| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0336/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/340 |
| Огноо | 2025-12-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/340
2025 12 11 2025/ШЦТ/340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0336/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,
Улсын яллагч Н.Амгалан,
Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ********* овгийн *********** *******т холбогдох 2539007650416 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.******* нь 2025 оны 08 дугаар сарын 18-наас 19-нийг шилжих шөнө Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг Үзүүр толгойн 1-10 тоотод М.*******тэй тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг хавсарч унаган дээрээс нь гараараа цохих, хөлөөрөө дэвсэх, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2025 оны 08 дугаар сарын 18-наас 19-нийг шилжих шөнө Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг Үзүүр толгойн 1-10 тоотод М.*******тэй тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг хавсарч унаган дээрээс нь гараараа цохих, хөлөөрөө дэвсэх, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд баруун шуу ясны шугарал, баруун 8 дугаар хавирганы хоёрлосон, 9 дүгээр хавирга, зүүн 6, 7 дугаар хавирганы хугарал, хамар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,
2.Хохирогч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнийн 11 цагийн үед ажил дээрээ очиход ******* яагаад утсаа авахгүй байгаа юм гээд над руу уурлаад байсан. Тэгэхээр нь би хүний машин янзлаад гаргаж өгчихөөд ирлээ сонссонгүй гэхэд уурлаж уцаарлаад үзэх үү гээд хавсарч унагаагаад дээр гараад хэд хэд удаан цохисон. Тэгээд босох гэтэл намайг боогоод яг ухаан алдах гэж байхад цуг байсан хүмүүс салгасан. Тэгээд би гараад тэр орой нь явах гээд ***** рүү яриад бензиний мөнгө асуусан чинь *******, ******** хоёр ирээд хөгшөөн энэ үлдсэн жоохон модоо дуусгачихаад явчихаа гэж хэлээд тэгээд би тэр орой нь хоноод 19-ний өглөө босох гэтэл гар, нуруу өвдөөд босож чадахгүй байсан тэгээд шууд тэр өдрөө Улаанбаатар хот руу явж гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. ...*****, *******, *********, тэгээд *******ын танил гэх ******* ирсэн 3 хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,
3.Гэрч М.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид гурав очтол ******* ажил ерөөсөө явахгүй байна гээд *******г барьж аваад унагаагаад нүүрлүү нь алгадаад. цохиод дээрээс нь дэвсээд зодоод байсан. Тэгээд салцгаагаад амарцгаасан. Тэгээд маргааш өглөө нь сэрэхэд ******* миний бие өвдөөд байна гар хөдлөхгүй байна явж үзүүлье гээд *****, ******* бид гурав Улаанбаатар хотруу явсан. ******* *******г газар шидаж унагаагаад дээр нь гараад нүүр лүү нь цохиод дээрээс нь дэвсээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
4.Гэрч Д.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр *******ын хамт ажлын байран дээрээ унтах гээд байж байхад *******, *********, ******** гурав хамт гаднаас согтуу орж ирэхэд нь ******* *******г архи уугаад яваад байх юм ажлаа хий гэж хэлсэн чинь ******** сэвсийг чинь цувуулна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр эр хүн шиг үзэх үү гээд хоорондоо муудсан. Эхлээд ******* цохих гэж дайрахад ******* *******г барьж аваад хоёр, гурван удаа алгадаад. ноцолдоод *******г хавираад газар шалан дээр унагаасан. Тэгээд ******* босож ирээд сандал дээр суусан. Тэгээд хоорондоо хэрэлдэж байгаад нэгнээсээ уучлалт гуйгаад гар бариад больцгоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
5.2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 11670 дугаартай Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Н.******* “...М.*******гийн биед баруун шуу ясны шугарал, баруун 8 дугаар хавирганы хоёрлосон, 9 дүгээр хавирга, зүүн 6, 7 дугаар хавирганы хугарал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 27-29-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох” журамд заасан хүндэвтэр зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1,100 (нэг мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,100,000 (нэг сая нэг зуу) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,100 (нэг мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,100,000 (нэг сая нэг зуу) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.*******т шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч Г.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогчийн “...надад гомдол санал байхгүй...” гэх хүсэлт хх-ийн 77 дугаар хуудаст авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1.Шүүгдэгч ******* овгийн ******** *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т 1,100 (нэг мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,100,000 (нэг сая нэг зуу) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 1,100 (нэг мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,100,000 (нэг сая нэг зуу) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Г.*******т мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Г.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР