| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0330/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/337 |
| Огноо | 2025-12-08 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Н.М |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/337
2025 12 08 2025/ШЦТ/337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0330/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг,
Хохирогч Д.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ********* *******д холбогдох 2539001980426 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “үхэр рүү дайрч барилаа” гэх шалтгааны улмаас Баруун Сибирийн Лайка үүлдрийн 4 настай саарал зүсмийн эр нохой, Баруун Сибирийн Лайка үүлдрийн 8 сартай шар зүсмийн эм нохойнуудыг буудан алж, хууль бусаар устган хохирогч Д.*******гийн эд хөрөнгөнд 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “үхэр рүү дайрч барилаа” гэх шалтгааны улмаас Баруун Сибирийн Лайка үүлдрийн 4 настай саарал зүсмийн эр нохой, Баруун Сибирийн Лайка үүлдрийн 8 сартай шар зүсмийн эм нохойнуудыг буудан алж хохирогч Д.*******гийн эд хөрөнгөнд 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.Иргэн Д.*******гийн Хэнтий цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 10-р хуудас/,
2.Хохирогч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн 14 цагийн үед Сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд сууж байхад эхнэр ******** ээжийг хөдөө гэр рүү хүргэх замд явж байхад зам дээр манай 3 нохойг буудчихсан байнаа гэхэд хажуу айл болох ******* ахынх руу залгаад манай нохойг хэн буудчихваа гэж асуухад ******* буудсан байхаа гэж хэлсэн. Тэгээд би сумын цагдаад хандаж, цагдаагийн хамт нохой буудсан газар руу очих замдаа *******гийнхээр ороод яагаад нохой буудчихваа гэхэд үхэр рүү дайраад байхаар нь буудчихсан юмаа гэсэн. Нохойг буудсан газар дээр очиход саарал зүсмийн лайка нохой үхсэн, шар зүсмийн лайка гөлөг, далаараа буудуулчихсан, байдалтай хэвтэж байсан. Нөгөө буудуулсан саарал зүсмийн нохой нь маргааш гэрийн гадаа зөв талын урд хөл хэсгээрээ буудуулсан байдалтай ирсэн. Ийм л зүйл болсон. Би 2023 онд саарал зүсмийн лайка гэх нохойг Оросын холбооны улсаас, 3.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан, гөлгөн шар лайка нь над дээр байсан өөрийн маань нохой юмаа хүнд 1.500.000 мянган төгрөгөөр зарчихсан байсан юмаа. Нэг сая төгрөгийг нь бэлэн авчихсан 500000 мянгыг нь сүүлд авахаар тохиролцсон байсан юм. Оросын холбооны улсаас 2021 онд саарал зүсмийн лайка нохойг авч байсан. Миний саарал нохой, 1 шар гөлгөн нохой маань үхсэн. Одоо 1 саарал амьд байгаа. Манайх хөдөө малтай байдаг учраас чононоос сэргийлж сайн үүлдрийн нохой тэжээдэг юм. Би саарал зүсмийн нохой дээрээ гомдол санал байхгүй. Буудуулж үхсэн баруун Сибирийн үүлдрийн 4 настай саарал зүсмийн Лайка, 2024 онд тэжээж байсан Лайка нохойноос гарсан буудуулах үедээ 8 сартай шар зүсмийн гөлгөн нохой хоёртоо гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,
3.Гэрч Р.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн ******* сумын Барх 2 дугаар багийн нутагт нөхөр хүүхдүүдийн хамт оршин суудаг юм. 2025 оны 01 дүгээр сарын 28 -ний өглөө манай нөхөр ******* бид хоёр үхрээ бэлчээрт нь гаргачихаад гэртээ байж байхад манай нөхөр үхэр үргээд байна гээд гэрээс гараад явсан юм. Тэгээд би хадам аавынд ороод кино үзээд байж байхад манай сумын цагдаа ******* гэж хүн байна уу гээд хадам аавынд орж ирээд байж байхад манай нөхөр гаднаас орж ирээд сумын цагдаатай хамт гэрээс гарч яваад орж ирэхэд нь нөхөр *******гээс асуухад нохой үхэр бариад байхад нь буудсан чинь *******гийн нохой байсан байна. Тэгээд ******* цагдаа дуудсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
4."ММОХХ" баталгаат орчуулгын товчооны "Баруун Сибирийн Лайка 2021.02.14 төрсөн гэх удмын бичиг /хх-ийн 90-92-р хуудас/,
5."Бодит үнэлгээ" ХХК-ны 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШД- 160 дугаартай "... 3,500,000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна..." гэх дүгнэлт /хх-ийн 39-41-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.1-д "асран хамгаалагч" гэж гэрийн тэжээвэр амьтныг энэ хуульд заасан шаардлагад нийцүүлэн хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах болон нохой, муурыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн иргэнийг;” 3.1.2-т "бичил чип" гэж гэрийн тэжээвэр амьтан, түүний асран хамгаалагчийг таньж тогтоох зорилгоор амьтны арьсан доор байрлуулдаг, дахин давтагдашгүй дугаар агуулсан суулгацыг;” гэж хуульчилсан байдаг.
Хохирогч Д.******* нь хавтаст хэрэгт авагдсан Баруун Сибирийн Лайка үүлдрийн 4 настай саарал зүсмийн эр нохой, Баруун Сибирийн Лайка үүлдрийн 8 сартай шар зүсмийн эм нохойнуудын удмын бичиг, справка, амьтны тодорхойлолт зэргээр асран хамгаалагч, өмчлөгч болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Хохирогч Д.******* нь Баруун Сибирийн Лайка үүлдрийн 4 настай саарал зүсмийн эр нохой, Баруун Сибирийн Лайка үүлдрийн 8 сартай эм нохой зэрэг буюу орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд зааснаар бүртгүүлээгүй, чип суулгаагүй зэрэг буруутай үйл ажиллагааны улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг дурдах нь зүйтэй.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.*******д учруулсан хохирол Баруун Сибирийн Лайка үүлдрийн 4 настай саарал зүсмийн эр нохой, Баруун Сибирийн Лайка үүлдрийн 8 сартай шар зүсмийн эм нохойнуудыг зах зээлийн үнэлгээгээр 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөг тогтоогджээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******гээс 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.*******д олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ... 17.8 дугаар зүйл /Эд хөрөнгө устгах, гэмтээх/ …-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж тус тус хуульчилжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Д.******* энэ гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцийн хор уршгийн нөхөн олговрыг шинжээчийн дүгнэлтээ гаргуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
4.Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ галт зэвсгийн мэдээллийн санд бүртгэлгүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн JW-15A CAL.22L.R маркийн гол төмрийн дугаар 9429891, замгийн дугаар 29891 бүхий галт зэвсэг ашигласныг Хэнтий аймгийн цагдаагийн газарт хураагдсан байх тул Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг “Дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сумыг хурааж, ажлын арван таван өдрийн дотор цагдаагийн байгууллагад хүргүүлнэ:”, 23.1.4-д “гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашигласан бол;” гэж тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 36.2, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******** овгийн ********** *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4.Шүүгдэгч Б.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******гээс 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.*******д олгосугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Д.******* энэ гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцийн хор уршгийн нөхөн олговрыг шинжээчийн дүгнэлтээ гаргуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Шүүгдэгч Б.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн JW-15A CAL.22L.R маркийн гол төмрийн дугаар 9429891, замгийн дугаар 29891 бүхий галт зэвсгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
9.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР