Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 182/2019/00996/и |
Дугаар | 1506 |
Огноо | 2019-08-12 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 1506
МАГАДЛАЛ
2019.08.12 Дугаар 1506 Улаанбаатар хо
Б.Л-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,
2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00996 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Л-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ц.Р-д холбогдох,
8 210 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр н.Ж, н.Д нарт гадаадын 14 иргэний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх ажлын байрны төлбөрт тушаалгахаар 23 500 000 төгрөгийг өгсөн. Ингээд Улаанбаатар хотод ирээд гадаадын иргэдийн паспорт болон мөнгөө шаардахад н.Ж нь “ИА ” ХХК-ийн захирал н.Ц , компанийн нягтлан бодогч гэх Ц.Р-д гэдэг хүмүүстэй танилцуулсан. Гэтэл “ИА ” ХХК-ийн захирал н.Ц нь энэ асуудалд хамаагүй манай нягтлан Ц.Р-д мэднэ гэхээр нь түүнтэй уулзах, утсаар Хятад иргэдийн Монгол улсад ажиллах зөвшөөрөл гарсан эсэх, ажлын байрны төлбөрийн мөнгийг н.Жгаас авсан эсэх асуудлаар ярьдаг байсан. Ингээд би цагаан сарын өмнө буюу 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улсын их дэлгүүрийн үүдэнд Ц.Р-тай анх уулзахад өнөө маргаашгүй виз чинь гарна, хөдөлмөрийн яаманд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж байна. Материалыг чинь өгсөн гэж хэлсэн. Ц.Р-д над руу утсаар яриад Хятад иргэдийн ажлын байрны татвар төлөх хэрэгтэй байна гэхлээр 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ХААН Банк дахь Ц.Р-дын 5011242909 тоот данс руу 5 110 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрээр хоёулаа мөнгө нийлүүлээд Хятад иргэдийн нэг сарын ажлын байрны төлбөрийг төлөөд ажиллуулж байя болдог гэж манай дүү хэллээ, тэр хооронд би мөнгө олно гэж хэлээд надаас салах аргаа олох гэж надаас 1 406 000 төгрөг бэлнээр өөрөө 1 000 000 төгрөг нэмж аваад, нийт 2 406 000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн нэрээр Төрийн сангийн дансанд хийсэн. Гэтэл “ИА ” ХХК дээр хөдөлмөрийн виз гараагүй, Б ХХК нэр дээр гарсан байсан. Өөр компанийн нэр дээр гарч болох юм уу гэж асуухад болно нийгмийн даатгалд нь 2 450 000 төгрөг төлчихлөө гэж хэлсэн. Ц.Р-дын гэрт түүний нөхөр н.Э , “ИА ” ХХК-ийн захирал н.Ц , н.Б, н.Ж нартай уулзсан. Тэд анх надад хэлэхдээ виз гаргаж өгнө гэсэн болохоос биш, хэн хэн хэдэн төгрөгийн ашиг авах талаар хэлээгүй. Иймээс Ц.Р-аас нэхэмжилж байгаа 8 210 000 төгрөг нь н.Б, н.Ж, “ИХ ” ХХК-д өгсөн төлбөр, мөнгөтэй хамааралгүй. Ц.Р-д ажлын виз гарчихлаа 5 110 000 төгрөг гэсний дагуу түүний данс руу уг мөнгийг шилжүүлсэн. Нийгмийн даатгалд төлсөн гэх 2 450 000 төгрөгийг н.Ц , н.Б, н.Ж нар бидэнд хамааралгүй, Ц.Р-дын компанид тушаасан гэж хэлсэн. Ц.Р-д нь нийгмийн даатгалд төлөхөөр авсан 2 450 000 төгрөг, зээлж авсан 6 000 000 төгрөг, нийт 8 450 000 төгрөгийг төлнө гээд үүнээс 5 760 000 төгрөгийг нь 2 сарын дараа төлнө гэсэн бичгийг өөрийн гараараа бичиж өгсөн. Ц.Р-д нь цагаан сарын өмнө манай хүү С.Б-аас 300 000 төгрөг, надаас 100 000 төгрөг тус тус мөн зээлж авсан ба үүнийг нэхэмжилж байна. Харин хөдөлмөрийн биржид ажилладаг дүү Алтансувдад өгнө гэж надаас 300 000 төгрөг авсан ба үүнийг нэхэмжлэхгүй. Гэвч бүтэн 4 жил гаруй хугацаанд мөнгө өгөхгүй, намайг чирэгдүүлж байгаад гомдолтой байна гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2015 онд эдгээр компаниуд нь БНХАУ-аас ажилчид оруулж ирэн, ажиллуулах хүсэлтээ Хөдөлмөрийн яаманд хүргүүлсэн байсан. Би энэ тухайгаа н.Жд тайлбарлаж өгсөн. н.Ж нь манай компанид Хятад ажилчид байна. Танай компанийн нэр дээр 13-н ажилчин оруулж ирэх санал тавьсан. Би энэ саналыг захиралд хэлэхэд тэрээр зөвшөөрч, үүнтэй холбоотой ажлыг намайг гүйцэтгэхийг даалгасан. Гэтэл Б.Л гэдэг хүн гарч ирсэн. Б.Л намайг Цагдаа, Авилгатай тэмцэх газар, Шүүх гээд бүхий л газруудад нэхэмжилж байгаа энэ мөнгөтэй холбоотой гомдол гаргаж, шалгуулсан. Хятад ажилчдыг орж ирэхэд нь нийгмийн даатгалын хуулийн дагуу Хөдөлмөрийн биржид 8 хүнээр тооцож 2 400 000 төгрөгийн татварыг н.Б, н.Ж нар Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын дансанд төлсөн. Би энэ мөнгийг аваагүй. Цагаан сарын өмнө хүү нь надад баярлаллаа гэж 300 000 төгрөг өгсөн. Миний хувьд Б.Л-д хангалттай тусалсан, ажлыг нь бүтээж өгсөн. Яагаад надаас мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.Р-аас 3 810 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 400 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Л-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Р-аас улсын тэмдэгтийн хураамжид 85 350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Л-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан тус шүүхийн шүүгчийн 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШЗ2016/03396 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Б.Л нь Хятад ажилчдын татвараар өөрөө шар хадны зах дээрээс 2 машин авч өгсөнөөр ажилчдын татвар төлөлтөд хүндрэл учирсан байх. Миний дансаар орж ирсэн 5 110 000 төгрөг 14 00 000 төгрөгийг би өөрлүүн шилжүүлсэн. Шүүх хуралдаан дээр өөрөө 1 000 000 төгрөгийг бэлнээр авсан гэж хэлсэн байхад үүнийг миний төлөх ёстой мөнгөнөөс хасаагүй байна. үлдэгдэл мөнгийг ИХА ХХК-ийн захирал надаас суутгасанаа албан ёсоор бичиг шүүхэд хийж өгсөн. Иймд миний гомдлыг барагдуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Ц.Р-д холбогдуулан 8 210 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...виз гаргуулахад зарцуулсан, нийгмийн даатгалд төлөхөөр авсан 2 450 000 төгрөг, зээлж авсан 6 000 000 төгрөг, нийт 8 450 000 төгрөгийг гаргуулах...” гэж тайлбарлаж, хариуцагч эс зөвшөөрч “...13 Хятад иргэнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг гаргуулж өгсөн” тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийн Хаан банк дахь 5011242908 дугаар дансанд 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 5 110 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 100 000 төгрөг шилжүүлсэн, 300 000 төгрөгийг хүү С.Баттулгаар дамжуулан авсан үйл баримт тогтоогдсон байна.
Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн 5 110 000 төгрөгийг буцаан өгөх ёсгүй, Хятад иргэдийг хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг гаргуулж өгсөн байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Хариуцагчийн гаргасан “...хэрэгт цугларсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг, хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдааны товыг зохигч нарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00996 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
М.НАРАНЦЭЦЭГ