| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0288/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/294 |
| Огноо | 2025-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/294
2025 11 13 2025/ШЦТ/294
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0288/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,
Улсын яллагч Н.Амгалан,
Шүүгдэгч Б.****нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн Замуд овгийн ******** ********* холбогдох эрүүгийн 2539000000403 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.****нь 2025 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нийг шилжих шөнө Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр баг А52 дугаар байрны 27 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.********* тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар үснээс нь зулгаах, нүүр, толгой, цээжин тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.****нь 2025 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нийг шилжих шөнө Хэнтий аймгийн ********* сумын 4 дүгээр баг А52 дугаар байрны 27 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.********** тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар үснээс нь зулгаах, нүүр, толгой, цээжин тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед дээд доод уруулд шарх, цус хуралт, эрүү, дух, баруун чихний дэлбэн, хүзүү, зүүн бугалга, баруун шуу, баруун бугуй, нуруу, зүүн тавхайд цус хуралт, дээд уруулын дээд хэсэг, баруун чихний омог, хүзүү, баруун суга, зүүн тохой, баруун тавхайнд зулгаралт, толгойн зүүн чамархай, зулай дагзны хэсгийн хуйх, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
2.Хохирогч Ч.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А52-27 тоотод нөхөр ****болон охин Боргуужин нарын хамтаар амьдардаг бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манай нөхөр ****нь найзтайгаа уулзана гээд гэрээсээ гарсан. Харин би Хөвчийн Жонон ХХК-ийн нягтлангаар ажилладаг бөгөөд тухайн өдөр ажлаа тараад 22 цагийн орчимд гэртээ ирээд нөхөр ****руугаа залгасан чинь утсаа авахгүй байсан. Тухайн үед манай хүүхэд аутизм буюу өөрийгөө илэрхийлэх чадваргүй, тархи толгойны өвчтэй бөгөөд уйлж орилоод байхаар нь нөхөр ****руугаа залгахад одоо очих гэж байна гээд хүлээлгээд байсан. Тухайн үед би олон удаа залгасан чинь 23 цаг өнгөрч байх үед утсаа аваад гэртээ байна гээд уурласан. Тэгэхээр нь охинтойгоо гэрийнхээ хаалгыг онгойлгох гээд татсан чинь дотроосоо чоожтой байхаар нь тогшсон боловч хаалга тайлахгүй болохоор нь балбаж нүдсээр байгаад 23 цаг 30 минутын орчимд ********* хаалгаа тайлж өгөхөөр нь би уурлаад чи хэдэн цаг намайг хүлээлгэлээ гээд уурлаад нөхөртэйгөө хэрэлдсэн чинь манай нөхөр ****намайг шууд үсдээж дараад гараараа нүүр хэсэгт цохиод, толгойн орой, дагз хэсэгт олон удаа цохиод цээж, нуруу хэсэгт минь өшиглөөд намайг зодсон. Тухайн үед намайг гараад зугтах гэсэн чинь намайг үсдэж унагаахаар нь би цүнхээнээсээ утсаа гаргаж ирээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
3.2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.******* “...Ч.******** биед дээд доод уруулд шарх, цус хуралт, эрүү, дух, баруун чихний дэлбэн, хүзүү, зүүн бугалга, баруун шуу, баруун бугуй, нуруу, зүүн тавхайд цус хуралт, дээд уруулын дээд хэсэг, баруун чихний омог, хүзүү, баруун суга, зүүн тохой, баруун тавхайнд зулгаралт, толгойн зүүн чамархай, зулай дагзны хэсгийн хуйх, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 16-18-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.******** буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.********** эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирчээ.
Иймд шүүгдэгч Б.********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.********** шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч Б.********* гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.************ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “...надад гомдол санал, сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй ээ...” гэх хүсэлт хх-ийн 50 дугаар хуудаст байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1.Шүүгдэгч ******* овгийн ***** ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********** 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********* оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.********* мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б.********* оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.