Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/302

 

2025       11         18                                       2025/ШЦТ/302

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0286/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,

Улсын яллагч Н.Амгалан,

Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ******* *******д холбогдох 2539007850385 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө 04 цагийн орчимд амьсгал дахь спиртийн агууламж 3,09%-н промиль хэмжээтэй буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Авто тээврийн баруун хойд талд байх "Жаст ойл" ШТС-ын хажууд RX- 450" загварын ******** УКО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө 04 цагийн орчимд амьсгал дахь спиртийн агууламж 3,09%-н промиль хэмжээтэй буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Авто тээврийн баруун хойд талд байх "Жаст ойл" ШТС-ын хажууд RX- 450" загварын ******5 УКО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь: 

1.Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-5-р хуудас/,

2.Цагдаагийн сангийн лавлагаа, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл эрх хасагдсан гэх /хх-ийн 27-р хуудас/,

3.Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хамт ажилладаг А.*******ын хамт Нэгдсэн эмнэлгийн хажууд байх ажил дээр 23 цагийн үед 0.75 гр "ногоон экс" гэх архийг хамт ууж дуусгасан. Түүний дараа дахин 4 лааз пиво хорихын байрны хажууд ууж дуусгаад "*******" гэх зоогийн газар орох гэж А.*******ын ******** УКО улсын дугаартай "RX-450" загварын тээврийн хэрэгсэлтэй явсан бөгөөд би ард талын суудалд суугаад явж байсан. Машиныг А.******* барьж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

4.Гэрч А.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаад Авто тээврийн баруун хойд талд байх "Жаст ойл" ШТС-ын хажууд "RX-450" загварын ******** УКО улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул Хэнтий аймгийн цагдаагийн газар авчран согтолтын зэргийг шалгахад 3,09% гарсан тул тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийж шалгасан болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

5.Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 27-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч А.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            Иймд шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь дэх хэсэгт заасан ““Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч А.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч А.*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3,500 (гурван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 3,500 (гурван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв. 

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

          Энэ гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, албан тушаалтан, төрийн байгууллагад хохирол учраагүй тул шүүгдэгч А.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

          4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.******* цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3,500 (гурван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 3,500 (гурван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид А.*******д мэдэгдсүгэй.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

            6.Шүүгдэгч А.*******д оногдуулсан эрх хасах болон торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.*******д цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

             11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               А.ЭНХБААТАР