Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/323

 

2025        12          02                                          2025/ШЦТ/323

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0315/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Хохирогч А.********,

Хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ********* овгийн ******** *******т холбогдох эрүүгийн 2539001700391 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь Хэнтий аймгийн ******** сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Тамирхүнсний дэлгүүрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр А.********тэй маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд "дээд 11-р шүд, доод 31, 41-р шүдний булгарал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь Хэнтий аймгийн ******** сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Тамир" хүнсний дэлгүүрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр А.********тэй маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд "дээд 11-р шүд, доод 31, 41-р шүдний булгарал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2-р хуудас/,

2.Хохирогч А.********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө 10 цаг 30 минутын үед ******** сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "******" дэлгүүрээс орж архи, ундаа, тамхи аваад гүйлгээ хийгээд гүйлгээ хийснээ тухайн худалдагч эмэгтэйд харуулсан... худалдагч эмэгтэйн дүү гэх залуу дэлгүүрийн хаалгаар орж ирээд шууд намайг араас боогоод дэлгүүрийн үүдний камергүй таамбар дотор унагаагаад гараараа миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон мөн хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед миний амнаас цус гарахаар нь би хэлээрээ мэдэрч үзэхэд дээд талын нэг шүд хугарсан доод талын 2 талын шүд мултраад буйлан дээрээ тогтож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/,

3.Гэрч А.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 15 цаг өнгөрч байхад манай ах ******** над руу хүнд зодуулаад эмнэлэг дээр байна гэж ярьсан юм. Тэгэхээр нь би шууд эмнэлэг дээр очиход нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг авсан байдалтай нүүр, уруул хэсэг нь хавдсан...доод үүдэн хоёр шүд. дээд талын үүдэн нэг шүд нь хөдөлсөн байсан...дүүтэй чинь уулзъя гэхэд манай дүү ******* одоо энд байхгүй гэсэн... ******* гэдэг залуу араас нь боож чирээд үүдний таамбар хэсэгтээ унагаад нүүр тус газарт өшиглөж зодсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

4.Гэрч Г.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр ******** гэдэг хүнийг ганц хоёр удаа хацар хэсэг рүү нь цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

5.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.******** “...А.********гийн биед дээд 11-р шүд, доод 31, 41-р шүдний булгарал, баруун бугалга, зүүн шилбэнд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдээс дээд 11-р шүд, доод 31, 41-р шүдний булгарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хх-ийн 57-59-р хуудас/,

6.Иргэний нэхэмжлэгч С.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч А.******** нь эрүүл мэндийн даатгалын сангаас 92,096 төгрөгний тусламж, үйлчилгээ авсан байна... Төрийн сангийн данс руу шилжүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,

7.Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 030 дугаартай "...А.********гийн сэтгэцэд дээрх гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна... гэх дүгнэлт /хх-ийн 69-70-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох” журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч Б.*******ын хохирогч А.********гийн биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

          Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.*******ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1,300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 1,300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.   

 

          Гурав.Гэм хор, хохирлын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

            Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ...Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/…-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж тус тус хуульчилжээ.

 

Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.********гийн сэтгэцэд учирсан хор уршгийн “нэгдүгээр” зэрэглэл тогтоогдсон.

 

Шүүхээс хохирогчийн  сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговрыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шинэчлэн тогтоож 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 (долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгийг хохирогч А.********гийн сэтгэцэд учирсан хор уршгийн “нэгдүгээр” зэрэглэлийн 4.99 (дөрөв зууны ерэн ес) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,952,080 (гурван сая есөн зуун тавин хоёр мянга ная) төгрөгөөр тогтоов.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар 3,952,080 (гурван сая есөн зуун тавин хоёр мянга ная) төгрөгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас 92,016 (ерэн хоёр мянга арван зургаа) төгрөгийн зардал гарсан байна.

 

Шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн хуралдааныг хохирол төлөхөөр завсарлуулсан хугацаанд хохирогч А.********д 2,000,000 (хоёр сая) төгрөг төлжээ.

 

Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******аас 1,952,080 (нэг сая есөн зуун тавин хоёр мянга ная) төгрөгийг хохирогч А.********д, мөн 92,016 (ерэн хоёр мянга арван зургаа) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирогч А.********д шинжээчийн дүгнэлтээр дээд 11-р шүд, доод 31, 41-р шүднүүдийн булгарал гэмтэл тогтоогдсон бөгөөд эдгээр 3 шүд хийлгэх эмчилгээний зардал нэхэмжилдэг боловч энэ талаар шүүхэд баримт гаргаж өгөөгүй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч А.******** нь энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

          Дөрөв.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.******* цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******** овгийн ********* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 1,300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 1,300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т мэдэгдсүгэй.

  

5.Шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******аас 1,952,080 (нэг сая есөн зуун тавин хоёр мянга ная) төгрөгийг хохирогч А.********д, мөн 92,016 (ерэн хоёр мянга арван зургаа) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлсүгэй.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч А.******** нь энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай

           

          10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

          

           12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ЭНХБААТАР