Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/293

 

2025       11          12                                           2025/ШЦТ/293

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0277/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,

Улсын яллагч Б.Бямбасүрэн,

Шүүгдэгч Д.****** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн ********* ******т холбогдох 2539006720378 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.****** нь Хэнтий аймгийн *********** сум, Баянзүрх 2 дугаар багийн хөдөө хэсэгт 2025 оны 7 дугаар сарын 17-ны өдөр эхнэр Т.******ыг хохирогч А.******тэй хардаж, маргалдаж улмаар хохирогчийн толгой, нүүр хэсэгт гараараа цохих, өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд "хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн тухайн цаг хугацаанд тус газарт хохирогч А.******гийн эзэмшлийн "Тоёота кровн" загварын ****** УЕХ тээврийн хэрэгслийн урд салхины шил, хойд багажны шил, хойд багажны хаалга зэргийг хагалж, цохиж устгаж, гэмтээж бага хэмжээнээс дээш буюу 1,340,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.****** нь Хэнтий аймгийн *********** сум, Баянзүрх 2 дугаар багийн хөдөө хэсэгт 2025 оны 7 дугаар сарын 17-ны өдөр эхнэр Т.******ыг хохирогч А.******тэй хардаж, маргалдаж улмаар хохирогчийн толгой, нүүр хэсэгт гараараа цохих, өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд "хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн тухайн цаг хугацаанд тус газарт хохирогч А.******гийн эзэмшлийн "Тоёота кровн" загварын ****** УЕХ тээврийн хэрэгслийн урд салхины шил, хойд багажны шил, хойд багажны хаалга зэргийг хагалж, цохиж устгаж, гэмтээж бага хэмжээнээс дээш буюу 1,340,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 1.Хохирогч А.******гийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 6-р хуудас/,

 2.Хохирогч А.******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Хэнтий аймгийн *********** сумын 2 дугаар баг буюу Баянзүрх баг үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн наадамд үзхээр болсон. Тэгээд тухайн наадам дээр иртэл оюутан ангийн найз болох ******тай таараад бид хоёр хамт машинд пиво уугаад сууж байгаад би нилээн согтоод ******ы майханд ороод унтаж байтал миний нүүрний зүүн шанаа хэсэгт хүн цохих шиг болохоор нь сэртэл наг залуу ******ааг аваад майханаас гарч байсан. Тэгээд би араас нь гартал тухайн залуугийн дүү нар нь тэр хоёрыг салгахаар нь би машин руугаа амрах гээд явж байтал нөгөө залуу миний машины урд "приус-30" загварын машинтай зогсоод машинаасаа бууж ирээд надад хандан чи гэр бүл үймүүлдэг хэн бэ? гэж хэлээд баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт 1 удаа цохихоор би газар унатал дээрээс хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгэхээр нь би нүүрээ хоёр гараараа дараад сууж байтал гартай маань цуг миний хамар хэсэг рүү дахин өшиглөсөн. Миний хамарнаас цус гарсан. Тэгтэл нэг хүн ирээд боль гэж хэлээд салгаад цааш нь аваад явтал тухайн залуу чамайг ална гэж хэлээд машиндаа суугаад араас хөөхөөр нь би наадмын талбай руу гүйж ороод 30 минут орчмын дараа буцаад машин дээрээ иртэл миний машины урд, хойд салхины шилийг хагалсан байсан. Би тухайн үед 0,5 граммын лаазтай пиво 5 ширхэгийг уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,

3.Гэрч Т.******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...наадам дээр байж байтал 15 цагийн үед ******тэй таарсан. Тэгтэл ****** надад хандан найз нь Батширээт сум руу явж байна. Тэгээд чиний фэйсбүүк сториг хараад энд наадам болж байгаа юм байна чамайг энд байгаа юм байна гэж мэдээд хүрээд ирлээ гэсэн. ****** бид 2 гол орж юм ярингаа ****** хэдэн лааз пиво уусан. Тэгээд 19 цаг өнгөрч байхад ****** бид 2 манай үеэлүүдтэй хамт багийн төвийн зүүн талд бөөндөө юм ярьж суунгаа 2,5 литрийн пиво 6 хүн хувааж уусан. ****** надад хандан найз нь олон хоног нойргүй явчихсан ядраад байна танай майханд ороод жоохон амарчих уу гэхээр нь би зөвшөөрөөд манай майханд ****** болон манай хүү бид 3 ороод унтсан. Унтаж байтал намайг ****** сэрээгээд энэ хэн юм гэж асуухаар нь би хариулах гэтэл ****** шууд ******г унтаж байхад нь дээрээс нь баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь 2-3 удаа цохисон. Тэгээд би болиочээ гэж хэлтэл намайг майханаас гаргаад буцаж майхан руу ороод ******г толгой руу нь цохиж байсан. ******ын дүү нар ****** бид хоёрыг та хоёр цаашаа хол явчихаа гэхээр нь бид 2 наадмын талбайн баруун талд очсон. ****** би ядаж машинаа аваад ирье гэж хэлээд буцаад явсан. Тэгээд ирэхгүй болохоор нь би араас нь явтал ******гийн хамарнаас цус гарчихсан зогсож байхад нь ****** дахин машинаас бууж ирэхэд ****** бүжиг болж байсан газар луу зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

4.Гэрч А.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....****** гэх залуугийн хамар хавдсан, баруун нүдний доор зулгарсан, зүүн нүд хөхөрсөн, хамар битүү...хүнд зодуулсан гэж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

5.Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 26961 дугаартай "Тоёота кровн" загварын ****** УЕХ тээврийн хэрэгсэлд шууд хохирол 1,200,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх үнэлгээ /хх-ийн 26-27-р хуудас/,

6.2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 448 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.******* “...А.******гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун нүдний зовхинд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/,

7.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0825/2949 дугаартай "А.******гийн сэтгэцэд 2025 оны 07 дугаар сарын 17- ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэх дүгнэлт /хх-ийн 46-18-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

           

            Шүүгдэгч Д.****** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          

            Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.****** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

           

            Шүүгдэгч Д.****** тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

           

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр ялаар шийтгэж, нийт торгох ялыг нэмж нэгтгэн 1,700 (нэг мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******т оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1,700 (нэг мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

         

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******т оногдуулсан 1,700 (нэг мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш уг торгох ялыг 9 (ес) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.

 

            3.Гэм хор, хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч А.******гийн ..надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх хүсэлт хх-ийн 72 дугаар хуудаст авагдсан байна. Түүнчлэн хавтаст хэргийн 74 дүгээр хуудаст Д.******аас хохирол барагдуулав гэх утга бүхий ХААН банкны ******* тоот ****** ******** эзэмшлийн дансанд 6,500,000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгийг шилжүүлсэн гүйлгээний хуулбар авагдсан байна.

           

            Гэтэл хавтаст хэргийн 46-48 дугаар хуудаст Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2949 дугаартай шинжээчийн дүгнэлт авагдсан бөгөөд хохирогч А.******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн “Нэгдүгээр” зэрэглэл тогтоогджээ.

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршиногэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ...Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/, 17.8 дугаар зүйл /Эд хөрөнгө устгах, гэмтээх/…-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговрыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шинэчлэн тогтоож 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 (долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгийг хохирогч А.******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн “Нэгдүгээр” зэрэглэлийн 2 (хоёр) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,584,000 (нэг сая таван зуун наян дөрвөн мянга) төгрөгөөр тогтоов.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн олговорт шүүгдэгч Д.******аас 1,584,000 (нэг сая таван зуун наян дөрвөн мянга)  төгрөгийг гаргуулж хохирогч А.******д олгуулж шийдвэрлэв.

 

          4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч Д.****** эрүүл мэндэд учирсан хохирол болон тээврийн хэрэгслийн засварын зардалд 6,500,000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгийг А.******д төлсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ******** овгийн ******** ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******т 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******т оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1,700 (нэг мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******т оногдуулсан 1,700 (нэг мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 9 (ес) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.******т мэдэгдсүгэй.

           

   6.Шүүгдэгч Д.******т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

            7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн олговорт шүүгдэгч Д.******аас 1,584,000 (нэг сая таван зуун наян дөрвөн мянга)  төгрөгийг гаргуулж хохирогч А.******д олгосугай.

 

9.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч Д.****** эрүүл мэндэд учирсан хохирол болон тээврийн хэрэгслийн засварын зардалд 6,500,000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгийг А.******д төлсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

            10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.                                     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               А.ЭНХБААТАР