Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/298

 

2025       11         14                                         2025/ШЦТ/298

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0275/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,

Улсын яллагч Н.Амгалан,

Шүүгдэгч Х.******ийн өмгөөлөгч О.*********,

Шүүгдэгч Х.**********ын өмгөөлөгч С.*******,

Шүүгдэгч Х.**********, Х.****** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ****** овгийн ******* **********, ********** овгийн ******* ****** нарт холбогдох эрүүгийн 2539001330292 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.****** нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед Хэнтий аймгийн ****** сумын 1 дүгээр баг Хийдийн 24-09 тоотод Х.**********ын зүүн гарын шуу хэсэгт нь өөрийг нь дарамталлаа гэх шалтгаанаар тухайн хашаанд байсан төмрөөр 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн,

 

Шүүгдэгч Х.********** нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед Хэнтий аймгийн ****** сумын 1 дүгээр баг Хийдийн 24-09 тоотод Х.******ийн эзэмшлийн хашаанд түүнийг өдөөн хоргоож толгой, нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн тус тус шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.****** нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед Хэнтий аймгийн ****** сумын 1 дүгээр баг Хийдийн 24-09 тоотод Х.**********ын зүүн гарын шуу хэсэгт нь өөрийг нь дарамталлаа гэх шалтгаанаар тухайн хашаанд байсан төмрөөр 1 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн шуу ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

1.Х.**********ын цагдаагийн газар хандан гаргасан өргөдөл /хх-ийн 10-р хуудас/,

2.Хохирогч Х.**********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн орчим ****** сумын 1 дүгээр баг Өгөөж өргөө байрны гадна талын зогсоол дээр ****** гэх залуутай таарсан юм. Тэгтэл тухайн залуу бид хоёр 2024 оны 10 сард байрны гадна талд нэг удаа ам зөрөөд муудалцсан юм. Тэгээд би тухайн өдөр тэр залуу байрны гадна талд машиндаа сууж байхаар нь учраа олдог юм билүү гээд машины цонхыг нь тогшоод хоёулаа уулзаж учраа олъё гэж хэлсэн. ****** намайг араас дагаад яв гэж хэлэхээр нь би машинд нь суух гэсэн чинь намайг машиндаа суулгаагүй юм. Тэгэхээр нь би таньдаг хүнийхээ машинд суугаад араас нь дагаад явсан. Харин ******ийг араас явж байгаад Чингис зочид буудлын урд талд зам дээр зогсоож хаашаа явах гэж байгаа юм бэ гэхэд ****** хоёулаа ийшээ хүнгүй газар очиж уулзсан дээр биз дээ гэж хэлээд хөдлөөд ****** сумын 1 дүгээр баг Хийдийн 24 дүгээр гудамжинд нэг айлын гадаа очиж зогссон. Тэгээд би ******ийг машинаас буухаар нь очиж уулзаад өмнө маргалдсан асуудлаа яриад чи намайг түрүүлээд цохисон гэж хэлсэн чинь би чиний юмыг зөөх ёстой юу гээд дахиад маргалдаж эхэлсэн. Тэр үед ****** надад уурлаж тухайн хашаан дотор байсан портер машины тэвшин дээрээс төмөр хүрзний иш бололтой турба төмөр барьж ирээд намайг цохих гэхээр нь би зууралдаж тухайн төмрийг тавиулсан. Тэгтэл ****** намайг өмсөж явсан хувцсаар минь боосон, тэр үед би боосон гарыг нь тавиулах гэж ******ийн гарыг хаасан. Тэр үед ****** намайг боож байснаа болиод буцаад нөгөө турба төмрөө бариад миний нуруу хэсэгт 1 удаа, зүүн дал касагт 1 удаа, зүүн гарын шуу хэсэгт 1 удаа цохиж биед минь халдаж зодоод, байж байгаарай гээд тухайн хашаанд байх байшин руу орсон. Тэгээд л би хашаанаас гарч цуг явж байсан машинтай хүнтэй хөдлөөд явсан юм. байрандаа засвар хийгээд илүү гарсан материалаа буулгах гээд үүдэнд машинаа Би анх 2024 оны 10 сард тавиад юмаа зөөж байсан. Тухайн үед ****** гэх залуу гадаа зогсоол хаасан машин чиний машин уу гарах гэсэн юм гэхээр нь би тухайн үед юм зөөж байсан болохоор жоохон хүлээж бай удахгүй гэж хэлсэн чинь ****** би яараад байна гэхээр нь чи яараад байгаа бол энийг цуг зөөгөөд өгчих гэхэд би чиний юмыг зөөх үү гээд орцон дотроос гараад явсан. Тэгээд би зөөж байсан юмаа аваад машин дээр ирэхэд ****** ирээд би чиний юмыг зөөх үү гээд миний зүүн шанаа хэсэгт 1 удаа цохиод тэгээд л тэрнээс хойш уулзахгүй байж байгаад сая таарахаар нь дээр маргалдсан асуудлаа учрыг олж эр хүмүүс байна эвлэрье гэж бодсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,

3.Гэрч Н.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед бага охиноо авахаар гэрээс гарах үед байрны гадна зогсоол дээр зүс таних ********** зогсож байсан. Ингээд надад хандан энэ автомашины жолооч араас дагаад яваач гэнээ, энэ хүнтэй уулзаа байгаа юм гэж хэлсэн. Ингээд би тухайн үед **********ыг автомашиндаа суулгаад зааж өгсөн автомашиныг нь дагаад тус аймгийн Хийдийн суурин руу явсан. Ингээд Хийдийн гудамжинд очиж зогсоход ********** автомашинаас буун биеэр жижигхэн 30-40 орчим насны эрэгтэй хүнтэй юм яриад зогссон. Ингээд би гар утсаа оролдоод автомашиндаа сууж байх үед ********** харагдахгүй байсан. Удалгүй тус хашаан дотор төмөр дуугарч, чанга дуу чимээ гарахаар нь тус хашааны хаалгаар ороход хоёул төмөр турбо барьчихсан булаацалдаад зогсож байсан..... намайг ороход ********** тухайн залуутай зууралдсан, барьцалдсан зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

4.Гэрч Н.********** дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 сарын сүүлээр охиноо сургуулиас нь авах гээд гэрээсээ гараад машиндаа суугаад явах гэж байтал ********** гэх залуу намайг хамт байсан залуугийн гэр лүү хүргээд өг гэхээр нь хүргэж өгөөд машиндаа сууж байтал хашаан дотор чимээ гарахаар нь буугаад хартал **********ыг хамт явсан залуу нь төмөр турбо барьсан чамайг цохилоо шүү гээд зогсож байхаар нь юу болж байгаа юм гээд болиулах гэтэл гар луу нь 1 удаа цохиж байхыг нь бол харсан. Тэгээд ********** нөгөө залуу 2 төмрөө булаацалдаж байхаар нь боль гээд салгасан. Тэгээд нөгөө залуу нь гэртээ орохоор нь би **********ыг авч яваад гэрийнх нь гадаа буулгачихаад хүүхдээ авах гээд явсан. Би 2025 оны 05 дугаар сард өгсөн мэдүүлэгтээ миний бие тухайн цаг үед тэгж санаад байсан юм сүүлд бодоход тэгээгүй намайг машиндаа тэр хоёрыг хүлээгээд сууж байхад хашаан дотор чимээ гарахаар нь би хашаа руу орж очиход нөгөө залуу нь төмөр турбо барьсан ********** болохоор чаддаг юм бол цохичих гээд зогсож байсан ба салгах завдалгүй **********ын зүүн гарыг 1 удаа цохиж хоорондоо төмөр турбог булаацалдаж байхаар нь салгасан. Тэгээд нөгөө залуу гэртээ орсон, би **********ыг аваад шууд гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Тухайн үед намайг орж очиход 1 удаа цохисон тэрийг нь бол харсан хашаанд орж ирэхээс өмнө цохисон үгүйг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104-р хуудас/,

5.2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 97 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.******** “...Х.**********ын биед зүүн шуу ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт  /хх-ийн 52-53-р хуудас/,

6.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0825/2155 дугаартай "...Х.**********ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн “хоёрдугаар” зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэц болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна..." гэх дүгнэлт /хх-ийн 88-90-р хуудас/,

Шүүгдэгч Х.********** нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед Хэнтий аймгийн ****** сумын 1 дүгээр баг Хийдийн 24-09 тоотод Х.******ийн эзэмшлийн хашаанд түүнийг өдөөн хоргоож толгой, нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1.Хохирогч Х.******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 14-15 цагийн орчимд тус аймгийн төвд Өгөөж өргөө байрны гадна талд зүс таних **********тай таарсан. Ингээд ********** надад хандан автомашинаасаа буугаад ир писдаа минь, гэж хэлэн автомашинд орж ирэх гээд байхаар нь миний бие **********т хандан уулзах ажил байхгүй, уулзахгүй гээд хөдөлсөн. Ингээд явах замд урдаас хашиж орж ирэн, надад хандан автомашинд чинь сууя гээд хаалга онгойлгох гээд байхаар нь би онгойлголгүй хөдөлсөн юм. Ингээд мөн адил араас дагаж яваад тус аймгийн 1 дүгээр баг Хийдийн 24-09 тоот хашаандаа орох үед дагаж ирэн, надад хандан чи муу маажийсан писдааг ална гэж хэлээд дахин маргалдсан Ингээд хашаанд орж ирэх гээд байхаар нь **********ыг түлхээд хашааныхаа хаалгыг хаахад араас хашааны хаалга онгойлгон орж ирээд намайг мангасдаж унаган нүүрэн тус газар баруун нүд рүү нэг удаа, зүүн чихний дээд талд нэг удаа цохисон. Ингээд миний бие босоод Портер автомашины хажууд очоод турбо төмөр барин, **********т хандан чамайг би ойртох юм бол цохилоо шүү гэхэд надад хандан цохь писдаа минь гэж хэлэн өөдөөс дайрсан юм. Ингээд өөдөөс дайрахаар нь миний бие тухайн төмөр турбогоор нэг удаа гар хэсэг рүү нь цохисон. Намайг цохих үед зүүн гараараа хааж байсан. Ингээд намайг цохих үед миний барьсан төмөр турбог барьж аваад намайг цохих гээд дайрахаар нь гэр лүү буюу байшин руугаа гуйж ороод хаалгаа түгжсэн юм. Тэгээд би хаалгаа тавьж өгөөгүй. Удалгүй ********** хашааны хаалга онгойлгон яваад өгсөн. Тухайн цаг үед миний хамраас цус гараад байсан учир тэр өдөртөө эмчид үзүүлсэн. Тухайн үед хамар өвчтэй, зовуурь ихтэй байсан. Миний бие гомдолтой байгаа. ********** гэдэг хүн намайг ална гэж айлган сүрдүүлсэн учир миний бие биеэ хамгаалах зорилгоор тухайн төмөр турбог барьсан юм. Гэртээ орж хаалгаа түгжээгүй бол намайг алах байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

2.Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт хэсгийн байцаагчаар ажилдаг. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн өглөөний 07:30 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өглөөний 07:30 цаг хүртэл хоногийн хугацаанд зөрчлийн хэрэг бүртгэгчээр цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 31-ний өдрийн 16 цаг 40 минутын үед ****** сумын 1 дүгээр багт Хийдийн 24-08 тоот хашааны хойд талд хүмүүс хоорондоо маргалдаад байна гэсэн дуудлагыг 102-н жижүүрээс өгсөн. Уг дуудлагад очиход хар өнгийн приус маркийн тээврийн хэрэгслээс нэг эрэгтэй хүн бууж ирсэн. Тухайн иргэнээс юу болсон талаар асуухад дуудлага өгсөн хүн байна, намайг ****** гэдэг, сая надтай нэг байранд байдаг ********** гэх залуутай маргалдсан гэсэн. Ямар учир шалтгааны улмаас маргалдсан талаар асуухад өмнө нь нэг удаа байрныхаа гадна талд маргалдаж муудаж байсан. Энэ асуудлаас болж дахин энд маргалдаж ********** намайг нэг удаа гараараа миний баруун нүдэнд цохисон гэж хэлсэн. ****** гэх иргэний баруун нүдний салст дотор талдаа улайсан байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

3.Гэрч Н.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед бага охиноо авахаар гэрээс гарах үед байрны гадна зогсоол дээр зүс таних ********** зогсож байсан. Ингээд надад хандан энэ автомашины жолооч араас дагаад яваач гэнээ, энэ хүнтэй уулзаа байгаа юм гэж хэлсэн. Ингээд би тухайн үед **********ыг автомашиндаа суулгаад зааж өгсөн автомашиныг нь дагаад тус аймгийн Хийдийн суурин руу явсан. Ингээд Хийдийн гудамжинд очиж зогсоход ********** автомашинаас буун биеэр жижигхэн 30-40 орчим насны эрэгтэй хүнтэй ям яриад зогссон. Ингээд би гар утсаа оролдоод автомашиндаа сууж байх үед ********** харагдахгүй байсан. Удалгүй тус хашаан дотор төмөр дуугарч, чанга дуу чимээ гарахаар нь тус хашааны хаалгаар ороход хоёул төмөр турбо барьчихсан булаацалдаад зогсож байсан. ... Тухайн хашаанд дуу чимээ гарах үед намайг ороход ********** тухайн залуутай зууралдсан, барьцалдсан зогсож байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

4.Гэрч Н.********** дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 сарын сүүлээр охиноо сургуулиас нь авах гээд гэрээсээ гараад машиндаа суугаад явах гэж байтал ********** гэх залуу намайг хамт байсан залуугийн гэр лүү хүргээд өг гэхээр нь хүргэж өгөөд машиндаа сууж байтал хашаан дотор чимээ гарахаар нь буугаад хартал **********ыг хамт явсан залуу нь төмөр турбо барьсан чамайг цохилоо шүү гээд зогсож байхаар нь юу болж байгаа юм гээд болиулах гэтэл гар луу нь 1 удаа цохиж байхыг нь бол харсан. Тэгээд ********** нөгөө залуу 2 төмрөө булаацалдаж байхаар нь боль гээд салгасан. Тэгээд нөгөө залуу нь гэртээ орохоор нь би **********ыг авч яваад гэрийнх нь гадаа буулгачихаад хүүхдээ авах гээд явсан. Би 2025 оны 05 дугаар сард өгсөн мэдүүлэгтээ миний бие тухайн цаг үед тэгж санаад байсан юм сүүлд бодоход тэгээгүй намайг машиндаа тэр хоёрыг хүлээгээд сууж байхад хашаан дотор чимээ гарахаар нь би хашаа руу орж очиход нөгөө залуу нь төмөр турбо барьсан ********** болохоор чаддаг юм бол цохичих гээд зогсож байсан ба салгах завдалгүй **********ын зүүн гарыг 1 удаа цохиж хоорондоо төмөр турбог булаацалдаж байхаар нь салгасан. Тэгээд нөгөө залуу гэртээ орсон, би **********ыг аваад шууд гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Тухайн үед намайг орж очиход 1 удаа цохисон тэрийг нь бол харсан хашаанд орж ирэхээс өмнө цохисон үгүйг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104-р хуудас/,

5.2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 136 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.******** “...Х.******ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нийтдээ болон тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт  /хх-ийн 60-61-р хуудас/,

6.Шинжээч эмч Ц.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн чих хамар хоолойн эмч Э.******** үзлэгт зовуурь хамар битүүрнэ, бага зэрэг яс руу өвдөнө, мөн хэсэг газрын үзлэгт тэмтрэлтээр бага зэргийн эмзэглэлтэй гэх үзлэг, 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б.Урансолонго эмчийн хамар ясны 2 байрлалын рентген зургийг үндэслэн Х.******ийн эмнэл зүйн зовуурь бүрэн арилаагүй, ясны хугарлын эдгэрэх цаг хугацаа 3 долоо хоногоос дээш байдаг учир тухайн гэмтлийг хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж дүгнэлт гаргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/,

7.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0825/2154 дугаартай "...Х.******ийн сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн “нэгдүгээр” зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...." гэх дүгнэлт /хх-ийн 79-80-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг мөн хэмээн  хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч Х.****** нь хохирогчийн биед халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Х.**********ын биед хүндэвтэр хохирол учруулан эрүүл мэндэд нь учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл,

 

Шүүгдэгч Х.********** нь хохирогчийн биед халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Х.******ийн биед хөнгөн хохирол учруулан эрүүл мэндэд нь учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж тус тус үзэхээр байна.

 

Шүүгдэгч Х.****** хохирогч Х.**********ын биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр хохирол тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”,  шүүгдэгч Х.********** хохирогч Х.******ийн биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулжээ.

 

          Иймд шүүгдэгч Х.******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, шүүгдэгч Х.**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

            Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Х.******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, шүүгдэгч Х.**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 153-154 дүгээр хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Х.******, Х.********** нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Х.******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Х.**********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.**********т оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял, Х.******эд оногдуулсан 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэв.  

 

            3.Гэм хор, хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

            Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ...Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/…-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2154 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн “нэгдүгээр” зэрэглэл, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2155 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.**********ын сэтгэцэд учирсан хор уршгийн “хоёрдугаар” зэрэглэл тус тус  тогтоогдсон.

 

Шүүхээс хохирогчийн  сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговрыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шинэчлэн тогтоож 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 (долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгийг хохирогч Х.******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн “нэгдүгээр” зэрэглэлийн 4 (дөрөв) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,168,000 (гурван сая нэг зуун жаран найман мянга) төгрөгөөр, Х.**********ын сэтгэцэд учирсан хор уршгийн “хоёрдугаар” зэрэглэлийн 9 (ес) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 7,128,000 (долоон сая нэг зуун хорин найман мянга) төгрөгөөр тус тус тогтоов.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.**********аас 3,168,000 (гурван сая нэг зуун жаран найман мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Х.******эд, шүүгдэгч Х.******ээс 7,128,000 (долоон сая нэг зуун хорин найман мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Х.**********т тус тус олгуулах шийдвэрлэлээ.

 

          4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг урт төмөрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисс”-т даалггах, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ***** овгийн ****** ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, шүүгдэгч ****** овгийн ****** **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******ийг 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.**********ыг  800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.**********т оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.******эд оногдуулсан 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг тус тус 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Х.**********, Х.****** нарт мэдэгдсүгэй.

   5.Шүүгдэгч Х.**********, Х.****** нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.**********, Х.****** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.**********аас 3,168,000 (гурван сая нэг зуун жаран найман мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Х.******эд, шүүгдэгч Х.******ээс 7,128,000 (долоон сая нэг зуун хорин найман мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Х.**********т тус тус олгуулсугай.

  8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг урт төмөрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисс”-т даалггах, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.**********, Х.****** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.                                     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  А.ЭНХБААТАР