгээгүй зүйлийг ярих хэцүү байна гэдгээ надад ярьсан. Өнөөдөр надтай уг нь би бол зөвшөөрөл авсан, хулгай хийгээгүй гэж яриад байгаа мөртөө өөрийгөө илэрхийлэх чадвар муутай л даа. Яг гэмт хэрэг хийснээ зөвшөөрч байна уу гэхээр зөвшөөрч байна гээд 2 салаа ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байна. Өмгөөлөгчийн хувьд ч гэсэн шүүх хурал эхлэхийн өмнө бол ийм байр суурьтай оролцъё, үнэхээр та зөвшөөрөхгүй байгаа бол ингэе гээд гарсан боловч одоо өөр зүйл яриад байгаа нь ойлгомжгүй байна. Гэхдээ хуулийн мэдлэггүйгээсээ болоод тухайн асуултыг ойлгохгүй байна уу даа гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Ингээд тухайн **** сумын Засаг даргын захирамжаар хээрийн түймэрт өртсөн айл өрхүүдийн хохирлын хэмжээг тогтоосон. ****ын хохирлын хэмжээг би түрүүн нотлох баримт шинжлэн судлахдаа хэлсэн. ****ын хувьд 2-3 хэсэг том саравчтай айл юм билээ. Тэгээд энэ хохирлын тооцооноос харах юм бол 4-5 саравчтай тухайн саравч нь бүгдээрээ галд өртөж хохирсон гэдэг нь тогтоогдсон. Тэгэхээр энэ дээр огт галд өртөөгүй бүтэн байсан гэдэг зүйл байхгүй байсан нь харагддаг. Тэгэхээр галд өртөж байсан нь үнэн байна уу үнэн байна гэдэг нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Нөгөөтэйгөөр хохирогчийн эхнэрт мэдэгдсэн байна уу мэдэгдсэн байна. Улсын яллагч яагаад ойрхон байсан юм бол очоод асууж болоогүй юм бэ гээд асуугаад байна. Нэгэнт гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэрт нь хэлсэн байхад ахиж гүйж очиж нөхөрт хэлэх шаардлага байхгүй. 2 дугаарт гэхийн бол тухайн **** гэдэг айлынх голын урд руугаа шатаагүй эрүүл газар руу нүүсэн байгаа. Тиймээс ****ын хувьд яг тэгж санаагүй байдлаар очоод авчихсан ийм байдал байгаад байгаа. Ингээд хэргийг ерөнхийд нь тал талаас нь шалгасан. Хохирогч нар өөрсдийгөө мартаж санасан байсан талаараа хэлсэн. Энэ байдлыг шалгаж тогтоож байх явцад сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгох хэд хэдэн үндэслэл байгаа. 1. Гэмт хэргийг үүсгэх нөхцөл байдал тогтоогдож байна. Яагаад вэ гэхээр миний дээр ярьсан хохирогчийн болон гэрчийн мэдүүлэг, холбогдох эрх бүхий албан тушаалтнуудын дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзэж байна. Үнэхээр хулгайн гэмт хэрэг мөн үү гэхээр хохирогч, гэрч нь үгүйсгээд байдаг ийм нөхцөл байдал тогтоогдож байгаа. 2. Гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэж үзэж байна. Яагаад гэхээр тухайн үед хохирогч **** мал хуйгаа алдчихсан, орон гэрээ галд шатаалгачихсан хүн бол нэлээн ширүүн харьцсан юм шиг байгаа юм. Тэр үед бол эхнэр нь ****тай уулзсан тэр талаараа хэлээгүй байж байгаад хашаа саравчийг маань чи барьж өг гэхээр нь за уучлаарай авчихсан хашаа саравчийг нь бариад өгье гэдэг асуудал л байдаг. Тэрнээс бол би хулгайлаад авчихсан юм аа гэдэг тийм асуудлыг яриагүй. Авсан нь үнэн. Авахдаа эхнэр ****ээс зөвшөөрөл авсан. Харин тэр талаараа хэлээгүй. Хашаа саравчийг чинь тэр дор нь бариад хохирол мөнгийг чинь өгье гэдэг ийм л асуудал байгаа. Нутгийн гэрчүүдийн мэдүүлэг байгаад байдаг. Жишээлбэл гэрч **** гээд эдгээр хүмүүсийн мэдүүлгээр хохирогчийг эд зүйлээ хулгайд алдсан ч гэдэг юм уу ****ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж шууд үнэлж дүгнэх боломжгүй. Яагаад гэхээр эдгээр хүмүүс болохоор ****ынх тухайн саравчаа алдсан гэсээн, тэрийг нь **** авсан гэсэн гэдэг ийм дамжмал байдлаар буюу тухайн ****ын эд хөрөнгөө хулгайд алдсан гэдэг байдлаар цагдаад хандсаныг нь сонсчихсон ийм л юм болсон. Энэ талаар л ярьсан гэрчүүдийн мэдүүлэг л байдаг. Тэрнээс яг ****ыг гэм буруутайд тооцуулаад яг хулгайн гэмт хэрэг үйлдсэн, шунахайн сэдлээр авчихсан юм байна шүү гэдэг ийм нөхцөл байдал огт байхгүй. Хохирогч маань ч өөрөө мэдүүлгээ үгүйсгээд урд мэдээгүй байсан гээд яриад байдаг. Гэрч маань ч өөрөө ярьдаг. Бусад нотлох баримтуудаар ч нотлогдчихдог. Харин улсын яллагчийн хэлээд байгаа гэрчүүд гэдэг хүмүүсийн мэдүүлэг бол зөвхөн дамжмал алдсан гэсэн, авсан гэсэн, барьсан гэсэн ийм л юм байгаа. Тийм учраас хэргийн материалыг нэг бүрчлэн уншаад үзэхэд хэрэгт авагдсан нотлох баримтаар бол ****ыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлох хангалттай үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн зарчим байдаг. Хэдийгээр яллагдагчийн гэм буруутай талаар нотлох баримтыг хангалттай шалган тогтоосон боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх юм бол тэдгээрт ашигтайгаар шийдвэрлэнэ гэдгийг баримтлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ****: “...хулгай хийсэн гэдгээ зөвшөөрч байна, өөр нэмж хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн шүүгдэгч ****ыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч **** нь маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч **** нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч ****ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
“Хулгайлах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхтэй гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.
Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагийг дурдах нь зүйтэй.
“Хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн болон “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн”, “түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс хулгайлсан”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэм бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн гэмт хэрэг нь гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учруулсан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйг материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг юм.
Шүүгдэгчийн өмгөөлөгч **** “...Хохирогч нар өөрсдийгөө мартаж санасан байсан талаараа хэлсэн. Энэ байдлыг шалгаж тогтоож байх явцад сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгох хэд хэдэн үндэслэл байгаа. 1. Гэмт хэргийг үүсгэх нөхцөл байдал тогтоогдож байна. Яагаад вэ гэхээр миний дээр ярьсан хохирогчийн болон гэрчийн мэдүүлэг, холбогдох эрх бүхий албан тушаалтнуудын дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзэж байна. Үнэхээр хулгайн гэмт хэрэг мөн үү гэхээр хохирогч, гэрч нь үгүйсгээд байдаг ийм нөхцөл байдал тогтоогдож байгаа. 2. Гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэж үзэж байна. Яагаад гэхээр тухайн үед хохирогч **** мал хуйгаа алдчихсан, орон гэрээ галд шатаалгачихсан хүн бол нэлээн ширүүн харьцсан юм шиг байгаа юм. Тэр үед бол эхнэр нь ****тай уулзсан тэр талаараа хэлээгүй байж байгаад хашаа саравчийг маань чи барьж өг гэхээр нь за уучлаарай авчихсан хашаа саравчийг нь бариад өгье гэдэг асуудал л байдаг. Тэрнээс бол би хулгайлаад авчихсан юм аа гэдэг тийм асуудлыг яриагүй. Авсан нь үнэн. Авахдаа эхнэр ****ээс зөвшөөрөл авсан. Харин тэр талаараа хэлээгүй... Хэдийгээр яллагдагчийн гэм буруутай талаар нотлох баримтыг хангалттай шалган тогтоосон боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх юм бол тэдгээрт ашигтайгаар шийдвэрлэнэ гэдгийг баримтлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна...” гэж маргадаг бөгөөд өмгөөлөгчийн энэ үндэслэл нь хохирогч ****ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 3, 4), хохирогчийн ****ын мэдүүлэг (хх-ийн 30-32, 35-36), гэрч ****ийн мэдүүлэг (хх-ийн 43-44) зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Шүүгдэгч **** нь 2025 оны 08 дугаар сард Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар баг **** гэх газраас хохирогч ****ын өвөлжөөнд байсан автомашины грашны хана болох 11см өргөн, 3см зузаан, 3.40м урттай 11 ширхэг, 11 см өргөн, 3 см зузаан, 2.70 м урттай 10 ширхэг, 11 см өргөн, 3 см зузаан, 2.40 м урттай 9 ширхэг, 11 см өргөн, 3 см зузаан, 2.35 м урттай 4 ширхэг, 11 см өргөн, 3 см зузаан, 2.80 м урттай 4 ширхэг, 11см өргөн, 3 см зузаан, 2.45 м урттай 1 ширхэг, 11 см өргөн, 3 см зузаан, 1.75 м урттай 1 ширхэг нийт 40 ширхэг нарийн банзан мод, малын саравчны мод болох 20 см өргөн, 5 см зузаан, 3.98 м урттай 31 ширхэг, 22 см өргөн, 3 см зузаан, 5.68 см урттай 7 ширхэг, 14 см өргөн, 7.5 см зузаан, 2.34 м урттай 4 ширхэг, 14 см өргөн, 4 см зузаан, 2.75 м урттай 6 ширхэг, 19.5 см өргөн, 4.5 см зузаан, 2.15 м урттай 3 ширхэг, 5.9 см өргөн, 3.6 см зузаан, 1.66 м урттай 14 ширхэг нийт 65 ширхэг банзан мод, мал усалгааны сав болох 60 см өргөн, 35см зузаан, 1.75 м урттай хүнхэр хэлбэрийн шар өнгийн оруулгатай төмөр сав зэргийг **** улсын дугаартай Istana маркийн тээврийн хэрэгсэл ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ****т 1,450,800 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн шинжээрээ хүндрүүлсэн шинжийг хангасан гэж үзлээ.
Шүүгдэгч **** нь машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч ****т учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч **** болон түүний өмгөөлөгч **** нар нь уг хулгайлсан эд зүйлийг хохирогчийн эхнэр **** очиж аваарай.. гэж хэлсэн хэмээн мэдүүлэх боловч энэ тухай баримт байхгүй, хохирогч нарын анхны мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.
Иймд шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг
Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч ****ын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч ****н эд хөрөнгөд 1,450,800 /нэг сая дөрвөн зуун тавин мянга найман зуу/ төгрөгийн хохирол учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч **** гэмт хэрэг үйлдэж олж авсан 1,450,800 төгрөгийн үнэ бүхий 65 ширхэг банзан мод, мал усалгааны сав, шар өнгийн оруулгатай төмөр сав зэргийг хохирогч ****т биет байдлаар нь буцаан өгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Н.Амгалан: “...Шүүгдэгч ****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих л оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Истана” маркийн тээврийн хэрэгслийг улсыг орлого болгуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ****: “...Шүүхээс нэгэнт миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Улсын яллагчийн ялын саналыг сонслоо. Шүүгдэгч ****ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч ****т хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулах нь тохирно гэж үзлээ.
Дээрх оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн хураагдаж ирсэн ****ын эзэмшлийн **** улсын дугаартай, 2000 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн, KPAGBFC81YP10282 арлын дугаартай, 06223394 гэрчилгээний дугаартай, 2874 хөдөлгүүрийн багтаамжтай, Ssangyong маркийн, istana модельтой, ногоон өнгийн, гадна талын дээвэр дээрээ тунгалаг өнгийн төмөр ачаатай тээврийн хэрэгслийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****гийн ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ****гийн ****т 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****т оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн хураагдаж ирсэн ****ын эзэмшлийн **** улсын дугаартай, 2000 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн, KPAGBFC81YP10282 арлын дугаартай, 06223394 гэрчилгээний дугаартай, 2874 хөдөлгүүрийн багтаамжтай, Ssangyong маркийн, istana модельтой, ногоон өнгийн, гадна талын дээвэр дээрээ тунгалаг өнгийн төмөр ачаатай тээврийн хэрэгслийг улсын төсөвт шилжүүлсүгэй.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА