Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2026/ШЦТ/43

 

 

 

 

 

 

 

 

 2026          01          20                                         2026/ШЦТ/43

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***н ***т холбогдох эрүүгийн 2539009200503 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн орчимд согтуугаар Хэнтий аймгийн *** тосгоны төвд үйл ажиллагаа явуулдаг "***" дэлгүүрийн ойролцоо улсын дугааргүй "Dayun" загварын тээврийн хэрэгсэл жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

 

Шүүгдэгч ***: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлжээ.

 

 

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2539009200503 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн орчимд согтуугаар Хэнтий аймгийн *** тосгоны төвд үйл ажиллагаа явуулдаг "***" дэлгүүрийн ойролцоо улсын дугааргүй "Dayun" загварын тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6),

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай (хх-ийн 8),

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 11, 14),

Жолоочийн лавлагаа (хх-ийн 30),

 

Гэрч ***ын “...Би 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн *** тосгонд 11 цагийн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад тус тосгонд оршин суудаг *** нь улбар шар өнгийн “Super dayun” загварын мотоциклоор “***” дэлгүүрийн үүднээс хөдлөх гэж байсан бөгөөд би зогсоон шалгахад архи согтууруулах зүйл хэрэглэж биеэ удирдан жолоодох чадваргүй байсан тул улбар шар өнгийн “Super dayun” загварын мотоциклыг журмын хашаанд хийж ***ыг *** суманд суманд согтуурлын зэргийн шалгахаар авч явсан бөгөөд манай суманд согтуурлын зэргийг шалгах багаж байдаггүй. *** суманд согтуурлын зэргийг шалгахад 3,15% гарсан тул эрх бүхий тэмдэглэл үйлдэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан. Тухайн ***ын жолооны эрхийг цагдаагийн албаны сан дээрээс шалгахад эрхийн үнэмлэх хүчинтэй гэж гарч ирсэн тул зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалган Хэнтий аймгийн шүүхэд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23),

 

Шүүгдэгч ***ын сэжигтнээр өгсөн “...2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нутгийн найз *** гэх найзтайгаа “Хараа” нэртэй 0,75 гр архи хувааж уусан бөгөөд тухайн архиа хоёулаа хувааж уугаад дууссан бөгөөд би дахин нэг шил архи авах гээд өөрийн улсын дугааргүй “Dayun” загварын мотоциклоор “***” маркет гэх дэлгүүр орж “Хараа” нэртэй 0,5 гр нэг ширхгийг өөрийн мөнгөөр авч буцаж найз байсан “Ар толгой” гэх газар луу хөдлөх гэж байхад *** тосгоны цагдаа таарсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөнд оролцсон гэж шалгасан бөгөөд мотоциклийг журмын хашаанд хийж намайг *** суманд аваачин согтолтын зэрэг шалгахад 3,15% гарсан. Би жолооны эрхээ *** тосгонд байхдаа 2024 онд согтууруулах ундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөнд оролцож цагдаад шалгуулан эрхээ хасуулж байсан. Би 2024 оны хэдэн сарын хэдний өдөр хасуулж байснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27),

 

Шүүгдэгч ***ын яллагдагчаар өгсөн “...Үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 41-42), улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ЗШ/120 дугаартай шийтгэврийн хуулбар болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

 

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг: “...Шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн орчимд согтуугаар Хэнтий аймгийн *** тосгоны төвд үйл ажиллагаа явуулдаг "***" дэлгүүрийн ойролцоо улсын дугааргүй "Dayun" загварын тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч *** нь бусдад төлөх төлбөргүй... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч ***: “... Хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч *** маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл,  гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч *** нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг  нь ...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн... нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаар ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг хэлбэрийн шинжтэй байхыг шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Тодруулбал, шүүгдэгч *** нь урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч ***ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

 

Иймд шүүгдэгч *** нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

 

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг: “...Шүүгдэгч ***ын тухайд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэдэгтээ маргасан зүйл байдаггүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон, тогтоогдсон тул шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ***: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүх шүүгдэгч ***т хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тооцож үзэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүх шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** овогт ***н ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***н ***т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ыг 7 (долоо) сарын хугацаанд Хэнтий аймгийн *** сумын 1 дүгээр баг *** тосгоны нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч ***т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.УРАНЗАЯА