Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/291

 

2025        11          12                                          2025/ШЦТ/291

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0276/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******,

Шүүгдэгч Б.****** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ********** ******т холбогдох 2539000000342 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.****** нь 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг "Хонхорын цайдам" гэх газарт насанд хүрээгүй Н.******ыг "пээдийлээ" гэх шалтгааны улмаас түүний толгойн зүүн хэсэгт модоор 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэн, чамархайн хуйханд сорви, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.****** нь 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг "Хонхорын цайдам" гэх газарт насанд хүрээгүй Н.******ыг "пээдийлээ" гэх шалтгааны улмаас түүний толгойн зүүн хэсэгт модоор 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэн, чамархайн хуйханд сорви, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1.Гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3-р хуудас/,

2.Насанд хүрээгүй хохирогч Н.******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би ээжийн хамтаар тугалаа имнээд вагончиктоо ороод байж байтал гаднаас малчин ****** халамцуу орж ирээд ээжтэй маргалдаад байсан юм. Маргалдаж байгаад бухимдаад гараад хашсан адуу руугаа явахаар нь би 5 минутын дараагаар араас нь хөдөлсөн. Хашаан дээр очиход хашсан адуугаа гаргах гээд элдээд байсан ба би "унага тамгалах гэж байхад чинь яаж байгаа юм бэ?" гэхэд ****** надад хандаж "гурван жил чиний төлөө явлаа ш дээ писда минь" гэж хэлсэн ба би тухайн үед нь гараа халаасандаа хийсэн байсан тул намайг ****** "яасан пээдийсэн хар писда вэ" гээд над руу ойртож байсан ба би хажуу тийш хараад шүлсээ хаях хооронд газарт байсан шургааган хашааны хугархай 60-70 см урттай бүдүүн модыг баруун гартаа бариад миний толгойны зүүн тал руу буюу чихний дээхэн талаар маш хүчтэй цохих үед би арагш алхаад манараад газарт унасан... ******т модоор цохиулсныхаа дараа гэртээ очоод вагончикныхоо шатаар буухдаа ухаан алдаад унасан байсан би өөрөө мэдээгүй ээж маань ирж сэргээсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/,

3.Гэрч О.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд малын эзэн ******** эгч өөрийн хүү болон манай эхнэр, 2 хүүхдийг гэрээс маань аваад хөдөө очсон юм. Очоод удаагүй байж байтал гэрээс зүүн хойш зүгт 1 км гаруй зайнд байх хашаанд хашаатай байсан адуу руу ****** ах эхлээд очсон. Би ******** эгчийн хүүгийн хамтаар мотоциклтой мөн адууны хашаан дээр очсон. Тэгээд тамга дүрэх хярмааг өвсний хашаан дотор нь хийгээд орхисон байсан чинь шарга халзан азарга нь асгачих гээд хашаан дээгүүр нь харайгаад байхаар нь тэрэнтэй хөөцөлдөөд буцааж хашаа pyy нь оруулаад эргээд харахад дэрсний хажууд ******** эгчийн хүү суусан байдалтай ****** ах наана нь зогсож байсан. Тэгтэл малын эзэн ****** эгч машинтай ирээд яасан ийсэн гээд буугаад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

4.Гэрч О.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Очоод удаагүй байж байтал ****** ах ****** эгчийн хүү манай нөхөр 3 хамт адуугаа хашсан хашаа руу яваад эргээд ирэхдээ ********* эгчийн хүү нь машинаасаа буухгүй толгойгоо бариад зовиурласан байдалтай байж байгаад вагончик руугаа ээжтэйгээ орсон. Тэр үед ****** гэртээ орж ирээд адуу малаа хашаанаас гаргачихлаа гээд ********** эгч болон хүүтэй нь хэрэлдээд байсан. ****** ах хүүхдийн чинь төлөө малыг чинь өсгөж байгаа гэх мэтээр хэрэлдээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

5.2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 544 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.********** “...Н.******ын биед зүүн чихний дэлбэн, чамархайн хуйханд сорви, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.****** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох” журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч Б.****** насанд хүрээгүй хохирогч Н.******ын биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

          Иймд шүүгдэгч Б.******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.******ыг гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******т оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.  

 

          Гурав.Гэм хор, хохирлын талаар:

          Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Н.******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч Н.******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.********* нар нь “...ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй...” гэх хүсэлт нотариатаар батлуулсан байх тул шүүгдэгч Б.******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

         

          Дөрөв.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.********** цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

      1.Шүүгдэгч ******** овгийн ********** ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******т оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.******т мэдэгдсүгэй.

  

5.Шүүгдэгч Б.******т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.****** цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай

           

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ЭНХБААТАР