Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/34

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Д.Санжидмаа, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөөвөлзий овгийн Довчинцэрэнгийн Санжидмаад холбогдох эрүүгийн 201708000054 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд 1959 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 5-16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЗЮ59111805 дугаарын регистртэй, Бөөвөлзий овгийн Довчинцэрэнгийн Санжидмаа,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч Д.Санжидмаа нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн орчим тус аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 09-89 ГСА улсын дугаартай Тоёота Карина маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй...”, мөн дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; гэснийг тус тус зөрчсөний улмаас Чойр өртөөний авто зогсоол дээр байсан иргэн Б.Мөнхсоёлын эзэмшлийн 37-05 ДГА улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргаж, 180000 төгрөгний хохирол учруулан, ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Д.Санжидмаагийн:

Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 09 цаг 40 минутын үед ажилдаа явж байгаад замдаа Цэцэгээтэй таараад вокзал хүргэж өгөөд зогсож байхад Данзансодов дарга над руу залгаад чиний ажлыг авах ажлын хэсэг ирсэн байна, хурдан ирж ажлаа хүлээлгэж өг гэж хэлсэн. Хүнээ буулгаад ухарч байхдаа машин мөргөсөн. Намайг ирээд зогсоход машин байхгүй байж байгаад ухрах үед би ар талаа хараагүй, машин ирээд зогссон байсан. Жолооч нь ойр хавьд харагдахгүй машин дээр нь очиж утасны дугаар байна уу? гэж хартал утасны дугаар нь байхгүй болохоор нь машиндаа суугаад 4-5 минут хүлээж байхдаа сандраад бас олон жил хийсэн ажлаа хүлээлгэж өгнө гэхээр хэцүү байсан болохоор тухайн үед машин бодогдохгүй байсан. Тэгээд би яваад өгсөн гэв.

           

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Б.Мөнхсоёлын:

"...2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 10 цагт төмөр замын клуб дээр тоглолтонд бэлтгэхээр очсон. Тэгээд манай ажлын дүү Батцэцэг төмөр замын вокзал дээрээс хөгжим авахаар миний эзэмшлийн 37-05 ДГА улсын дугаартай Тоёота Ракит машиныг жолоодож явсан. Тэгээд удалгүй хөгжим аваад ирэхдээ таны машиныг мөргүүлчихлээ гэж ирсэн. Би яаж байгаад мөргүүлсэн юм бэ гэж Батцэцэгээс асуусан чинь төмөр замын вокзал дээр нилээн хэдэн машин байсан. Тэгэхээр нь би нилээн зайтай машинаа тавиад хөгжимөө авчихаад гараад ирсэн чинь таны машины баруун урд талын гуферийг машин мөргөчихөөд зугтаасан байсан гэж хэлсэн. Таны машиныг мөргөөд зугтаасан машиныг нэг хэл муутай эмэгтэй хүн хараад дугаарыг нь утсан дээр бичиж өгсөн гэж хэлсэн. Тэр эмэгтэй ярьж чаддаггүй гэж хэлсэн. Батцэцэгийн утсан дээр тэр хэлгүй эмэгтэй 09-59 ГСА гэж бичиж өгсөн гэсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Батцэцэг машинаа хөдөлгөөд над дээр ирсэн. ...Санжидмаа надад хохирлын мөнгө 240000 төгрөг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 30, 31 дүгээр хуудас/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Батцэцэгийн:

"...2017 оны 04 сарын 10-ны өглөө 11 цагийн орчим Мөнхсоёл эгчийн 37-05 ДГА улсын дугаартай Тоёота Ракитс маркийн тээврийн хэрэгсэлтэй Мөнхцогт, Эрдэнэбаатар нарын хамт Төмөр замын клубээс Чойр төмөр замын өртөө орчихоод хөгжим аваад гараад ирэхэд миний жолоодож явсан машины ертөнцийн зүгээр баруун урд талын гупер хонхойсон цагаан будаг наалдсан зурагдсан байсан. Тэгээд нэг хэл муутай эгч байхаар нь миний машиныг шүргэсэн машины дугаарыг харсан уу? Гэж асуусан чинь тэр эгч миний утсан дээр 59-тэй дугаарыг бичиж өгсөн. Тэгээд бид нар хөдлөөд төмөр замын клуб ороод машины эзэн Мөнхсоёлд болсон зүйлийн талаар хэлээд цагдаад дуудлага өгөөд буцаж осол болсон газраа очиж зогссон. ..Намайг төмөр замын вокзал дээр ирэхэд машины зогсоол дээр нилээн хэдэн машин байсан. Би уг машинуудаас зайгаа бариад хойд талд нь машинаа зогсоогоод вокзал орчихоод гараад ирэхэд Мөнхсоёл эгчийн машины гуперийг мөргөсөн байсан...” /хх-ийн 32 дугаар хуудас/,

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Т.Мөнхцогтийн:

"...2017 оны 04 сарын 10-ны өдөр Мөнхсоёлын 37-05 ДГА улсын дугаартай машиныг Батцэцэг жолоодоод Эрдэнэбаатар бид гурав төмөр замын клубээс Чойр өртөө орсон. Чойр өртөө дээр очоод машины зогсоол дээр машинаа тавиад бид гурав өртөө ороод өсгөгч аваад гараад иртэл өөдөөс нэг эгч ирээд ойлгогдохгүй юм яриад дагуулаад явсан. Тэгээд машин дээрээ очтол буруу талын гуфер хэсэгт хонхойсон, цагаан өнгийн будаг наалдаж зурагдсан байсан. Тэгээд Батцэцэг машинаа жолоодоод төмөр замын клуб дээр ирж өсгөгчөө оруулж өгчихөөд буцаад Батцэцэг төмөр замын өртөөний зогсоол дээр ирсэн. ...Хэл муутай гээд байгаа эмэгтэй 09-59 ГСА гэсэн машин байсан гэж хэлж байсан...” /хх-ийн 33 дугаар хуудас/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ц.Цэцэгээ:

"...Тэр өдөр би вокзал орох гээд хашаанаас гартал Санжидмаа ирэхээр нь зогсоогоод намайг төмөр замын вокзал хүргэж өг гээд би Санжидмаагаар төмөр замын вокзал 10 цагийн орчим хүргүүлсэн. Тэгээд би машинаас нь буугаад вокзал орсон. Тэгээд Санжидмааг буцаагаад явуулсан. ...Би Говьсүмбэр аймагт шилжиж ирснээс хойш нэг нутгийнх гэж бие биенийхээ гэрээр орж гардаг болсон. Найз нөхөддөө их тусархуу, ажил төрөлдөө сайн. Орой шөнө болтол ажлаа хийдэг, би хааяа орой шөнө хүртэл суухад нь хоол унд өдхүүлж өгдөг байсан. Их шударга зантай хүн байгаа юм...” /хх-ийн 34 дүгээр хуудас/,

2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Цасанчихэрийн:

"...Би хадам ээжийг машин мөргөөд ослын газрыг орхиж явсан гэдгийг мэдсэн. Би нөхөр Буяндэлгэртэй суугаад 12 жил болж байна. Манай хадам ээж төлөв даруу шударга зантай, хүн чанар сайтай хүн байгаа...” /хх-ийн 35 дугаар хуудас/,

2.6. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Х.Элбэгбаярын:

"...манай эхнэр их төлөв даруу, амархан гомдомхой, асар хөнгөн сэтгэлтэй. Хүний төлөө явдаг, хүнд муу хар санадаггүй, маш сайхан сэтгэлтэй, уур уцаар багатай. Ширүүн ааш байхгүй. Хүний үгээр явдаг, жаахан юманд гомддог, жоохон уймраа хүн байгаа юм...” /хх-ийн 36 дугаар хуудас/,

2.7. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Э.Буяндэлгэрийн:

"...09-89 ГСА улсын дугаартай Тоёота Карина маркийн тээврийн хэрэгсэл миний зэмшлийн тээврийн хэрэгсэл  байгаа юм. Уг тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг боловч манай ээж Санжидмаа болон манай аав Элбэгбаяр хоёрын машин байгаа юм. 2015 оны 11 сард аав, ээж хоёр хотоос худалдаж авсан. Анх худалдаж авахдаа миний нэр дээр машины гэрчилгээг бичүүлж байсан. 2017 оны 04 сарын 11-ний өдөр Хонхорын 4-р байрны урд талын засмал замын зүүн талд зогсож байсан машиныг ээж машинаараа мөргөж зам тээврийн осол гаргасан. Тэр өдөр би ээжтэй хамт цагдаа дээр байж байхад ээж надад урьд өдөр нь төмөр замын вокзалын зогсоол дээр байсан машиныг шүргэсэн талаар хэлсэн. 09-89 ГСА улсын дугаартай Тоёота Карина маркийн машинд үнэлгээ гаргуулах шаардлагагүй. Миний ээж ер нь тайван. Баргийн юманд уурладаггүй, татварын газар, аудитын газар олон жил ажилласан. Санхүүгийн чиглэлээр насаараа үр бүтээлтэй ажиллаж үр хүүхдээ сайн өсгөж хүмүүжүүлж байсан. Ямар нэгэн ааш зан гаргаад байдаггүй жирийн нэгэн монгол эмэгтэй байгаа юм. Жолоо бариад удаагүй, жил гаран болж байна....” / хх-ийн 37 дугаар хуудас/,

2.8. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ц.Данзансодовын:

"...Надад 2017 оны 04 сарын 12-ны өдөр Санжидмаа би автомашинтай явж байгаад ухраад нэг машин шүргэсэн. Мөн хоёр машин мөргөсөн талаар хэлж байсан. Би Санжидмаад 2017.04.02-ны  өглөө ажлаа хүлээлгэн өг гэж хэлсэн. Тэгээд Санжидмаа 2017 оны 04 сарын 10-ны өдөр өдөр 10 цагийн орчим шиг санаж байна ажлаа өгөхөөр ирсэн. Түүнээс 2017 оны 04 сарын 10-ны өглөө би одоо ирж ажлаа өг гэж дуудаагүй...” /хх-ийн 38 дугаар хуудас/,

2.9. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Золзаяагийн:

"...2017 оны 04 сарын 10-ны өдөр би ажил дээрээсээ төмөр замын вокзал орох гээд явж байтал төмөр замын вокзалын зогсоол дээр хөх ангийн машины урд талд нь байсан саарал өнгийн машин ухраад хөх өнгийн машиныг мөргөсөн. Тэгээд мөргөсөн машины жолооч машинаасаа бууж харчихаад хөдлөөд засмал замаар явж 2-р сургуулийн чигт яваад өгсөн. Тэр жолооч нүдний шилтэй эмэгтэй жолооч байсан. Тэр машин миний хажуугаар гарах үед нь номерийг нь харахад 05-59 ГСА эсвэл 09-59 ГСА хоёрын аль нэг нь байх шиг байсан. Би мөргүүлсэн машины хүмүүст болсон зүйлийн талаар хэлсэн. Машины дугаарыг нь утсан дээр нь тэмдэглэж өгсөн. Би ярихдаа нилээн муу ярьдаг юм. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” /хх-ийн 39 дүгээр хуудас/,

2.10. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн Д.Санжидмаагийн:

"...2017 оны 04 сарын 10-ны өдөр 10 цагийн үед нийгмийн даатгалын арын хашаанаас найз Цэцэгээг өөрийн эзэмшлийн 09-89 ГСА улсын дугаартай Тоёота Карина маркийн тээврийн хэрэгсэлтэй төмөр замын вокзал хүргэж өгөхөөр явсан. Тэгээд би төмөр замын вокзалын машины зогсоол дээр ирээд Цэцэцгээг буулгасан. Тэгээд би буцаагаад машинаа ухраагаад явсан чинь ард зогсож байсан машиныг мөргөсөн. Тэгээд би машинаа унтраагаад зогсоод машинаас буугаад гарч харсан чинь 37-05 ДГА гэсэн дугаартай хөх саарал өнгийн машин зогсож байсан. Мөргүүлсэн машины буруу талын урд талын гуфер хонхойгоод үзүүр нь наашаа болсон байсан. Тэгээд би машиндаа орж сууж 5 минут хэртэй сууж байгаад хөдлөөд явсан. Би мөргөсөн машиныхаа дугаарыг мэдэж авсан болохоор тэр жолооч машинаа мөргүүлснээ мэдээд цагдаад мэдэгдэх байх гэж бодсон. Би тухайн үед айж сандарсан байсан. Цагдаад мэдэгдээгүй нь миний буруу. Намайг тэр өдөр осол хийхээс өмнө гэрт байхад ахмадын хорооны дарга ажлаа хүлээлгэн өг гэж дуудсан байсан юм. Тэгээд би осол хийсний дараа ослын газрыг орхиод ахмадын хороо орж Данзансодовтой уулзсан. Би түүнээс болж яарч сандарч яваад ослын газрыг санаатайгаар орхих шалтгаан болсон. ...Намайг зогсоол дээр ирэхэд мөргүүлсэн машин ирээгүй байсан. Би зогсоол дээр ирж зогсоод машинаа унтраагаад Цэцэгээг буулгаад буцаад машинаа асаагаад хөдлөхөд тэр машин ард ирсэн байсан юм байна лээ. Би тэр машиныг ард ирснийг мэдээгүй. ...Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд үнэлгээ гаргуулахгүй. Би 2015 онд Говьсүмбэр аймгийн Говийн зууж жолооны курст жолоо төгссөн. В ангилалын жолооч байгаа юм...” /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч Д.Санжидмаагийн:  

"...Би сэжигтнээр урд нь мэдүүлэг өгсөн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би тэр өдөр машин шүргэчихээд шүргэсэн машины жолоочийг хүлээгээд гарч ирээгүй. Тэр жолоочийг хүлээгээд гарч ирээгүй болохоор би машинтай хөдлөөд явсан. Би хохирлын мөнгө болох 180000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй...” /хх-ийн 55 дугаар хуудас/,

2.12. Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтэд

"...2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын вокзалын автомашины зогсоол дээр байсан 37-05 ДГА улсын дугаартай Toyoto Ractis маркийн тээврийн хэрэгслийг жолооч Д.Санжидмаа нь өөрийн эзэмшлийн 09-89 ГСА улсын дугаартай Тоёото Карина маркийн тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийхдээ шүргэж ослын газрыг санаатай орхиж зугтаасан нь зам тээврийн осол мөн.

...2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 10 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, “Чойр өртөө”-ний авто зогсоолд Довчинцэрэн овогтой Санжидмаа нь “Toyota Carina” маркийн 09-89 ГСА улсын дугаартай автомашин жолоодон МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;”  мөн замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

...37-05 ДГА улсын дугаартай “Toyoto Ractis” маркийн автомашины жолооч Б.Батцэцэг нь Монгол улсын замын хөдөлгөөний зүйл заалтыг зөрчөөгүй байна.

....Toyota Carina маркийн 09-89 ГСА улсын дугаартай автомашины жолооч Д.Санжидмаа нь тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх. Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтанд/ мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтан иртэл хүлээнэ.” Мөн бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэснийг тус тус зөрчсөний улмаас уг осол гарах шалтгаан болсон...” /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд

3.1. Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

3.2. Хэрэг учралын газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хэмжилт хийсэн бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3, 7-12 дугаар хуудас/,

3.3. Согтуурлын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, илтгэх хуудаснууд  /хх-ийн 13-20 дугаар хуудас/,

3.4. Ашид билгүүн ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

3.5. Д.Санжидмаагийн оршин суугаа газрын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Д.Санжидмаагийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Санжидмаагийн ажлын газрын тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, банкууд дахь дансны мэдээлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, Д.Санжидмаагийн хувийн байдлыг тогтоосон улсын шилдэг санхүүч, жуух бичиг, хүндэт тэмдгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Санжидмаагийн эрх хасуулсан захиргааны шийтгэл ногдуулсан тухай шийдвэр, эд зүйл, бичиг баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 56-76 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судласан болно.

 

Шүүгдэгч Д.Санжидмаа нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн орчим тус аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Чойр өртөөний авто зогсоол дээр “Toyota Carina” маркийн 09-89 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17., мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5/а, 2.5/в гэснийг тус тус зөрчиж, иргэн Б.Мөнхсоёлын эзэмшлийн “Toyota Ractis” маркийн 37-05 ДГА улсын дугаартай автомашиныг мөргөж, 180.000 төгрөгийн хохирол учирсан зам тээврийн осол гаргаж, ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогдсон болох нь

хохирогч Б.Мөнхсоёлын ...2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 10 цагт... ...манай ажлын дүү Батцэцэг... ...миний эзэмшлийн 37-05 ДГА улсын дугаартай Тоёота Ракит машиныг жолоодож явсан... ...хөгжим аваад ирэхдээ таны машиныг мөргүүлчихлээ гэж ирсэн..., ...Таны машиныг мөргөөд зугтаасан машиныг нэг хэл муутай эмэгтэй хүн хараад дугаарыг нь утсан дээр бичиж өгсөн гэж хэлсэн... /хх-ийн 30, 31 дүгээр хуудас/,

гэрч Б.Батцэцэгийн ...2017 оны 04 сарын 10-ны өглөө 11 цагийн орчим Мөнхсоёл эгчийн 37-05 ДГА улсын дугаартай Тоёота Ракитс маркийн тээврийн хэрэгсэлтэй Мөнхцогт, Эрдэнэбаатар нарын хамт Төмөр замын клубээс Чойр төмөр замын өртөө орчихоод хөгжим аваад гараад ирэхэд..., ...Мөнхсоёл эгчийн машины гуперийг мөргөсөн байсан..., ...тэгээд нэг хэл муутай эгч байхаар нь миний машиныг шүргэсэн машины дугаарыг харсан уу? гэж асуусан чинь тэр эгч миний утсан дээр 59-тэй дугаарыг бичиж өгсөн... /хх-ийн 32 дугаар хуудас/,

гэрч Т.Мөнхцогтийн ...2017 оны 04 сарын 10-ны өдөр Мөнхсоёлын 37-05 ДГА улсын дугаартай машиныг Батцэцэг жолоодоод Эрдэнэбаатар бид гурав төмөр замын клубээс Чойр өртөө орсон. Чойр өртөө дээр очоод машины зогсоол дээр машинаа тавиад бид гурав өртөө ороод өсгөгч аваад гараад иртэл өөдөөс нэг эгч ирээд ойлгогдохгүй юм яриад дагуулаад явсан. Тэгээд машин дээрээ очтол буруу талын гуфер хэсэгт хонхойсон, цагаан өнгийн будаг наалдаж зурагдсан байсан..., ...Хэл муутай гээд байгаа эмэгтэй 09-59 ГСА гэсэн машин байсан гэж хэлж байсан... /хх-ийн 33 дугаар хуудас/,

гэрч Б.Золзаяагийн ...2017 оны 04 сарын 10-ны өдөр... ...төмөр замын вокзалын зогсоол дээр хөх ангийн машины урд талд нь байсан саарал өнгийн машин ухраад хөх өнгийн машиныг мөргөсөн. Тэгээд мөргөсөн машины жолооч машинаасаа бууж харчихаад хөдлөөд... ...яваад өгсөн. Тэр жолооч нүдний шилтэй эмэгтэй жолооч байсан..., ...Би мөргүүлсэн машины хүмүүст болсон зүйлийн талаар хэлсэн. Машины дугаарыг нь утсан дээр нь тэмдэглэж өгсөн... /хх-ийн 39 дүгээр хуудас/,

гэрч Ц.Данзансодовын ...Надад 2017 оны 04 сарын 12-ны өдөр Санжидмаа би автомашинтай явж байгаад ухраад нэг машин шүргэсэн. Мөн хоёр машин мөргөсөн талаар хэлж байсан. Би Санжидмаад 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө ажлаа хүлээлгэн өг гэж хэлсэн..., ...Түүнээс 2017 оны 04 сарын 10-ны өглөө би одоо ирж ажлаа өг гэж дуудаагүй... /хх-ийн 38 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт,  “Ашид Билгүүн” ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 654 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хэмжилт хийсэн бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3, 7-12 дугаар хуудас/ болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлж авагдсан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн болно.

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Санжидмаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцээд эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дүгнэвэл: Шүүх шүүгдэгч Д.Санжидмааг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Д.Санжидмаад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, иргэний нэхэмжлэгчид учруулсан эд хөрөнгөө хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэн үзэж шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Санжидмаагийн өмгөөлөгч Б.Батчимэг ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэхээс илүү тус хуулийн 216.1 дэх хэсгийн бүрэлдэхүүний шинжийг илүү агуулсан байна..., ...санаатай зугтаасан гэдгийг юугаар нотолж байна вэ? шууд тогтоосон баримт байхгүй учраас эргэлзээтэй..., ...харин хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэдэг нөхцөл байдал тогтоогдож байна..., ...тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү?... гэсэн тайлбарыг гаргадаг хэдий ч энэ нь дээрх хохирогч Б.Мөнхсоёл, гэрч Б.Батцэцэг, Т.Мөнхцогт, Б.Золзаяа нарын мэдүүлгүүдээр зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан болох нь тогтоогддог, өмгөөлөгчийн тайлбар няцаагдаж үгүйсгэгдэж байна.

      

Шүүгдэгч Д.Санжидмаа цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283., 284., 286., 290 дүгээр зүйлийн

290.3., 295-297., 298., 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Бөөвөлзий овгийн Довчинцэрэнгийн Санжидмааг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Бөөвөлзий овгийн Довчинцэрэнгийн Санжидмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Бөөвөлзий овгийн Довчинцэрэнгийн Санжидмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Бөөвөлзий овгийн Довчинцэрэнгийн Санжидмаа цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, иргэний нэхэмжлэгчид төлбөргүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Бөөвөлзий овгийн Довчинцэрэнгийн Санжидмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийг дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Бөөвөлзий овгийн Довчинцэрэнгийн Санжидмаад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ГАНДАНСҮРЭН