| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0279/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/299 |
| Огноо | 2025-11-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Э.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/299
2025 11 17 2025/ШЦТ/299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0279/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,
Улсын яллагч Э.Азжаргал,
Хохирогч Э.*******,
Хохирогчийн өмгөөлөгч М.*********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.******,
Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** *******т холбогдох эрүүгийн 2539003880311 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны шөнө 22 цагийн орчим, Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр баг хорихын байрны уулзвар төв засмал зам дээр ****** ХЭН улсын дугаартай "Toyota prius"-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 6/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа,... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 11.3" Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчиж, эсрэг урсгал сөрж, ******** УЕВ улсын дугаартай "Toyota prius"-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгслийн зорчигч Э.*******ын эрүүл мэндэд "зүүн сүүжний тогооны ар хана, зүүн дунд чөмөгт ясны толгой хэсгийн сэлтэрсэн далд хугарал" бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны шөнө 22 цагийн орчим, Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр баг хорихын байрны уулзвар төв засмал зам дээр ****** хэн улсын дугаартай "Toyota prius"-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 6/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа,... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 11.3" Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчиж, эсрэг урсгал сөрж, ******** УЕВ улсын дугаартай "Toyota prius"-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгслийн зорчигч Э.*******ын эрүүл мэндэд "зүүн сүүжний тогооны ар хана, зүүн дунд чөмөгт ясны толгой хэсгийн сэлтэрсэн далд хугарал" бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
1.Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-14-р хуудас/,
2.Хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 15-р хуудас/,
3.Хохирогч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 4 сарын 15-ны орой 21:50 цагийн орчим...эхнэр ******* хамт гэр рүүгээ явж байсан. Тухайн үед манай эхнэр ******* жолоо бариад, урд талын зорчигчийн суудалд суугаад бид өөрсдийн... тээврийн хэрэгслээрээ баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад хорих байрны 4 замын уулзвар дээр нэг машин зөрж өнгөрөөд араас нь маш хурц гэрэл тусаад машин орж ирээд эхнэр бид хоёрын сууж явсан машиныг мөргөсөн... тухайн үед би амьсгалж чадахгүй цээж хөндүүрлээд, нүдээ аниад нээхэд түргэний машин ирсэн байсан... намайг сэрэхэд тунх мултарсан, түнхний арын тогоо яс хугарсан...тэр дороо 2 суга таяг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/,
4.Хохирогч Э.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр би нөхөрийнхөө нэр дээр байдаг Приус-20 маркийн ***** УЕВ улсын дугаартай автомашиныг жолоодож ******* сумын 5 дугаар багаас орой 22 цагийн орчимд нөхрийгөө ажлаас нь аваад гэр рүүгээ буцаад явж байх үед ******* сумын 4 дүгээр багт байрлах хорихын байрны хойд талын төв замын уулзвар хэсэгт ертөнцийн зүгээр зүүн талаас баруун зүгт явж байхад миний өөдөөс буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт явж байсан марк дугаарыг нь мэдэхгүй автомашины гэнэт хурц гэрэл нь өөдөөс тусаад л мөргөлдөж осол гаргасан. Харин ослын дараа миний нөхөр миний хажууд сууж явсан ба хаалгыг нь гаднаас нь онгойлгож машинаас буулгах гэхэд хаалга нь онгойхгүй байсан тул жолоочийн талаараа чирж буулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,
5.Иргэний нэхэмжлэгч С.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэмт хэргийн улмаас... Э.******* 929,784 төгрөгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,
6.Гэрч Г.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* машинаа жолоодоод Эзэнт гүрэн орсон, ажиллахгүй болохоор тэндээсээ Тулга баар орохоор явж байгаад хорихын байрны 3 замын уулзварт зам тээврийн осол гарсан... надад санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65-р хуудас/,
7.2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 899 дугаартай Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн “...Э.*******ын биед тухайн үед зүүн сүүжний тогооны ар хана, зүүн дунд чөмөгт ясны толгой хэсгийн сэлтэрсэн далд хугарал, түнхний үений мултрал, бүсэлхийн 5, ууцны 1-р нугалмын холбоосны суналт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийн сайд. Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаартай тушаалын хавсралт хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдоно. Зүүн сүүжний тогооны ар хана, зүүн дунд чөмөгт ясны толгой хэсгийн сэлтэрсэн далд хугарал гэмтэлд хүндэвтэр зэрэг тогтоогдоно, түнхний үений мултрал, бүсэлхийн 5, ууцны 1-р нугалмын холбоосны суналт гэмтэл тус тусдаа хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно....." гэх дүгнэлт, өвчний түүх /хх-ийн 117-121, 234-238-р хуудас/,
8.Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2206 дугаартай "...Э.*******ын сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 129-131-р хуудас/,
9.Хөрөнгө эстимэйт үнэлгээ" ХХК-ний 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 139-148-р хуудас/,
10.Согтууралыг шалгасан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 17-18-р хуудас/,
11.Хэнтий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.******** 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаартай "... Приус-30 маркийн ******** хэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлсийг хориглоно: 6" тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа,... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 11.3" Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон байна..." гэх магадлагаа /хх-ийн 165-167-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.******* нь ******** ХЭН улсын дугаартай "Toyota prius"-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 6 “...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” 11.3" Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэж тус тус заасныг зөрчжээ.
Шүүгдэгч Н.******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх зөрчлүүд гаргасны улмаас хохирогч Э.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.*******ийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 217 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.*******ийн гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Н.*******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус авч шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тус тус шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Н.*******т анхааруулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Гурав.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ... 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүйбайдал, ашиглалтын журам зөрчих/…-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2206 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн “Гуравдугаар” зэрэглэл тогтоогдсон.
Шүүхээс хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговрыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шинэчлэн тогтоож 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 (долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгийг хохирогч Э.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн “гуравдугаар” зэрэглэлийн 18 (арван найм) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 14,256,000 (арван дөрвөн сая хоёр зуун тавин зургаан мянга) төгрөгөөр тогтоов.
Хохирогч Э.******* нь хэрэгт 3,473,123 (гурван сая дөрвөн зуун далан гурван мянга нэг зуун хорин гурав) төгрөгийн хохирлын баримт гаргаж өгснийг шүүхээс нотлох баримтаар үнэлсэн болно. Мөн шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгслийн үнэлгээ 16,500,000 (арван зургаан сая таван зуун мянга) төгрөг гарсан байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.******* нь хохирогч Э.*******т 8,000,000 (найман сая) төгрөг төлж барагдуулсан байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.*******ээс 26,229,123 (хорин зургаан сая хоёр зуун хорин есөн мянга нэг зуун хорин гурав) төгрөгийг гаргуулж хохирогч Э.*******т, 929,784 (есөн зуун хорин есөн мянга долоон зуун наян дөрөв) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус төлүүлж шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Э.******* нь цалин хөлсний зардал болон энэ гэмт хэргийн улмаас цаашид гарч болох эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** ******** овгийн ******** *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.******* тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тус тус шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч Н.*******т авсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.*******ээс 26,229,123 (хорин зургаан сая хоёр зуун хорин есөн мянга нэг зуун хорин гурав) төгрөгийг гаргуулж хохирогч Э.*******т, 929,784 (есөн зуун хорин есөн мянга долоон зуун наян дөрөв) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус төлүүлсүгэй.
9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Э.******* нь цалин хөлс түүнтэй адилтгах орлого болон энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
10.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
12.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР