Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДМШ/20

 

М.Ц-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Ц-т холбогдох эрүүгийн 2013001650154 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, прокурор Х.Өрен, шүүгдэгч М.Ц , шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Кадирбек /цахим сүлжээгээр/ нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, яс үндэс Урианхай, 1972 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, ам бүл 5 хүнтэй, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Буянт сумын 01 дүгээр багт оршин суудаг, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай шүүгдэгч Ц овогт М.Ц  /РД: БЕ0000/ нь Баян-Өлгий аймгийн Т сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах засмал зам дээр 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр УАЗ-31512 маркийн саарал өнгийн 00-00 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад авто осол гарган, улсын дугааргүй МН150 маркийн мотоциклыг мөргөж, улмаар мотоциклийн жолооч М.Т нас барсан, тухайн авто осол гаргасан жолооч М.Ц  хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Цахиурт овогт Мөнхөөгийн М.Ц ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон”, “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас амь хохирогч болон түүний ар гэрт /хууль ёсны төлөөлөгч нарт/ учруулсан гэмт хэргийн хор уршиг буюу сэтгэл санааны гэм хорын хохиролд 36.500.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд, Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, Эрүүгийн хууль болон Иргэний хууль тогтоомжуудын холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн тул энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүхийн хохирогчийн амь хохирсонтой холбоотой, түүний ар гэр, хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн сэтгэл санааны гэм хорын хохирлыг хуульд заагаагүй гэх агуулгаар хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн хэсэг нь Эрүүгийн хууль, Иргэний хууль болон холбогдох бусад /Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль/ хууль тогтоомжуудыг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж хохирогч, түүний өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

...Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомжоор гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироосныг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан. Харин энэхүү гэмт хэргийн хохирлын нэг хэсэг буюу хүний амь насыг гэмт хэргийн хохиролд тооцож, хохирогч, амь хохирогчид учруулсан хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон хохирлыг арилгах эрх зүйн зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т тус тус хуульчилсан бол Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоон шийдвэрлэхээр хуульчилсан байдаг. Угтаа бол дээрх Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Иргэний хууль тогтоомжуудын гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон хөрөнгийн бус хохирол хүлээсэн хохирлыг арилгах эрх зүйн зохицуулалтууд нь гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсныг хохиролд тооцох, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлэх, шүүх хохирлын хэмжээг тогтоох, хохирлыг тооцож гаргуулахаар хуульчилсан зохицуулалт юм.

Харин Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хохирлын хэмжээг хуулиар нарийвчлан их хэмжээний, үлэмж хэмжээний, бага хэмжээний гэж тодорхойлон хуульчилж буй зорилго нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь өөрөө гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн ангилалд шууд хамаарах учир хууль тогтоогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хязгаарлан тогтоож, гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх. хүндрүүлэх байдлаар Эрүүгийн хууль тогтоомжид хуульчилсан. Өөрөөр хэлбэл эрүүгийн 2013001650154 тоот хэргийн холбогдогч М.Ц  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон, уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн учир уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ хязгаарт багтааж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс, сэтгэл санааны гэм хорын хохиролд 40.000.000 төгрөг нэхэмжилсэн. Хэрэгт авагдсан амь хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хохироосон хохирлын бодит хэмжээ нь 6.434.950 төгрөг байгаа нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээний хохирлоос их байгаа бөгөөд холбогдогч гэмт хэргийн улмаас амь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Иймээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс тухайн хэргийн холбогдогчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хохироосон гэм буруутай үйлдэлд, сэтгэл санааны гэм хорын хохирлыг Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан хохирлын хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр 40.000.000 төгрөгөөр тооцож, хохирол гаргуулахаар нэхэмжилсэн нь дээр дурдсан хуулийн зохицуулалтуудаас гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд зарчимд үндэслэсэн тул дээрх гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэх юм.

Харин анхан шатны шүүх амь хохирсноос үүсэх эдийн бус гэм хорын арилгах зохицуулалт байхгүй, мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалтад амь хохироосон эдийн бус гэм хорыг арилгах талаар хуульчлаагүй гэж дүгнэсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь гэмт хэргийн улмаас хохирогчийн амь хохирсон, амь хохирсон эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14 дүгээр зүйл, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1.9, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг зэрэг хууль тогтоомжуудаар зохицуулж амь нас хохирсон эдийн бус гэм хорыг хохиролд тооцож гаргуулах талаар нарийвчлан зохицуулсан байхад анхан шатны шүүх эдгээр хууль тогтоомжуудын холбогдох заалтуудыг зөв хэрэглээгүй, мөн энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан саналыг няцаасан ямар ч дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчим нийцээгүй гэж үзнэ.

2. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэл санааны гэм хорын гаргуулах хэргийн бодит үндэслэл, шаардлагын талаар: ....Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мын хувьд ам бүл 6 /одоо/ өндөр настай ээж, эхнэр болон насанд хүрээгүй 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М болон түүний гэр бүлийн хүн Тилеу нар хоёулаа мэргэжилгүй, ажилгүй, зуны хэдэн сар талийгаач том хүү М.Танжарахыг дагуулж хар бор ажил хийж, ар гэрийн амьдрал ахуйг залгуулдаг байсан. Талийгаач М.Т тухайн гэр бүлийн амьдрал ахуйг залгуулахад ихэд тус дэм болж, хар багаасаа хар бор ажил хийж, Толбо сумын төвд байрлах тоосгоны үйлдвэрт ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлсөөрөө өөрийгөө болон гэр бүлийг тэжээдэг байсан. Амь хохирогч М.М нь ганц хань болж буй хүүгээ алдаж, сэтгэл санааны маш их хямралд орж, бие эрүүл мэндээр хохирч явна. Хүүгээ алдсан нь амь хохирогчийн гэр бүлд маш том хор, хохирол учруулсан. Иймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мын шүүгдэгч М.Ц оос сэтгэл санааны хохиролд 36.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх, гаргуулах нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг хийж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн гэм хорын хохирол 36.500.000 төгрөгийг шүүгдэгч М.Ц оос гаргуулж өгнө үү.” гэжээ. 

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй тухайд: Үйлчлүүлэгч М.Ц ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн зэрэгт хамаарч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болох хэрэг учрал болсон газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл болон түүнд хавсаргасан гэрэл зургуудын үзүүлэлтээс үзэхэд осол болсон газрын замын захын шугамууд /тусгаарлах зурвас/ үргэлжилсэн ба голын шугам тасархай байдалтай байснаас гадна тухайн газарт түүний ойр орчимд гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон, хурдны хязгаар тогтоосон, аливаа уулзвар, гарц гарам заасан тухай тэмдэггүй байсан болох нь тогтоогдсон байна. Үйлчлүүлэгч М.Ц оос гэм буруугийн талаар маргахгүй байгаа боловч хэрэгт цугларсан нотлох баримт болох гэрч Б, Ч, Оюунцэцэг, Ж, М.Ц  нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, амь хохирогчийн насыг тоолсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаас үзэхэд тухайн үед амь хохирогч М.Т нь 16 нас 3 сар 10 хоногтой байсан бөгөөд тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байхад зохих журмын дагуу улсын бүртгэлд хамрагдаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй мотоциклыг хамгаалах малгайг зааврын дагуу өмсөлгүй жолоодож явсан ба тэрбээр замын хөдөлгөөнд оролцохдоо зүүн гар тийшээ эргэхдээ дохио өгөх, гүйцэгдэж байгаа жолооч М.Т нь хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэг байдлаар саад хийхийг хориглох, нөгөө талаас гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэх гэж байгаа жолооч зүүн гар тийш дохио өгч анхааруулах зэрэг арга хэмжээ аваагүй нөхцөл байдалтай байжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байна. Үйлчлүүлэгч М.Ц  нь анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг бүрэн төлж барагдуулсан, түүнчлэн сэтгэл санааны хохирол болгож 3,500,000 төгрөгийг сайн дураар нөхөн төлж өгсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч М.Ц ыг урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй буюу анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдал, амь хохирогч М.Тын хууль бус, зүй бус үйлдэл нь уг гэмт гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нөхцөл байдал, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал, олны дунд нэр хүндтэй байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүй байх талаар үндэслэл бүхий санал дүгнэлт гаргаж шүүх хуралдаанд оролцсон. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч М.Ц ын хувьд дээрх хуульд заасан бүх урьдач нөхцөлүүдийг хангасан байдалтай байсан. Урьд өмнө Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэж байсан байна. Гэтэл сүүлд болсон шүүх хуралдаанаас шүүгдэгч М.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авалгүй шийдвэрлэснийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй явдал болсон гэж үзэж байна. Угтаа бол Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ДШМ/39 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснээс хойш тус хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийгдээгүй, хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байдлыг арилгах буюу зөвтгөх арга хэмжээ авсан болохоос биш шүүгдэгч М.Ц ын эрх зүйн байдлыг доордуулах хэмжээний ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгөх, эсхүл шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр 2 жил хүртэл хугацаагаар тэнсэж, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож өгнө үү. Ингэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Ц , түүний өмгөөлөгч А.Серикжан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Кадирбек нарын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Шүүгдэгч М.Ц  нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Т сумындугаар багт байрлах засмал зам дээр өөрийн эзэмшлийн УАЗ-31512  маркийн, 53-54 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.4 а, 12.3, 3.5 а, г-д заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, МН150 маркийн, улсын дугааргүй мотоциклыг мөргөн  иргэн М.Тын амь насыг хохироосон, мөн авто тээврийн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн, гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн, хангалттай тогтоогджээ.

 

            Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч М.Ц ын дээрх үйлдэл холбогдлыг нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж зөв зүйлчилсэн, түүний хохирогч М.Тын Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан амьд явах эрхэд болгоомжгүй үйлдлээр халдсан, түүнчлэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмыг зөрчсөн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

 Шүүгдэгч М.Ц ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, уг гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон бөгөөд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн хэдий ч уг гэмт хэргийг үйлдсэний дараа хэргийн газрыг орхиж зугтаасан буюу авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг санаатай үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан материаллаг хохирлыг бүрэн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзаж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний дотор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жил, таван сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлүүдэд нийцсэн байна.

 

Иймээс шүүгдэгч М.Ц , түүний өмгөөлөгч А.Серикжан нараас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгөх, эсхүл шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр 2 жил хүртэл хугацаагаар тэнсэж өгнө үү” гэж давж заалдах журмаар гомдол гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор хуульчилсан.

Шүүгдэгч М.Ц  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзаж, анхан шатны шүүхээс түүнд хуульд зааснаар оногдуулсан нэг жил таван сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлээгүй буюу шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглээгүйг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.  

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Кадирбекийн “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мын шүүгдэгч М.Ц оос сэтгэл санааны хохиролд 36.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх, гаргуулах нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг хийж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн гэм хорын хохирол 36.500.000 төгрөгийг шүүгдэгч М.Ц оос гаргуулж өгнө үү.” гэх гомдлыг гаргажээ.

Монгол улсын иргэн Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй. Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байх шаардлагатай юм.

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “бусдын амь насанд” учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар мөн хуулийн 508 дугаар зүйлд тусгайлан тодорхой зохицуулсан байна. Энэ зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсны төлбөрт ямар зардал хамаарах, түүнийг тооцох журам, төлбөр гаргуулах хугацаа зэргийг мөн зүйлийн 508.2, 508.3, 508.4 дэх хэсгүүдэд  хуульчлан тогтоожээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал болох 6.333.500 төгрөг, сэтгэл санааны хохиролд 3.500.000 төгрөг нийт 9.833.500 төгрөг төлсөн болохыг дурдаж, энэ зүйл хэсэгт заагаагүй бусад зардлыг хохирогч нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нэрлэн заасан “амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд”-ийг эдийн бус хохиролд хамааруулан үздэг тул мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр байна. Иймд хохирлыг дутуу гаргуулсан талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Ц ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 81 хоногийн хугацааг хуульд зааснаар түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Кадирбек, шүүгдэгч М.Ц , түүний өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц  цагдан хоригдсон 81 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.Мөнхжаргал

 

                                                                                                Д.КӨБЕШ