Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/300

 

2025       11         17                                           2025/ШЦТ/300

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0289/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,

Улсын яллагч Н.Амгалан,

Шүүгдэгч Н.*****, Д.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ****** овгийн ********* *****, шүүгдэгч ******* овгийн ********** ******** нарт холбогдох 2439005860317 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******** нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн ******** сумын 1 дүгээр багийн нутаг Ноён даваа гэх улсын тусгай хамгаалалттай газар буюу байгалын цогцолбор газраас 5 ширхэг 1.2 м3 шинэс төрлийн модыг зөвшөөрөлгүйгээр Н.*****той бүлэглэн бэлтгэж, тээвэрлэн байгаль орчинд 684259 төгрөгийн шууд хохирол, "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 2052777 төгрөгийн шууд бус хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.***** нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн ******** сумын 1 дүгээр багийн нутаг Ноён даваа гэх улсын тусгай хамгаалалттай газар буюу байгалийн цогцолбор газраас 5 ширхэг, 1.2 м3 шинэс төрлийн модыг зөвшөөрөлгүйгээр Д.********тай бүлэглэн бэлтгэж, тээвэрлэж байгаль орчинд 684259 төгрөгийн шууд хохирол, "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 2052777 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.******** нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн ******** сумын 1 дүгээр багийн нутаг Ноён даваа гэх улсын тусгай хамгаалалттай газар буюу байгалын цогцолбор газраас 5 ширхэг 1.2 м3 шинэс төрлийн модыг зөвшөөрөлгүйгээр Н.*****той бүлэглэн бэлтгэж, тээвэрлэн байгаль орчинд 684259 төгрөгийн шууд хохирол, "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 2052777 төгрөгийн шууд бус хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.***** нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн ******** сумын 1 дүгээр багийн нутаг Ноён даваа гэх улсын тусгай хамгаалалттай газар буюу байгалийн цогцолбор газраас 5 ширхэг, 1.2 м3 шинэс төрлийн модыг зөвшөөрөлгүйгээр Д.********тай бүлэглэн бэлтгэж, тээвэрлэж байгаль орчинд 684259 төгрөгийн шууд хохирол, "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 2052777 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь:

 

1.Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-26-р хуудас/,

2.Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 119 дугаартай тогтоол /хх-ийн 27-33-р хуудас/,

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн ******** сумын Онон 1 дүгээр багийн Ноён даваа гэх газраас мод бэлдсэн байна гэж байгаль хамгаалагч Баярмагнай мэдээлэл өгсөн. Үүний дагуу манай ажлын хэсэг гарж тухайн газар луу хөдөлсөн. Тус шалгалтаар ******** сумын иргэн ***** гэх айлын гадаа 1 метрийн урттай шинэс төрлийн 30 ширхэг мод бэлтгэсэн байсан бөгөөд ***** гэх иргэнтэй хамт бэлтгэсэн газрыг очиж баталгаажуулахаар газар дээр очиж ажиллаад ирлээ гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

4.Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байгаль хамгаалагч ********** утсаар дуудлага аваад 2024 оны 11 дүгээр сарын 15- ны өдөр мэдээллийн дагуу хяналт шалгалт хийсэн. Тус шалгалтаар ******** сумын иргэн ***** гэх айлын гадаа 1 метрийн урттай шинэс төрлийн 30 ширхэг мод бэлтгэсэн байсан. Тухайн ***** гэх иргэнтэй хамт бэлтгэсэн газрыг очиж баталгаажуулахаар газар дээр нь очиж ажилласан. Тэгээд тус иргэнээс холбогдогчийн мэдүүлэг авч, холбогдох зураг, газрын байршлыг нь тусгай хамгаалалттай газарт хамрагддаг эсэх лавлагааг гаргаж Прокурорын газар луу хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,

5.Гэрч Ц.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сард өөрийн хариуцсан айл өрхүүдээр судалгаа авах ажлаар байгаль хамгаалагч А.********* хамт ******** сумын ***** **** багуудын нутгийн айл өрхөөр явсан. Албан үүргээ гүйцэтгэж байх үедээ Ноёны давааны өвөр хэсэгт байх малчин Э.*****ынд ирж судалгаа авч, хуулиа танилцуулж дуусаад дараагийн айлруу явах гээд гарч байхад малын саравчны хойд талд байх модыг хараад, ямар учиртай мод болохыг тодруулахаар машины мөрөөр нь мөшгихөд тусгай хамгаалалттай газрын нутагт мод бэлтгэсэн байсан. Тэгээд би буцаж очоод энэ модыг хаанаас авсан бэ гэж гэрт байсан хүнээс асуухад тэр гэрийн эзэн мэдэхгүй би энд түр ирсэн хүн, энэ гэрийн эздүүд мод буулгасан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,

6.Гэрч Э.*****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.*****ын Би 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ******** гэх найз руугаа өөрийн ******** гэх утсаар ярьсан. Ярихдаа манай гэр түлээгүй болчихлоо боломжтой бол мод буулгаад өгөөч гэж найзаасаа гуйсан. Тэгээд өдөр нь ******** гэх найз руугаа яриад би Улаанбаатар хот орох хувийн ажилтай яаралтай ажил гараад явлаа гэж хэлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө ******** гэх найз над руу яриад хөрөө байна уу гэж асуухаар нь манай гэрийн амбаарт байгаа аваад яв гэж хэлсэн. Тэгээд ******** гэх найз руугаа 7 хоног огт яриагүй байж байгаад Улаанбаатар хотоос гэртээ ирсэн чинь манай гэр түлээтэй болсон байсан. Би тэгээд найз руугаа залгаж асуусан чинь найз нь танай гэрт түлээ буулгасан шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,

7.Гэрч Э.*****ын дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз болох Д.******** нь танай гадаа буулгасан мод зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тэгээд Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн, модыг хөдөлгөж болохгүй шүү гэж надад 2025 оны 01 дүгээр сарын сүүл хавьцаа хэлсэн. Надад хэлэх үед манай гадаа буулгасан түлээний мод дуусчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-р хуудас/,

8.Хэнтий аймгийн ******** сумын "*******" сум дундын ойн ангийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дугаартай ...Тус мод унагасан гэх 48°49'39.3"N, 111°13'30.8"Е солбицол дахь газар нутаг нь хамгаалалтын бүсийн 1 дүгээр мужид хамаарна. шинжлэх ухааны нэр нь Сибирь шинэс, шинэс төрлийн модны 5 ширхэг хожууланд шилмүүст модны төрөл зүйлд хамаарах Шинэс мод, хэмжилт, тооллогын үр дүнд 1.2 шоо метр мод бэлгэсэн болох нь тогтоогдсон. Экологи эдийн засгийн үнэлгээ 684.259.2 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 94-99-р хуудас/,

9.********* байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 59 дугаартай “Ноён даваа гэх газар нь ********** байгалийн цогцолбор газарт хамаарагддаг" гэх албан бичиг /хх-ийн 77-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилна:”, 1/ “дархан цаазат газар;”, 7 дугаар зүйл Дархан цаазат газар “Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ.” гэж тус тус хуульчилжээ.

 

Хавтаст хэргийн 77 дугаар хуудаст ******* байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 59 дугаартай “...(N 48049’35.8”, E 111013’03.0”) нь Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт хамаарагддаг Ноён даваа гэх нэртэй газар болно. Хавсралтаар хэрэгт холбогддог газрын байршлыг тогтоосон газрын зургийг хүргүүлэв.” гэх албан бичиг авагдсан бөгөөд шүүгдэгч Н.*****, Д.******** нарын мод бэлтгэсэн нутаг дэвсгэр нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хамаарч байна.

 

Шүүгдэгч Н.*****, Д.******** нарын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

          Иймд шүүгдэгч Н.*****, Д.******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.*****, Д.******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус заасан “бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.*****, Д.******** нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 156 дугаар хуудас/, /хх-ийн 161 дүгээр хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.*****, Д.******** нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н.*****, Д.******** нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар тус бүрт 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Н.*****, Д.******** нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч нарын оршин суугаа газар буюу Хэнтий аймгийн ******** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*****, Д.******** нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Huyndai Porter маркийн 15-05 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5,617,991 (таван сая зургаан зуун жаран долоон мянга есөн еуун ерэн нэг) төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 2,808,996 (хоёр сая найман зуун найман мянга есөн зуун ерэн зургаа) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Гурав.Гэм хор, хохирлын талаар:

Шүүгдэгч Н.*****, Д.******** нарын улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр буюу байгалийн цогцолбор газраас бэлтгэсэн 1.2 (нэг аравны хоёр) м3 шинэс төрлийн модны экологи эдийн засгийн үнэлгээ 684,259 (зургаан зуун наян дөрвөн мянга хоёр зуун тавин ес) төгрөг байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж тогтоохоор хуульчилжээ. Энэхүү аргачлалаар тооцоход ойн санд учруулсан хохирлын хэмжээ 684,259х3=2,052,777 (хоёр сая тавин хоёр мянга долоон зуун далан долоо) төгрөг байна.

 

Шүүгдэгч Н.*****, Д.******** нар нь ойн санд учруулсан хохирлын үнэлгээ 2,052,777 (хоёр сая тавин хоёр мянга долоон зуун далан долоо) төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгч тус бүрээс 1,026,389 (нэг сая хорин зургаан мянга гурван зуун наян ес) төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлж шийдвэрлэлээ.

 

          4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Кэн” маркийн модны цагаан хөрөө 1 (нэг) ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц биет байдлаар улсын орлогод оруулах, шүүгдэгч Н.*****, Д.******** нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ****** овгийн ******** *****, ******** овгийн ********* ******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус заасан “Бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Н.*****, Д.******** нарт 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*****, Д.******** нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдгээрийн оршин суугаа газар буюу Хэнтий аймгийн ******** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*****, Д.******** нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч Н.*****, Д.******** нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*****, Д.******** нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Huyndai Porter маркийн 15-05 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5,617,991 (таван сая зургаан зуун жаран долоон мянга есөн еуун ерэн нэг) төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 2,808,996 (хоёр сая найман зуун найман мянга есөн зуун ерэн зургаа) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*****, Д.******** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүгдэгч Н.*****, Д.******** нараас ойн санд учруулсан хохиролд тус бүрээс 1,026,389 (нэг сая хорин зургаан мянга гурван зуун наян ес) төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлсүгэй.

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн прокурорын газрын 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 119  дугаартай прокурорын тогтоолыг  хүчингүй болгож Huyndai Porter маркийн ********* ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгчид буцаан олгосугай.

10.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Кэн” маркийн модны цагаан хөрөө 1 (нэг) ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц биет байдлаар улсын орлогод оруулах, шүүгдэгч Н.*****, Д.******** нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

12.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*****, Д.******** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  А.ЭНХБААТАР