Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/22    

 

А.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/108 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч А.Б-д холбогдох эрүүгийн 1813003180065 дугаартай хэргийг яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар  Б.Арманбек, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч А.Серикжан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жандаулет, прокурор М.Парида нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1962 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны бэлтгэл судлалын мэргэжилтэй, ам бүл 5 хүнтэй, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Б сумын  дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай яллагдагч М овогт А.Б-т /РД: БГ00000/ нь 2007 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн №D00000 дугаартай “эдийн засагч-менежер” мэргэжил эзэмшсэн гэх дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд хяналт, шинжилгээ, үнэлгээний менежерээр томилогдон ажиллаж, удааширсан үйлдлээр уг дипломыг ашигласны улмаас Бугат сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсөвт 27.614.227 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/108 дугаар шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-д холбогдох эрүүгийн 1813003180065 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Яллагдагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “...шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Прокуророос үйлчлүүлэгч А.Б-ыг 2007 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн №0200705714 дугаартай “эдийн засагч-менежер” мэргэжил эзэмшсэн гэх дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд хяналт, шинжилгээ, үнэлгээний менежерээр томилогдон ажиллаж, удааширсан үйлдлээр уг дипломыг ашигласны улмаас Бугат сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсөвт 27.614.227 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

2. Яллагдагч А.Б-ын өмгөөлөгчөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баян- Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.3, 6.13, 6.15, 6.17-д заасныг удирдлага болгон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргасан.

3. Шүүхээс өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж маргаан бүхий захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

4. Шүүхээс ингэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ хэргийн зүйлчлэлийн талаар “...хэрэгт авагдсан аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Жийн гарын үсэг бүхий "А.Бын албан тушаалыг өөрчлөх тухай" 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/39 дугаартай тушаал, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч А.Серикжанаас нотлох баримтаар гаргаж өгсөн аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Жийн гарын үсэг бүхий "А.Бын албан тушаалыг өөрчлөх тухай" 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/39 дугаартай тушаалын аль нь хууль ёсны, үнэн зөв тушаал болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох, ...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч А.Серикжан нь "Шүүх хэрэглэх хууль болох 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүсэж, уг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, цэцийн дунд суудлын хуралдаанаас хуулийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3-д "тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа" гэж заасныг баримтлан А Болатад холбогдох хэргийг түдгэлзүүлж өгнө үү" гэх хүсэлт гаргасан ба шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан тул яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан "Хэргийг түдгэлзүүлэх тухай" хүсэлтийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна” гэжээ.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баян-Өлгий аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Жанболат шүүх хуралдааны шатанд: “...миний бие мөрдөгчийн зөрчил арилгуул гэж шаардсаны дагуу 2019 оны 6 дугаар сард А.Б-ын ажлыг өөрчилж ажилтан болгосон, ...2019 оны 6 дугаар сард, түүнчлэн 2020 оны 6 дугаар сард тус тус тушаал гаргаж байсан нь үнэн. Учир нь хуульд зааснаар манай байгууллага хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг заавал ажиллуулах үүрэг хүлээсэн. Уг хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу А.Б-ыг ажиллуулж байгаа ба жил болгож тушаал гаргадаг” гэсэн агуулгатай мэдүүлэг өгч байсан.

6. Хавтаст хэргийн 17 дахь талд Хөдөө аж ахуйн их сургуулийн №200705714 дугаартай бакалаврын диплом гэх баримтын хуулбар хувь авагдсан байх ба нотариатчаас уг баримтыг 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрчилсэн гэж үзэхээр байна.

7. Бугат сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Ажилд томилох тухай” 59 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэг /25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна./, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэг /Захирал нь дараах эрхтэй. Холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх/-ийг... баримталсан байна. /ХХ-ийн 28 дахь тал/

8. Ерөнхий боловсролын сургуулийн дотоод хяналт шинжилгээний менежерийн ажлын байрны тодорхойлолтын “3. Тавигдах шаардлага” гэсний Ерөнхий шаардлага Боловсрол гэсэн хэсэгт “...тусгай дундаас доошгүй” гэжээ. /ХХ-ийн 30-32 дахь тал/

9. Хавтаст хэргийн 1 дэх талд авагдсан мөрдөгчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181300318 дугаартай тогтоолоор А.Б нь хуурамч диплом ашиглан ажилд орсон гэх гомдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.

10. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрений 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн прокурорын тогтоолоор А.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ...хуурамч дипломыг ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

11. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс сургуулийн удирдлагад хандаж зөрчил арилгуулах тухай шаардлага тавьснаар Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Ж-ээс 2019 онд Б/39 дугаар тушаал гаргаж А.Б-ыг өөр ажилд шилжүүлэн томилсон байна. Өөрөөр хэлбэл, Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар гэмт хэрэг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гарсан гэвэл дээрх байдлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жанболатын мэдүүлэг болон Баян-Өлгий аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/39 дугаар тушаал гарснаар гэмт хэрэг таслан зогсоогдсон байна гэж үзэж байна.

12. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ" гэж заасан. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн зэрэгт хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж хуульчилсан. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүрдсэн байхад хяналтын прокурор анхаараагүй байсан. Тийм учраас яллагдагчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримталж “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, үйлчлүүлэгч А.Б-д холбогдох эрүүгийн 1813003180065 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар дээд шатны прокурорт гомдол гаргасан байсан. Гэтэл дээд шатны прокуророос өмгөөлөгчийн гомдлыг хянаж байх үед хяналтын прокуророос яллагдагч А.Б-д холбогдох эрүүгийн 1813003180065 дугаар хэрэгт яллах дүгнэлт үйлдэж холбогдох хэргийн хамт шүүхэд шилжүүлсэн байсан.

13. Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэсэн өөрчлөлт оруулснаас гадна мөн өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль баталсан байна. Уг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд “Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заасан байна.

Нэр бүхий иргэдээс Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт. өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай мэдээлэл гаргаснаар Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор уг мэдээлэлд хэрэг /маргаан/ үүсгэж, улмаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар дүгнэлтийн 1 дүгээр заалтаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн гэж дүгнээд мөн дүгнэлтийн 3 дугаар заалтаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан нөхцөл байдал үүссэн байхад шүүхээс тус хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцааж шийдвэрлэснийг буруу буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн явдал болсон гэж үзэж байна.

Нөгөөтээгүүр, шүүхээс тус хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана." гэж заасанд нийцээгүйгээс гадна яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан зөрчил болсон гэж учир анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, тус хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг яллагдагчийн өмгөөлөгчийн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

Прокурорын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1813003180065 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор А.Б-ын “2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Бугат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн хяналт шинжилгээ, үнэлгээний менежерээр  ажилд томилогдох үед 2007 онд Хөдөө Аж Ахуйн Их сургуулийг төгсөж D200705714 дугаартай “Эдийн засагч-менежер” мэргэжил эзэмшсэн гэх хуурамч диплом ашиглаж ажилд орсон” гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолдог хэдий ч гагцхүү шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр А.Б-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жандаулет, яллагдагч А.Б нарт мэдэгдэж, хэргийн материалыг  танилцуулж, тэмдэглэл үйлдсэн тухай баримт хавтаст хэрэгт авагдсан атлаа яллагдагчийн өмгөөлөгч С.Нургайыпд мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаныг мэдэгдээгүй, хавтаст хэрэгтэй танилцуулаагүй, өмгөөлөгч А.Серикжанд хэргийн материалтай танилцуулсан эсэх талаар маргаагүй боловч түүнд хэргийн материалтай танилцуулж, гарын үсэг  зуруулсан тэмдэглэл хэрэгт авагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 Анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан тул яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан “Хэргийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хангаагүй шийдвэрлэсэн нь хуульд нийцэх бөгөөд “...хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Жийн гарын үсэг бүхий "А.Бын албан тушаалыг өөрчлөх тухай" 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/39 дугаартай тушаал, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгчөөс нотлох баримтаар гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Жийн гарын үсэг бүхий "А.Бын албан тушаалыг өөрчлөх тухай" 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/39 дугаартай тушаалын аль нь хууль ёсны, үнэн зөв тушаал болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох ажиллаагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учир энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад нийцсэн гэж үзнэ.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамаарал бүхий баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул  өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/108 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.Мөнхжаргал

 

                                                                                                            Д.КӨБЕШ