| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0329/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/336 |
| Огноо | 2025-12-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.М |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/336
2025 12 08 2025/ШЦТ/336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0329/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч Д.***** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн ******** *****т холбогдох эрүүгийн 2539000000428 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.***** нь согтуугаар 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө Хэнтий аймгийн ***** сумын 6 дугаар баг малчдын хороололд Ц.*******ыг цохиж зодсоны улмаас биед нь баруун хацар яс, хоншоор ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.***** нь согтуугаар 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө Хэнтий аймгийн ***** сумын 6 дугаар баг малчдын хороололд Ц.*******ыг цохиж зодсоны улмаас биед нь баруун хацар яс, хоншоор ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
2.Хохирогч Ц.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажил Дээрээсээ манай хүү болох ****** гэрийн найр хийнэ гэхээр нь би ***** сумын төвд хашаа барихад нь туслах гэж ирсэн. Тэгээд хашаагаа барьж дуусаад 10 дугаар сарын 08-ны өдөр ******* шинэ гэрийн найраа хийсэн юм. Өдөр нь би архи дарс уухгүй байж байгаад орой хүмүүс шингэрхээр нь илүү гэрт нь 1 ширхэг 0,75 граммын Соёолж нэртэй архи ганцаараа уусан. Тэгээд нилээн согтсон байсан зарим зүйлийг нь санахгүй байна. Нэг мэдэхэд гадаа гараад тамхи татаад сууж байтал нэг хүн ирээд миний нүүр хэсэг рүү цохих шиг болсон. Юугаар цохисныг нь бол сайн мэдэхгүй нэг сэрэхэд эмнэлэгт байсан. Нилээн уучихсан байсан. Ухаан санаа орж гараад байсан. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,
3.Гэрч П.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр ******* нь орой хүмүүс цөөхөн болсоны дараа миний хажууд ганцаараа 1 шил 0.75 граммын Соёолж нэртэй уугаад сууж байсан ба би зүүн гэр рүү гал түлчихээд гарч ирэхэд ******* гадаа тамхи татна гээд сууж байснаа намайг гэрээс тамхи аваад ир гэхээр нь би гэр лүү орж тамхыг нь аваад гараад ирээд тамхыг нь аманд нь зуулгаад асаад өгчихөөд зүүн гэр рүү орох гээд үүдэнд нь очитол ***** жорлонгоос шууд ******* руу гүйж очоод баруун хөлөөрөө баруун шанаа хэсэг рүү нь өшиглөхөөр нь би гүйж очоод *****ийг яаж байгаа юм чи гэж хэлээд цааш нь түлхээд ******* руу эргээд хартал дээшээ харчихсан хамар, амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд Энхзулыг дуудаад гэр рүү өргөж оруултал нүүр нь баруун талаараа хавдчихсан байсан. Тэгээд ухаан санаа нь орж гараад байхаар нь эмнэлэгийн байгууллагад хүргэж өгсөн. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
4.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.********* 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 615 дугаартай “...Ц.*******ы биед их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэн, бага тархинд аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, баруун хацар яс, хоншоор яс, баруун талын ухархайн гадна хана, хамар ясанд хугарал, доод уруулын салстад шарх, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимын салст, завжинд цус харвалт, баруун, зүүн нүдний зовхи, баруун хацар, баруун чих, хүзүүнд цус хуралт, зүүн чих, хүзүү, эрүүнд зулгаралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. "Баруун хацар яс, хоншоор ясанд хугарал гэмтэл нь дан дангаараа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэн, бага тархинд аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, доод уруулын салстад шарх гэмтэл нь дан дангаараа, бусад гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 34-37-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчих буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг хэмээн хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан.
Шүүгдэгч Д.***** нь хохирогчийн биед халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Ц.*******ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Д.***** хохирогч Ц.*******ы биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр баруун хацар яс, хоншоор ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Д.*****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.*****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.*****ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.*****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*****т оногдуулсан 2,000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч Д.***** нь хохирогч Ц.*******д учруулсан хохиролд 5,000,000 (таван сая) төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан тул шүүгдэгч Д.*****ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ... Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/ …-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж тус тус хуульчилжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн олговрыг шинжээчийн дүгнэлтээ гаргуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Д.***** нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Д.***** нь хохирогч Ц.*******ы эмчилгээний зардалд 5,000,000 (таван сая) төгрөг төлсөн, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн ********** *****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*****ийг 2,000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*****т оногдуулсан 2,000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*****т мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Д.*****т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Ц.******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн олговрыг шинжээчийн дүгнэлтээ гаргуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Д.***** нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Д.***** нь хохирогч Ц.*******ы эмчилгээний зардалд 5,000,000 (таван сая) төгрөг төлсөн, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.*****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР