Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/953

 

           

Т.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Нарангуа,

шүүгдэгч Т.А,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/887 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Аийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2108014401099 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Дэл овгийн Тгийн А, 1995 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүд, дүү нарын хамт - тоотод оршин суух бүртгэлтэй боловч - тоотод оршин суух, /РД:-/;

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1812 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 495.000 төгрөгийн торгох ялаар,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1812 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 315.000 төгрөгийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тооцож 21 хоногийн хорих ялаар сольж, ялыг тус тусад нь эдлүүлж шийдвэрлэсэн;

            Шүүгдэгч Т.А нь 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 13-52 тоотод оршин суух иргэн С.Гийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 32 инчийн “ТСЛ” загварын зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д Тгийн Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Ат 2 жил, 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Т.Ат Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Т.А нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Т.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн гэм буруугаа ойлгож ухамсарлан, бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Миний бие эхнэр, 3 настай, 10 сартай хоёр охинтойгоо хамт амьдардаг. Эхнэр маань ажилгүй, гэртээ хоёр хүүхдээ асардаг. Миний гэм буруутай үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна. Миний дээрх байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Х.Нарангуа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.А нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж, гэмт хэргээ төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр 2 жил 5 сарын хорих ялыг оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд тохирсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Т.А нь 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 13-52 тоотод оршин суух иргэн С.Гийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 32 инчийн “ТСЛ” загварын зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Гийн “...2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн үед гэрээсээ гарахдаа хаалгаа түгжээд, цонхнуудаа хаагаад гарсан. Зүүн салааны эцэс дээр айлд очоод удалгүй буцаад гэртээ орох гээд байж байтал манай гэрт байсан зурагтыг хашааны хаалганы хажууд тавьсан байсан. Гэрийн хаалга түгжээтэй, түлхүүрээр хаалгаа онгойлгоод ороход байшингийн голын цонх онгорхой байсан. ...” /хх 13, 16/,

гэрч Г.Пын “...Байшингийнхаа тагтан дээр сууж байтал замын цаад талын айлын хашаа руу нэг хар хувцастай залуу хаалгыг нь татаж үзсэнээ хашааг нь даваад орсон. Тэгээд байшингийн хажуу талын амбаар руу орсноо буцаж гарч ирээд байшингийн голын цонхыг түлхэж орсон. Цонхоор зурагт гаргаад хаалга руу алхаж байхад үүдэн дээр нь машин ирсэн чинь зурагтаа тавиад хашаа даваад гүйгээд явчихсан. ...” /хх 20/,

Т.Аийн яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гадуур архи ууж явж байгаад, урьд өмнө танилцаж, архи ууж байсан Г гэх ахын гэрт очих гээд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян уулын 13 дугаар гудамжны 52 тоотод гэрт нь очсон юм. ...Тэгээд би хашааг нь давж ортол байшингийнх нь хаалга цоожтой байхаар нь урагшаа харсан 3 ширхэг цонхны голын цонхыг түлхэж байшин руун ганцаараа орж гэрийнхэн хоймор хэсэгт байсан хар өнгийн нимгэн, дэлгэцтэй 32 инчийн “ТСЛ” маркийн зурагтыг ... цонхоор гаргаж, ... хашаанаас нь гарах гээд явж байтал хүн дуугарч, орилох чимээ сонсогдохоор нь зурагтыг нь хашаанд үлдээгээд буцаж хашааг нь давж гараад Баянхошууны эцсийн буудал орж дэлгүүрээс 2.5 литрийн Нийслэл нэртэй пивоноос 2 ширхэгийг авч амьдарч байгаа нийтийн байрандаа очиж, ууж, унтаж амарсан. ...“ /хх 51/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 04/266 дугаартай “...2021 оны 7 дугаарсарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян Уулын 13-52 тоотод хулгай орсон гэх хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан №2, 5 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №5 дугаартай “Телевизорын нүүр” гэж дугаарласан гарын мөр нь Т овогтой Аийн баруун гарын алганы хээтэй тохирч байна. ...”/хх 34-35/ гэсэн дүгнэлт,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-6, 8-9/, “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Т.А нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,  хууль бусаар хулгайлахыг завдсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Т.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно.” гэж,

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шалган тогтоосон байна.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Т.Аийн өмнө нь үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд хамаарагдаж байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарласан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Т.Аийн “...Миний бие өөрийн гэм буруугаа ойлгож ухамсарлан, бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, эхнэр маань ажилгүй, гэртээ хоёр хүүхдээ асардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар 2 жил, 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/887 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь нийт 75 /далан тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                                       Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ