Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2026/ШЦТ/52

 

 

 

 

 

 

 

 

 2026          01          23                                         2026/ШЦТ/52

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан

Улсын яллагч Э.Азжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч ****

Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын ****т холбогдох эрүүгийн 2539000000477 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч **** нь жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэн "Hilux" загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч ****: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2539000000477 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч **** нь жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэн "Hilux" загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2),

 

Гэрч ****ын “...2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад **** улсын дугаартай “Hilux” маркийн машиныг зогсоох гэсэн боловч зогсохгүй яваад өгсөн. Тэгээд би сумын цагдаа дэд ахлагч **** рүү залгаад төв замаар улаан өнгийн **** улсын дугаартай “Hilux” маркийн машин явж байгаа согтуу байж болзошгүй гэж утсаар залгаж хэлээд араас нь очиход Долгорсүрэн цагдаа тухайн тээврийн хэрэгслийг зогсоон шалгаж байсан. Тухайн машин барьж байсан иргэн **** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нэлээн согтуу явж байсан. Тэгээд Долгорсүрэн бид хоёр цагдаагийн тасаг дээр авчирч драгер багажаар согтолтын зэргийг шалгах гэсэн боловч тухайн иргэн зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 5-6),

 

Гэрч ****ийн “...Манай нөхөр өглөө 10 цаг өнгөрч худгаас ус авахаар явсан юм. Тэгээд буцаад гэртээ 11 цагийн үед ирсэн бөгөөд гэртээ ирэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн ирсэн. Тэгээд “Чи хэнтэй хаана уучихав аа” гэхэд нутгийн 3 өвгөний хамт 0,75 литрийн “Агар” гэх архи уусан гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирээд юм хийж байгаад өдрийн цайгаа уучихаад 14 цаг өнгөрч байхад бензин авахаар гэрээсээ гарсан. Гэрээсээ гараад би машин барих гэж байгаад манай нөхөр **** нээх согтуу биш байхаар нь би “За за чи машинаа барьчих” гээд тэгээд манай нөхөр **** машинаа жолоодоод гэрээсээ хөдөлсөн. Тэгээд клонк ороод бензин өгөхгүй байхаар нь буцаад гэр лүүгээ явах замаараа сэлбэгийн дэлгүүр орж тоормосны шингэн авах гээд зогсоод манай нөхөр машинаас буухад бид хоёрын араас манай сумын цагдаа Долгорсүрэн ирээд манай нөхрийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар шалгаад хэрэглэсэн байна гэж хэлээд манай нөхрийн машинтай нь цагдаагийн тасаг руу аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 9-10),

 

Шүүгдэгч ****ын сэжигтнээр өгсөн “...Би 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө гэрийнхээ усыг авч явж байгаад нутгийн танил 3 өвгөнтэй дөрвүүлээ голын эрэг дээр 0,75 литрийн “Агар” гэх архи уусан. Тэгээд 11 цагийн үед дуусаад би гэртээ очсон. Гэртээ хариад юм хэм идэж байгаад манай эхнэр надад хандан “Суманд бензин ирсэн байж магадгүй. Хоёулаа бензин ирсэн байна уу? үгүй юу? Клонк орж харъя. Ирсэн байвал машиндаа бензин авъя” гээд гэрээсээ гарсан. Би эхнэрийг “Чи машинаа уначих аа” гэхэд манай эхнэр надад хандан “Чи гайгүй байгаа юм байна шүү дээ. Өөрөө машинаа барьчих” гэсэн. Манай гэр клонкоос 1 км гаран зайтай байдаг юм. Тэгээд клонк дээр очоод бензин байхгүй байхаар нь буцаад гэр лүүгээ явсан. Гэр лүүгээ явах замдаа сэлбэгийн дэлгүүр ороод тоормосны шингэн авах гээд дэлгүүрийн гадаа машинтайгаа зогсоод машинаасаа буутал манай сумын цагдаа араас ирээд зогсоод надтай уулзсан. Тэгээд “Та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү?” гэж асуухаар нь би “Тийм ээ. Гэхдээ их уугаагүй” гэдгээ хэлсэн. Тэгээд цагдаа машиныг маань аваад журмын хашаа руу аваачиж хийгээд намайг сумын цагдаагийн тасаг дээр аваачин драгер багаж үлээлгэх гэхээр нь “Би нээх их уугаагүй. Тийм болохоор үлээхгүй” гэсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-14),

 

Шүүгдэгч ****ын яллагдагчаар өгсөн “...Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23), улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ЗШ/1099 дугаартай шийтгэврийн хуулбар болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

 

Улсын яллагч Э.Азжаргал: “...Шүүгдэгч **** нь жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэн "Hilux" загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ****: “...Миний үйлчлүүлэгч **** нь жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэн "Hilux" загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхээс гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй байна...” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч ****: “... Хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч **** маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч **** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл,  гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч **** нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг  нь ...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн... нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаар ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг хэлбэрийн шинжтэй байхыг шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Тодруулбал, шүүгдэгч **** нь урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн нь өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч ****ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч **** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

 

Иймд шүүгдэгч **** нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

 

Улсын яллагч Э.Азжаргал: “...Шүүгдэгч ****ын тухайд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэдэгтээ маргасан зүйл байдаггүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон, тогтоогдсон тул шүүгдэгч ****т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар тэнссэн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч **** “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг

 

Шүүгдэгч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүх шүүгдэгч **** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүх шүүгдэгч ****ын гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****ын ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын ****ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ****т тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч ****т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.УРАНЗАЯА