Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/305

 

2025       11         20                                         2025/ШЦТ/305

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0265/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,

Улсын яллагч Э.Азжаргал,

Хохирогч С.*******,

Хохирогчийн өмгөөлөгч Г.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.**********,

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ********* *******д холбогдох эрүүгийн 2539003730255 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр багт байх "Элит" амралтын газарт 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн орчимд хохирогч С.*******ын нүүр хэсэгт өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд баруун хоншоорын хөндийн урд, дотор хана, баруун ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт шарх, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр багт байх "Элит" амралтын газарт 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн орчимд хохирогч С.*******ын нүүр хэсэгт өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд баруун хоншоорын хөндийн урд, дотор хана, баруун ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт шарх, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

1.Хохирогч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Элит гэх ******* сумын амралтанд гэр захиалаад ангийн найзууд болох ******, *********, ******** бид хэд ууж наргиж суусан. Тэгээд амраад гэр доторх баруун талын орон дээр унтаж байтал манай ангийн найз ******* нөхөр миний нүүр хэсэг рүү 1 удаа өшиглөхөд аймар өвдөөд өндийж хартал дахиад нүүр хэсэгт өшиглөсөн. Би тэгээд толгой эргээд ухаан балартаад байсан. Тэрнээс цааш сайн санахгүй байна. ******** нөхөр ******* гэх хүн намайг их зодсон. Манай ангийн найз Эрдэнэсувд энэ талаар хэлсэн. Зодохдоо сандлаар цохисон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас/,

2.Гэрч Ц.****** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******, *********, ******* бид 4 хоолоо идээд та хэд одоо жоохон амар би эргэж ирээд хот руу гаргаж өгнө гээд явсан. 15 цагийн үед манай тамгын газрын ажилтан ******* тамгын газрын гадаа таараад танай ангийнхан чинь ирсэн юм уу? нэг хүн нь зодуулсан харагдаж байсан та нэг очоорой гаж надад хэлсэн. Би тэрийг сонсоод яваад очиход ****** нөхөр ******* гэдэг залуу. Эрдэнэсувд, ******* орон дээр доошоо хараад цус гоожсон хэвтэж байсан. Би ****** энд юу болсон юм гэхэд "***** би өшиглөсөн" гээд байсан тэгээд би ******** руу уурлаад загнаад эргээд амралтын гэрт ороход ******* сэрсэн байсан Би *******ыг амралтын газрын ариун цэврийн өрөө авч орж цусыг нь цэвэрлээд *******ыг ******* хот руу унаанд суулгаад явуулсан. ******* бас яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

3.Гэрч Т.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед манай ангийн найзууд уулзах болоод ******* болон 2 найзын хамт Хэнтий аймгийн ******* сум руу очсон. Тухайн өдөр ******* сумын Элит амралтын газар манай ангийн найз ******* гэр амралт захиалж бид хэд тийшээ орж амраад бас уугаад байж байтал би ядраад байхаар нь унтаад өгсөн. Нойрон дунд хүн дуудаад байхаар нь би гайхаад босоод хартал ******* нүүр ам нь битүү цус болчихсон хурхираад хэвтээд байсан. Би гайхаад юу болсон юм гэхэд ********* нүүр хэсэгт нь өшиглөсөн гэж ********* надад хэлсэн. Би *******ыг аваад Улаанбаатар луу гарсан ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

4.2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 252 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.********* “...С.*******ын биед баруун хоншоорын хөндийн урд, дотор хана, баруун ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт шарх, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт  /хх-ийн 40-41-р хуудас/,

5.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ЕГ0825/1649 дугаартай "...С.*******ын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшин илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэц болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй..." гэх дүгнэлт /хх-ийн 47-48-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчих буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хүндэвтэр хохирол учруулсан тохиолдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг хэмээн хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан.

 

Шүүгдэгч Ц.******* нь хохирогчийн биед халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч С.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч Ц.******* хохирогч С.*******ын биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

          Иймд шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Ц.*******г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.  

 

            3.Гэм хор, хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

            Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ...Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/…-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1649 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн “нэгдүгээр” зэрэглэл тогтоогдсон.

 

Шүүхээс хохирогчийн  сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговрыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шинэчлэн тогтоож 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 (долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгийг хохирогч С.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн “нэгдүгээр” зэрэглэлийн 4.99 (дөрөв зууны ерэн ес) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,952,080 (гурван сая есөн зуун тавин хоёр мянга ная) төгрөгөөр тогтоов.

 

Хохирогч С.*******аас шүүх хуралдаанд хохирлын баримт гаргаж өгснөөс 1,404,020 (нэг сая дөрвөн зуун дөрвөн мянга хорь) төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч Ц.*******гоос гаргуулж төлүүлж шийдвэрлэлээ. Мөн эрүүл мэндийн даатгалын санд 124,000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Шүүгдэгч Ц.******* нь шүүх хуралдааны явцад хохирогч С.*******т 5,356,100 (таван сая гурван зуун тавин зургаан мянга нэг зуу) төгрөг төлж барагдуулсан болно.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.*******гоос 124,000 (нэг зуун хорин дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарч болох эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

          4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Ц.******* хохирогч С.*******т 5,356,100 (таван сая гурван зуун тавин зургаан мянга нэг зуу) төгрөг төлсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ****** овгийн ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******г 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******д мэдэгдсүгэй.

  

 5.Шүүгдэгч Ц.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.*******гоос 124,000 (нэг зуун хорин дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлсүгэй.        

           

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч С.******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Ц.******* хохирогч С.*******т 5,356,100 (таван сая гурван зуун тавин зургаан мянга нэг зуу) төгрөг төлсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай

           

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.                                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  А.ЭНХБААТАР