Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2026/ШЦТ/40

 

 

 

 

 

 

 

 

2026           01          19                                       2026/ШЦТ/40

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан 

Улсын яллагч Н.Амгалан

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж *** овогт ***ын ***т холбогдох эрүүгийн 2539008390421 дугаартай хэргийг  2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ буюу 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн *** сумын төвд байх өөрийн гэрийн гадна ***тай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг газар унагаж гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясанд хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, нүд, баруун, зүүн шанаа, хацар, эрүү, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

 

Шүүгдэгч ***: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлдэг.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2539008390421 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч *** нь согтуурсан үедээ буюу 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн *** сумын төвд байх өөрийн гэрийн гадна ***тай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг газар унагаж гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясанд хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, нүд, баруун, зүүн шанаа, хацар, эрүү, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтуудыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Хохирогч ***гийн “...2025 оны 09 дүгээр сарын 19-ний орой би ганцаараа ганц шил юм уусан. Тэгээд би тухайн орой *** над дээр ирээд миний машиныг бариад тэдний гэр лүү бид хоёр хонох гэж очсон. Гэртээ хонох гэхээр эхнэр уурлаж магадгүй гэж бодоод явсан. Тэгээд ***ын гэрт очоод байшингийнх нь урд талд майхан бариад ***тай хамт ганц шил архиа хувааж уугаад унтсан. Тэгээд өглөө болоод би ***аас “Машинд нэг шил юм байна уу?” гэж асуусан. Тэгэхэд *** машинаас нэг шил архи авчирч өгөөд тэрийгээ бид хоёр хувааж уусан. Тэгээд *** миний санаж байгаагаар гадаа гараад дүүгээ загнаад байсан. Тэгэхээр нь би ***т “Хүүхэд шиг хүүхдийг маань юу гэж чи загнаад байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тэгэхэд *** намайг “Чи босоод ир” гэж хэлээд намайг тонгорч унагаагаад дээр гараад намайг зодсон. Тэгээд нэг мэдсэн би баахан цус нөж болчихсон байсан... "...” гэх мэдүүлэг (хх-ийн 7-9),

 

Гэрч ***ын “...2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр суманд аавынхаа гэрт байж байтал өдөр 13 цаг 50 минутын үед миний төрсөн эрэгтэй дүү ***гийн бага хүү нь болох 10 настай *** гэх хүү гэрт орж ирээд надад хэлэхдээ “Манай аав, *** ахтай хоорондоо согтуу зодолдоод байна” гэж ярьсан юм. Тэгэхээр нь би хүү ***ийг нь дагуулаад дүү ***гийн байгаа газрыг заалгаж явж очсон. Гэтэл *** *** сумын төвд байрлах *** гэх хүний гэрийн хашаанд намайг очиход гадаа газар завилсан байдалтай сууж байгаа харагдсан. Ингээд очоод хартал ***гийн нүүр, баруун нүд битүү хавантай, хоёр чих, хамраас нь цус гарсан байдалтай харагдаж байсан. Тэгээд би ***аас “Яагаад миний дүүд ийм зүйл болов” гэж тухайн үед асуухад *** надад “Би зодсон. Танай дүү энэ зэргийн юманд үхээд өгөх хүн биш. Та нар яасан олуулаа юм бэ? тэр цагдаадаа өгвөл өгнө биз. Би үсрээд 2 жил болоод гараад ирнэ ш дээ” гээд миний өөдөөс согтуу салаавч өгсөн. Гэтэл *** хажуугаас “Би зүгээр сууж байгаад хуурай дүүдээ зодуулчихлаа” гэж хэлсэн. Ингээд би ***г газар сууж байхад нь хажуугаас нь түшиж босгох гэтэл намайг “Түшээд босож чадахгүй. Миний хавирга энэ тэр хөндүүр байна. Би өөрөө зөөлөн босъё толгой их өвдөж байна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-19),

 

Шүүгдэгч ***ын сэжигтнээр өгсөн “...Би 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хөдөөгөөс ***тай хамт 21 цагийн үед суманд орж ирсэн. Тэр үед *** уусан байсан болохоор баарны гадаа очиж 2 шил архи авсан. *** ах нь “Архи уучихсан хоёр гурван хоног болчихлоо. Гэр лүү очоод дараа, лай болно, хоёулаа хамт танайд очиж хоноё” гээд ***гийн хамт манай гэр болох *** сумын ***5-514 тоотод очсон. Тэгээд гэрт очиход манай дүү нар болон дүүгийн эхнэр хүүхдүүд байсан. Тэгээд учирлаж хэлэхэд “Тэгвэл энд майхан бариад унтчихъя. Тэгээд бид хоёр майхнаа бариад нэг шил архийг хамт хуваагаад тал хүртэл нь уусан. Тэгээд тэр орой бид хоёр унтацгаасан. Өглөө босоод намайг сэрэхэд *** ах сэрчихсэн майхандаа миний хажууд байж байсан. Тэгээд надад архи хундагалж өгсөн. Би уухгүй өнөөдөр эхнэр хүүхэд ирнэ гэсэн чинь “Чи ямар сэтгэлгүй гуйлгачин бэ? Хоёр гурван хоног явчихаад” гэж намайг зэмлэсэн. Тэгээд бид хоёр байсан нэг шил архийг хамт хувааж ууж дуусаад би бага дүүгээ хөдөө мотоциклтэй явуулчихъя гэсэн чинь “Миний машин шатахуунтай байгаа. Миний машинаар явуулчих, хоёулаа энд надтай хань болоод ганц нэг юм уугаад байж байя” гэж хэлсэн. Тэгээд би “Насанд хүрээгүй хүүхдэд машин тэрэг бариулаад хаана очиж онхолдож үхэх юм билээ. Лай биз дээ” гэсэн. Тэгтэл “Чи ямар муухай өмхий санаатай писда вэ?” гэж хэлээд эргэж хараад “Би чамайг харахгүй зодно. Чамайг би өөрөө зодох шаардлага байхгүй. Надад өчнөөн олон хоёр гурван дүү нар байна. Би чамайг ***оор зодуулна” гэж заналхийлсэн. Тэгээд зүүн цээжин дээр тохойлдсон. 2-3 удаа, тэгээд бид хоёр хоорондоо муудаад “Яасан гэж хүн цохидог билээ” гээд зөрүүлээд би цохисон. Баруун талын шанаа тус газарт хэд хэдэн удаа цохисон. Тэгээд “Чи хүнийг ингэж зодохгүй, чи ер нь хүн зодож чадах уу? ах нь бол нэг цохиод л унагадаг юм” гэж хэлж хор шар малтсан. Тэгээд харилцан зодолдсон....” гэх мэдүүлэг (хх-ийн 22-24),

 

Шүүгдэгч ***ын яллагдагчаар өгсөн “...Би өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгсөн болохоор нэмж ярих зүйл байхгүй байна. Хохирогч ***д хохирлын мөнгө 870,000 төгрөг өгч хохиролгүй болгосон байгаа. Ахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байх болно. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 52-53),

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 589 дугаартай “...1. ***гийн биед хамар ясанд хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, нүд, баруун, зүүн шанаа, хацар, эрүү, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. 4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. 6. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 34-36) болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд болно.               

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч *** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч ***ыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

 

Улсын яллагч Н.Амгалан: “...Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ буюу 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн *** сумын төвд байх өөрийн гэрийн гадна ***тай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг газар унагаж гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясанд хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, нүд, баруун, зүүн шанаа, хацар, эрүү, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ***: “...Хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч *** маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, өргөдөл, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч *** нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч ***ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч *** нь хохирогч ***г цохиж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар

Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч ***ын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хамар ясанд хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, нүд, баруун, зүүн шанаа, хацар, эрүү, хүзүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч *** нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч *** нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

 

Улсын яллагч Н.Амгалан: “...Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргахад зөвшөөрсөн тул 800,000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ***: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Иймд шүүх шүүгдэгч ***т найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын ***т 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УРАНЗАЯА