Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 1507

 

 

МАГАДЛАЛ

 

2019.08.12                                                Дугаар 1507                                     Улаанбаатар хот

 

 

“БС ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01061 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “БС ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ЗБР ” ХХК-д холбогдох,

Түрээсийн гэрээний барьцаа төлбөр 124 352 640 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ЗБР ХХК нь БС  ХХК-д холбогдуулан засвар үйлчилгээ, эд хөрөнгө эвдэрсний төлбөр 114 052 785 төгрөг, тавилга эд хөрөнгө худалдан авсны төлбөр 60 227 400 төгрөг, цагаан хэрэглэл худалдан авсны төлбөр 9 900 500 төгрөг нийт 184 180 685 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.С,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “ЗБР ” ХХК болон “БС ” ХХК-ийн хооронд 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр №01 тоот үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж      Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 120 мянгатад байрлалтай “ПБ ” зочид буудлыг 5 жилийн хугацаагаар түрээслэхээр харилцан тохиролцсон бөгөөд түрээслүүлэгч нь түрээсийн гэрээний хугацаанд тус гэрээний 1.11 дэх заалтын дагуу зочид буудлын 2 давхрын баар, 304 тоот өрөөг 00 өрөөний хамт оффисын зориулалтаар, 303 тоот өрөөг агуулахын зориулалтаар 1 давхрын дэлгүүрийн зориулалттай 18 метр квадрат талбайтай түрээслэгч нь өөрийн эзэмшилдээ авч үлдэх, ашиглахаар тохирсон. Түрээсийн гэрээний 3.1 дэх заалтын дагуу түрээсийн сарын төлбөр 20 000 ам.доллартай тэнцэх хэмжээний Монгол төгрөг байхаар харилцан тохиролцсон бөгөөд тус гэрээний 3.2 дахь заалтаар түрээслэгч нь гэрээ байгуулах өдрөө эхний 2 сарын түрээсийн төлбөр болох     40 000 ам.доллар, эд хөрөнгийг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор хүлээлцэх бөгөөд хүлээлцсэн өдрөө 4 сарын түрээсийн төлбөр болох 80 000 ам.доллар, гэрээний 3.3 дахь заасан барьцаа төлбөр 50 000 ам.доллартай тэнцэх Монгол төгрөгийг түрээслэгчид төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу “БС ” ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 17-нд 65 000 ам.долларыг “ЗБР ” ХХК-д бэлнээр тушаасан, 2015 оны 8 дугаар сарын 08-нд 105 576 000 төгрөг буюу 53 000 ам.доллар, 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 27 000 ам.долларыг тус тус шилжүүлсэн. “БС ” ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 17-нд түрээслүүлэгчээс түрхүүр гардан авч “ПБ ” зочид буудалд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Түрээслэгч нь гэрээний хугацаанд түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг хариуцан төлж барагдуулж гэрээний үүргээ биелүүлж ирсэн. Гэвч түрээслэгч нь өөрсдийн зүгээс шалтгаалах бүхий л арга хэмжээг авч зочид буудлын үйл ажиллагаагаа үр ашигтай тогтвортой явуулахыг хичээж ажилласан боловч түрээсийн жилийн хугацаанд бизнесийн үр ашиггүй байдлаас улбаалан цаашид буюу 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн гэрээнд заасан түрээсийн төлбөрийг төлж барагдуулах санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал нэгэнт үүссэн тул 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс түрээсийн гэрээний 1.5 болон 1.6 дахь хэсэгт заасны дагуу түрээсийн гэрээний зүйлүүдийг харилцан хүлээлцэх комисс ажиллуулж түрээсийн байр, түүний эд хөрөнгө, тоног төхөөрөмж, тоноглолууд болон холбогдох баримтуудын хамт 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр багтаан хүлээлгэн өгөх болсон тухай болон барьцаа хөрөнгийг түрээслэгчид буцаан олгохыг хүссэн тухай 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №42/16 тоот албан бичгийг түрээслэгч талд хүргүүлсэн. Үүний дагуу түрээсийн объектыг хүлээн авах ажиллагааг эхлүүлэх шаардлагатай цэвэрлэгээ үйлчилгээг хийлгэх тухай 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр болон 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгийг түрээслүүлэгч “ЗБР ” ХХК нь “БС ” ХХК-д хүргүүлсэн. Үүний дагуу зочид буудлын объектыг түрээслэгчид хүлээлгэн өгсөн. Хариуцагчтай цэвэрлэгээний компаниар объектыг цэвэрлүүлсэн зардал 2 000 ам.долларыг барьцааны төлбөрөөс тооцуулахаар тохирсон тул үлдэгдэл 48 000 ам.долларыг буюу 124 352 640 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр гэрээний 1.5 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 08 дугаар сард “ПБ ” зочид буудлын 3734 метр квадрат бүхий талбайг тавилга эд хөрөнгийн хамтаар хүлээлгэн өгсөн. Үүнд 29 өрөө, 4-7 давхрын вестибюль, саун, дулаан граж, угаалгын өрөө, агуулахын өрөө, биллиардын өрөө, үзелийн өрөө, агуулах, цахилгааны шийдэлийн өрөө гэх зэрэг иж бүрэн тавилгатай, ашиглалтын 1 дүгээр зэрэглэлийн тоног төхөөрөмжийн хамт нийт      712 465 676 төгрөгийн эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн. Ингээд “БС ” ХХК-ийн ерөнхий захирал Гао Инг нь үйл ажиллагаа явуулах боломжгүй тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай санал хүргүүлсэн бөгөөд буудлын эд хөрөнгийг дутуу хүлээлцэж, компанид учруулсан хохирлыг төлөхгүй явсан. Тухайн үед буюу 2016 оны 09 дүгээр сард буудлын эд хөрөнгийг хүлээн авах комисс гаргасны дагуу эд хөрөнгө бүрийн нэг бүрчилсэн жагсаалт гарган тоолж, үнэлгээг гарган хохирлыг тооцоход тавилга эд хөрөнгийн эвдрэл гэмтэлд 114 052 785 төгрөг, цагаан хэрэгсэл даавуунд 9 900 500 төгрөг гэх зэргээр ихээхэн хэмжээний хохирол учруулж үргэлжлүүлэн ашиглах боломжгүй байдал үүсгээд явсан. Бид компанид учруулсан хохирлыг тухайн үед нь танилцуулж төлбөрийг төлж хохирлыг барагдуулахыг шаардсан боловч “БС ” ХХК-ийн ерөнхий захирал Гао Инг нь манай хохирлыг барагдуулна гэж гарын үсэг зурсан боловч төлбөрийг төлөлгүй явсан. Бид удаан хугацааны хамтын ажиллагаатай байсан болохоор шинэ тавилга авах шаардлагатай байгааг хэлж төлбөр тооцоог хийж хохирлыг барагдуулах талаар утсаар ярьж холбогдож байсан. Ингээд түүн төлбөрийг төлнө, шинэ тавилга авахдаа хэлээрэй гэсэн тул бид зээлээр шинээр тавилга худалдан авч буудлын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжтой болсон боловч төлбөрийг Гао Инг төлөөгүй биднийг хохироосоор байна. Мөн “БС ” ХХК нь буудлыг ажиллуулж байхдаа буудлын байр талбайд маш их хэмжээний хохирол, эвдрэл гэмтэл учруулсан, цэвэрлэгээ үйлчилгээг хангалтгүй хийж компаний нэр төрд халдахаар нууц далд үйлчилгээ явуулдаг байсан бөгөөд ихээхэн хэмжээний засвар цэвэрлэгээ үйлчилгээ хийсэн. Бид буудлын үйл ажиллагааг хэвийн явуулж, бизнесийн нэр төрийг сэргээх, алдагдсан цаг хугацааг нөхөх шаардлагатай байсан тул “БС ”       ХХК-ийн хохирлыг мөнгийг хүлээлгүйгээр ерөнхий захирал Гао Инганд мэдэгдсэний үндсэн дээр шинээр 60 227 400 төгрөгийн тавилга эд хогшлыг худалдан авсан. Хэдийгээр бид бодит хохирол болон эвдрэл гэмтлийг засаж болох боловч манай компаний нэр төрийг сэвтээсэн үйлчилгээ, үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй юм. Иймд манай компанид учруулсан хохирол болох засвар үйлчилгээ, эд хөрөнгө эвдэрсний төлбөр 114 052 785 төгрөг, тавилга эд хөрөнгө худалдан авсны төлбөр 60 227 400 төгрөг, цагаан хэрэглэл худалдан авсны төлбөр 9 900 500 төгрөг нийт 184 180 685 төгрөгийг нэхэмжлэгч “БС ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “ЗБР ” ХХК-иас 124 352 640 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “БС ” ХХК-д олгож, 184 180 685 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 780 000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 078 854 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЗБР ” ХХК-иас 780 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “БС ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх хурлын товыг хариуцагчид мэдэгдээгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 183/Ш32019/02461 дугаар захирамж гарснаас хойш хариуцагчид хэргийн материалыг танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй байна. Шүүх хуралдааныг өдрүүдэд тус тус товлон зарласан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч компанид хэн алинд нь шүүх хурлын товыг мэдэгдээгүй нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, түүнд хэргийн материал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцуулсан, эрх үүрэг тайлбарлах нөлөөллийн мэдүүлэг бөглүүлэх зэрэг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэт хийж зөвхөн нэг талын оролцоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь хэргийн материалаас тодорхой харагдаж байна. Шүүх хурал болохоос өмнө ямар нэгэн байдлаар хурлын товыг хариуцагчид мэдэгдээгүй атлаа 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 09:21 минутанд буюу шүүх хурал болсоноос хойш “...хуралдаа ирж байна уу” гэх мэссэжийг 99616963 дугаарын утаснаас хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгчид явуулсан байдаг. Энэ нь шүүхээс хариуцагчид шүүх хурлын талаар анхны бөгөөд ганцхан л удаа мэдэгдэж буй үйлдэл юм. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүтээс 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралд гаргасан хүсэлтдээ “ПБ ” зочид буудлын улсын бүртгэлийн гэрчилгээг хэрэгт хавсаргуулах” гэж хүсэлт гаргасан байна. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж гэрчилгээний хуулбарыг нотлох баримтыг шаардлага хангуулж шүүхэд ирүүлэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн. Ингэхдээ шүүх уг захирамжийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1/1476 дугаар албан тоотоор Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хаяглаж явуулсан байдаг ба уг нотлох баримтыг 2019 оны 05 дугаар сарын 03-ны дотор ирүүлэхийг даалгасан атлаа 2019 оны 05 дугаар сарын 03-ны 8:30 минутанд шүүх хуралдааныг хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага холбогдох баримтыг шүүхэд хүргүүлэх хугацаа дуусаагүй байхад шүүх хуралдааныг явуулсан нь харагдаж байна. Нэхэмжлэгч хэрэгт цугларсан нотлох баримт нь өөрт ач холбогдолгүй гэж үзвэл татгалзах эрхтэй. Харин тухайн нотлох баримт нь эсрэг талд ашигтай байна гэж үзвэл тус баримтыг хариуцагч шинжлэн судлуулах эрхтэй байхаар хуульд тусгасан. Учир нь тухайн нотлох баримтыг нэгэнт хэргийн материалд хавсаргуулахаар эрх бүхий байгууллагад даалгасан бол баримтыг хүлээн авч хэрэгт хавсаргах ёстой байсан. Гэтэл уг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх хугацаа дуусаагүй байхад шүүх хурлыг хйиж байгаа үйл явц туйлын хариуцлагагүй бөгөөд илтэд хууль зөрчсөн үйлдэл юм. Хариуцагч тал Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 73.2-т заасан үндэслэлээр 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч талд гардуулан өгсөн байдаг. Хэдийгээр “ЗБР ” ХХК нь тус хэрэгт хариуцагчаар оролцож байгаа боловч тухайн хэрэгтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан тохиолдолд нэхэмжлэгч "БС " ХХК нь сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч болно. Иймд "БС " ХХК нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т заасан хугацаанд буюу нэхэмжлэлийг гардан авсанаас хойш 14 хоногийн хугацаанд буюу 2019 оны 02 дугаар сарын 28-ны дотор сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх ёстой. Гэтэл сөрөг нэхэмжлэлийн талаар хариу тайлбар ирүүлээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4-т заасан "..эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно" гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх хуулийн шаардлага хангагдсан байна. Учир нь сөрөг нэхэмжлэлийн талаар хариу тайлбартай хариуцагч нь огт танилцаагүй, энэ талаар баримт материал хэрэгт авагдаагүй, шүүх хуралдааны явцад танилцуулагдаагүй байдаг. Харин шүүх энэ асуудлын талаар маргаан үүссэн гэж дүгнэж байгаа нь өрөөсгөл дүгнэлт болсон. Түрээсийн гэрээний үр дүнгээр хүлээлгэн өгсөн     зүйл нь 48 000 ам.доллар байдаг бол харин "ЗБР ” ХХК-наас "БС " ХХК-нд хүлээлгэн өгсөн зүйл нь 712 465 676 төгрөгийн үнэ бүхий зочид буудлын зориулалттай обьект, эд хөрөнгө байдаг. Гэтэл шүүх "талууд өгсөн авсан зүйлээ буцаан шилжүүлэх үүрэгтэй байна гэж дүгнэсэн атлаа "ЗБР " ХХК-ийн хүлээн авсан гэх 48 000 ам.долларыг шийдвэрлээд харин нөгөө талын буюу "БС " ХХК-ийн хүлээн авсан 712 465 6 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь нэг талд хэт давуу байдал бий болгож, тэгш бус байдлаар хандаж хариуцагчийн эрх хууль ёсны эрх ашгийг илтэд зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч “БС ” ХХК нь хариуцагч “ЗБР ” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний барьцаа төлбөр 124 352 640 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, засвар үйлчилгээ, эд хөрөнгө эвдэрсний төлбөр 114 052 785 төгрөг, тавилга эд хөрөнгө худалдан авсны төлбөр              60 227 400 төгрөг, цагаан хэрэглэл худалдан авсны төлбөр 9 900 500 төгрөг нийт           184 180 685 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүх 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу хүргүүлээгүй байна.

Мөн шүүх хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг танилцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох зэрэг хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй байна.

Энэ нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйл тус бүрийн заалтад нийцэхгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэн тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох, хуулийг хэрхэн хэрэглэсэн талаар дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01061 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 1 700 617 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ      

                 ШҮҮГЧИД                                                        Ч.ЦЭНД

       М.НАРАНЦЭЦЭГ